Өнөөдрийн дугаартаа бид Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан, олон улсын судлалын доктор П.Наранбаярыг урилаа. Японы Киотогийн их сургуулийг төрийн захиргааны удирдлагын чиглэлээр дүүргэсэн тэрээр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад үнэлэгдэх сурагчдыг бэлтгэж буй "Шинэ Монгол" сургуулийн гүйцэтгэх захирлаар найман жил ажиллаж, боловсролын салбарт  чанартай сургалтын шинэ жишиг, стандартыг тогтооход томоохон хувь нэмэр оруулсан билээ. Үндсэн ажлынхаа хажуугаар уран зохиол, монгол судлалын чиглэлээр Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхирогийн Монголын эзэнт гүрнийг тойрсон бичсэн дөрвөн боть ном, нэрт зохиолч Мори Оогайн "Зэрлэг галуу" бэсрэг тууж зэрэг онц сонирхолтой бүтээлүүдийг монгол хэлнээ чадамгай орчуулсан тэрээр өдгөө өөрийн бичсэн анхны номыг хэвлүүлэхээр зэхэж байна.


Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: ХҮН-ын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone X
Хэрэглэдэг компьютер: Macbook Air
Сошиал хуудас: Naranbayar Purevsuren (Facebook), Naranbayarp (Twitter), emosclub-naranbayar.blogspot.com

1. Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?

Би төрийн албанд багагүй ажилласан туршлагатай. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын орлогч даргаар ажиллаж байлаа. Мөн байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагад ажиллаж, Тужийн нарсыг нөхөн сэргээхэд Японы экологийн сангаас хөрөнгө оруулж байсан түүхтэй. Төрийн алба хүнийг бичиг цаастай зууралдуулж, аливаа бодлого, шийдвэрийг мэргэжлийн түвшинд боловсруулахад сургадаг. Төрийн албанд залуус орж буй нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн гадаадад сурах төдий зорилгыг өмнөө тавьж ажиллаж болохгүй. Төр, нийгэмд байгаа болохгүй асуудлыг засаж, сайжруулахыг хүсэж буй чадварлаг хүмүүст боломжийг нь төрийн алба олгох учиртай.

Би 36 настайдаа Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирлын албыг авч, найман жил сургуульдаа ажиллалаа. Удирдах албанд хүн өөрийгөө хянаж, олон талаар хөгжүүлэх боломжтой болдог. Гэхдээ залуучууд эхлээд хүний удирдлагад ажиллаж, үг дуулж сурах нь зүйтэй. Хүний дээр хүн, уулын цаана уул гэж үг бий. Амьдралын туршлагатай, мэргэн зөвлөгч буюу ментор хүнийг олж тийм хүнээс суралцаасай.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өнгөрсөн нэгдүгээр сард Шинэ Монголын гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалаа хүлээлгэн өглөө. Одоо улс төрийн бодлого судлалын чиглэлээр ажиллаж байна. Хүнтэй уулзах, тэдний санаа бодлыг цуглуулах нь миний өдөр тутмын ажил болжээ. Олондоо өдөрт зуу хүртэл хүнтэй уулзаж байна. Сургуулийн захирал байхад сурагч, багш, эцэг эхчүүд гээд ийм уулзалтууд тогтмол байв. Өглөө есөөс эхлээд уулзалтуудыг товлож, завсар зайгаар нь юмаа бичих цаг гаргадаг.

3. Таны ажлын нөү-хау?

Хийх ажлаа сайтар төлөвлөхийг эрмэлздэг. Тухайн өдөр юу хийх, хэнтэй уулзахаа төлөвлөж, гар утсан дээрээ тэмдэглэх нь үр дүнтэй санагддаг. Гар утас гэдэг хүний хамгийн үнэнч туслах болж дээ.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Google Calendar хамгийн түлхүү хэрэглэдэг. Мөн мэдээ уншдаг хэдэн апп-ууд бий. Сошиал хуудасны хувьд Twitter, Facebook, Viber, сүүлийн үед Instagram ашиглаж байна.

5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг хугацаа бүх хүнд тэгш заяадаг. Түүнийг яаж ашиглах нь тухайн хүний чадварын асуудал байх. Цагаа зөв ашиглахын тулд нойроо сайн зохицуулан, хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадвал байнга эрч хүчтэй байх боломжтой. Заримдаа би ном бичих, орчуулж суухдаа улайраад цаг хугацааг мартчихдаг. Хийж буй зүйлдээ улайран дурлаж цаг хугацааг мартаад үзээрэй. Энэ бол бясалгалын нэг хэлбэр гэж би ойлгодог.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Гар утсан дээрээ бүх төлөвлөгөөгөө оруулдаг. Эргэн сануулах, бусдад хуваалцах тохиргоотой байдаг нь амар санагддаг.

