2020 оны эхний сард дэлхий нийтийн анхаарлын төвд коронавирус байлаа. Хятадын Ухань хотоос гаралтай уг вирус хүнээс хүнд халдварлаж, дэлхийн олон улс оронд аль хэдийн тараад буй нь олон нийтийн санааг зовоож байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас уг өвчинтэй холбоотой олон улсын онц байдал зарласан нь нийгмийг айдаст автуулав. Ялангуяа монголчуудын хувьд урд хөршид гараад буй уг өвчинд анхаарал хандуулах нь зайлшгүй зүйл билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс шат дараалсан арга хэмжээнүүд авахыг Засгийн газарт чиглэл болгосон нь аюул ямар нөхцөлд ирснийг бэлхэн илтгэж байна.

Өвчний оргил үе хэзээ тохиох, хэр удаан тархах, ямар аюул дагуулахыг хэн ч мэдэхгүй байгаа энэ үед бид олон улсын экспертүүд болоод дэлхийн тэргүүлэх медиа сувгуудын мэдээллийг багцлан коронавирусын дараагийн үед юу тохиох талаарх таамаглалыг хүргэж байна. Үүнийгээ бид өөдрөг болон гутранги хэмээн хуваасан бөгөөд бүгд таамаглалын шинжтэй гэдгийг сануулъя.

гутранги өрнөл бүхий 4 хувилбар

1. Хятад хяналтаа алдана

Хятад улс хамгийн анх шинэ вирусын халдварын талаар 12-р сарын 31-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдэгдсэн байдаг. Үүнээс хойш сар гаруйн хугацаанд 40 мянган өвчлөл бүртгэгдсэн нь цоо шинэ өвчний хувьд хэтэрхий гэмээр хурдтай өсөлт. Гэвч сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, анхны шинж тэмдэг болон өвчлөл түүнээс хавьгүй эрт буюу намраас эхлэн мэдэгдэж эхэлсэн байжээ.

Хэрвээ тийм бол улс орнуудын хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажил ямар ч нөлөөгүй байна гэсэн үг. "Аль эрт хаа сайгүй тарчихсан юмыг одоо тогтоох гэж оролдох нь утгагүй шүү дээ" хэмээн NIH-ийн тэргүүн Т.Фауси хэлжээ. Хил хаах, нислэг цуцлах нь аль эрт оройтсон ч байж магад.

Нөгөө талаас Хятад улс бодит тоогоо өгч байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа нь аюулын харанга дэгдсээр байна. Олон улс энэ тохиолдолд төдийгүй бусад олон үйл явдал дээр Хятадын "хаалттай" бодлогыг шүүмжилсээр ирсэн. 4 өдрийн өмнө Tencent-ийн хянах самбар дээр 150 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 мянган хүн үхсэн гэсэн мэдээлэл гарсан нь энэ эргэлзээг улам нэмэв. Хэдий санамсаргүй алдаа байсан гэж цайруулаад өнгөрсөн ч, арай ч ийм их биш байлгүй дээ гэж бодогдох тоонууд харагдсан хэдий ч бодит тоо нь хэр их зөрүүтэй байгаа бол гэдэг бодол таныг тайвшруулахгүй гэдэгт итгэлтэй байна.

2003 онд SARS-ийн хямралын үеэр Хятад бодит мэдээллийг хэтэрхий удаан нуун дарагдуулсан хэмээн буруутгагдаж байсныг эргэн сануулъя. Сургамж авсан гэж найдахаас өөр арга бидэнд үгүй.

2. Сул эрүүл мэндийн тогтолцоотой улсууд руу тархана

Хятад бол эрүүл мэндийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн хэрэглээ, дэлхийн хэмжээний эрдэмтдээрээ олон улсад толгой цохих улс. Гэвч ийм улс орон даяар онц байдал зарлаж, сандарч байхад хөгжил буурай, эрүүл мэндийн тогтолцоотой улсуудад тархаад эхэлбэл яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Одоогоор тохиолдол бүртгэгдсэн улсуудын жагсаалтыг харвал та нэг зүйлийг анзаарах болно. Энэ бол албан ёсоор вирусын халдвар зарласан улсууд нь дундаас дээш хөгжилтэй улс орнууд байгаа явдал юм. Тэгвэл шинжлэх багаж хэрэгсэлгүй, эмчлэх боловсон хүчин хомсдолтой улс орнуудад өвчин тарсан бол яах вэ? Оношлуураа аваад удаагүй байгаа Монгол ч энэ дунд багтана.

