Бид энэ удаа монгол хөгжмийг орчин үеийн (урбан) хөгжимтэй нэгдэл хийж хослуулан өвөрмөц бөгөөд сонсголонтой сайхан уран бүтээлүүдийг туурвиж буй хөгжмийн продюсер, лайв перформер Ата Боргужинг урилаа. Тэрээр үндэсний язгуур урлаг, урлаг судлалын чиглэлээр МУИС, СУИС-ийг дүүргэж, 2015 оноос хойш Монголд анхлан livelooping үзүүлбэрийг хийж, хүн-хөгжим гэх санааг түгээж буй юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Хөгжмийн продюсер, лайв перформер
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 Plus
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Сошиал хуудсууд: Ata Borgujin (Youtube), Ata Borgujin (Facebook), Ata Borgujin (Instagram)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Миний уран бүтээл бол орчин үеийн (урбан) хөгжмийн хэмнэлд монгол ардын язгуур хөгжмийн хэв маягийг шигтгэсэн fusion буюу соёлын нэгдэл юм. Дэлхий даяаршиж, улс орнуудын соёлын ялгаа багасаж буй энэ үед бид үндэсний ондоошил, бусдаас ялгарах онцлогоо ил гаргах нь зүйн хэрэг. Америкийн хөгжмийг хип хоп, Бразилынхныг босо нова, Германыхыг электроник хөгжмөөр баримжаалдаг шиг бидэнд үндэсний онцлогийг маань илэрхийлэх уран бүтээлийн орон зай дутагдаж байна. Энэхүү орон зайд бүтээлээ туурвихаар 2015 оноос хойш тасралтгүй ажиллаж, 10 гаруй уран бүтээл гаргаад байна.

Хүүхэд байхдаа нэг удаа хөдөө талд адуугаа шогшуулж байхдаа хөөмийлж буй ахын дүр зургийг хараад биширч, ардын урлагийг улам сонирхох болсон юм. Сонирхоод зогсохгүй орчин үеийн хөгжимтэй холбох сэдэл анх төрж, СУИС-ийн монгол хөөмийн ангид элсээд, хөөмий төдийгүй монгол ахуй, соёл, зан заншлыг гүнзгий судлах болсон. Улмаар хөөмий, магтаал, цуур, морин хуур, товшуур зэрэг язгуур урлагийн хөгжмийн элементүүдийг эзэмшин, ийм төрлийн уран бүтээл хийж болох юм байна гэсэн итгэлийг өгсөн.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Уран бүтээлч хүнд бэлтгэл сургуулилалт маш чухал. Хоолойгоо халаагаад хоолойн бэлтгэл хийнэ, мөн хөгжмийн найруулга, зохиол дээр ажиллана. Хүний тархи оройн 20-22 цагийн хооронд сайн ажиллахаас гадна харанхуйд орчинд ганцаараа, тайван байхад илүү бүтээлч, илүү мэдрэмжтэй болдог учраас энэ үед хөгжмийн найруулга дээр төвлөрдөг. Зарим өглөө уул хаданд алхаж, өдрийн цагаар хүмүүстэй уулзалт хийдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Өнөөг хүртэл хийсэн бүтээсэн зүйл минь сэтгэл хөдлөлөөр биш олон жилийн бэлтгэл сургуулилалт, уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэж хэлж болно. Уран бүтээлээ би ажил гэж боддоггүй. Эгшиглүүлж буй хөгжим бүхэн намайг, миний туулсан амьдрал, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. 2003 оноос хойш 16 жилийн турш суралцаж, ашгийн төлөө бус цэвэр уран бүтээл хийхийн төлөө зорьж ирсэн. Хэдийгээр хүмүүсийн урлагийн боловсрол тийм ч хангалттай биш гэж боддог ч олон нийтийн боловсролд зориулсан уран бүтээл хийгээд байхыг бас хүсдэггүй юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Мэдээж хөгжим хөглөгч их хэрэглэнэ. Bandcamp, P chord аппуудыг ашигладаг. Мөн утасныхаа Recorder+ апп дээр толгойд харвасан, аялагдсан хөгжмийн санаа, аялгуунуудыг бичиж авдаг. Сошиал медиагаас Инстаграм ашиглахыг илүүд үздэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Чөлөөт уран бүтээлчийн хувьд цагт баригдаж ажилладаггүй. Сайн уран бүтээл гаргахын тулд удаан тунгаан бодож, тогтож сууж, цагт баригдахгүй ажиллах нь илүү бүтээлч, илүү мэдрэмжтэй болгодог юм шиг санагддаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ихэвчлэн тэмдэглэлийн дэвтэрт ажлуудаа бичиж төлөвлөдөг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Байгалиас эрч хүчээ сэлбэдэг. Байгальд маш тайван, эрх чөлөөтэй, бодол сийрэг болдог учраас өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө шинэчилж болдог. Мөн эргэн тойронд өрнөж буй үзэгдэл, үйл явцыг сайн ажиглах нь хөгжим бүтээх урам зориг, санаа сэдэл өгдөг. Намрын өнгө орж, шарласан хээр талд адуу унаад салхи татуулан явна гэдэг гайхалтай мэдрэмж. Амьдралд минь өрнөж буй бүх зүйлс, учир шалтгаанууд хөгжим зохиох хүчийг өгдөг дөө.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Би уул хаданд алхаж, байгальтай ойрхон байхыг хичээдэг юм. 2015 оноос хойш байгальд ойртон бясалгал хийж эхэлснээс хойш бясалгалын бараг бүх төрлийг сонирхож, туршиж үзээд байна. Бясалгал надад өөрийн дотоод мэдрэмжийг ойлгож, илүү тайван, анхаарлаа сайн төвлөрүүлдэг болоход тусалдаг. Миний зарим хөгжимд бясалгал хийж буй мэт ховсын мэдрэмж өгөх өнгө, аяс ч бий.

