Өнөөдрийн зочин бол Монгол орны чацарганын ургац хураалтын 80 гаруй хувийг төвлөрүүлж буй Шар Доктор компанийн ерөнхий захирал Н.Сайнжаргал. ХБНГУ-ын Берлиний технологийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн тэрбээр арав гаруй жилийн турш зөвхөн чацаргана жимсийг нарийн судлан, дагнасан үйлдвэрлэл эрхэлж буй. Өдгөө хүнсний салбарт дотоодын топ брэнд бүтээгдэхүүнийг тун амжилттай хөгжүүлж, байгалийн цэвэр жимсийг хэрэглэгчдэд түгээж байна. Ингээд Япон, Тайвань, Герман зэрэг улсад бүтээгдэхүүнээ экспортолдог "Шар Доктор"-ын үүсгэн байгуулагч эрхэмтэй хөөрөлдсөнөө сонирхуулъя.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Шар Доктор компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: iMac, Macbook Air
Сошиал хуудас: Natsag Sainjargal (Фэйсбүүк хуудас), Sanji (Твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

2001 онд ХБНГУ-д сурч байхдаа эхнэртэйгээ анх танилцсан минь миний амьдралын хамгийн чухал цаг мөч байлаа. Эхнэр бид хоёр удаан ярилцсаны эцэст байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр чацарганыг сонгож 2006 онд судалгааны ажилдаа орсон.

Учир нь чацаргана жимс бол дэлхий дээр Орос, Хятад, Монгол зэрэг тун цөөн оронд ургадаг. Тэдгээрээс манай орны эрс тэс уур амьсгалд ургадаг жимс илүү чанартай гэж хэлж болно. Жимсний төрлүүдээс зөвхөн чацарганад л тос агуулагддаг. Тосонд нь Омега төрлийн бүх тосны ханаагүй хүчлүүд агуулагддагаас гадна шүүс нь маш олон төрлийн амин дэмтэй байдаг.

Ингээд 2011 онд шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад ХБНГУ-д сурсан минь их хэрэг болсон гэж хэлж болно. Өөрсдөө зураг төслөө гаргахаас өгсүүлээд ихэнх тоног төхөөрөмж, технологийг тэндээс нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ Япон, Тайван, Герман улс руу экспортолдог болсон. Тэдгээр улсууд өдгөө Шар Докторын тос, шүүсийг гоо сайхан ба хүнсний салбарт хэрэглэж байна. Бид бизнесээ анх эхлүүлэхдээ л монгол хүн бүрд зориулсан монгол бүтээгдэхүүн хийж, монгол компанийн соёл бий болгохыг үнэт зүйл хэмээн тодорхойлсон. Шар Доктор бол сайн тоног төхөөрөмжөөс илүүтэй бидний үнэт зүйл, үзэл баримтлал, сэтгэл зүрхнээс урган гарсан бүтээгдэхүүн юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ажлын өдрүүдийн тал нь үйлдвэр дээр өнгөрдөг гэж хэлж болно. Өглөөний 9 цагт үйлдвэр дээр ажлын явцтай танилцаж, ямар нэг асуудал, гомдол байгаа эсэхийг нягталж хүмүүстэй уулзана. Үдээш хойш бичиг цаасны ажлуудаа амжуулан, бусад хүмүүстэй уулзах зэргээр өнгөрдөг дөө.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Аливаа бизнесийг ямар хүн удирдаж байгаагаас шууд хамаардаг. Ажилчдынхаа цаг хугацааг хайрлаж, хэрэглэгчдэдээ үнэнч шударга байх ёстой. Бид өөрсдөө хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй, хайртай байх учиртай.

Хэн нэгэн амьдралаа зориулан бидэнтэй нэгдсэн бол тэр хүний цаг хугацааг хайрлах нь зүйн хэрэг. Тиймээс ажилчдынхаа сэтгэл ханамж, цалин урамшууллаас аваад бүх зүйлд сэтгэл гаргахыг хичээдэг.