Хамгийн сүүлд WHO-оос олон улсын онц байдал зарласан тохиолдол бол 2016 оны Эболагийн халдвар тархсан явдал юм. Баруун Африкийн ядуу буурай орнуудад тархсан өвчинд 28 мянган хүн нэрвэгдэж, 11 мянган хүн амиа алдсан билээ. Үүний шалтгаан нь яах аргагүй сул эрүүл мэндийн тогтолцоо, улс орны нийгмийн хөгжил байв.

Иелийн их сургуулийн профессор С.Омер үүнд хамгийн их санаа зовниж буй. "Хятадад нас барсан хүнээс илүү их хүн эмчлэгдэж гарч байгааг бид харж байна. Гэхдээ Африкт ижилхэн байна гэдэгт эргэлзэж байна шүү" хэмээн тэр хэлжээ. Хятадын хөрөнгө оруулалт, нөлөө эрс нэмэгдэж, сая сая ажилчид нь аж төрж буй Африкт энэ халдвар аль хэдийн оччихсон бол яах вэ?

3. Вирус санаснаас аюултай байж таарна

Халдвар авсан хүмүүсийн тоог нас барагсадтай харьцуулсан харьцаа 2 хувьтай байгаа нь олон эрдэмтдийн санааг зовоож буй. 1918 онд дэлхий даяар тархаж, 20 сая гаруй хүний аминд хүрсэн гэгдэх "испани ханиад"-ын уг харьцаа 2.5 хувьтай байсан гэнэ. Тухайн үеийн тоо бүртгэл, статистик мэдээлэл одоогийнх шиг дэлгэрэнгүй биш байсан ч хүүхэд, хөгшчүүд төдийгүй ид үедээ яваа залуус хүртэл энэ өвчний улмаас амиа алдаж байжээ.

"Үүнээс ялгаатай нь коронавирусын үхлийн аюул хууч ужиг өвчтэй, дархлаа сул хүмүүст илүү заналхийлж байгаа шинжтэй байна" хэмээн Жон Хопкинсын их сургуулийн профессор Ж.Нуццо хэлж байна. Тийм атал 2 хувьтай байна гэдэг энэ өвчний аюулыг хэрхэвч дутуу үнэлж болохгүйг илтгэж буй.

Аялал, тээврийн салбар бараг ямар ч саад бэрхшээлгүй болчихсон, хүсвэл хаанаас л бол хаашаа, хэзээ л бол хэзээ явчихдаг болсон өнөө үед 2 хувийн үхлийн түвшинтэй байна гэдэг гамшиг гэсэн үг. Гол голомт болоод буй Уханьд энэ тоо бүр 4 хувьд хүрсэн байж магад. Хүн амын бөөгнөрөл нэмэгдсэн одоо цагт том хотууд хяналтаа алдвал хэдий бага хувь шиг харагдах ч нийт тоо нь их байх нь эргэлзээгүй. Одоогоор уг өвчний улмаас амиа халдсан хүний тоо 1000-ыг давснаар SARS-ийг аль хэдийн гүйцсэнийг сануулъя.

