АНУ-ын Элчин Сайдын Яамнаас санаачлан, Монголын Кино Институт хамтран өнгөрөгч 12-р сард "Америкийн кино өдөрлөг"-ийг зохион байгуулж, хоёр кино бүтээгчийг Монголд урьж авчирсан юм. Энэ үеэр бид "The Dangerous Lives of Altar Boys", Диснейн "Bridge to Terabithia", "Percy Jackson & The Olympians" зэрэг кинонд ажиллаж байсан кино зохиолч Жефф Стокуэллтэй ярилцсан билээ. Станфордын их сургуулийг англи хэлтний уран зохиолоор төгссөн тэрээр Лос Анжелест гучаад жил кино зохиолчоор ажилласан, энэ салбарт арвин туршлагатай мэргэжилтэн юм. Ингээд бичих, туурвих тухай сонирхолтой хариултууд өгсөн Жеффийн яриаг хүргэе.

Байршил: АНУ, Лос Анжелес
Эрхэлдэг ажил: Кино зохиолч (screenwriter)
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Dell
Сошиал хуудас: IMDB

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би гучаад жил кино зохиолчоор ажиллаж байна. Энэ хооронд уран сайхны, анимейшин зэрэг төрөл бүрийн кинонууд дээр ажиллаж ирсэн. Жоди Фостерын тоглосон "The Dangerous Life of Altar Boys", Диснейн "Bridge to Terabithia" зэрэг кинонуудаар маань намайг илүүтэй мэддэг. Мөн олон индепендент кинонууд дээр ч ажилладаг. Би мөн Film Independent-ийн Screenwriting Lab-д сургагч/ментороор ажилладаг. Кино зохиолын сургалтыг Иордан, Египт зэрэг хэд хэдэн оронд хийж байлаа.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Кино зохиолч хүмүүс голдуу л freelance буюу хувиараа ажилладаг. Нэг зэрэг олон төсөл дээр ажиллаж байдаг. Төслүүд дээр ажиллахын тулд кино компаниудтай ярилцлага хийж, презентац тавьж, тэдний шалгуурыг хангах ёстой. Өөрөөр хэлбэл ажил олж авах гэдэг нь миний ажлын нэг гол хэсэг. Зохиол бичихээр сонгогдвол хашаан дөхь ажлын зориулалтын жижиг байшиндаа 2-3 сар сууж бичдэг. Эхний нооргоо дуусгасны дараа холбогдох хүмүүстэй уулзаж санал сэтгэгдлийг нь тусгаад, дахиад нэг сар сууж засдаг юм. Ажлын нөгөө нэг хэсэг нь өөрөө кино зохиол бичиж, түүнийг санхүүжүүлэх, найруулах хүмүүсийг хайх явдал байдаг.

Зохиол бичиж байгаа үедээ бол өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд 8.30-14 цагийн хооронд суудаг. Ихэвчлэн 5 цаг суудаг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Бичдэг хүн бүрд л өөрийн гэсэн систем, арга барил байдаг шүү дээ. Тогтсон жор гэж үгүй. Миний нэг "нууц" бол анхаарал сарниулах зүйлсээс ангижирч, сандал дээрээ аль болох удаан суух. Интернетээ салгаад, утсаа унтраахаас гадна өөрийгөө бүсээр сандалтай бэхэлдэг. Ингэхдээ уяагаа тайлахад хэцүү байдлаар зангидна. Ингэснээр хэр баргийн зүйлд босож сатаарах нь багасдаг юм (инээв). Ер нь зохиолч, бичээч болох сонирхолтой хүмүүсийн хамгийн том алдаа нь цаг гаргаж чадахгүй байх байдаг. Өдөрт нэг цаг, эсвэл 7 хоног гурван өдөр нэг цаг гэх мэтээр заавал хуваарь зоож, өөртөө амлалт өгч, өөрийгөө суулгаж байж л гараас юм гардаг.

Мөн ажлын өрөөний ханан дээрээ индекс картууд өлгөдөг. Тухайн өдөр санах, бодох ёстой үзэгдэл, үйл явдлуудыг өнгө өнгийн картаар гаргаад тавьчихдаг юм. Түүнийгээ хараад ямар хэсэг дээр, ямар дүр дээр ажиллах ёстойгоо амархан санадаг.

Мөн сэтгэл санаагаа удирдах, бичих зүйлийнхээ уур амьсгалд орохын тулд хөгжим их сонсдог. The Hu хамтлаг манай хотод ирэхэд би үзсэн. Хүчтэй хөгжимтэй болохоор адал явдалтай үзэгдэл бичих болбол The Hu-г сонсож болох юм билээ.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Зөөврийн компьютер маань миний хамгийн гол хэрэгсэл. Кийборд нь шивэхэд эвтэйхэн байхад олон юм хэрэггүй. Америк зохиолчид, бичээчдийн түгээмэл ашигладаг Final Draft хэмээх програмыг хэрэглэдэг. Гэхдээ мөнгө төлөхгүйгээр зохиол бичих загвар, темплейтүүд интернетэд зөндөө бий. Жишээ нь Google Docs кино зохиол бичих загвартай.

