Онлайн худалдаа нь хүмүүст орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ амар хялбараар худалдан авах боломжийг олгодог билээ. Дэлхийн нийт жижиглэн худалдааны 8.8 хувийг онлайн худалдаа эзэлж байхад манай орны хувьд нэг хувь ч хүрэхгүй байгаа албан бус статистик байгаа нь бусад улс оронтой харьцуулахад маш чамлалттай үзүүлэлт байгаа юм. Ийм нөхцөлд онлайн худалдааны хөгжлийг хурдасгахад ихээхэн түлхэц болох онлайн төлбөрийн шийдлийг бидэнд танилцуулахаар ажиллаж байгаа High Payment Solutions-ийг бид онцлон, тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Наранбаттай ярилцлаа.

Нэр: High Payment Solutions Co.,Ltd​
Хаяг: Теди төвийн зүүн талд, “Art House Center”-ийн 5 давхарт​
Чиглэл: Финтек, цахим төлбөр тооцооны систем​
Үүсгэн байгуулагч: Б.Наранбат​, М.Цолмон, Д.Эрдэнэчимэг
Үүсгэн байгуулагдсан: 2016​
Холбоосууд:www.hipay.m​n, HiPa​y (фэйсбүүк)​

СЭДЭЛ

Миний хувьд 2016 оны есдүгээр сард шинийг эрэлхийлэх зорилгоор Зүүн Өмнөд Азийн 6 орноор 26 хоногийн ганцаарчилсан, үүргэвчтэй аялал хийсэн юм. Аяллын өмнө очих орныхоо гестхаус, автобус, өдрийн аялал, үзвэр үйлчилгээ зэрэг бүх зүйлийг онлайнаар захиалж, тэдгээр оронд амьдарч буй гадаад найзууд маань өдөр тутам онлайн худалдааг хэрхэн хэрэглэж байгаатай танилцсан. Тэр үеэс манай улс дэлхийн хөгжилтэй технологийн хэрэглээгээрээ хөл нийлүүлэн алхаж байж, яагаад онлайн худалдаа хөгжихгүй байгаа юм бол гэдгийг судалж эхэлсэн. Улмаар энэ бүгдийн зангилаа нь Монгол Улсад банкнаас бусад гуравдагч төлбөр тооцооны “Payment Gateway” гэдэг үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгааг олж мэдсэн юм.

Аяллаасаа ирмэгцээ шууд л цахим төлбөр тооцооны програм хангамж нийлүүлэгч олон улсын компаниуд руу холбогдож, Монголын зах зээлийн байдлыг танилцуулсны эцэст АНУ-ын “ACI Worldwide”​ хэмээх компани Монголд төсөл хэрэгжүүлэхийг сонирхож эхэлсэн. Тус компани нь салбартаа Дэлхийд №1-т эрэмбэлэгддэг буюу дэлхийн топ 20 банкны 18-д нь үйлчилгээ үзүүлдэг компани юм.

Ингээд 2016 оны 12-р сард “ACI Worldwide” компанийн төлөөллийг Монголд урин, Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулж, Монголд онлайн төлбөр тооцоог дэлхийн жишгийн дагуу хөгжүүлэх, технологи нэвтрүүлэх боломжийн тухай танилцуулга хийж байлаа. Монголбанкны зүгээс онлайн худалдааг хөгжүүлэхийг дэмжих бодлого баримталж буйгаа илэрхийлж, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор хуулийн төсөл санаачлан ажиллаж байгааг дуулгаад, биднээс хууль, эрх зүйн орчин бүрдсэний дараа дахин хандахыг хүссэн юм.

Эхний уулзалтаас жил хагасын дараа буюу 2017 оны 5 сард УИХ-аар “Үндэсний төлбөрийн системийн тухай” хууль​ батлагдан, 2018 оны эхнээс хэрэгжиж эхэлсний дараа бид гадаад түншүүд рүүгээ дахин хандаж эхэлсэн. 2018 оны 4-р сард “ACI Worldwide” компанийн төлөөлөл дахин манай улсад ирж, Монголбанк болон арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулснаар төслийг эхлүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрч, хамтын ажиллагаа эхлүүлсэн юм.