4. Дэлхийг хамарсан үймээнийг эхлүүлнэ

Өвчинтэй холбоотой өөр 2 зүйлд бид санаа зовох ёстой. Эхнийх нь эдийн засгийн хямрал. Дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээнд Хятадын нөлөө ямар их байсныг бид өмнө нь үргэлж дутуу үнэлдэг байсан байж мэднэ. Жижиг хүнсний мухлагаас эхлээд үндэстэн дамнасан корпорацууд хилийн хорионоос шалтгаалан үндсэн бүтээгдэхүүн, түүхий эдээ тээвэрлэх, зөөх боломжгүй болсон нь шууд болон шууд бус замаар олон бизнест хохирол учруулж байна. Starbucks, Apple зэрэг том брэндүүд салбараа хааж, Япон, Солонгосын аялал жуулчлалын салбар хятад жуулчидгүйгээр том хохирол амсах төлөвтэй боллоо. Хэр их гэрээ хэлцэл саатаж, ямар олон төлөвлөгдсөн ажил цуцлагдсаныг бид тооцох аргагүй. Тавантолгойн IPO хүртэл хойшлогдох төлөвтэй болжээ.

Нөгөө "толгойны өвчин" нь ялгаварлан гадуурхалт. АНУ, Австрали, Сингапур зэрэг улсууд Хятадаар дамжсан хүмүүсийг эх орондоо нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдэж, бүр хилээ хүртэл хаасан нь нөхцөл байдал ямар түвшинд хүрснийг шууд илтгэх үзүүлэлт. Гэвч энэ нь эсрэгээрээ Хятад иргэдийг хавчих, гадуурхах явдлыг улам гааруулж өгөв. Хүн төрөлхтөн ийм төрлийн хямралд бэлэн биш байгаа нь лангуун дээрх бүтээгдэхүүн хоромхон хугацаанд дуусаж, бие биеэ сэжиглэн үзэн ядаж эхэлж буйгаас амархан ойлгогдоно.

Хятадын тал ийм арга хэмжээ авах нь үр дүнгүй, нийгмийг айдаст автуулахаас илүү нөлөөгүй хэмээн мэдэгдэж буй нь буруу биш. Зарим сургуулиуд Хятад оюутнуудад хугацаагүй чөлөө өгч, кампустаа битгий ирээрэй гэсэн утгатай имэйл илгээсэн гэх. Олон нийтийн газар Хятад хүмүүсээс илт дөлж, зарим нь үйлчлэхгүй хэмээн шошго хаджээ. Үүнд нь хятад гэлтгүй нийт азиудыг, монголчуудыг хүртэл хамруулан арсны өнгөөр ялгаварлах үзэл нэмэгдэх шинжтэй. Гэвч эдгээр үзэгдлүүд нийгмийг талцуулах, нөхцөл байдлыг улам доройтуулахаас өөр "ид шидгүй". Хятад хүн оршин суугаагүй, зочлон аялаагүй газар бараг үгүй мэт болсон өнөө үед энэ мэт ялгаварлал урт хугацаанд эдийн засагт хохирол дагуулна. Хүний амьдралд сошиал эрчимтэй нэвчсэн, хуурамч мэдээлэл алхам тутамд хүчээ авч буй өнөө цагт энэ мэт "буруу сэжиглэл" улам л нэмэгдсээр.

өөдрөг өрнөл бүхий 4 хувилбар

1. Хятад бүрэн хяналтаа тогтооно

Халдварыг хэн нэгэн зогсоож чадна гэвэл Хятадаас өөр сайн сонголт бараг байхгүй байж мэднэ. Өмнө дурдсанчлан тэдний нөөц бололцоо энэ бүхэнд итгэх итгэлийг төрүүлж байна. ДЭМБ-аас ч Хятад маш сайн ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж, бүх хүч чадлаараа дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Хэдий вакцин болон бусад эмчилгээний аргуудыг гаргах тал дээр мэдэгдэхүйц ахиц байсаар байгаа ч хүн дээр туршигдаж, хэрэглээнд нэвтэртэл багагүй хугацаа шаардлагатай. Гэхдээ вирусын бүтцийг тодорхойлж, түүний эсрэг хариу үйлдлийг хурдан авч чадаж байгаа нь "ялалт байгуулах" найдварыг төрүүлж байна. WHO-ийн мэргэжилтэн М.Райн "Өрхийн гишүүн нь халдвар авсан байхад бусад гишүүд нь эрүүл гэж тодорхойлогдож байгаа нь энэ вирусыг тогтоож барьж чадна гэдгийг илтгэх гол үзүүлэлт юм" хэмээн хэлснийг онцолъё.

