COVID-19 вирусын хурдацтай тархалтын улмаас дэлхийн улс орнууд ээлж дараалан дотооддоо хөл хорио тогтоож, хилээ хааж, тэг зогсолт хийгээд буй. Хүн амын эрүүл мэндийн төлөө хийж буй эдгээр алхмууд нэг талаас үндэстний аюулгүй байдлыг хангасан чухал арга хэмжээ боловч нөгөө талаас эдийн засгийн томоохон эрсдэл үүсгэж байна. Иймд бид COVID-19 вирусын эдийн засагт үзүүлэх нөлөө, учирч болох хямралын эсрэг авч буй гадаад, дотоодын арга хэмжээний талаар болон мэргэжлийн эдийн засагчдын санал бодлыг тусгасан, олон талт мэдээллийг уншигч танд хүргэхийг зорилоо.

КОРОНАВИРУС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Дэлхийн гадаргуу дээрх хэнбугайд ч арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс, бэл бэнчин үл хамааран заналхийлж буй COVID-19 нь дэлхийн санхүү, эдийн засгийн нөхцөл байдлыг хэдийн хүчтэй донсолгоод эхэлжээ. 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш ажиглагдаагүй уналт, тогтворгүй байдал бүртгэгдэх болсон нь дараагийн хямралыг дохиолж буй мэт. Өвчний тархалтыг хяналтандаа авч эхэлсэн БНХАУ, БНСУ зэрэг улсууд байгаа хэдий ч Европын бүс нутгаар вирус хэт хурдан тархаж байгаа нь дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байна. Мэдээж эдийн засагчид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа боловч олон улсын байгууллагуудын зарлаж буй эдийн засгийн ирээдүйн төлөв өдрөөс өдөрт муудсаар буй. Энэ нь эдийн засгийн тодорхой бус байдлыг улам бүр нэмсээр байгаа билээ.

Дэлхийн эдийн засгийн гол тоглогчдын нэг БНХАУ нь энэ вирусээс хамгийн том хохирол авч буй. Орчин үеийн эдийн засагт “тогтвортой өсөлт”-ийн үлгэрлэх гол загвар болсон уг улс нь АНУ-тай хийж буй худалдааны дайны шокноосоо салж амжилгүй COVID-19-тэй золгосон юм. S&P байгууллагын хамгийн сүүлийн шинжилгээгээр БНХАУ-ын ДНБ-ий өсөлт 2020 онд 2.7% хүртэл буурах төлөвтэй байна. Угтаа бол тухайн улсын эдийн засгийн өсөлт 6-7%-ийн түвшинд тогтвортой байсаар ирсэн юм. Гадаад худалдааны гол түнш улс БНХАУ-д ийм хэмжээний том шок ирж буй нь манай эдийн засагт багагүй хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй.

Санал болгох: "Коронавирус манай төрийн бодлогын хэрэгжилтэнд дүн тавьчихав.” судалгаа

СЭЗИС-ийн профессор, эдийн засаг Ц.Батсүх

COVID-19-ийн эдийн засгийн нөлөө манай улсад хамгийн анх хорио цээрийн арга хэмжээний дараа илэрсэн. Гол түнш улстай хийх экспорт зогссоноор уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай манай улсын экспортын гол орлого хэсэг хугацаанд тасарсан билээ. Түүнчлэн хөл хориотой холбоотойгоор дотоодын эдийн засгийн худалдаа, үйлчилгээ хийгээд эдийн засгийн бусад салбаруудын өсөлт удааширч томоохон шок болсон. Гадаад эдийн засгийн хэлбэлзэл, тогтворгүй байдал нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэд заналхийлж буй нь манай эдийн засагт мөн дарамт болж байна. Цаашлаад валютын ханш, инфляци, улсын төсөвт багагүй хэмжээний эрсдэл үүссэн ба зохицуулах байгууллагуудын зүгээс оновчтой бодлого, шийдвэрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Коронавирус манай эдийн засагт ямар сувгаар дамжин нөлөөлж буйтай та дараах зураглалаас танилцаарай.

