Энэ удаа бид авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг бэлтгэсэн Номгон Санчир групийн ерөнхий захирал А.Адьяасүрэнг урилаа. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй түүний удирдсан компани өдгөө жолоодлогын сургуулиас гадна өөрсдийн МСҮТ-ийг байгуулан найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна. Удахгүй боловсрол судлалын чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар зэхэж буй А.Адьяасүрэн захирал үндсэн ажлынхаа хажуугаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийгэмд хандсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ажээ.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Номгон Санчир группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: iMac, iPad
Сошиал хуудас: Амгалангийн Адьяасүрэн (Фэйсбүүк хуудас), Амгалангийн Адьяасүрэн (Твиттер), Adyasuren.mn

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би 20 жилийн өмнө банкнаас зээл аваад хоёр автомашинтайгаар авто сургуулиа байгуулж байлаа. Энэ хугацаанд хамгийн анхны компьютерт суурилсан тестийг нэвтрүүлэхээс өгсүүлээд олон улсын түвшинд хүрсэн мэргэжлийн жишиг сургалтыг бий болгож чадсан гэж боддог. Бид Монгол Улсад жолоодлогын анхны VIP сургалт байгуулж, төгссөний дараах дадлагажуулах сургалт, багш бэлтгэх сургалт, Аюулгүй жолоодлогын сургалтын төвийг ажиллуулж байна. Мөн Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганц мод чиглэлд олон улсын тээвэрлэлт хийж, тэндээ ажилчдад зориулсан засвар үйлчилгээний төвүүдийг байгуулсан.

Өдгөө манайд 1000 орчим ажилчин, багш, мэргэжилтэн бий. Номгон Санчир авто сургууль өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолооч бэлтгэжээ. Манайд Монгол Улсын зөвлөх инженер, техникийн дээд боловсролтой багш нар олон улсын аюулгүй жолоодлогын В,С, D, E, M ангиллаар сургалт ордог. Тэдгээрээс зургаан багш аюулгүй жолоодлогын чиглэлээр Австралид суралцаж олон улсын уул уурхайн ямар ч компанид аюулгүй жолоодлогын хичээл заах эрх авсан байдаг. Бид Оюутолгой компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна.

Мөн бид “ТST” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөө хүнд даацын автомашины жолооч, засварчин, гагнуурчин, оператор зэрэг найман мэргэжлээр сургалт явуулж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өдөр бүр өөр өөр байдаг. Гэхдээ ямар ч ажилтай байсан өглөө зургаан цагт босоод тухайн өдрийн хамгийн чухал ажлаа бодох буюу барьж авдаг. Заримдаа өглөө эрт кофе шопд хүмүүстэй уулзана. Эсвэл хөдөө ажлаар явна. Тээврийн компани удирддаг учраас машинд багагүй цаг хугацааг өнгөрүүлдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хийж буй ажилдаа хариуцлагатай байж, ажил даалгасан хүндээ итгэхийг хичээдэг. Бүх ажлыг ганцаар хийх боломжгүй учраас бусад хүмүүст ажил үүргийг нь зөв хуваарилж, хариуцлагатай байх сэтгэлгээтэй болгохыг хүсдэг. Хүн ажилдаа дуртай, сэтгэлтэй, хариуцлагатай байгаа цагт үр дүн заавал гарна.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Гар утас л миний хамгийн гол туслах болдог доо. Сошиал харилцаанд Facebook, Twitter, Viber түлхүү ашигладаг бол ажил дээр Google Keep, Trello гэсэн апп-уудыг хэрэглэдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хугацаатай уралддаг болсон өнөө үед аль болох эрт босож, өглөөний цагаар ажлуудаа төлөвлөн гүйцэтгэхийг хичээдэг. Хүнд хэцүү ажлуудаа өглөө нугалж чадвал тухайн өдөр бүхэлдээ үр бүтээмжтэй болчихдог шүү.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ажил төлөвлөхөд Google Keep-ийг түлхүү ашигладаг. Хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс хандсан бичиж үлдээсэн төлөвлөлт байдаг нь таалагддаг. Харин ажлуудаа төлөвлөх, гүйцэтгэлийг нь харахад Trellо ашигладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Байгальтай ойр байх дуртай. Бас гэр бүлтэйгээ хамт байх сайхан. Эрч хүч дундраад байгаа юм шиг мэдрэмж төрвөл агаарт гарч байгалийг сайхныг мэдрэх таатай. Чадвал бас ус, далайтай ойр байхыг эрмэлздэг юм.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би охид, эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр жилийн өмнөөс Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллах болсон юм. Өөрийн чадах хэмжээгээр нийгмийн асуудлуудад оролцож, бусдад гэрэл гэгээ түгээхийг хичээж явна. Мөн хажуугаар нь Боловсрол судлалын чиглэлээр ирэх гуравдугаар сард докторын зэргээ хамгаалах гээд завгүй л явна. Хүн ер нь зогсолтгүй л боловсрох хэрэгтэй санагддаг юм.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Манай жолооны сургуулийг төгсөөд ажил, амьдралаа залгуулж буй олон мянган айл өрх байдаг. Зарим нь цааш мэргэшиж хүнд даацын автомашины жолооч, авто тээврийн засвар үйлчилгээний чиглэлээр ажиллах нь ч бий. Номгон Санчирыг төгсөж буй хүмүүс төгсөөд шууд тээврийн компанид ажлын байртай болох боломжтой. Бид 20 жилийн турш чадварлаг, мэргэшсэн жолооч, багш нарыг бэлтгэж, авто тээврийн салбарт цогц үйлчилгээ явуулсаар байна.

