Коронавируст вирусийн халдвар дэлхийн 201 улсад тархаж, олон улсын хэмжээнд урьж хожид байгаагүй том сорилт болж буй энэ цаг мөчид бид хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд буюу "галын шугам" дээр өдөр, шөнөгүй ажиллаж буй албан хаагчдыг онцлон тусгай дугаар бэлтгэлээ. ХӨСҮТ-ийн эмчээс эхлээд дохионы хэлний орчуулагч, ариутгал хариуцаж буй нэгнээс авахуулаад шуурхай мэдээнд явж буй сурвалжлагч хүртэл гэр бүл, эх орноо хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж буй бахархмаар мэргэжилтнүүдийн заримтай нь холбогдож, энэ өдрүүдэд хэрхэн ажиллаж байгааг нь сонирхсон юм.

ТАРХВАР СУДЛААЧ, ЭМЧ

Би ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын сургалтын албанд ажилладаг. Өнгөрсөн нэгдүгээр сард сайдын тушаал батлагдсанаас хойш коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх ажлын хэсэгт Д.Нарангэрэл даргаар ахлуулан талбарын тархвар судлаачдын хамт 67 дахь өдрөө ажиллаж байна. Бид багтаа “Corona team” гэдэг нэр өгч, Эрүүл мэндийн сайдын зааварчилгаанд эрсдэлийн үеийн харилцаа холбоо, тандалт судалгааг хариуцан ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд бид өглөө бүр дотоод мэдээллээ нэгтгэн дүгнэж, ДЭМБ-аас шинээр гарсан удирдамж, нөхцөл байдлын тайлан, хэвлэлийн мэдээ, сүүлийн үеийн судалгаа шүүж, бусад орны өвчлөлийн мэдээллийг тандан зураглал гаргадаг. Дараа нь багаараа тухайн өдөр аль чиглэлээр түлхүү ажиллахаа ярилцаж, яамны цахим хуудсанд тавих үндсэн мэдээлэл, зөвлөмжүүд болон өдөр бүрийн 11 цагийн хэвлэлийн бага хуралд бэлтгэж байна. Мөн цаг үеийн асуудлаар аймаг дүүрэг, харьяа байгууллагуудтай цахим хурал зохион байгуулж, анагаах ухааны докторуудаас бүрдсэн “Тархвар зүйн зөвлөх баг”-ийг мэдээллээр хангаж, зөвлөмж, чиглэл авдаг. Мөн өдөр бүр 12 цагаас эмч нарын зөвлөмжийн лайв (live) болон видео зөвлөмжид оролцох эмч нарт чиглэл өгч, олон нийтийн сүлжээнд түгээхэд бэлтгэдэг. Харин оройн цагаар бид шинжлэх ухааны судалгааны ажлууддаа цаг гарган ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбар гэдэг онцлогтой. Халдварт өвчин дэгдлээ гээд бид ажлаа орхих юм уу гэрээсээ ажлаа хийх боломжгүй. “Corona team”-д ажиллаж байгаа бүсгүйчүүд 2-12 насны хүүхэдтэй ч гэр бүл, эх орныхоо төлөө өдөр шөнөгүй зүтгэж байна. Тиймээс та бүхэн гэртээ байж, гараа сайтар угаан, эерэг, эх оронч байвал бид энэ халдварыг хамтдаа даван туулж чадна гэж хэлэх байна.

"Корона баг"-ийнхан сүүлийн хоёр сарын турш бүтэн нойргүй ажиллаж, коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Тэрээр бидэнд яриа өгөхөөсөө өмнө нойр авч, эрч хүчээ сэлбээд эргэн холбогдъё гэж байв.

ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ 

Би 1998 оноос хойш дохионы хэлний орчуулагчаар тасралтгүй ажиллаж байна. Багаасаа сул сонсголтой байсан учраас сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуульд дохионы хэл сурч, энэ чиглэлээр мэргэших болсон юм. Өмнө нь Сонсголгүй иргэдийн холбоо, МҮОНРТ-д сонсголын бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлний орчуулагч хийхээс гадна ХӨСҮТ-д бага эмчээр ажилладаг байлаа. Ингээд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллах саналыг хүлээж авснаас хойш энэ байгууллагад тасралтгүй 20 жил ажиллаж байна.