Үүнээс хойш Сингапур улсад очиж хамтын ажиллагааны гэрээгээ байгуулах, Монголд өөрсдийн дата төвийг байгуулах, олон улсын стандарт шалгууруудыг хангах, Монголбанктай шилэн кабелаар холбогдох, програм хангамжаа суурилуулах, арилжааны банкуудтай тест хийх зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн жил хагасын хугацаанд гүйцэтгэсний эцэст Монголбанкаас “Төлбөрийн карт хүлээн авах” тусгай зөвшөөрлийг 2019 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн аваад байна.

ЯЛГАРАЛ

Юуны өмнө манай үйлчилгээ огт байдаггүй, цоо шинэ зүйл биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Олон улсад аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болж, хүлээн зөвшөөрөгдсөн ч Монгол улсад л одоо хүртэл хөгжөөгүй байгаа, энгийн боловч тун хэрэгцээтэй тийм л үйлчилгээ. Жишээ дурдахад, бусад улсад онлайн худалдааг хөгжүүлэх зорилгоор Төвбанкнаас нь гуравдагч оролцогч болох финтек компаниудад тусгай зөвшөөрөл олгодог.

Америкийн PayPal, Stripe гэхэд бүх банкны гаргасан картыг хүлээн авснаар онлайн дэлгүүрүүдтэй худалдан авагчдыг холбож, тэдний хоорондын харилцааг зохицуулж өгдөг сонгодог кэйс шүү дээ. Бид үүнтэй л ижил төстэй үйлчилгээ нэвтрүүлэхийг зорьж байна.

Манай улсад картын цахим төлбөр тооцоог хүлээн авах үйлчилгээ буюу картын и-коммерс үйлчилгээг арилжааны 5 банк нэвтрүүлсэн боловч мерчантад тавигдах шалгуур өндөр, мерчантантуудад зориулсан тухайлчилсан сургалт, хөтөлбөр, картын мэдээлэл хадгалах Tokenization үйлчилгээ байдаггүй, гүйлгээ болгонд хэрэглэгчээс и-пин код шаарддаг зэрэг нь онлайн худалдаа хөгжихгүй байгаа нэгэн шалтгаан болдог гэж бид тодорхойлж байгаа.

Хэрэглэгчид өөрийн ашигладаг, дурын банкны төлбөрийн картыг “Hi-Pay” системд зөвхөн нэг удаа бүртгүүлснээр дахин картын мэдээлэл болон и-пин код оруулах шаардлагагүйгээр амар хялбар худалдан авалт хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн “Hi-Pay”-д онлайн мерчантаар элсэх шалгуурыг маш бага байлгаснаар онлайн худалдаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх, тогтворжуулах, сургах чиглэлд анхаарч, карт идэвхитэй хэрэглэдэг 1.5 сая хэрэглэгчдэд бараа, үйлчилгээгээ борлуулах нөхцөл бүрдүүлнэ. Нөгөөтэйгүүр, мерчантын хариуцлагын тогтолцоог бэхжүүлснээр карт эзэмшигчдийг найдвартай үйлчилгээ авах, гомдол гаргах, худалдан авсан бараагаа буцаах, төлбөрөө буцаан авах боломжоор хангах юм.

ДАВУУ ТАЛУУД

Нэгдүгээрт, манай мэдээллийн аюулгүй байдлын стандарт маш сайн. Олон улсын төлбөрийн картын том тоглогчид болох VISA, MasterCard, American Express, JCB, Discover хэмээх 5 байгууллагын хамтран боловсруулсан төлбөрийн картын нууцлалын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) гэж 6 бүлэг, 12 үндсэн шаардлага, 200 гаруй дэд шаардлагаас бүрдсэн стандарт байдаг. Бид Сингапур улсад бүртгэлтэй “Rock Pte” Ltd байгууллагаар аудит хийлгэж, PCI DSS 3.2.1 буюу хамгийн сүүлийн стандартыг бүрэн хангаж сертификат авсан. Бидний байгуулсан дата төв, дэд бүтэц нь аюулгүй байдлын шаардлага хангасан, програм хангамж нь олон улсын стандарт бүхий, боловсон хүчний чадвар нь хангалттай байна гэсэн үнэлгээний үр дүнд энэхүү стандартыг авсан анхны банкны бус компани боллоо.

Хоёрдугаарт, бид Монголдоо анх удаа “Tokenization” буюу картын мэдээллээ нэг удаа бүртгүүлээд л хадгалах үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгч гүйлгээ бүрд мэдээллээ ахин дахин оруулалгүй, төлбөрийн гүйлгээгээ хурдан, хялбар хийх боломжтой болж байгаа.