Дүрслэлийг үзэх тайлбар:

- Бөмбөлгийн хэмжээ нь ямар нэгэн ач холбогдлын түвшинг илэрхийлэхгүй ч эхлэх цэгийг тодорхойлно. Тиймээс хамгийн том бөмбөлөг буюу "Коронавирусын нөлөөлөл"-өөс эхлэн дүрслэлээ үзээрэй.

- Бөмбөлөг тус бүр нь эдийн засагт коронавирусын нөлөө үзүүлж буй үйл явцуудыг илэрхийлнэ.

- Бөмбөлгийн өнгө нь ямар нэгэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд тогтмол өөрчлөгдөнө.

- Үйл явц бүрийн хоорондох сумаар аль нь алиндаа нөлөөлж буйг мэдэх боломжтой. Жишээ нь, хорио цээрийн арга хэмжээ нь экспортод нөлөөлнө, эдийн засгийн өсөлт нь уул уурхай, барилга зэрэг салбаруудад нөлөөлнө гэх мэт.

- Тухайн бөмбөлөг дээр сумаа заахад уг үйл явцад нөлөөлж буй болон нөлөөлөгдөж буй бүх үйл явцууд тодорч харагдах бөгөөд сумны чиглэлээр ялган мэдэх боломжтой.

- Дүрслэлийн доор буй өнгөн шошгуудаар үйл явцыг зураглалаас хасах, нөлөөллийн холбоосуудыг тодруулан үзэх боломжтой.

Дэлхийн болон дотоодын эдийн засагт томоохон хэмжээний нөлөө үзүүлэх, магадгүй биднийг эдийн засгийн дараагийн хямралтай золгуулах COVID-19 вирус, түүний нөлөөний талаар мэргэжлийн эдийн засагчид ямар бодолтой байна вэ?

Unread

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН

COVID-19 вирусын тархалтын улмаас эдийн засгийн тодорхойгүй байдал маш ихээр үүссэн. Үүнийг шууд эдийн засгийн хямрал болно гэж ойлгох нь тун өрөөсгөл. Харин үүсээд буй энэхүү тодорхойгүй байдал, үүнээс учирч болох хохирлыг бууруулахын тулд засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад ингэж үзэж байгаагаа товчхон тайлбарлая.

Төрийн зүгээс хөл хорио тогтоох, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хаах шийдвэрүүдийг гаргасан. Бас цаашид ч яахыг бид хэлж мэдэхгүй байна. Коронавирус цааш тархахаас сэргийлсэн энэ алхам зөв. Гэхдээ энэ шийдвэр өөрөө эдийн засагтаа хор хохиролтой тул эргээд уг шийдвэрээс гарах эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахын тулд энэ бүхэн хамгийн хүндээр тусаж буй компаниудыг дэмжих хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.МӨНХСОЁЛ

Мундаг нэртэй ч буулт хатуутай бондуудын өрийг эргэн төлж эхлэх хугацаа юу юугүй хаяанд ирж, хаалга тогшиж буй энэ үе, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн жилтэй давхацсан нь л 2020 онд Монгол улсын өмнө хангалттай олон шалгуур тавьж байгааг, эдийн засгийн хувьд тун их хариуцлагатай, төсвийн сахилга баттай байх ёстой болсныг сануулж байсан. Гэвч эдгээр асуудалтай зэрэгцэн уг гэнэтийн үйл явдал гарсан нь, энэ үйл явдлаас үүсэж бий болох ирээдүйн үр дагаврууд нь эдийн засагчид бидний санааг ихэд зовоож байна.