Гар утсаараа бүх л зүйлсийг баримтжуулж, хадгалдаг. Дуу хураагуурыг нь их ашигладаг. Санаа төрсөн үед, эсвэл хүмүүсийн харилцан яриаг хадгалж үлдмээр санагдвал бичнэ. Ер нь зохиолч хүн гэдэг чинь зарим талаар тагнуулч гэсэн үг. Хоёр залуу хүн ресторанд сонирхолтой яриа өрнүүлж байвал ямархуу үг хэллэгээр, ямар ритмтэй ярьж байна гээд нухацтай сонсоно. Аливааг ажиглах, мэдээлэл цуглуулах гэдэг зохиолч хүнд нэн чухал.

Мөн Whatsapp дээр бусад зохиолчид, сургалт семинар орсон хүмүүстэй групп чат үүсгэж, хэрэгтэй мэдээллийг авдаг. Инстаграмд дуртай. Кино бүтээдэг хүмүүс "нүд сайтай" байдаг учраас тэднийг дагах таатай байдаг юм.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зохиолч, бичээчид чинь цаг хэмнэхдээ тун тааруу улс. Юм бичээд суухад цаг гэдэг гарын салаагаар урсаад л өнгөрнө шүү дээ. Олигтой юм бичээгүй хэдэн цаг өнгөрөх тохиолдол ч гарна. Миний хувьд интернет, ухаалаг гар утас гэдэг зүйлс гарч ирснээр судалгаа хийх маш хялбар болсон. 1985 онд ресторанд ямар хөгжим голдуу тоглогддог байсан бэ гэдгийг Google-дээд мэднэ. Тэгэхээр халаасан дахь iPhone-оо л цаг хэмнэгч гэе.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Зохиол бичихээ төлөвлөнө гэдэг бол судалгаа хийнэ гэсэн үг. Зохиолын төслийн судалгааны үе шат нь миний хувьд ойролцоогоор нэг сар байдаг. Жишээ нь америк хүн Улаанбаатарт ирээд, Улаанбаатараас Алтайн уулс руу мориор аялахаар шийдсэн зохиол байлаа гэж бодъё. Би Монголын газар зүйг судлахаас эхлээд удаан морь унахад хүний бие ямар болдог, замд ямар ямар эрсдэл үүсэж болох талаар гээд л олон зүйлийг судална. Хүн, морь хоёрын хооронд үүсэх холбоо, харилцааны талаар 5-6 ном унших байх. Боломж байвал өөрөө хэд хоног морь унахыг хичээнэ. За тэгээд кино, баримтат кино мэдээж үзнэ.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би ихэнхдээ ганцаараа сууж ажилладаг учраас сургалт семинар орох, аялах, бусад кино бүтээгчидтэй уулзалдах зэргээр олон хүний дунд орж эрч хүчээ сэлбэдэг. Хэдийгээр энэ нь заримдаа цаг их авдаг ч яах аргагүй дуртай. Мөн суугаа ажилтай хүнд биеийн хөдөлгөөн тун чухал учраас далайн эргээр сөрфинг хийх, ууланд авирах, дугуй унах дуртай. Мөн бичиж байгаад толгойгоо сэргээх гэж төгөлдөр хуур муухан тоглодог юм. Мэдээж гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх нь их энерги өгдөг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Манайх нэлээн том хашаатай. Түүндээ ургамал тарьдаг. Мод тайрах, ургамал цэцэг суулгахад овоо цаг зарцуулдаг шүү.

