Цахим эринд бид хайртай дотнын хүмүүстэйгээ бодит орчинд төдийгүй онлайн орчинд бүхнээ хуваалцах боломжтой болоод байгаа билээ. Хүмүүс хоорондоо зүгээр л нэг чат бичих биш бүртгүүлсэн үйлчилгээгээ хуваалцаж, худалдаж авсан кино, номоо хамт үзэж, багаараа оноо цуглуулж байна. Эдгээр нь анх мөнгө болоод цаг хэмнэх хэлбэрээр гарч ирж байсан бол өдгөө нэгэнт уур амьсгал сайжруулах, коллектив байдлаа нэмэгдүүлэх дотно харилцааны нэгэн илэрхийлэл болжээ. Тиймээс бид энэхүү нийтлэлээр хайртай дотнын хүмүүстэйгээ хуваалцаж, хамтдаа ашиглаж болох таван үйлчилгээг онцолж байна.

хамт олонтойгоо ашиглах 

WHEREBY

Whereby бол онлайн орчинд уулзалт хийхэд зориулагдсан үйлчилгээ юм. Өмнө нь Appear.in нэртэйгээр бидний онцолж байсан уг видео чат апп брэндингийн шинэчлэл хийж, нэрээ солин эргэн иржээ. Та энэ вебийг ашиглан уулзалтын өрөө үүсгэж, хүмүүс рүү линкээ явуулан харилцаж болно. Тэдгээр хүмүүс заавал бүртгүүлэх шаардлагагүй, мөн элдэв апп суулгахгүй учир энэ сайтыг хэрэглэдэггүй хүнтэй ч шууд харьцахад амар байх болно. Харин өөрийн уулзалтын өрөөг нээхийг хүсвэл бүртгүүлэх шаардлагатай. Үүсгэсэн өрөөндөө та хийж байгаа ажлаа дэлгэцээ хуваалцах замаар бусдадаа үзүүлж, шууд файл хуваалцах боломжтой болно.

Танд сайтаас гурван сонголт санал болгоно. Үнэгүй хувилбараар та нэг дор дөрвөн хүнтэй харилцаж, Pro хувилбарт 3 өрөө нээн, 12 хүнтэй харилцах боломжтой. Харин Business хувилбарыг багаараа ашиглахад илүү тохиромжтой. Учир нь үүнийг 10 хүртэлх хэрэглэгч хуваан ашиглах боломжтой төдийгүй хэдэн ч уулзалтын өрөө нээж болно. Жижиг байгууллагуудад энэ хувилбарыг ашиглахыг зөвлөж байна. Датакомыг үүсгэн байгуулагч Д.Энхбат гуай "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагад оролцохдоо тогтмол ашигладаг апп-аа хэмээн үүнийг санал болгож байсныг төгсгөлд нь онцолъё.

Үнэ: 0$ (энгийн) 9,99$ (pro), 59.99$ (business)

найз нөхөдтэйгөө ашиглах

NETFLIX

Хэрэглэгчдийн дунд хамгийн өргөн дэлгэр тархсан стриминг үйлчилгээ бол яах аргагүй Netflix. Кино түрээсийн компаниас дэлхий дахиныг хамарсан видео контент бүтээгч болтлоо хөгжсөн энэхүү сүлжээнээс та олон улсын өөр өөр цаг үеийн кино, нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой. Тэд мөн Оскарын шагналд ч өрсөлдөхүйц олон бүтээлийг өөрсдөө хийж, кино сандаа оруулах болсон билээ. Netflix-ийг хүмүүс найзууд, гэр бүл дундаа хэрэглэх нь элбэг. Учир нь Netflix-д хэрэглээгээ тааруулах сонголт бий. Үүнд нэг дор нэг төхөөрөмжөөр үзэх “basic” багц, хоёр төхөөрөмжөөр үзэх “standart” багц, дөрвөн төхөөрөмжөөр үзэх “premium” багц багтана. Найзуудтайгаа "кодоо хуваалцан" дундаа ашиглах үзэгдлийг интернет эриний шинэ соёл болжээ хэмээн зарим судлаачид үзэх болсон гэнэ шүү.