7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хүмүүсээс. Хүн ганцаараа байх үедээ өөртэйгөө их ярилцаж, бодож тунгаадаг бол хүмүүстэй хамт байх үедээ урам зоригоор дүүрч, сэтгэл сэргэдэг. Хүмүүстэй дуртай сэдвээрээ ярилцаж суух урамтай. Мөн бүтээл туурвих нь надад эрч хүч өгдөг. Дуртай номоо орчуулан олны хүртээл болгоод бусдаас урмын үг сонсоно гэдэг сайхан шүү дээ.

Шинэ Монгол сургуулийн үзэл санаанд “Бусдад туслах талархах сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаж, өрөөлд аз жаргал бэлэглэн өөрийн аз жаргалыг дархалж явсу” хэмээх үг бий. Хүмүүс юманд ханахаа байчихсан нь аз жаргалгүй болох нэг шалтгаан. Юм болгоныг шүүмжилж, өө хайж явдаг хүн хэзээ ч аз жаргалтай байхгүй. Бусдад чин сэтгэлээсээ талархаж, баярласнаа илэрхийлнэ гэдэг танд аз жаргал, эрч хүч авчирна.

Мөн орой гэртээ очоод гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж сууна гэдэг аз жаргал. Хамт хоолоо хийж идэнгээ энгийн яриа өрнүүлж, сэтгэлийн амар амгаланг амталж, эрч хүчээ сэлбэж байдаг гэж би боддог. XIV Далай ламын эмч монголчуудыг бясалгал хийх тусгай арга барил хайгаад хэрэггүй. Энэ сайхан байгальдаа гараад суухад байгаль өөрөө таныг эмчилж, бясалгал болдог гэж хэлснийг би мартдаггүй.

8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Би төрийн захиргаа, олон улс судлал, боловсрол, түүх, уран зохиолын чиглэлээр судлан сонирхож, энэ чиглэлээр япон хэлнээс цөөнгүй ном орчуулж хэвлүүллээ. Мөн ЭМОС клубийн анд нартайгаа нийлж, хамтарсан бүтээл цөөнгүй гаргасан. Харин яг одоо бол намтар түүхээ уншигчтай хуваалцахаар анхны бие даан бичсэн номоо удахгүй хэвлүүлэх гэж байна. Миний хувьд орчуулга хийж “махаа зулгаан” суух нь аз жаргалтай мөч болдог.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэршээлтэй талууд?

Миний ажлын онцлог бол бодох, уг ёзоорыг нь хайх гэж хэлж болно. Нийгмийн шинжлэх ухаан гэдэг учир шалтгааны холбоос, үр дагаврыг олохыг зорьдог. Тэрхүү зорьсноо олж, нөхцөл байдлаа бодитоор харж чадвал зөв арга хэмжээ авч болно. Зөв арга хэмжээ авснаар ирээдүйгээ бүтээж буй хэрэг юм.

Манайд хууль ихэнхдээ хэлбэрдлийг бий болгодог. Ирээдүйд ийм байх болно гэсэн идеал санааг хэт их оруулдаг амьдралаас тасарсан хуулийг дагаж мөрдөх нь ховор, хэрэгжих нь муу байдаг. Хууль нэг ондоо, бодит амьдрал нэг өөр. Энэ байдлаар бол хуулийг дээдлэх үзэл бодол төлөвшихгүй нь ойлгомжтой.

Шинэ Монгол сургуульд ажиллаж байхдаа шавьдаа сэтгэл зүрхээ зориулж, тэднийхээ сайн сайхнаар бахархаж явдаг олон сайхан багшийг харлаа. Сургууль гэдэг эерэг үзэл бодол, хандлага, мөрөөдөл дүүрэн байдаг газар юм. Энд байхдаа би ихээхэн эрч хүч авч, амьдралын тухай философио бэхжүүлж, их зүйлийг сурсан гэж боддог.

10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхирогийн Монголын эзэнт гүрнийг тойрон бичсэн гурван бүтээлийг орчуулан олны хүртээл болгов. Түүхээ бодитой харж чаддаг ард түмэн хүчтэй болдог. Бурууг өнгөрсөн рүүгээ чихвэл хэзээ ч урагш хөгжихгүй. Бусдад бурууг нялзаах нь сул доройн шинж. Хүчирхэг байхын тулд аливааг бодитоор харах хэрэгтэй.