Мөн байнгын хөдөлгөөнтэй, өрсөлдөх мэдрэмжтэй, тэсвэр тэвчээртэй байхын тулд жюү жицү бөхийн спортоор хичээллэдэг. Мөн номтой ойр байж, урлаг судлал, шүүмж, психологийн төрлийн ном унших дуртай. Цаашид урлаг судлалын шүүмжийг гүнзгийрүүлэн судалж, орчин үеийн хөгжмийн шүүмжээр мэргэшихийг хүсдэг юм. Манайд орчин үеийн хөгжмийн мэргэжлийн шүүмж бараг байдаггүй гэж хэлж болно.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Уран бүтээлч хүний хувьд оюуны өмчийн хулгай хийх, дуурайхыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн дуу хоолой болон олон төрлийн хөгжмийн зэмсгийг нэгэн зэрэг ашиглан хөгжмийн үзүүлбэр үзүүлнэ гэдэг бол олон ур чадварын цогц бүрдэл. Тайзан дээр гараад зарим дуучин шиг микрофон барьдаггүй, хойноо хөгжим тавиад үзүүлбэр үзүүлдэггүй. Бүгдийг өөрийн биеэр гүйцэтгэн найруулж, орчин үе ба өмнөх үеийн урлагийн өртөөлөгч болж уран бүтээл туурвидаг онцлогтой. Урьд нь энэ олон ур чадварыг эзэмших гэж, хооронд нь зохицуулах гэж нэлээн самгарддаг байсан. Хөгжимчин хүн байнга бэлтгэл хийхгүй л бол гар, хуруу нь эвлэхгүй болж, хоолой ам нь хуурайшаад эхэлдэг юм.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Би Монголд анх удаа livelooping үзүүлбэр хийж, хүн-хөгжим гэх санааг түгээж эхэлсэн. Энэ бол исгэрээ, хөөмий, аман ба хоолойн лимбэ, цуур зэрэг ардын язгуур урлагийн төрлүүдийг өгүүлэхүйн эрхтнээ ашиглан хүн өөрөө хөгжмийн зэмсэг болох гэсэн санаа юм. Үүнийг бийтбокстой нэгтэн livelooping үзүүлбэр хийдэг. Ойрын хугацаанд анхны цомгоо гаргахаар, мөн монгол агуулгатай бүжгийн хөгжим хийхээр төвлөрөн ажиллаж байна. Мөн live act буюу тухайн мөчид тэр үеийн мэдрэмжээрээ хөгжим зохиогоод, түүнийгээ баримтжуулан хөгжмийн үзүүлбэр хийдэг арга барилыг шашны хөгжимтэй холбох санаа байгаа.