Манай улсад 8500 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг ч тэдэнд шаардлагатай мэдээллийг дамжуулан хүргэдэг дохионы хэлний 10 гаруйхан мэргэжлийн орчуулагч байдаг. Манайд дохионы хэлний орчуулагч бэлддэг мэргэжлийн институт, их дээд сургууль байхгүй учраас бүгд л өөрсдийн сонирхлоор танхимын сургалт, хөтөлбөрөөр сурсан. ХНХЯ-наас дохионы хэлний анхан, дунд, гүнзгий шатны хөтөлбөрийг боловсруулсны дагуу бид аймаг, дүүргүүдийн халамжийн ажилтнуудад дохионы хэлний сургалтыг явуулж, энэ жил л гэхэд 400 гаруй мэргэжилтэн бэлтгээд байна.

Би үндсэн ажлынхаа хажуугаар мөн Монгол ТВ-ийн "Оргил цаг" мэдээний хөтөлбөрийн орчуулагчаар ажилладаг. Коронавирусийн тархалт эрчимжиж, улсын хэмжээнд хорио цээртэй байгаа энэ үед ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан теле хичээлийн орчуулагчаар ажиллахаас гадна Эрүүл мэндийн яамны олон нийттэй харилцах ажилд оролцоод явж байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дохионы хэлний орчуулагчаар 25 жил ажиллаж буй тэрээр Монголд гарын 10 хуруунд багтах мэргэжлийн хэлмэрчдийн нэг. Коронавирусийн халдвар эрчимжиж буй энэ цаг үед үндсэн ажлынхаа хажуугаар цаг үеийн мэдээллийг шуурхай түгээхээр ажиллаж байна.

Онцгой байдлын албан хаагч, хурандаа  

Коронавирусийн тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор Улсын Онцгой Комиссын тушаалаар байгуулсан 24 цагийн Шуурхай штабыг ахлан, сүүлийн хэдэн сар өдөр, шөнөгүй л ажиллаж байна даа. Шуурхай мэдээнүүд зөвхөн өдрийн цагаар гэлтгүй шөнөөр ирдэг учраас бэлтгэлтэй байх учиртай. Ийм нөхцөлд ямар ч ажлыг хойш тавих боломжгүй. Би гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажилладаг ч сүүлийн үед гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлд төвлөрдөг болоод байна. Гамшигтай тэмцэх ажил бол хүний амь настай холбоотой тул маш шуурхай, хариуцлагатай байх ёстой.

Ажлын арга барилын хувьд оройн цагаар ажлын бүтээмж буурдаг тул аль болох өглөө эрт толгой сэргэг байгаа дээр чухал ажлуудаа цэгцлэхийг хичээдэг. Ажил дээрээ эрт ирээд хийх ажлуудаа төлөвлөж, өөртөө цаг гаргана. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж, хэзээ ч дуудагдаж магадгүй учраас урт хугацаагаар төлөвлөхөд хүндрэлтэй. Тиймээс богино хугацааны тактикийн төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Ийм хэв маягаар би онцгой байдлын байгууллагад 24 жил тасралтгүй ажиллаж байна. Би тангараг өргөсөн цэргийн албан хаагч гэдгээ үргэлж санаж, Онцгой байдлын байгууллагын анхны гэсэн тодотголтой олон ажилд оролцсон. Хоёр жилийн өмнө намар дөрвөн сарын хугацаанд томилолтоор хөдөө орон нутагт ажиллахдаа 14 хоногийг л гэртээ гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн. Цаашид аль болох гэр бүлдээ цаг гаргахыг хичээнэ гэж бодож байгаа.

Эх орноо байнга доош хийдэг хэрнээ өрөөлийн нутагт очоод соёлтой царайлж, дүрэм журмыг нь дагаж мөрддөг хүмүүс байдаг. Би коронавирустэй холбоотойгоор Замын-Үүдэд очиж 104 хүнийг тусгаарлах арга хэмжээг зохион байгуулахад оролцсон. Тэгэхэд нэг эмэгтэй ээжтэйгээ Хятад руу заавал гарна гээд бидний ажилд саад болоход тун ч их урам хугарсан шүү. Аливаа орны үндэсний аюулгүй байдал гэдэг иргэн бүрээс шалтгаалдаг. Ямар ч газарт сахилга, дэг журам нь алдагдвал сүйрдэг. Тиймээс энэ цаг үед хүн бүр эх оронч, сахилга баттай, тэвчээр хатуужилтай, ухамсартай байх нь маш чухал байна.

