Шинэ жилийн тусгай-цуврал нийтлэлийн өнөөдрийн дугаарт бид “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын онцлох хариултуудыг хүргэж байна. Хүн бүр ажил, салбараасаа хамаараад өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай байдаг болохоор бид аль болох олон хүнд хамаатай байж болох, зарим тохиолдолд сонирхолтой санагдсан хариултуудыг онцоллоо. 2019 оны салбар салбарын үлгэр жишээ мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагууд маань уншигчдад шинэ санаа, урам зориг өгсөн гэдэгт найдаж байна. Ирэх жил ярилцлага маань шинэ формат, шинэ асуулттайгаар хүрэх болно.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний ажлын онцлог гэвэл би үргэлж бүх зүйл сайхан байгаа мэт, нэг ёсондоо "дүр эсгэн" ажиллах хэрэгтэй байдаг. Манай үйлчлүүлэгчид ихэвчлэн бие махбодын хувьд ядарч, сэтгэл зүй нь хямарсан хүмүүс байдаг. Тиймээс тэднийг аль болох сэтгэл ханамжтай байлгахын тулд янз бүрээр сатааруулах арга хэмжээ авдаг. Ажил үйлчилгээнийхээ талаар үнэн байдлыг хэлж, шулуун шударга харилцах боломж байдаггүй гэж болно. Миний ажил өдөр болгон өөр. Энд яг л бидний мэдэх амьдрал буцалж байдаг. Өчнөөн олон хүн энд амьдардаг тул хоорондоо маргалдах, нийгмийн болон сэтгэл зүйн тусламж хэрэг болох үеүд бий. Тийм болохоор энэ маргааныг зохицуулах, хэрэгцээг нь шийдвэрлэх, тухайн хүний сэтгэлийг нь онгойтол ярилцах гээд олон зүйлийг хийдэг.

С.Гантулга (Ахмад настны үндэсний төвийн нийгмийн ажилтан, 2019.09.04)

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд гаднын хамтрагчидтай байнга харьцах шаардлага учраас орон орны онцлогт тохируулан янз бүрийн аппликейшн ашиглах хэрэгцээ гардаг. Тухайлбал, Орос, Туркууд What’sApp, Telegram түлхүү ашигладаг бол Хятадууд Wechat байнга хэрэглэдэг. Видео чатын хувьд аль нэг тал заавал апликейшн суулгах, ID бүртгүүлэх шаардлагагүй, уян хатан үйлчилгээтэй Appear.in ашигладаг. Сүүлд Европууд бас Zoom их ашигладаг болсон байна. Сүүлийн үед зарим оронтой гэрээ байгуулахад чат аппликэйшний нэрийг заагаад түүгээр мэдэгдсэнийг мэдэгдсэнд тооцно гэж бүр зүйл заалт болгон гэрээнд оруулдаг болж.

Г.Тэлмэн (Монгол шуудан хувьцаат компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан дэд захирал, 2019.07.17)

цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ? 

Харвардын судлаачийн нэг нийтлэлийг уншсан юм л даа. Үүнд, гол ажлаа үдээс өмнө төлөвлөн, тодорхой цагийг хуваарь дээрээ блоклон (тасалж аван) дундаа сатаарахгүйгээр дайрч хий гэж зөвлөсөн байдаг. Миний хувьд тэр арга барилаар ажиллахыг хичээдэг, үр дүнтэй ч санагддаг. Хүний анхаарал 20-30 минут ажиллаж байж бүрэн төвлөрдөг гэдэг. Бүрэн төвлөрсний дараа бас тодорхой хугацаанд ажиллаж байж үр дүн гаргана. Харин төвлөрсөн үед гар утасны мессеж ирэх дуу мэтийн жижиг зүйл ч сатаарал үүсгэж, 100 хувь биеэ дайчлах боломжийг үгүй хийдэг. Хүн өдөртөө ядаж нэг удаа 100 хувь төвлөрөн бүрэн хүчээрээ ажиллахгүй байна гэдэг дэндүү хайран биз дээ.

Д.Бум-Эрдэнэ (MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал, 2019.01.09)

Хийх ажлын жагсаалтаа юун дээр яаж хөтөлдөг вэ? 

Надад хоёр дэвтэр байдаг юм. Нэг дээр нь уулзалтын тэмдэглэл, санасан бодсон зүйлсээ дэлгэрэнгүй бичээд, дараа хэрэг болох, чухал гэсэн зүйлсийг шүүн нөгөө дэвтэртээ хуулдаг юм. Хурал дээр 3-4 хуудас юм тэмдэглээд, түүнийгээ нөгөө дэвтэртээ нэг хуудас болгон оруулах жишээтэй. Ингэж хуулах үедээ тухайн тэмдэглэлээ нягталж, бодож цэгнэх боломж бүрддэг. Өмнө ажиллаж байсан Сүү ХК дээр л гэхэд хийсэн тэмдэглэл маань 2 нимгэн дэвтэрт багтдаг. Санахыг хүссэн мэдээллээ амархаан гаргаад ирнэ шүү.