Манай улсын хувьд байхгүй мөнгийг байлгаж, орлогоос давсан зарлага бүхий төсвийг баталж, зөрүүг нь олон улсаас санхүүгийн зах зээл дээр Чингис, Самурай, Гэрэгэ гэх мэт нэртэй бонд босгох замаар нөхөж ирсэн. 2020 онд энэ түүх дахиад л давтагдах нь. 2020 оны төсөвт тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.7 орчим их наяд төгрөг, харин 13.8 их наяд төгрөгийн зарлага гарна гэж тооцсон. Төсвийн алдагдал болох 2.1 их наяд, нэмээд одоогийн нөхцөл байдлын улмаас хэсэг хугацаанд нүүрсний экспорт, мөн жижиг, дунд бизнес, аж ахуйн нэгжүүд 2 сар орчим үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцсон хэмжээгээр бүрдэхгүй нь. Гэтэл нөгөө талдаа хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлж төсвөө тодотгохгүй байгаад эдийн засагчид санаа зовж байгаа. Энэ их өрийн ачааллыг эргээд аж ахуйн нэгж, иргэд л үүрнэ шүү дээ. Тиймээс, яаралтай төсвийн тодотгол хийж зарлагаа бууруулахгүй бол бид нийтээрээ эдийн засгийн хямралд өртөхөд бэлэн болчих гээд байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Г.БАТЗОРИГ

Монголын эдийн засаг хэчнээн эмзэг, эрсдэлд өртөмтгий болохыг бид энэхүү үйл явдлаас харлаа. Экспорт зогсоход л импортоор хэрэглээгээ хангадаг манай улс хүнд байдалд орж байна. Үлгэрлэвэл, яг л найзаа аврах гэдэг шоргоолжны үлгэр мэт. Уул уурхайн компаниудын экспорт зогсвол (2-р сард экспорт 30 хувь буурсан), дагаад тээврийн компаниуд зогсоно. Уул уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж, түлшний хэрэглээ буурч, худалдааны компаниудад сөргөөр нөлөөлнө. Улмаар эдгээр компаниудын борлуулалт буурах үед банкны зээл, түрээс, ажилчдын цалин гэх мэт санхүүгийн дарамт нэмэгдэнэ. Нөгөө талдаа эдгээр компаниудын ажилчид цалингаа авч чадахгүй бол (цалингийн 60 хүртэлх хувийг өгч, ажилчдаа амрааж байна) цаанаа хэрэглээ, ипотекийн зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг асуудал тулгарна. Энэ бол эхний цохилт. Одоогоор манайд эхний цохилт л ирээд байна. Дүгнээд хэлбэл, вирусын тархалт зургаадугаар сар хүртэл үргэлжилбэл эдийн засаг 2-3 орчим хувиар өсөж (вирус нөлөөлөөгүй бол тав орчим хувь өсөх байсан), төсвийн орлого хагас их наядаар тасрах эрсдэлтэй байна. Энгийнээр бол, эдийн засгийн өсөлт гэсэн тооны цаана компаниудын ашиг, ажилчдын цалин өсөх боломж багасна л гэсэн санаа. Төсвийн орлого тасарна гэдэг нь төсөвт тусгагдсан сургууль цэцэрлэг барих, төсвийн ажилчдын цалин өсөх боломж үгүй болно гэсэн үг.

Монгол улс хүн амын бүтцээ харвал манайх харьцангуй залуу бүтэцтэй. Ялангуяа, залуу үеийнхэнд ийм нөхцөл байдалтай тулгарч байсан туршлага бараг байхгүй. Харин 35-аас дээш насныхан бол 1990 оны зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотой хоол хүнсний хомсдол, 2000 болон 2008 оны хямралуудыг биеэр мэдэрсэн хүмүүс. Тиймээс тэрхүү нөхцөл байдал нь одоо бэлтгэлтэй байх ёстой гэсэн шийдвэрийг гаргаж, хүнс нөөцлөх зэрэг шийдвэр гаргахад нөлөөлж байж болох юм.

ГАДААД УЛСУУДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

Хамгийн анх COVID-19 дэгдэх үед дэлхий нийт энэ бол зөвхөн Хятадын, Ази тивийн асуудал мэтээр харж байв. Харин хөгшин Европт дэгдэж эхлэх тэр мөчид сая л олон улсын хэмжээний асуудал болсныг хүлээн зөвшөөрч эхэллээ. Тиймээс улс орнуудын засгийн газар, төв банк, сангийн яамд эдийн засгийн идэвхжилтийг дэмжих, хохирлыг багасгахад чиглэсэн хөтөлбөрүүдийг санаачилж, эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна.

