Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, Монголын ирээдүй болсон сайхан үрсийг зөв зүйтэй сурган хүмүүжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн хүнийг бид ярилцлагадаа урьсан юм. Тэр бол Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Лүндээжанцан. Тэрээр аавынхаа мэргэжлийг өвлөн орон нутагтаа цэцэрлэгийн багшаас ажлын гараагаа эхэлж, олон жил тууштай ажилласаар өдгөө эрхлэгч болон ажиллаж байна. Үүний зэрэгцээ тэр байгаль орчин, нийгмийн хөгжлийн жижиг том олон төслийг санаачлан амжилттай удирддаг бөгөөд нийгэмдээ өөрчлөлт авчрах эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй 25-40 насныхныг шалгаруулан авдаг LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдаж байсан юм.

Байршил: Монгол, Өвөрхангай аймаг
Эрхэлдэг ажил: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч
Хэрэглэдэг гар утас: Samsung A30
Хэрэглэдэг компьютер: Lenovo
Сошиал хуудас: Lundeejantsan Tsoodol (Facebook)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Аав маань боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан. Тиймээс багаасаа багш болно хэмээн мөрөөдөж, МУБИС-ийг цэцэрлэгийн багш, заах аргач мэргэжлээр төгссөн юм. Гэхдээ тухайн үед яг цэцэрлэгийн багш болно гэж бодоогүй. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд улсын сургуулийн хуваарь маш цөөн ирсэн учраас олдсон боломжоо л ашигласан. Их сургуулиа төгсөөд Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгт багшаар ажлын гараагаа эхэлж, дунд нь тус сумын Засаг даргын тамгын газарт хэвлэл мэдээллэл хариуцсан ажилтнаар дөрвөн жил ажилласан. Ингээд 2014 оноос тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон зургаа дахь жилдээ ажиллаж байна.

Их сургуулийн хуваарь авсныхаа дараа ямар сургууль авснаа хүнд хэлэхээс санаа зовдог байлаа. Харин одоо бол аавынхаа мэргэжлийг өвлөж, хүүхдийн инээд цалгисан орчинд Монголын ирээдүй болсон зөв иргэнийг бэлтгэж буйдаа баяртай байдаг. Хүүхэд бүрийг багаас нь зөв төлөвшүүлж чадвал тэр хэрээр нийгэм хурдан өөрчлөгдөж, ирээдүй гэрэл гэгээтэй болно гэдэгт итгэдэг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ихэнх цагийг хүүхдүүдтэй өнгөрөөдөг дөө. Өглөө зургаан цагт босож, аль болох ажлаа эрт эхлэхийг боддог. Гэртээ эхнэр, гурван хүүхэдтэйгээ цайгаа уучихаад ажил дээрээ ирээд хичээл эхлэх үеэр ангиудаар тойрч, хүүхдүүдтэйгээ мэндэлнэ. Ингээд багш, ажилчидтайгаа хурал, уулзалт зохион байгуулж, сургалт ордог. Цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бид олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Үндсэн ажлынхаа хажуугаар нийгмийн сайн сайхан, хүмүүнлэгийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрт хамрагдахыг хичээж явдаг юм. Бага насны хүүхдэд тулгарч буй янз бүрийн асуудлыг шийдэхэд миний хувийн оролцоо юу болох, цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд юу хийж чадах, нийгэмд хэрхэн нөлөөлөх талаас нь анхаарч, ажилтайгаа уялдуулан төлөвлөдөг. Манай цэцэрлэгт одоогоор 250 гаруй хүүхэд суралцдаг. Тэдгээр хүүхдэд миний санаачилсан ажлууд бага ч болов сайнаар нөлөөлж, тус дэм болох болов уу гэсэн итгэлээр хичээдэг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Хамт олныхоо уур амьсгалыг эвтэй байлгахыг хүсдэг. Хийж чадаж байгааг нь урамшуулан дэмжиж, ажилчдын багаар ажиллах чадварыг ахиулахад голчлон анхаардаг. Энэ хүрээнд багш нарыг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Бусад маань намайг харж үлгэрлэх тул хэлснээ хийдэг байхыг эрмэлздэг. Мөн аливаад эмх цэгцтэй, урлаг, спортод сонирхолтой, эрүүл мэнддээ анхаардаг, шинэ соргог зүйлд сониуч ханддаг байхыг хичээдэг