Гуравдугаарт, гүйлгээний нэмэлт төрлүүд болох урьдчилсан буюу Pre-Authorization, хэсэгчилсэн буцаалт буюу Partial Refund, товлолт буюу Recurrent зэрэг гүйлгээг 2020 онд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор Монголд “Purchase” буюу худалдан авалт, “Reversal” буюу цуцлах гүйлгээнүүд банкны и-коммерс үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа. Pre-Authorization гүйлгээ нь хэрэглэгч картаар төлбөрөө төлөхөө урьдчилан баталгаажуулснаар үйлчилгээний байгууллага нь хэрэглэгчдэд зориулан үйлчилгээгээ урьдчилан бэлтгэх харилцааг зохицуулдаг. Энэ төрлийн гүйлгээг бусад оронд зочид буудал, амралтын газар, ресторан, тээвэр зэрэг салбарт өргөнөөр хэрэглэдэг. Partial Refund гүйлгээгээр урьдчилсан захиалгаа хэрэглэгч цуцлах тохиолдолд төлбөрөө 100% буцааж авах уу, хэсэгчлэн авах уу гэдэг харилцааг зохицуулдаг. Зочид буудлын кэйс дээр захиалгаа 7 хоногийн өмнө цуцалбал 75%, 3 хоногийн өмнө бол 50%, 1 хоногийн өмнө бол 25%-ийг буцаадаг. Энэ нь талуудын хариуцлагыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах давуу талтай.

Дөрөвдүгээрт, Chargeback буюу “Hi-Pay”-ээр худалдан авсан бүтээгдэхүүн хэрэглэгчийн хүлээлтэд хүрээгүй, чанарын доголдолтой тохиолдолд худалдан авалтыг цуцлах, хэрэглэгчдэд төлбөр буцаан олгох боломжийг олгоно. Ингэснээр, “Hi-Pay”-ээр дамжуулан хийсэн худалдан авалтууд чанартай, найдвартай, эргэх холбоотой байх нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ нь цаашдын худалдаа, үйлчилгээний салбарт том өсөлт хөгжил, хариуцлагын тогтолцоо бий болгоно гэж харж байгаа.

Тавдугаарт, олон улсын Visa, Master картыг Монголын онлайн худалдааны сайтууд хүлээн авах боломжийг нээж байна. Дэлхийн аль ч орноос төлбөр тооцоо хүлээн авч, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.

Зургаадугаарт, “Hi-Pay” эцсийн худалдан авагчаас ямар ч шимтгэл, хураамж, гүйлгээний төлбөр авахгүй.

Товч тодорхойлолт

“Hi-Pay” бол дэлхийн жишигт нийцсэн интернет болон картын төлбөр тооцооны хамгийн найдвартай, хялбар систем юм.

Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгчийн картын мэдээлэл хадгалагдсанаар гүйлгээ хийх бүрд ахин дахин картын мэдээлэл, и-пин код хийх шаардлагагүй болно. Гүйлгээний шинэ төрлүүд болох Pre-authorization, Partial Refund, Recurrent зэрэг нэмэгдэнэ. Олон улсын төлбөр тооцоо хүлээн авах гарцуудыг нэмэгдүүлж байгаа зэрэг давуу тал нь онлайн худалдааг Монголд хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна

НЭР

Бидний хувьд хэрэглэгчдэд амар, хялбар тогтоогдох нэрийн хувилбар нь High Payment буюу “Hi-Pay” байсан л даа. High гэдгээр сайн чанартай, сайн үйлчилгээтэй байхыг бэлгэдэн компанийнхаа нэрийг High Payment Solutions гэж нэрлэсэн.

ОДОО

Бид саяхан 11 сарын 13-нд “Soft Launch” буюу урьдчилсан танилцуулга арга хэмжээгээ зохион байгуулсан. Системээ энэ ондоо багтааж ашиглалтанд оруулахаар шаргуу ажиллаж байна даа.

Одоогоор манайд хандсан мерчантууддаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартын тухай ойлголт өгч, төлбөрийн систем, цахим борлуулалтын хариуцлагын талаар сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн манай үйлчилгээ олон улсын стандартад нийцсэн цахим худалдааны шийдэл тул (E-commerce Payment Gateway) гадаад зах зээлийг дотоодын зах зээлтэй холбох том ажил бий. Энэ ажлын хүрээнд Nans, Bodio’s, Goyol гэсэн кашмерийн гурван брэндтэй хамтран ажиллаж, гадаад төлбөр тооцоо хүлээн авах туршилтуудыг хийж байна.