Би Шинэ Монгол сургуулийн захирлын албан тушаалыг найман жил хашлаа. Цаашид боловсролын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө ажиллана. Ойрын төлөвлөгөөний хувьд нийгмээ эрүүлжүүлэх, төрөө шударга байлгахын тулд улс төрд хүч үзэж, шинэ үеийн чадварлаг олон залуусын дотроос “Үзтэл үнэнээр явагч нь үргэлж өөдөө дэмжигддэг” тийм тогтолцоог төр, нийгэмд бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд ХҮН намын бодлого, судалгаанд төвлөрөн ажиллаж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ? 

Уншдаг. Гэхдээ сайныг нь сонгож. Сонгоно гэдэг өөрөө боловсрол. Сонгохын тулд зөв үнэлэх хэрэгтэй. Зөв үнэлэхийн тулд өөрийн гэсэн ертөнц, үзэлтэй байх хэрэгтэй.

Ярилцдаг. Олон сайхан хүнтэй учирч, тэднээс байнга суралцахыг эрхэмлэж явдаг даа.

12. Санал болгох ном, хөгжим, кино?

Одоогоор Стивен Сарсоны бичсэн Barack Obama American Historian, Керри Брауны CEO China Xi Jinpin, Карл Циммэрийн Вирусийн ертөнц, Японы Ицүки Хироюкигийн Шинран зэрэг ном уншиж байна. Надад испани хэлтний уран зохиол их таалагддаг. Алхимич, Зуун жилийн ганцаардал гээд сонгодог бүтээлүүд бий. Аргентины алдарт зохиолч Хорхе Луис Борхесийн агуу өгүүллүүдийг уншиж үзэхийг санал болгоё.

Хөгжмийн хувьд гитарын аялгуу сонсох дуртай. Сүүлийн үед Билли Айлишийн дуунуудад их дуртай болоод байгаа. Уншигчдад Германы хөгжмийн зохиолч Рихард Вагнерийн бүтээлүүдийг санал болгоё.

Харин киног аль болох сайныг нь сонгож үзэхийг зорьдог. Энэ ч зорилгоор Шинэ Монгол сургуульд байхдаа кино боловсрол хөтөлбөр хэрэгжүүлж, ахлах сургуулийн хүүхдүүдэд Италийн найруулагч Роберто Бенинийн Life is Beautiful, Туркийн найруулагч Чаган Ирмакийн My Father and My Son, Японы найруулагч Куросава Акирагийн “Орлон тоглогч” хэмээх киног үзүүлсэн юм. Эдгээр киног хүмүүс үзээсэй.

Ер нь Японы уран бүтээлүүд их өвөрмөц гэж хэлж болно. Казүо Ишигүрогийн The Remains of The Day зохиол бол найруулгын хувьд маш тансаг, дээд зэргийн бүтээл юм. Мөн би Японы нэрт зохиолч Мори Оогайгийн Зэрлэг галуу хэмээх бэсрэг туужийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн. Энэ туужийг уншсан хүмүүс огт мартагдахгүй, ой тоонд үлдчих юм гэдэг. Японы зохиол, уран бүтээлүүд хүний дотоод ертөнц рүү илүү ордог юм шиг санагддаг.

13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Настай хүнээс үг сонсож сурах хэрэгтэй. Төрийн соёрхолт, зохиолч Дарма Батбаяр багшаа хүндэлж явдаг. Нэгэн удаа Дарма багш манай төгсөгчдөд хандан, “Залуус та нар бүдэрч болно оо. Гагцхүү чамайг газар ойчуулсан тэр чулуугаа тулаад босох сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй” гэж байсан нь санаанаас гардаггүй.

14. Бусдад шидэх санаа?

“Нүсэр бус төсөр” хэмээх философийг бодож явъя. Бидний баталсан хууль тогтоомж, бодлогууд нүсэр, элдэв баяр ч нүсэр, өмсөж зүүсэн нь ч нүсэр боллоо. Харин сүүлийн үед япон хүний бичсэн минималист хэв маягийн тухай их ярьдаг болж. Уг нь нүүдэлчид бид эртнээс илүү, дутуу зүйлгүй энгийн хэв маягаар амьдарч ирсэн уламжлалтай. “Эмээл ихэдвэл моринд гэмтэй, ямба ихэдвэл улсад гэмтэй” гэдэг дээ. Энгийн, төсөр, эгэлхэн байцгаая.