Үнэ: 7.99$ (1 төхөөрөмж) 9.99$ (2 төхөөрөмж) 11.99$ (4 төхөөрөмж)

U-POINT COLLECTIVE

Монголд ч бас гэр бүл найзуудтайгаа хамтдаа ашиглаж болох сайн үйлчилгээнүүд бий. Үүний хамгийн тод жишээ бол U-Point-оос саяхан гаргасан Collective багийн урамшууллын үйлчилгээ юм. Үүнийг ашиглан та гэр бүл, эсвэл найз нөхөдтэйгөө нийлж оноогоо багаараа цуглуулж, бас зарцуулах боломжтой. Энгийн U-Point шигээ олон газраас 3-10% бонус цуглуулахаас гадна олон бэлэг, боломжийг санал болгодог. Та Collective багийн урамшууллын үйлчилгээнд нэгдвэл Гэгээнтэний хос талбар, Caffe bene-ээс Бор айраг (хүйтнээр нь нэрсэн кофе), Unitel-ийн дата багц гэх зэрэг олон купонуудыг 50% хямдруулан авах боломжтой. Мөн төрсөн өдрөөрөө Tous les Jours-ийн баярын бялуу 25%-н хөнгөлөлттэй үнээр авч болно. Нэг багт тав хүртэлх гишүүн нэгдэх боломжтой бөгөөд та гэр бүл, найз нөхөдтэйгөө нэгдэж болно. Collective үйлчилгээг ашиглахдаа коллективтэй байж оноогоо нэг нэгнийхээ зөвшөөрөлтэй ашиглахыг зөвлөж байна.

Үнэ: 0₮ (Апп ашиглах) 3500₮ (Карт авахад)

Гэр бүлтэйгээ ашиглах

ITUNES + IBOOKS + APP STORE  (FAMILY SHARING)

Хэрвээ та “Apple”-ийн хэрэглэгч бол “family sharing” тохиргоог ашиглан “iTunes”, “iBooks”, “App Store”-оо дотнын хүмүүстэйгээ хуваалцах боломжтой. Ингэхдээ та өөрийн нууц үг хаягийг хэнд ч өгөх шаардлагагүй бөгөөд нэмэх хүмүүсийнхээ Apple ID-г оруулахад л хангалттай. Энэ маягаар та өөрийн худалдаж авсан дуу, ном зэргээ тав хүртэлх хүнтэй хуваалцах боломжтой юм. Бүр iCloud-ийн багтаамж, календерь, байршлаа хуваалцаж болно. Ингэснээр та хүүхдүүдээ онлайн орчинд хянаж, аюулгүй байдлыг нь хангаж чадна. “Family sharing” тохиргоог идэвхжүүлэхийн тулд Settings-рүү орж, өөрийн нэрэн дээр дарж Set up family sharing тохиргоог өөрчлөөрэй.

Үнэ: Тухайн контент бүр өөр үнэлгээтэй

AMAZON PRIME

Amazon Prime төлбөртэй захиалгын систем нь яах аргагүй дотнын хүмүүстэйгээ хамтран ашиглахад хамгийн тохиромжтой шилдэг үйлчилгээнүүдийн нэг. Хэрвээ та гадаадад амьдардаг бол үүнийг ашиглан та хоёр өдрийн дотор хэрэгтэй зүйлсээ, байршлаас хамааран хоёр цагийн дотор хүнсээ хүргүүлж болно. Мэдээж хэрэг зарим төрлийн бараа хөнгөлөлттэй авахаас гадна хямдралыг жирийн хэрэглэгчдээс 30 минутын өмнө мэдэх боломжтой. Харин та Монголд байдаг бол Amazon Prime ашиглан кино үзэж, ном уншиж, дуу сонсон, тоглоом тоглож болно. Иймдээ ч уг үйлчилгээ өдгөө дэлхий даяар 150 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Та дотнын хүнтэйгээ өөрийн “Amazon Prime”-ийг хуваалцах бол “Manage Prime Membership” буюу гишүүнчлэлийг удирдах хэсэгт дарж тухайн хэрэглэгчийг нэмээрэй.

Үнэ: 12.99$ (үндсэн үнэ) 6.49 (оюутны үнэ)