Эрэгтэй хүн гэхээр л хатуу ширүүн байх албагүй. Хамгийн гол нь мэдрэмжтэй байх нь чухал. Олон хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажилладаг хүний хувьд аливаад мэдрэмжтэй, зөөлөн хандаж явдаг даа. Амьдралд янз бүрийн л зүйл тохиолддог учраас уурлаж бухимдсан эцэг эхийг тайвшруулах, яриаг нь сонсох учиртай. Аав ээжүүд ч цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд л орхичихдог биш тэнд ямар хандлага, үзэл бодолтой хүмүүс хүүхэдтэй нь харьцаж, хүмүүжүүлж байгааг сайн анзаарч байх нь зүйтэй. Гэхдээ шууд бурууг хайж, шүүмжлэх өнцгөөс бус хамтран ажиллахыг эрмэлздэг байх хэрэгтэй гэж боддог.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Бага насны хүүхдүүдтэй ойр ажилладаг учраас ажил дээрээ олон апп хэрэглэж, утсаа оролдож суухаас зайлсхийдэг. Бусад үед УИХ-аас шинээр баталсан хууль, Засгийн газраас гаргасан тогтоол, дүрэм журмын тухай мэдээллийг авч судлах зорилгоор https://www.legalinfo.mn-ийг түлхүү ашигладаг.

Гар утасныхаа Notes дээр толгойд буусан шинэ санаа, санууштай зүйлсийг буулгадаг. Мөн видео эвлүүлэг хийх, гэрэл зураг дарах хоббитой болохоор тэр чиглэлийн програм, аппуудыг ашиглаж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон ажлыг зэрэг амжуулах нь цаг хэмнэх сайн арга гэж боддог юм. Гол нь олон ажлын төлөвлөгөөг хооронд нь сайн уялдуулж гаргах нь зүйтэй. Мөн жижиг ажлыг ч хойш тавихгүйгээр амжуулах нь чухал байдаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Байгууллагынхаа төлөвлөгөөг сар, улирал, жилээр нь гаргадаг. Харин хувийн төлөвлөлтөө дотроо нэлээн бодитоор төсөөлж, нарийн гаргадаг шүү. Бага насны хүүхдүүдтэй ажилладаг багш, ажилчид жижиг зүйлийг ч маш сайн анзаарч хардаг, няхуур болдог. Хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж сураагүй байдаг учраас гаргаж буй үйлдэл бүрийг нь сайн ажиглах хэрэгтэй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?


Зорьсон ажлынхаа ард гарна гэдэг юугаар ч орлохгүй эрч хүч, сэтгэл ханамжийг өгдөг. Нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдэх гарцыг хайж, мундаг залуустай ярилцах нь, шинэ санаа хэрэгжүүлж, турших нь надад ихээхэн урам зориг өгдөг. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх, спортоор хичээллэх, гэрэл зурах дарах, нүүр дүүрэн инээмсэглэсэн цэцэрлэгийн хүүхдүүдээ харах зэргээр хайртай хүмүүс, хоббиноосоо цэнэг авдаг даа.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж, өөрчлөлтийг авчрах хүсэлтэй 25-40 насны залууст зориулсан LEAD MONGOLIA хөтөлбөрт 2017 онд тэнцсэн юм. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар олон мундаг залуустай хамтран ажиллаж, туршлага хуримтлуулсан нь мэргэжилтний хувьд намайг улам хөгжүүлж, цаашид улам эрчтэй ажиллах урам өгсөн. Энэ далимд хэлэхэд, уг хөтөлбөрийн энэ жилийн сонгон шалгаруулалт тун саяхан эхэлсэн байна лээ. Залуучуудыг сонирхож үзэхийг хүсье.

Би тус хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, хотжилтын багт хамрагдан хүүхэд, багачуудаар дамжуулан эцэг эхчүүд, олон нийтийг байгальд ээлтэй дадал, хандлагатай болгоход чиглэсэн “Багачуудын ногоон ордон” төслийг Арвайхээр сумын тавдугаар цэцэрлэгт хэрэгжүүлсэн. Хүүхдэд багаасаа хог хаягдлыг ангилан ялгах, байгальд ээлтэй дадлыг суулгаж чадвал насан туршаа түүнийг хэрэгжүүлж, бусдад эергээр нөлөөлж чадна. Үүний урьд хог хаягдлыг эцэг эхчүүдээр ангилуулж сургавал хүүхдэдээ үлгэр жишээ болох юм.

