Ярилцлагынхаа асуултуудыг шинэчлээд бид эхний зочноор нь хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ багшийг урилаа. Монгол хэл соёлыг судлан таниулах, монгол судлалыг хөгжүүлэх, гаднынхны Монголтой холбоотой үлдээсэн өвийг сурвалжлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа тэрээр өдгөө дэлхий хамгийн том, хамгийн үнэтэй Конгрессын Номын Санд монгол номын мэргэжилтнээр ажиллаж буй. Үүний сацуу "Өдрийн сонин", Baabar.mn-д сонирхолтой нийтлэл бичиж, ном бүтээл бичиж орчуулж, "Зугаатай хэл шинжлэл" фэйсбүүк группийг удирдаж, сошиал медиагаар сонин содон, хөгжилтэй зүйлс бичиж түгээж, тун идэвхтэй амьдардаг билээ.

Байршил: АНУ, Виржиниа муж
Эрхэлдэг ажил: Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн, Өдрийн сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч
Хэрэглэдэг гар утас: iPhone
Хэрэглэдэг компьютер: Dell PC
Сошиал хуудсууд: Твиттер - @SaruulerdeneM, Фэйсбүүк - Мягмар Саруул-Эрдэнэ, Baabar.mn - Саруул



1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?

Олон талбарт хүч үзэхийг, хүч үзэж буй талбар бүрдээ тэргүүн эгнээнд явахыг эрхэм болгодог билээ. Багш – сурган хүмүүжүүлэх ухаан, Хэл шинжлэл, Орчуулга, Сэтгүүл зүй, Хэл заах арга, Номын сан судлал гэх мэт.

2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Ажлын 8 цаг буюу өглөө наймаас орой 4 хүртэл номын сан дээр. Монгол номын товьёог хийнэ. Орой гэртээ. Хүүхдүүдтэйгээ жаал тоглоно, тэгээд ажлаас гадуурх бичих юман дээрээ сууна даа. Бичих юм гэдэг нь орчуулга, нийтлэл, судалгаа гэх мэт.



3. Таны ажлын нөү-хау?

Сүртэй юм байхгүй ээ. Олон ажил зэрэг эхлүүлдэг нэг онцлогтой. Нэг нь гацаад явахаа байчихвал нөгөөхөө бариад авна. Их том ажлын дундуур өөр нэг жижиг юм бичээд авах нь амралт болдог юм.

4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?

Сүүлийн үед Office Lens гэж скан хийдэг апп-тай их зузаан нөхөрлөж байна. Өмнө хэдэн төгрөгөөр нэг апп авсан, тэгтэл үнэгүй ийм апп байсан санж. Номын санд Монголын үүх түүхтэй холбоотой элдэв сонин номтой таарна, хурдхан зурагжуулж аваад үлдэхгүй бол эргээд нөгөөхөө олоход хэцүү. Тиймээс энэ апп надад маш их хэрэг болж байна даа.



5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цагийг заавал хэмнэх гээд байдаггүй л юм. Жишээ нь би нэг номыг маш нухацтай судалж, нэг цаг уншиж судалж байж товьёог хийдэг. Хичээгээд, цаг хэмнээд, хурдалбал 30 минутад хийвэл хийх л байх. Гэхдээ нэг цагт хоёр муухан ажил хийснээс нэг чанартай ажил хийсэн нь дээр гэж бодох юм.

6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Нэг талд нь юм хэвлэчихсэн хуучин хэрэггүй бичгийн цаас ажил, гэрт олон бий. Тийм цаасыг бичгийг нь дотор талд нь оруулаад уртааш нь, нарийхан урт юм болгоод нугалчихдаг юм. Тэгээд тэр өдрөө хийж дуусгах ёстой ажлаа дээрээс нь доош нь бичнэ. Хийснээ дараад яваад байна. Бүгдийг дарвал оройдоо нойр сайн хүрнэ. Ганц хоёр үлдчихвэл санаа зовоод сэрвэлзээд байна.



7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

Хөл бөмбөг. Хашхирч орилоод тоглолт үзсэн ч сэргээд ирнэ, өөрөө дунд нь ороод тоглосон ч сэргээд ирнэ. Монгол Соёлын Төв маань хөл бөмбөгийн багтай, бүтэн сайн болгонд тоглодог. Би довтлогч.



8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл/ажил юу вэ?

Орчуулга, нийтлэл. Энэ намар "Грекийн домгууд" хэмээх ном бичиж, Монголд очихдоо хэвлүүлсэн.

9. Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Номын санч гэж бүхэл бүтэн шинэ мэргэжлийг яг одоо газар дээр нь сураад судлаад эзэмшээд явж байна. Долоо хоногт бүтэн 3 өдөр номын сан дээрээ хичээлд сууж, нөгөө хоёр өдөр нь ажилласаар байж, жирийн оюутны 4 жил сурч эзэмшдэг мэргэжлийг миний бие нэг жилд гүйцээх төлөвлөгөөтэй. Хөгширч ирээд шинэ мэргэжил эзэмших нь хүндрэлтэй юм. Гэвч монгол, кирилл, тод, манж, дөрвөлжин, төвөд үсгээрх номыг уншиж галиглаж чадах учраас хэл шинжээч хэмээх үндсэн мэргэжил маань давуу тал болж байна даа.



10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?

"Сурвалжлан олох – судлан орчуулах – олны хүртээл болгох" ийм гурван зүйл дээр төвлөрөн ажиллаж байна. Конгрессын Номын Сан бол мэдээлэл эх сурвалжийн их далай. Юуны өмнө эндээс Монголтой холбоотой чухал ном баримтыг олох ёстой, дараа нь судлах, орчуулах ёстой. Тэгээд олны хүртээл болгох хэрэгтэй. Яг одоо бол 18-р зуунд бичиж, Британийн Вангийн театрт тоглож байсан Чингис хааны тухай нэг эмгэнэлт жүжгийн эхийг олсноо судалж байна. Дилав хутагтын материалууд зах зухаасаа илэрч байна. 2020 ондоо багтаагаад энэ хоёр баримтыг судлаач уншигчдын гарт хүргэчих санаатай.

11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?

Миний өмнө ажиллаж байсан Төрийн Департаментын Гадаад Харилцааны Их Сургууль ч тэр, одоо ажиллаж буй Конгрессын Номын Сан ч тэр, ажилтнуудаа хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөртэй. Байнга хичээл сургалт, лекц семинар, уулзалт болж байна. Дарга нар ч оролцож өөрийгөө хөгжүүл гэж дэмжинэ. Шинэ содон сургалт бүрд л "би яваад сураад ирье" гээд нэрээ өгчихнө шүү дээ. Долоо хоног бүр ямар нэг иймэрхүү шинэ мэдээлэл, сургалтаар мэдлэг мэргэжлээ сэлбэж сууна даа.



12. Санал болгох ном, хөгжим, кино?

Тарантиногийн бүх киног үзээрэй. Нэг их олон ч биш, өөрөө бүр дугаарлаад явчихсан байгаа. Хөгжим гэвэл ардын урлагийг орчин үед "гүтгэсэн" Алтан ураг, Хөсөгтөн, Хү, Анда хамтлагийг сонсох дуртай. Ном бол гаднын аялагчдын Монголоор явсан тэмдэглэлийг унш. Өөрсдийгөө хөндлөнгөөс харах бас сонин, сургамжтай байдаг юм. Рамстедтын "Дорно этгээдэд долоон удаа", Николас Поппегийн "Дуртгал" зэрэг миний орчуулгууд бий.

Холбоотой: Рамстедтын "Дорно этгээдэд долоон удаа" номын тухай

www.unread.today


13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

"Үхэх, үхэл, үхсэн хүн гэх мэтээс огт битгий айж, цээрлэж бай. Үхсэн хүн чамд хэзээ ч гай болохгүй, амьд хүнээс л айж яв" гэж Адиа хэлдэг байв.

14. Бусдад шидэх санаа?

"Өрөөндөө хамгийн мундаг нь байвал чи буруу өрөөнд сууж байгаагаа мэдээрэй" гэсэн нэг үг бий. Би МУБИС-ийн шилдэг залуу багш гэж цолыг авсан жилээ "өөр өрөө" эрэлхийлж Индианагийн их сургууль руу явсан хүн. АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд арван жил ажилласны эцэст, өнгөрсөн жил өдийд "Шилдэг 4 багш"-ийнх нь нэгээр нь шалгарсан. Тэгмэгцээ буруу өрөөнд байгаагаа мэдээд одоо Конгрессын Номын Санд ирлээ. Энэ харин сүрхий том өрөө байна, үзэж тарна даа. Та бүхэн бас өрөөгөө ажаарай. Зөв өрөө чинь мөн үү? Өрөөндөө шилдэг нь бол та буруу өрөөнд байна гэсэн үг шүү.