Өнөө үед хэрэглэгчид элдэв чамин үгтэй сурталчилгаа, гял цал харагдах гадаад байдлаас илүүтэй тухайн зүйлийн дотоод мөн чанар, агуулгад ач холбогдол өгдөг болсон. Тиймээс бүтээгдэхүүн гэлтгүй хэрэглэгчийн боловсролд ч анхаарах шаардлагатай болоод байгаа. Сонголт их болсон одоо цагт хэрэглэгчид ямар орц, найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа мэддэг, ойлгодог болох хэрэгтэй. Мөн бид тариаланчдынхаа мэдлэгийг дээшлүүлэхийн тулд ISO стандартад нийцүүлэхээс авхуулаад эрүүл ахуйн шаардлагуудыг хангах зөвлөгөө өгч, ном хүртэл тараадаг юм.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Гар утас, компьютер, тэмдэглэлийн дэвтрээ байнга хэрэглэдэг. Гар утсан дээрээ Note, Google Drive болон банкны аппуудыг түгээмэл ашиглаж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Сүрхий төлөвлөгөөнд баригдаж ажилладаггүй. Юу хийхгүй байхаа сайн мэдэж, юу хийх ёстой дээр төвлөрч чадвал тэр хэрээр цаг хугацааг хэмнэдэг гэж боддог. Хэчнээн яарсан ч нөөц боломж, хүчин чадалдаа тааруулан ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь хийж буй зүйлс минь үнэ цэнтэй байх ёстой гэж боддог. Бүхнийг өөрөө туршиж, алдаж онохоос илүүтэй бусад хүмүүсийн туршлагыг судалж мэдэх нь бас тун чухал.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Оны эхэнд тухайн жил, улирлын төлөвлөгөөгөө ерөнхийд нь гаргаад, дараа нь сар, долоо хоногоор задалдаг. Үйлдвэр хотын төвөөс зайдуу учраас оффисын ажилчид уулзах шаардлагагүй бол гар утсаараа онлайнаар мэдээллээ солилцож, сүүлийн үед апп, програм хангамж ашиглан борлуулалтын ажлуудаа амжуулж байна. Бид ажилчдаа аль болох бие даалгаж, ажил хийх эрх чөлөөнд нь халдахгүй байхыг хичээдэг. Хийх ажлын төлөвлөгөө гарсан бол итгэл үнэмшил, ухамсраараа хийх л ёстой учраас байнга хянаж цагдахыг хүсдэггүй.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Юуны түрүүнд гэр бүл, оюуны санааны хувьд ном, биеийн хүчний хувьд дасгал гэж хэлнэ. Эхнэртэйгээ танилцсан үе бол миний амьдралын хамгийн том хөрөнгө оруулалт, карьерын эхлэл. Бид хоёр бүхнийг хамтдаа эхлүүлж, ямар ч үед хамтдаа байсаар ирсэн. Асуудал гарах бүрд хамтдаа ярилцаж, туулсаар өдийг хүрлээ.