Тэрээр тангараг өргөсөн цэргийн албан хаагч гэдгээ үргэлж санаж, онцгой байдлын байгууллагын анхны гэсэн тодотголтой олон ажилд оролцсон. Гамшигтай тэмцэх ажилд томилогдохдоо гэртээ тоотой цөөхөн хонож, хөдөө орон нутагт хэдэн сараар цаг наргүй ажиллах үе ч байжээ.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВИЙН ЭМЧ

Нийслэлийн зургаан дүүрэгт байрлах түргэн тусламжийн (103) таван салбарт онцгой байдлын үед ажиллахаар бэлтгэгдсэн арван эмч 24 цагийн турш цаг наргүй, шуурхай ажиллаж байгаа. Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч халуурсан гэх дуудлагад дээрх бэлтгэгдсэн эмч нар иж бүрэн хамгаалах хувцас, хэрэглэлтэйгээ очиж байгаа.

Бид дуудлага авсан мэдээллээ өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй Онцгой байдлын штабын дарга руу мэдэгдэж, цааш ХӨСҮТ рүү мэдээлэх үүрэгтэй. Мөн бид Шуурхай удирдлагын төвийн дөрвөн шугамаар дамжуулан иргэдэд коронавирустай холбоотой зөвлөмж өгч байна. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед түргэн тусламжийн эмч нар халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа юм. Тиймээс иргэд та бүхэн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л түргэн тусламж дуудахыг хүсье.

Нийслэлийн зургаан дүүрэгт нэг ээлжинд 45-50 эмч дуудлагад гарч, 48 цагийн зайтай гурван ээлжээр иргэдийн эрүүл энхийн манаанд гарч, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж буй ажээ. Тэрээр "Ах нь дуудлагатай үеэр ярих боломжгүй. Бид 24 цагийн турш цаг наргүй, шуурхай ажиллаж байгаа. Арван минутын завсарлага гарах үеэр ярилцаж болно" хэмээн учирласан ёсоороо нэг амьсгаа авмагцаа бидэнтэй ярилцсан юм.

сэтгүүлч 

Коронавирустай холбоотойгоор ДЭМБ олон хүн нэг дор цуглахгүй байхыг зөвлөсний дагуу манай телевиз өглөөний шуурхай хурлаа олуулаа хийхээ больж, тусгай хуваарь гарган жижүүрлэн ажиллаж байгаа. Телевизийн зураглаач, сэтгүүлч, жолооч халдварын эрсдэлтэй газруудад очиж ажиллаж байгаа тул амны хаалт, бээлий, гар ариутгагчийг байнга ашиглаж байна. Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яамнаас өгч буй мэдээллийг цаг алдалгүй хүргэж, өвчлөлөөс сэргийлэх шторк байнга цацаж байгаа. Мөн ЕБС-ийн сурагчдад зориулсан онлайн хичээлийг нэвтрүүлж байна.

Мэдээний телевизийн сэтгүүлчийн хувьд өдөрт доод тал нь 3-4 хүнтэй уулзан яриа авах шаардлагатай. Тухайн өдөр ямар мэдээлэл бэлтгэхээс хамаарч, очих газар, уулзах хүмүүс өөр өөр байдаг. Ерөнхийдөө ямар өнцөг, чиглэлээр мэдээ бэлтгэхээ урьдчилан бодоод, төлөвлөчихдөг юм. Заримдаа шуурхай мэдээлэл хүргэх шууд эфиртэй үед хөтлөгчтэй холбогдож, тухайн цаг үед болж байгаа мэдээллийг дамжуулдаг. Энэ үед олон талын, баттай эх сурвалжаас авсан тэнцвэртэй мэдээллийг богино хугацаанд, чанартай бэлтгэх нь сэтгүүлчийн хувьд багагүй сорилт болно. Алдаж хэлсэн ганц үг нийгэмд буруу ойлголт өгөх эрсдэлтэй тул сэтгүүлчид маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог.

Тэрээр коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг телевизээр шуурхай дамжуулахаас гадна өөрийн сошиал хуудсаар давхар мэдээлж нэн идэвхтэй ажиллаж байна. Мөн мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ үнэн зөв мэдээллийг түгээж, ёс зүйтэй ажиллахыг, иргэдийг мэдээллийн боловсролоо дээшлүүлэхийг уриалж байна.