БАГ

Payment Gateway үйлчилгээг нэвтрүүлэх компани нь банкны төлбөр тооцоо, банкны IT, банкны хууль эрх зүй, картын гүйлгээ, комплаенс зэрэг ажлын туршлагатай баг, хамт олныг шаарддаг.

Гэтэл картын төлбөр тооцооны IT боловсон хүчин Монголд төдийгүй дэлхийд маш ховорт тооцогддог. Энэ төрлийн IT мэргэжилтнүүд Монголын банкуудад болон банкны програм хангамж нийлүүлдэг ГрэйпСити ХХК-д л бэлтгэгддэг. Манай компанийн хамтран байгуулагч Д.Эрдэнэчимэг захирлын банкны IT салбарт 30 гаруй жил ажилласан туршлага, танилын хүрээ сайн баг бүрдүүлэхэд гол түлхэц болсон.

Бидний хувьд арилжааны банкуудын IT-ын газар, хэлтсийн захирал хийж байсан туршлагатай боловсон хүчнээр IT багаа удирдуулж байгаа. Одоогийн манай баг бүхэлдээ санхүү, IT чиглэлээр давхар мэргэшиж туршлагажсан, чадварлаг 11 хүнээс бүрдэж байна.

Нэг үеэ бодвол бид тодорхой шалгууруудыг давж, хамгийн эгзэгтэй, тодорхойгүй үеийнхээ ард гарсан болохоор хүний нөөцийн бодлогоо илүү нээлттэй, чөлөөтэй болгох боломжтой боллоо. Одоо финтек салбарыг сонирхон судалдаг IT, программ хангамж, маркетингийн чиглэлийн шинэ ажилтнуудаар багаа өргөжүүлэх бодолтой байгаа.

ИРЭЭДҮЙ

Хэрэглэгчдийн онлайн худалдаанд итгэх итгэлийг нэмэгдүүлж, онлайн мерчантуудыг төлбөр тооцооны сайн платформтой болгосноор тээвэр, аялал жуулчлал, хэвлэл, дижитал бүтээгдэхүүн, урлаг, санхүү, түрээс, хүнс зэрэг олон салбарт бодит өсөлт, хөгжлийг авчирч чадна.

Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэлийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, мөн Монголын стартап компаниуд олон улсын Venture Capital сангуудаас хөрөнгө оруулалт татах боломжууд тэлнэ гэж үзэж байна. Ирээдүйд гадаадаас олон сувгаар төлбөр тооцоо хүлээн авч Монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийд худалдаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно. Мөн бид Facebook, Instagram, Youtube, Shopify, PayPal зэрэг компанитай дотоодын төгрөгийн “Hi-Pay” төлбөр тооцооны системээ холбохоор төлөвлөж байна.

ЭРСДЭЛ

Монголд 3 сая орчим хэрэглэгч мобайл банк үйлчилгээнд хамрагдсан, мөн 4 сая гаруй банкны карт хэвлэгдсэн гэсэн судалгаа бий. Гэтэл картаар хийгдсэн цахим төлбөрийн гүйлгээний ердөө 15 хувь нь л амжилттай болдог гэсэн албан бус судалгаа байдаг. Бидний хийсэн түүвэр судалгаанаас харахад онлайн дэлгүүрийн худалдан авагч гол сегмент бүлэг нь гэртээ хүүхдээ хардаг 20-40 насны эхчүүд ба тэдний дундаж худалдан авалт нь 35-50 мянган төгрөг байдаг.

Бидний гол сорилт бол онлайн худалдан авагчдын тоо болон худалдан авалтын дүнг нэмэгдүүлэн, иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх явдал юм.

Нэг ёсондоо иргэд 2.5 сая төгрөгийн үнэтэй Samsung телевизийг итгэлтэйгээр, ямар нэгэн айдасгүйгээр онлайнаар худалдан авдаг болох асуудал. Манай иргэд АНУ-ын Amazon сайтаас бусдаар дамжуулан бараа худалдан авч, Монгол руу чингэлэгт ачуулахдаа болгоомжлохгүй хэрнээ Монголын онлайн дэлгүүрээс бараа худалдан авахдаа болгоомжилдог. Иймээс бид хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор мерчантуудаа сургах, хариуцлагажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллах болно.

Үүний зэрэгцээ иргэдийн онлайн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор мерчантуудтайгаа хамтран сургалт, сурталчилгаа, маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.