Оюун санааны хувьд амьдралынхаа зовлон, жаргалтай бүх л үед номоос олон асуултын хариултыг олж чаддаг. Гол нь юуг уншихаа мэддэг, өөртөө хэрэгтэй цаг үеийн номыг олж унших нь чухал. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас үргэлж бодол санаагаа цэгцэлж, зөв номоо олж сурах хэрэгтэй. Хамгийн үнэтэй зөвлөгөөг ч номоос олж болно. Мөн дасгал хөдөлгөөнийг байнгын дадал болгож чадсан. Фитнесст явсны дараа эрч хүч нэмэгдэж, ажлын бүтээмж ч дээшилдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Нийгэм, олон нийтэд чиглэсэн төслүүд дээр бусад байгууллагуудтай хамтран ажилласаар байна. Бид чацарганын хамгийн сайн ундааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор Voice, Shark Tank, Авьяаслаг Монголчууд, Монгол Тулгатны 100 эрхэм зэрэг төслүүдэд хамтрагчаар оролцсон. Мөн тариаланчдын боловсролыг дэмжих, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хийсээр байх болно.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Бид 10 гаруй жил зөвхөн чацарганын үйлдвэрлэл эрхэлж, энэ жимсний ач тусыг судалсаар ирсэн. Бид чацарганыг элдэв нэмэлт амт оруулалгүй хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг. Үйлдвэрлэлээ бид ISO22000 стандартад нийцүүлж, Японы GPRL, Германы хоёр том лабораторийн шинжилгээнд ороод байна. Дэлхийд чацарганын хамгийн том тариалантай улс бол Хятад байдаг. Мөн Орос, Канад, Герман, Энэтхэг, Монгол гээд цөөн оронд тариалдаг. Тэдгээрээс монгол чацаргана эрс тэс уур амьсгалд ургадаг, илүү их омега, тос ялгаруулдгаараа онцлогтой.

Өдгөө Шар Доктор үйлдвэрт сард дунджаар 50 тонн чацаргана боловсруулж байна. Намар, өвөлдөө тариаланчдаас ургацаа хураагаад, гүн хөлдөөгчид хийж хадгалан, үйлдвэртээ боловсруулна. Хүмүүс чацарганыг зөвхөн ханиад хүрэхээр л уудаг гэж ойлгодог учраас зуны гурван сард чацарганын хэрэглээ огцом багасдаг талтай. Үүнийг дагаад үйлдвэрлэл ч зогсох үе бий. Уг нь чацарганыг өвөл гэлтгүй зундаа мөстэй холиод, өвөлдөө халуун усанд найруулаад тогтмол хэрэглэвэл тун зохистой.

Чацарганын сорт, хэзээ хураахаас шалтгаалан өнгө, амт нь өөр байдаг. Намар хураасан жимсэнд С витамин өндөр байдаг бол өвлийнх илүү тослогтой, зөөлөн амттай. Бид хамгийн сайн бүтээгдэхүүнийг бүх нийтийн хэрэглээ болгохын тулд хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлэн боломжийн үнээр гаргах хэрэгтэй гэж үздэг. Тиймээс олон шат дамжлагаар боловсруулдаг чацарганын тосоо эмийн сангуудад үйлдвэрийн үнээр өгч байгаа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоогоор “SharDoctor” бидний ундаа (Taste of Mongolia) төсөл дээр төвлөрөн ажиллаж байна. Бид чацарганын салбарын манлайлагч үйлдвэрлэгч болсноор "Та тариал, Бид худалдаж авья" уриаг хэрэгжүүлж, кластерын системийг цогцоор нь хөгжүүлэхэд оройлон оролцох юм. Компани өөрөө тариалалтаас үйлдвэрлэлийн эцсийн шат хүртэлх бүх үйл ажиллагаанд дангаар оролцох нь үр ашиг багатай, өсөлт удаан байдаг.

Тиймээс бид өрх, орон нутгийн тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор Увс, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ зэрэг аймгийн 100-200 гаруй тариаланч, аж ахуйн нэгжээс чацаргана худалдан авч байна. Энэ хүрээнд 2019 онд бид үйлдвэрийн боловсруулах хүчин чадлыг нэмж, сав баглаа боодлын эко технологийг нэвтрүүлсэн. Одоогоор суурилуулах ажил 70 гаруй хувьтай байна. Ингэснээр манай үйлдвэрийн хүчин чадал 10 дахин нэмэгдэнэ.

Тариаланчдаа дэмжсэнээр цаашид Монгол оронд чацарганын тариалан эрчимтэй хөгжихөд хувь нэмэр оруулж, Шар Докторыг эх орныхоо байгалийн гаралтай нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн болно гэдэгт итгэдэг. Тос агуулдаг Шар Докторын шүүс маш зөөлөн байдгаас гадна олон сортын чацаргана хураадаг, тухайн үед ямар сорт хэрэглэснээс хамааран ундааны өнгө бас өөрчлөгддөг гэж хэлж болно.