Гараа сайтар угаах, ариун цэврийг сахих, маск тогтмол зүүх зэрэг энгийн аргуудыг хэвшүүлснээр та өөрийгөө болон өрөөлийг аюулаас хамгаалж чадна гэдгийг ахин сануулъя.

2. Вирусын халдвар бусад улсуудад газар авахгүй

Бас нэгэн найдвар төрүүлж буй зүйл нь Хятадаас өөр газар коронавирус огцом тархахгүй байгаа явдал юм. Улс орнууд өөр өөрсдийн хэмжээндээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сэжигтэй тохиолдлуудыг шууд таслан зогсоож чадаж байгаа нь үүний шалтгаан байж мэднэ. Одоогоор дэлхийн 28 оронд халдвар бүртгэгджээ.

Хятад улстай хил дамнан оршдог манай орны хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах арга хэмжээ авсан нь тун сайшаалтай шийдвэр болсныг онцлох хэрэгтэй. Халдварын "нууц үе" нь удаан үргэлжилдэг, шинж тэмдэг илрээгүй байхдаа ч халдвар тараадаг гэдэг нь тогтоогдоод байгаа үед хүн ихтэй газар бүр эрсдэлтэйд тооцогдох учиртай. Түүнээс сэргийлж, тогтмол хяналт тавих л одоо хамгийн чухал.

3. Вирус дулаан уур амьсгалтай ядуу улсуудад тархах чадваргүй байна

Бид зарим өвчний вирусыг хүйтэнд тэсвэргүй, тиймээс манайханд халгүй хэмээн үздэг хандлага багагүй анзаарагддаг. Тэгвэл энэ удаад тэгж тайвширч болохгүй хэмээн мэргэжилтнүүд сануулж байна. "Коронавирус бол өвлийн вирус. Цаг агаар дулаан, хуурай үед вирусын тархалт хүйтэн үеийнх шиг тарж чаддаггүй" хэмээн Т.Фауси сануулж байна. Тэгэхээр хамгийн хүйтэн нийслэлд аж төрдөг бид маскаа тайлтлаа тайвширч огтхон ч болохгүй.

Гэхдээ энэ нь том зургаараа эерэг дүр зургийг үүсгэж байгаа аж. Тарвал зогсоож чадалгүй алдах магадлалтай Африкийн өмнөд хэсэг, хүн ам шигүү суурьшсан Энэтхэг орчмын өмнөд Азийн орнуудад энэ өвчин тарах магадлал харьцангуй бага. Гэхдээ ялгадас, өтгөн, бохир хөрсөөр дамжин халддаг байж магадгүй гэсэн судалгаа гарсан гэнэ шүү.

4. Вирусын аюул санаснаас бага байсныг тогтооно

2009 онд гарсан гахайн ханиад дэлхий нийтэд мөн аюулын харанга дэгдэж, бүгд маскаа зүүн, баахан улс карантин зарлаж байсныг бид санаж буй. Гэхдээ H1N1 төрлийн уг вирус нь урьдчилан таамаглаж байснаас аюул занал багатай, эмчилгээ авахдаа сайн байсныг тодорхой хугацааны дараа тогтоож байсан билээ. Одоо уг вирус жил бүр тардаг энгийн ханиадын төрөлд тооцогдох болжээ.

Зарим эрдэмтэд коронавирусын тархалт, ирээдүйг H1N1-тэй адилтган тооцож буй. SARS, MERS-ээс илүү богино хугацаанд вирусын дарааллыг тогтоож чадсан нь тэдэнд ингэж үзэх үндэслэл болж байгаа гэнэ. Мөн үүн дээр бүх дэлхийн анагаах ухааны салбарынхан оюун ухаанаа уралдуулж, маш өндөр түвшинд тусгаарлах ажиллагаа хийгдэж байгааг тооцвол ханиадыг дарах нь цаг хугацааны асуудал мэт үзэж болох талтай.