Нөгөө талаас нь харвал, аль ч салбарт шийдэх хэрэгтэй олон асуудал бий. Бид тэр бүхнийг зах зухаас нь шийдэж, авто тээврийн жолоодлого, засвар үйлчилгээний цогц үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байна.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Бид гэртээ хүүхдээ хардаг эцэг эхчүүд болон ажлынхаа хажуугаар явах зав чөлөөгүйн улмаас танхимын сургалтад суух боломжгүй хүмүүст зориулан жолооны сургалтыг алсын зайнаас буюу цахимаар заахаар бэлтгэж байна. Суралцагчид замын хөдөлгөөний тест бөглөх, үр дүнг нь шалгах, дүрмээ унших, онолын хичээлүүдээ шууд үзэх боломжтой болно.

Түүнээс гадна бид таван жилийн өмнө Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомт дээр жолооч нарт зориулсан амралтын байр, засвар үйлчилгээний газар бий болгож, тохижуулсан юм. Харин одоо Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайт боомт дээр жолооч нарт зориулан барьсан барилгыг тохижуулах ажил үлдээд байгаа. Гэрээсээ хол ажиллаж буй жолооч нарын ая тухтай байдлыг хангахын тулд бид кемп гэх ойлголтыг бүрэн утгаар нь бий болгохоор ажиллаж байна.

Мөн Аюулгүй жолоодлогын төв байгуулахаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Дэлхийн олон оронд зам тээврийн осол аваар бууруулах, урьдчилсан сэргийлэх зорилгоор жолооч нарыг давтан сургах зорилготой Аюулгүй жолоодлогын төвийг төр, засгийн дэмжлэг, санхүүжилтээр байгуулдаг. Бид Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгост очиж энэ чиглэлээр маш их туршлага судлаад ирсэн. Жолооч нарыг давтан сургах нь осол, аваар гаргахаас урьдчилан сэргийлэх хамгийн том арга хэмжээ болдог учраас дэлхийн ихэнх оронд ийм төвүүд байдаг. Зам тээврийн ослын 97.3 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс гарч байна. Гэвч дээрх төвийг ажиллуулахад дан ганц бизнесийнхэн хүчрэхгүй учраас төр засгийн дэмжлэг, оролцоо дутагдаж байна.

Бидэнд цаашид хийхээр төлөвлөсөн ажил олон бий. Байшингаар зүйрлэвэл сууриа цутгаад, гурван давхар барилга барьчихлаа. Ирээдүйд чадлынхаа хэрээр олон давхар барихыг хичээж явна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хүн үргэлж нэг байрандаа, нэг замаар явалгүй өөрийг хийж, туршиж үзэх хэрэгтэй. Надад ажлаа хийж яваад орой нь докторын ажил дээрээ төвлөрч суух, эмэгтэйчүүдийн холбооныхоо ажилд оролцох үед ийм өөр мэдрэмж төрж, янз бүрийн санаа бодол толгойд орж ирдэг. Тэр болгонд янз бүрийн нөхцөлд нийгмийн олон давхаргын хүмүүстэй уулзаж ажиллаж байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Одоо ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачевагийн тухай номыг уншиж байна. Тэр хүний дундаршгүй эрч хүч, дайчин чанарын тухай өгүүлсэн энэ ном надад их урам зориг хайрлах шинжтэй. Мөн Их Британийн хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд асан Маргарет Тетчерийн амьдралыг харуулсан “Төмөр хадагтай” киног санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Олон хүнээс сайн зөвлөгөө сонсож байлаа. Би хүмүүстэй аливаа асуудлыг сайн зөвлөлдсөний эцэст шийдвэр гаргахыг эрмэлздэг юм. Ажилтай холбоотой янз бүрийн шийдвэр гаргахдаа хамт олонтойгоо ярилцдаг бол хувийн асуудлаа эгчтэйгээ зөвлөлддөг. Өөрөөсөө залуу хүнээс ч үг сонсоход бэлэн. Олон хүнтэй ярилцаж эргэцүүлсний эцэст л юу хийхээ шийддэг, долоо хэмжиж нэг огтолдог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Зарим хүмүүс шууд агуу зүйл рүү тэмүүлээд байдаг. Аливаа зүйлийн ард гарахад цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөр зарах хэрэгтэйг ойлгох хэрэгтэй болов уу. Бүх зүйл жижгээс эхэлнэ. Хамгийн гол нь хүрэх мөрөөдөлтэй, тууштай хөдөлмөрлөх урам зоригтой байгаарай. Том зүйлийн эхлэл нь жижиг алхам л байдаг. Хүнд хэлсэн амлалтдаа хүрч чадвал тэр амжилт, нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадвал тэр бас амжилт юм. Байгаа цаг үеэ утга учиртай өнгөрүүлцгээе.