Тиймээс хэрэглэгчдэд чацарганын цэвэр шүүсний амт, үнэрийг ойлгуулан хүлээн зөвшөөрүүлж, ямар нэг хольцгүй хэрэглэдэг эрүүл мэндийн ундаа болгохыг зорьж байна. Шар Докторын шууд уудаг ундаа гэхэд маш бага чихэр агуулдаг бол сироп нь хэрэглэгч амтлах мэдрэхүйдээ тохируулан найруулж уух зориулалттай юм. Зарим тохиолдолд манай сиропыг андуурч шууд уучихаад сахар ихтэй гэх нь бий. Түүнээс гадна клиник туршилтууд буюу хүний биеийн хэрэглээнд чацаргана ямар нөлөөтэйг нарийн олж тогтоохоор Японд шинжилгээ хийлгэж байгаа.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ажилтай холбоотой техник, технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг байнга сонирхдог. Мөн менежмент, удирдлагын ур чадвараа сайжруулахаар янз бүрийн ном уншиж судалсаар байдаг.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ролф Добэллигийн Сайхан амьдрах урлаг, Чарльз Духикийн Зуршлийн хүч номыг санал болгоё. Мөн саран дээр анх хөл тавьсан сансрын нисгэгч Нейл Армстронгийн амьдралаас сэдэвлэсэн First Man киног сонирхож үзээрэй. Хөгжмийг бол тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаас шалтгаалан төрөл жанр хамаарахгүйгээр сонсдог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Бизнес хийж эхэлснээс хойш олон хүнтэй уулзаж, зөвлөгөө авсан удаа цөөхөн дөө.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Эрс тэс уур амьсгалд ургадаг байгалийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь монгол хүний биеийн онцлогт илүү тохиромжтой. Гэхдээ бүтээгдэхүүний мөн чанарыг эрхэмлэдэг болсон өнөө үед хүмүүс хэрэглэж буй зүйлсийнхээ түүхий эдийн гарал үүслийг сайн судалж, албан ёсны шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд л "байгалийн цэвэр" гэдэг үгэнд итгэх хэрэгтэй болов уу. Хэрэглэгчийн боловсрол сайжрах тусам зөвхөн сайн бүтээгдэхүүн зах зээлд тунаж үлдэх болно.

Ямар ч зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг талтай учраас чацарганыг хэрэглэхдээ тунг нь тааруулах нь зүйтэй юм. Тухайлбал, цэвэр шүүсийг нь өглөө бүр 100-150 мл уух, Чацарганын тосыг өдөрт 3 удаа жижиг халбагаар ууж хэвших нь эрүүл байхын үндэс болно. Ялангуяа, фитнессээр хичээллэдэг, өдөр тутам хүнсний нэмэлт бэлдмэлүүд, уургийг их хэмжээгээр хэрэглэдэг мэргэжлийн тамирчид чацарганын тос, шүүсийг тогтмол хэрэглэх нь элэг, ходоод хамгаалж, дархлаагаа сайжруулах сайн талтай. Тосонд нь бүх Омега төрлийн ханаагүй тосны хүчлүүд агуулагддаг учраас зүрх судас, нүдний хараа, улаан хоолой, ходоод гэх мэт дотор эрхтнийг хамгаалдаг.

Энэ далимд эрүүл мэндээ хайрладаг, байгальд ээлтэй бизнес эрхлэхийг хүсдэг хүс бүрийг чацаргана тариалж, Шар Доктор үйлдвэрт нийлүүлэн хамтдаа хөгжихийг уриалмаар байна. Ингэхдээ тосны гарц сайтай, шүүс тосны хосолсон сортыг сонгож тариалах нь зүйтэй юм шүү. Эх оронч сэтгэлгээ гэдэг нийгмээрээ бие биеэ дэмжиж, хамтран ажиллахын нэр шүү дээ.