Б.Гантулга (ArdLife компанийн гүйцэтгэх захирал, 2019.01.30)

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дижитал технологийн бизнес модель нь уламжлалт бизнесийнхээс хавьгүй өөр байдаг. Уламжлалт бизнес нь богино хугацаанд өгөөжөө өгөх боломжтой байдаг бол IT-ийн бизнес 3-5 жилийн хугацаанд ч ашиггүй явах нь бий. Гэхдээ урт хугацаандаа уламжлалт бизнесийн хэзээ ч бий болгож чадахааргүй хэд дахин нугалсан өндөр ашгийг авчрах боломжтой байдаг. Би өмнө нь корпорейт бизнес хийх буюу цөөн тооны харилцагч байгууллагуудтай түлхүү ажилладаг байсан бол IT бизнест орсноос хойш хэрэглэгчид рүү чиглэсэн жижиглэн, тогтмол орлогод төвлөрөх болсон. Энэ нь ч илүү амар юм шиг санагдсан.

Н.Энхжаргал (ICG Группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, 2019.10.30)

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ? 

Аливааг хайрцаглаж хийхдээ сайн болов уу. Ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр. Өөрөөр хэлбэл, асуудлыг томоор нь харж шаналалгүй, сэтгэл хөдлөлөө даран логикоор бодож, боломж ба эрсдэлийг нь тооцоолон, шийдэж хугацаа зэргээ хайрцаглаж бодож чадвал эрсдэлийг багасгадаг. Би яагаад стрессдээд байна вэ гэж өөрөөсөө асуухаас эхлээд асуудлын гол зангилааг хөөн олж чадвал шийдлийн гарц нь ойлгомжтой болж ирдэг.

Э.Орчлон (Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирал, 2019.06.19)

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор “ОЁО”-гийн төслүүд дээр голчлон төвлөрч байна. Бид гар урлал сонирхогч, бизнес эрхлэгч хувь хүн, бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилгоор гар урлалын 30 гаруй багштай хамтран ажиллаж, контент бэлтгэж, сургалт зохион байгуулж байна. Нэг цамц хийхийн тулд даавуу, товч, бэхэлгээ, утас гээд бүрдэл материалуудыг олохын тулд эрэл хайгуул их хийх шаардлагатай. Үүнд цаг их орно. Тиймээс нэг цэгт төвлөрсөн үйлчилгээг бий болгож, цаашид үндэсний хэмжээнд DIY буюу өөрөө бүтээх урлалыг хөгжүүлэх санаа төрсөн юм.

Ч.Ариунзул (Amuulai компанийн ерөнхий захирал, 2019.11.19)

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном бол нэг хүний л аливаа асуудалд хандах өнцөг учраас миний хувьд ном уншихдаа маш болгоомжтой ханддаг. Аливаа сэдэв, асуудлын талаар янз бүрийн эх сурвалжтай нийтлэл, өгүүлэл уншин, олон талын мэдээллийг цуглуулж боловсруулсныхаа дараа л аль нэг зохиогчийн номыг барьж уншихыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, би өөрийн өнцөг, үзэл бодлыг бий болгохын тулд аль болох номоос хамааралгүй байхыг хичээдэг. Machine Learning –ийн талаар дөрвөн ном уншлаа гэхэд дараа нь яг тэр дөрвөн номоос авсан мэдээллийнхээ хүрээнд л бодож, сэтгэнэ. Хүний тархи уншсан мэдээллээ автоматаар хадгалдаг учраас тийм үед шинэ зүйл бодож олох хэцүү.

М.Баттүшиг (Apple компанийн machine learning, сomputer vision инженер, 2019.10.02)

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ? 

Нар хаана мандаж байна, тэндээс амьдрал эхэлж, сар хэзээ харагдана, тэр үед унтаж амарч байна даа. Тамирчид, дасгалжуулагчдын хувьд байнга ийш тийш тэмцээнд явж, цагийн зөрүүтэй бүсэд ажилладаг учраас босъё гэвэл хэдэн цагт ч хамаагүй босож, унтъя гэвэл хэдэн цагт ч унтах нөхцөлд байдаг. Шаардлагатай үед өглөө эрт босоод, шөнөжингөө ажиллах ч үе байна.

С.Тулга (Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ЕНБ-ийн дарга, 2019.11.13)

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим бол миний хувьд асар үнэ цэнтэй зүйл. Хөгжим бол зүгээр нэг агаарт хийсэх долгион бус өөрийн гэсэн анхаарал, хайр халамжийг шаарддаг үнэ цэнтэй зүйл гэж боддог. Тиймээс амарч байх үедээ аль болох анхааралтайгаар сонгодог хөгжим түлхүү сонсдог. Мөн сая хэлсэнчлэн ажил, гэрийн хооронд подкаст л миний нүд, чих болдог юм. Тухайлбал, NPR-аас гаргадаг Hidden Brain, Ted Radio Hour, BBC Front Row, Twenty Thousand Hertz, Design Matters, 99% Invisible подкастуудыг түлхүү сонсдог.