Ер нь цаашид хийхээр бодсон санасан зүйлс олон байна. Multi instrumentalist буюу олон хөгжмийн зэмсгийг ашиглан livelooping хийх арга барилыг туршиж, ерөөл, магтаал хэлэх, уртын дуу дуулахыг хүртэл сурч байна. Нэг зүйл онцлоход, надад 1960-1980-аад оны зохиолын дуунууд таалагддаг учраас тухайн үеийн бүтээлүүдийг шинэчлэн найруулъя гэж удаан бодож явна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Номоос ихийг сурдаг. Гэхдээ хуримтлуулсан мэдлэгээ туршиж үзэх нь чухал. Тэгж байж амьдралдаа хэрэглэж чадна шүү дээ. Өмнө нь хөгжим гэдэг миний сонирхол байсан бол сүүлдээ "ажил" мэт болж ирсэн. Гэхдээ энэ бүхнийг байнга хийхийн хажуугаар өөр мэдрэмж, өөр зүйлийг хүсдэг юм билээ. Байнга нэг зүйлээ давтаад байхыг хэн ч хүсэхгүй. Тиймээс бясалгал, жюү жицү сонирхож эхэлсэн. Бясалгал бол миний дотоод сэтгэл зүйтэй холбоотой. Тайвшрах гэж хийж эхэлсэн зүйл минь сүүлдээ амьдралын салшгүй нэг хэсэг болсон.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Номын хувьд Зигмунд Фройдын Тотем ба Табу, Дарма Батбаярын Бүтээхүйн зүй тогтол, Д.Оюунцэцэгийн Монголчууд, америк тивийн уугуул иргэдийн угсаа гарвалыг дуу хөгжимөөр мөшгөхүй номыг уншихыг санал болгоё.

Хөгжмийн хувьд Монголоос Э.Чойдогийн Монголын сайхан орон, С.Цоодолын Алиа саарал дууг сонсож үзэхийг зөвлөе. Мөн Yogi soul - By nights (Album), Massive attack - Blue line (album), Huun huur tu & Carmen rizzo - Eternal (Album)-ийг сонсож үзээрэй. Харин киноны хувьд 21 grams, Parasite, Pianist киног үзэхийг санал болгоё.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Би бусдаас үг сонсохоос илүүтэй өөрийнхөөрөө бүхнийг шийдэж ирсэн. Алдсан ч, оносон ч миний л амьдрал. Магадгүй үүгээрээ л дуусах байх.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Одоогийн залуус хийж буй зүйлээсээ амархан шантарч, жижигхэн асуудал дээр л бүдэрчих гээд байдаг юм шиг санагддаг. Хийж буй зүйлдээ дуртай, түүндээ тууштай байгаасай л гэж хэлмээр байна. Уран бүтээлчдийн хувьд ихэнх нь од болж, олонд танигдахыг хүсдэг. Бид гол нь хийх зүйлдээ төвлөрч, бага ч гэсэн ур чадвар, мэдлэг хураахын төлөө л явах хэрэгтэй шүү. Хэт хоосон амбицлах муу уршигтай.

Нөгөө талаас манайд уран бүтээлчдийн гэхээсээ сонсогчдын чих хатуу учраас шинэ өнгө аяс, шинэ уран бүтээлийг тэр бүр хүлээж авч чаддаггүй. Сонсох хөгжмийнхөө царааг илүү өргөн болгож, сайн хөгжим, сайхан кино, чанартай уран зураг үзэж, хааяа дуурь, балет үздэг байгаасай гэж хүсдэг. Алжаал тайлахдаа хошин шог үзэх биш, уран зургийн галерей ороод урлаг соёлд суралцаж, аливаад хандах хандлага, сэтгэлгээгээ өөрчлөөсэй. Манайд чанартай, сайн бүтээл олон гарч байгаа ч түүнийг ойлгож мэдрэхэд урлагийн боловсрол хэрэгтэй. Хүн болж төлөвшихөд урлагийн боловсрол тун чухал нөлөөтэй гэж боддог юм.