Ажил карьерын хувьд сүүлийн үед багшлах, сургалт ороход зарцуулдаг цаг арай ихэссэн байна. Жилдээ 3-4 удаа сургалт семинар хийдэг. Нэлээд туршлага хуримтлуулсан учраас бусдад зааж сургах нь зүй ёсны ч хэрэг биз.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дурлаж хүсдэг зүйлээ хийгээд, түүгээрээ амьдарна гэдэг мэдээж сайхан. Хэцүү бэрхшээлтэй тал нь гэвэл кино зохиолчийн гараас гарсан зүйлсийн ихэнх нь үнэндээ кино болж чаддаггүй. Миний хийсэн, одоо ч хайртай олон зохиол, олон түүх хатуу дискэнд юм уу бичгийн шүүгээ, хавтсанд хэвтэж байгаа. Кино болгоход хангалттай мөнгө байхгүй, эсвэл цаг нь болоогүй, эсвэл хангалттай сайн бичээгүй гэх мэт олон шалтгаанаар тэдгээрийг ашиглаагүй. Миний бие бас ч гэж амжилттай яваа, туршлагатай нэгэн гэхэд 10 зохиолын 1 нь л кино болж байгаа болов уу. Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулдаг гэвэл би бичих үнэхээр дуртай. Зорилтод бус бичих үйл явцад дурладаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Төрийн Департаментаас соёлын солилцоог дэмжих зорилгоор хамтран ажилладаг American Film Showcase байгууллагаар дамжин би Монголд найм хоногийн хугацаатай ирсэн. Кино зохиол бичих сургалт семинар хийж байна. Монголд анх удаа ирсэндээ баяртай байгаа. Би өмнө нь Монголтой холбоотой хүн огт таньдаггүй байлаа. Монголчууд саяхан эелдэг хүмүүс юм аа. Гоё гоё кофе шопууд, музей, сүмүүд байдаг байна. Би боломжоороо тэдгээрийг очиж үзээд л явж байна. Ирэхээсээ өмнө Монголын талаар баримтат кинонууд үзсэн. Голдуу нүүдэлчин соёлын талаар байдаг юм билээ. Түүнээс үүдээд монгол залуучууд амьдардаг хотынхоо тухай, өнөө цагт хотод өсөж торниход ямар байдаг талаар кино хийвэл гоё юм байна даа гэж бодсон шүү. Тэгээд ч хотууд одоо асар хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ. Улаанбаатар хотод бүтээн байгуулалт их өрнөж байна, агаарын бохирдолтой, замын түгжрэлтэй байна гээд л зохиол бичихэд авчих зүйлс их байна.

Ойрын төлөвлөгөө гэвэл нэгдүгээр сард Netflix-тэй хамтран "Fish in a Tree" хэмээх номыг кино зохиол болгох төсөл эхлүүлнэ. Ер нь тууж, романыг кино зохиол болгох нь миний хийдэг гол ажлуудын нэг. Бүхэл бүтэн номыг ердөө хоёр цагийн кино болгоно гэдэг бол тун ярвигтай ажил. Мөн 2, 3 төсөл хөөцөлдөж байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Мэдээж их уншина. Тэр дундаа яруу найраг унших их дуртай. Яруу найраг гэдэг дүрслэлийн урлаг. Дэлгэцийн зохиол бичнэ гэдэг мөн л дүрслэх урлаг байдаг. Мэдээж их кино үзнэ. Сүүлийн үед болж буй мэдээ мэдээллийг ч алдалгүй авч байдаг. Ер нь зохиолч, бичээч хүн гэдэг өөрийгөө хөгжүүлж, суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Тэгэх л юм бол гацна. Бас зарим сургалт, лекцэд очиж, бусад зохиолчдын хийж буй ажлуудыг харж байдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Сүүлийн үед үзсэн, харсан зүйлээсээ нэг нэгийг санал болгоё. Кино гэвэл Өмнөд Солонгосын "Parasite"-ийг санал болгоё. Найруулагч нь дандаа сайн кино хийдэг. Хөгжим гэвэл "Arrival" киноны хөгжмийг сүүлийн үед ихэд шимтэн сонсож байна. Макс Рехтер болон Исландын хөгжмийн зохиолч хөгжмийг нь бичсэн юм билээ. Ном гэвэл өөрийн уншиж буй "The Overstory" хэмээх зохиолыг хэлнэ. Энэ бол моднуудын нууц амьдралын тухай тууж юм. Моднууд өөрсдийн гэсэн энерги, харилцаатай байдгийг судалгаанд тулгуурлан зохиол болгож бичсэн юм билээ.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Өөрийгөө давж сэтгэх талаар зөвлөгөө л болов уу. Бид бараг бүгдээрээ л өөрсдийгөө ертөнцийг төв мэт бодох гээд байдаг шүү дээ. Ялангуяа бүтээлч хүмүүс бүр ч их эготой байх нь элбэг. Зарим талаар тийм байж юм бүтээдэг. Гэхдээ өөрийгөө давж сэтгэнэ, бусдыг ойлгож хүндэлнэ гэдэг нэн чухал.

"Keep calm and carry on" гэсэн бичигтэй постер байдаг даа. Бухимдмаар санагдсан үедээ гүнзгий амьсгал аваад л үргэлжлүүлэх хэрэгтэй.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн бүрд өөрийн гэсэн түүх, санаа, зохиол (story) байдаг. Түүнийг маш олон янзаар илэрхийлэн гаргаж болно. Хөгжмөөр, киногоор, бичвэрээр, магадгүй нөхөрлөлөөр гээд л. Хэрвээ та өөрт буй story-ний талаар бодох цаг гаргаж чадвал амьдрал тань илүү баялаг болно. Түүнийг ухаалаг утсаар дамжуулан гаргаж илэрхийлж болно. Ухаалаг утас гэдэг бол бүхэл бүтэн студи шүү дээ. Та өөрийгөө өгүүлэгч (storyteller) гэж боддоггүй байлаа ч бодит байдал дээр эсрэгээрээ. Таны амьдрал бол story.