З.Энхмөнх (“Unlimited Media Group”-ийн Маркетингийн албаны дарга, арт директор, 2019.08.29)

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би их гэр амьтай хүн. Амралтын өдрүүдэд хүүхдүүдээ гадуур дагуулж явна. Эмэгтэй хүн болохоор мэдээж бас цаг зав гарган гоо сайхны газар орохыг бодно. Заримдаа боксын клубд очдог. Багаасаа л бокс сонирхдог байсан юм. Гэхдээ сүүлийн үед арай өөр спортоор хичээллэж үзэхээр шийдээд байгаа. Уг нь сагс тоглох дуртай ч хамт тоглох баг тэр бүр олдохгүй учраас тэр болгон тоглож чадахгүй л явна. Манайд ер нь саяхныг болтол багийн спортын хөгжил харьцангуй тааруу байсан. Сүүлийн үед зарим багийн спортоор манайхан амжилтаа ахиулж байгаа нь сайхан хэрэг.

Ц.Пүрэвжаргал (SPS телевизийн гүйцэтгэх захирал, 2019.10.16)

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Бүх л юмнаас урам зориг авдаг. Ер нь хүний харах өнцөг их чухал шүү дээ. Ямар ч сөрөг зүйлийг дарамт, зовлон биш, туулах ёстой зам, илүү хичээх сэдэл болгон харж болно. Яг л ийм зарчмаар би аливаа зүйлийн эерэг талаас нь харахыг хичээдэг. Мэдээж хүүхдүүд, хайртай хүмүүс минь надад их баяр баясгаланг өгдөг.

Т.Мөнх-Эрдэнэ ("Real" лэйблийн продюсер, рэппэр, 2019.05.22)

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Аав маань "Ажлыг гоё хий" гэж захидаг байсан. Өөрөөр хэлбэл ажлыг уран сэтгэмжтэй, бүтээлчээр, сэтгэл гаргаж хий гэж байгаа нь тэр. Үүнийг би байнга санаж, хэрэгжүүлэх гэж хичээж явдаг. Ер нь хүн ажлыг халтуурдъя гэж бодох үед их ядардаг юм шиг санагддаг. Ажлыг урнаар, сонирхолтой болгож хийвэл ядардаггүй. Жишээ нь 600 хуудас тайлан уншина гэдэг бол төвөгтэй ажил. Энийг яаж уншвал илүү сонирхолтой, илүү хялбар хийх вэ гэж бодно. Тэгэхээр нь энийг яаж хүнд ойлгомжтойгоор, сонирхол татахуйц байдлаар хэлэх ёстой вэ гээд уншихаар, эсвэл би эндээс заавал "сувд" шүүрдэнэ гэж зорьж уншихаар хялбар болоод ирдэг. Биеийн хүчний ажлыг ч ингэж бодож хийхээр сонирхолтой байдаг. Жишээ нь энэ ажлыг яаж хүнд аюулгүй байхаар хийх вэ гэж бодно шүү дээ.

Ц.Оюунгэрэл (Нутгийн шийдэл ТББ-ын тэргүүн, хүний эрхийн активист, зохиолч, 2019.04.10)

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Монгол залуучуудад, ер нь залуучууд ч гэлтгүй бусад хүмүүст хэлдэг хэдэн зүйлийг хуваалцъя. Би тэдэнд "Мөрөөдөх хэрэгтэй, үргэлж мөрөөд" гэдэг. Гэхдээ бодит байдал дээр мөрөөдөл амархан биелдэггүй шүү дээ. Харин мөрөөдлөө төлөвлөгөө гэж нэрлэвэл илүү бодитой болж ирдэг. Мөрөөдлөө буюу төлөвлөгөөгөө биелүүлэх цаг хугацааг зоо.

Мөн хүмүүс сэтгэл зүйн хувьд хурдтай явж, замаа товчлохыг хичээдэг. Дөт зам олох гэж их цаг үрэхийн оронд туршлага хуримтлуулахад цаг зарцуул. Энэ нь амар биш л дээ. Гэхдээ ингэснээр чи өөрт шаардлагатай бие болон оюуны хатуужлыг олж авах болно. Миний нэг авах дуртай жишээ бол, бокс тоглоход хэн ч өөрөө цохиулахгүйгээр аварга болдоггүй. Ялна гэдэг хатуужил шаарддаг зүйл. Хатуужих цорын ганц зам бол цохилт авах, цохилт авсны дараа хэрхэн сэргэхийг цаг зарцуулан байж ойлгож мэдэх, хариу цохилт хийх аргыг олох явдал.

Хамада Тацуяа (Мобиком Корпорацийн Ерөнхий захирал, 2019.01.02)