анагаах ухааны доктор 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 119 яаралтай утсыг 24 цагаар ажиллуулж, COVID-19 халдвартай холбоотой бүх мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Мөн бид олон нийтэд ойлгомжгүй байгаа сэдвийг тайлбарлах, буруу ташаа мэдээллийг залруулах зорилгоор олон нийтийн хандлагыг тандан судалж байгаа. Үүний дагуу өглөө бүр 119 утсанд ирсэн асуулт, санал хүсэлтийг хүлээн авч, дүн шинжилгээ хийж байна. Цахим сүлжээнд ямар мэдээлэл өргөн тархаж байгаагаас шалтгаалан 119 утсанд түүнтэй холбоотой дуудлага ирэх нь түгээмэл. Монгол Улсад хамгийн анхны коронавирусийн тохиолдол илэрсэн өдөр манай утасны дуудлагын ачаалал огцом нэмэгдсэн.

Иргэн бүр коронавирусийн халдвараас сэргийлж, тар цахлыг даван туулахын тулд юун түрүүнд сэтгэл зүйн хувьд тогтвортой байх хэрэгтэй. Та сэтгэл зүйн тогтворгүй, бухимдалтай байвал хамгийн дотно хүмүүст тань сөргөөр нөлөөлж, ажлын бүтээмж, амьдралын идэвх буурна. Энэ хэрээр таны дархлаа муудаж, халдварт өвчин авах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Тиймээс үнэн зөв мэдээллийг гэрийнхэндээ өгч, хүүхэд, ахмад настнуудад илүү анхаарал хандуулаарай. Эрүүл мэндийн яамнаас өгч буй бүх зөвлөгөөг дагаж, халдварт өвчин хэрхэн дамжиж, ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай бүрэн ойлголттой болох шаардлагатай. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх аргуудаа хэвшүүлж, өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй. Тухайлбал, гэртээ оронгуутаа гараа угааж, хоолойгоо зайлж, хувцсаа тайлаад цааш нэвтрэх ёстой. Мөн гэртээ анхны тусламжийн эм, хэрэгслүүд байгаа эсэхийг шалгаж, шаардлагатай цэвэрлэгээний бодис, ариутгах хэрэгслүүдээ авах нь зүйтэй.

Нийгэмд айдас, уур бухимдал төрүүлэх элдэв худал мэдээллээс сэргийлэхийн тулд ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-аас тандан судалгаа хийж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, баримтлах зарчим, зөвлөгөө мэдээллийг тогтмол боловсруулан 21 аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад түгээж, мөн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран төрөл бүрийн контент бэлтгэж байгаа юм.

цагдаагийн дэслэгч 

Эрдэнэт хүний амь нас эрсдэхээс хамгаалж, учирч болзошгүй осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлыг хийдгээрээ бахархдаг. Энэ бол амаргүй боловч нэр хүндтэй алба юм. Одоогоор Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт 56 албан хаагч ажиллаж байна. Улаанбаатар хотоос орох, гарах замын хөдөлгөөний пост дээр онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт зэрэг төрийн таван байгууллагын албан хаагчдын хамт 24 цагийн турш хяналт, шалгалт хийн ажиллаж байна.

Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоож, уул овоо руу гарах, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, шашны болон уламжлалт зан үйл үйлдэхийг хориглосны дагуу Хан-Уул дүүргийн зургаан цэгт байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Хөл хорио тогтоож, ЕБС, их дээд сургуулийн амралтын сунгасантай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал багассан. Гэвч алслагдсан хэсгүүдэд согтуугаар жолоо барих нь ихсэх хандлагатай байгаа учраас хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа.

Хан-Уул дүүрэгт зөөврийн хурд хэмжигчээр цагт 40-45 зөрчил илэрч, торгуулийн арга хэмжээ авч байна. Жолооч нар халдварт өвчнөөр далимдуулан тээврийн цагдаа нарын ажилд саад учруулах тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, согтолтын түвшинг хэмжих багажийн толгойг нэг удаа ариутгасан хошуугаар өөрт нь харуулж байгаад сольж байхад халдварт өвчний тархалттай байгаа хэмээн шалтаглаж, цагдаагийн ажилчдад санаатайгаар саад учруулан үлээхгүй гэх тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнөөр түрүү барьж гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа жолооч нарт бид шаардлага тавьж, торгуулийн арга хэмжээ авч байгаа. Мөн зам хаасантай холбоотойгоор хотоос орох, гарах пост дээр шаардлага хүлээж авахгүй байх тохиолдлууд цөөнгүй гарсан.

Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан зургаан настай охиныг аврахын тулд түргэн тусламжийн тэрэг явах замын бүх гэрлэн дохиог ногоон болгож, ХӨСҮТ-д түргэн шуурхай хүргэхэд нь тусалсан баатрууд бол Тээврийн цагдаагийн албаныхан. Тэд Covid-19 өвчний тархалт эрчимжих эрсдэлтэй энэ цаг үед замын хөдөлгөөний аюулгүй байдлын сахин хамгаалж, гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

мэргэжлийн хяналтын байцаагч 

Мэргэжлийн хяналтын байгууллагууд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон чиглэлд хяналт шалгалт хийж байна. Тухайлбал, тусгай үүргийн онгоцоор ирж буй зорчигчдыг ангилж, ариутган халдваргүйжүүлэлт хийхээс гадна Алтанбулаг, Гашуунсухайт зэрэг боомтууд дээр эрүүл ахуй, халдвар хамгааллын байцаагч нар халдвар судлалын тандалт явуулж байна. Түүнчлэн нийслэлийн есөн товчоон дээр НМХГ-ын байцаагчид өөрсдийн үндсэн ажлаас гадна ээлжээр 24 цагаар жижүүрт гарч байгаа.

Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан дүүргүүдийн шуурхай штаб дээр коронавирусийн халдварын эрсдэлээс сэргийлэх, хяналт тавих байцаагчид ажиллаж байгаа. Түүнчлэн үйлчилгээний газрууд оройн цагаар ажиллаж байгаа эсэх, нээгдэхээс нь өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн эсэхэд хяналт шалгалт хийж байна. Ингээд харвал мэргэжлийн хяналтын байцаагчид маш олон чиглэлд хяналт тавьж, ачаалал ихтэй ажиллаж байна даа.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ч хорио цээрийн дэглэмээ сайн мөрдөж, төр засгаас гаргасан захирамжуудыг хэрэгжүүлж байгаад сайшаалтай байна. Цаашид эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа зэрэг галын шугамд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, халдвараас сэргийлээрэй.

Коронавирусийн халдвартай байж болзошгүй бүх сэжигтэй тохиолдлын хамгийн эхний "шүүлтүүр" болж ажиллаж буй онцгой алба бол мэргэжлийн хяналтын байцаагчид. Тэд эх орны өнцөг булан бүрд хуулийг сахиулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цаг ажиллаж байна.

тохижилт үйлчилгээний ажилтан 

Манайх Сүхбаатар дүүргийн зургаан хороог хариуцан, 40 гаруй хүн өдөр бүр ажиллаж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-5 обьект халдвар тархах хамгийн эрсдэлтэй нөхцөлд тооцогдож байгаа учраас тухайн хэсгийн орчны цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд ажилчдад амны хаалт, гар ариутгах бодисууд олгож, өдөрт хоёр цаг тутам солихыг үүрэг болгосон. Мөн хог ачих машинуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийг байнга хийж байна. Орон сууцны хороолол, аж ахуйн нэгжүүдийн ахуйн хог цуглуулж буй хогийн цэг, асгууруудыг цаг тутамд тогтмол ариутгахаас гадна орчны цэвэрлэгээ хийж байгаа.

Бид коронавирус тархах хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ажилчдадаа халдвараас хэрхэн сэргийлэх тухай арга зүйн заавар, зөвлөгөө байнга өгч, шаардлагагүй тохиолдолд олноор цуглахгүй байхыг зөвлөсөн. Манай ажилчид өглөөний зургаан цагаас эхлэн орой 18-19 цаг хүртэл ажиллаж, орчны цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг гүйцэтгэдэг. Одоогоор улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа учраас гудамж, талбай бохирдож, хог хаягдал ихсэх нь багасаад байна.

Халдварт өвчин тархах эрсдэлтэй ийм онцгой нөхцөлд иргэдийг гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байхыг хүсье. Манай ажилчдын хүч хөдөлмөрийг үнэлж, хотын соёлтой, боловсон байцгаая. Өмнөхөө бодвол иргэд бие биедээ шаардлага тавьж, соёлтой, боловсон байхыг хаа сайгүй уриалдаг болжээ. Энэ хэрээр нус, цэр, хогоо ил задгай хаядаг хүмүүсийн тоо цөөрсөөр байгаад баяртай байна.

Тэд мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариутгал, халдваргүйжүүлэх ажилд зориулан нэг өдрийн цалингаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хандивлажээ.