Манай цэцэрлэг байгальд ээлтэй дадлыг хэвшүүлэхийн тулд 3R - Reuse, Reduce, Recycle буюу хог хаягдлаа багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмыг хэрэгжүүлж, цахилгаан, усны хэмнэлтийн горимыг мөрддөг болсон. Манай цэцэрлэг хэмнэлтийн горимыг мөрддөг болсноор 2.6 сая төгрөгийн тогтмол зардлыг хэмнэж чадсан. Бид хуванцар хог хаягдлаар эд зүйлс урладаг байсан бол манай хотод хоёр дахь түүхий эд хүлээж авах, үйлдвэрийн хэмжээнд ажиллах хүчин чадалтай “Цэмцгэр” төв нээгдсэнээр хог хаягдлаа ангилан ялгаж өгдөг болсон.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРхШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бага насны буюу 2-5 насны хүүхдүүдтэй ажиллахад бүх зүйл гэгээлэг сайхан санагдаж, аз жаргалтай байдаг. Өглөө бүр ажлын үүдээр ороход хүүхдийн цангинасан дуу, инээд хадаж, хөл хөдөлгөөн угтдаг. Гоё энергитэй, сайхан орчинд ажилладагтаа талархаж явдаг. Ийм үед зорьсноо хийж, ард нь гарч чадаж л байвал хэцүү бэрхшээл гээд байх зүйлгүй дээ.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Коронавирус тархах эрсдэлтэй, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй энэ үед гэртээ байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгтээ байгаа мэт сургалт авах боломжийг олгохоор “Хүүхэд бүрт хүрч үйлчилье” ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд багш нараар теле хичээлүүд бэлтгүүлэн хүргэж байгаа юм. Мөн хүүхдийн хүчирхийллийг зогсоож, хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг зорьдог. Би Өвөрхангай аймгийн Залуу гэр бүлийн клубийг 2019 оноос удирдаж, хүүхдийн хөгжил хүмүүжил, гэр бүлийн төлөвшил, хандлагыг сайжруулахын төлөө янз бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Түүхийн ном, зохиол түлхүү уншиж судлахыг эрмэлздэг. Өнөө үед бусадтай харилцах чадвар нэн чухалд тооцогдож буй учраас бусадтай харилцах, ярих чадвараа сайжруулахаар ажиллаж байна. Нийгмийн янз бүрийн бүлэг, клубийн үйл ажиллагаан дээр олон мундаг залуустай ярилцаж, туршлагаа солилцохыг хүсдэг. Сүүлийн үед LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгч залуусаасаа ихийг сурч, мэдсэн сурснаа хуваалцаж явна. 2017 онд LEAD-ийн ажилгүйдлийг бууруулах багийн залуус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний талаарх хандлагыг эергээр өөрчлөх LEAD Talks гэж төсөл хэрэгжүүлсэн юм. Би тэндээс санаа аваад, 2018 онд “Өвөрхангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт“-ыг зохион байгуулсан нь чухал туршлага болсон шүү.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?


Одоогоор “Эртний сургаалын зохиолууд” хэмээх боть номыг уншиж байна. Хүмүүс хүүхдүүддээ эх оронч хандлагыг багаас нь төлөвшүүлж, өвөг дээдэс маань хэдэн зууны туршид юу хийж бүтээн, өнөөгийн улс орныг бүтээсэн тухай түүхийн ойлголт өгөх нь зүйтэй гэж боддог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэх нь манай гэрийн хүмүүжил гэж хэлж болно. Эцэг эх маань намайг бага байхаас л жижиг, том гэлтгүй урдах ажлаа чанартай, сэтгэлээсээ хийж, санаачилсан бүхнийхээ ард гарах хандлагыг суулгахыг хичээж, чиглүүлсээр ирсэнд баяртай байдаг.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Хүн юу ч хийдэг байлаа гэсэн, хэн ч байлаа гэсэн, өөр лүүгээ өнгийж хардаг байгаасай. Бид заримдаа зарим зүйлсийг анзаарахгүй өнгөрөөгөөд байгаа мэт санагддаг. Ялангуяа гэр бүлээ анзаарахгүй байх нь их. Улс орон, нийгэмд болж буй асуудлуудад оролцохын өмнө эхлээд гэр бүлийнхээ асуудалд анхаардаг эсэхээ тунгааж үзээсэй гэж хүсдэг.

Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ буруу хайрлахаас зайлсхийгээрэй. Өөрийнхөө санаа бодлыг шууд тулгахаас бус хүүхдийнхээ юу хэлэхийг сонсож, асуудлыг ярилцаж шийдэх нь зөв шүү. Ярилцахгүй бол бага багаар хөндийрсөөр байх болно. Хүүхдүүдтэйгээ тогло, инээ, ярилц.