ЕВРОПЫН ТӨВ БАНК БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИНЭ

Европын төв банк COVID-19-ийн эсрэг хүчтэй тэмцэхээ мэдэгджээ. Ерөнхийлөгч Кристиан Лагардегийн мэдэгдэлд дурдсанаар, цар тахлын эдийн засаг дахь нөлөөллийн эсрэг авах яаралтай арга хэмжээний хүрээнд 750 тэрбум евро зарцуулна гэнэ. Ингэхдээ бондын худалдан авалт, тэр дундаа бүс нутгаас хамгийн том хохирол амсах эрсдэлтэй буй Грек, Итали улсуудад дэмжлэг үзүүлэх ажээ.

ИТАЛИ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ

Яг одоо дэлхийн цар тахлын голомт болоод буй Итали улсын засгийн uазар моргейж буюу орон сууцны зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдлээ. Энэ нь ард иргэдээ санхүүгийн хямралаас хамгаалахад чиглэсэн арга хэмжээ гэв. Орон даяар хөл хөдөлгөөн хорьж, бизнесүүдийн үйл ажиллагааг зогсоогоод 10 гаруй хонож байна. Тэд жижиг дунд үйлдвэрлэл болон вирусээс үүдэн үйл ажиллагаа нь доголдоод буй бизнесүүд, орлого нь тасалдсан ажилчдыг дэмжихээр 28 тэрбум долларыг төсөвлөжээ.

БНХАУ БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Оны эхэнд олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 оны эцэст 6 хувьд хадгалагдах төлөвтэй гэж үзэж байсан ч коронавирустэй холбоотой үйл явдлын дараа 2 хувь, магадгүй үүнээс ч дор дүнг хүлээх болжээ. Хэдийгээр COVID-19 вирусийн эрчимтэй тархалтын улмаас олон гэнэтийн үйл явдлууд тохиосон ч энэ бүхнээс үл хамааран Хятад улс 2020 онд тавьсан эдийн засаг, нийгмийн зорилтууддаа хүрэхээр шаргуу ажиллана гэдгийг төрийн тэргүүн Ши Жиньпин мэдэгдсэн. Энэ ажлын нэг хэсэг нь цар тахлын улмаас санхүүгийн хямралд ороод буй бизнесүүдээ дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажил байх ажээ. Хятадын ардын банкны зүгээс хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж, богино хугацаат репо арилжааг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн тэргүүнд аваад байна.

АНУ БЭЛЭН МӨНГӨ ТАРААНА

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж 0 хувь болгох шийдвэр гаргалаа. Үүгээр зогсохгүй засгийн газрын болон моргейжийн бонд худалдан авахад 700 тэрбум ам.доллар зарцуулах тухайгаа зарласан юм. Мөн тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусийн улмаас АНУ-д учирч буй хохирлын хэмжээг бууруулахын тулд багц төлөвлөгөөг батлаад байна. Эдийн засгаа дэмжих, бизнес эрхлэгчдээ санхүүгийн хямралаас сэргийлэх, ард иргэдээ хүнд нөхцөлд оруулахгүй байхад чиглэсэн олон ажил энэ төлөвлөгөөнд тусгагджээ. Үүнээс гадна өвчний улмаас ажлаасаа 14 хоног хүртэл хугацаанд чөлөө авсан, сургууль цэцэрлэг хаагдсаны улмаас бага насны хүүхдээ харах ажилд "дайчлагдсан" эцэг эхчүүдэд цалингийн хэмжээнээс хамааран өдөрт 200 доллар хүртэлх мөнгөн тэтгэмж олгох заалтыг үүнд багтаажээ.

ГЕРМАН ТАТВАРЫГ ХОЙШЛУУЛНА

Германы канцлер Ангела Меркель хүн амын 70 орчим хувь COVID-19 вирусын халдвар авч болзошгүй байгааг онцлоод үүний эсрэг радикал арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Цар тахлын хөл хорионы улмаас үүсэж болох эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд тэд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “хязгааргүй” нөхцөлтэй зээл өгөхөөр боллоо. Энэхүү зээлийг бизнесийн хэмжээнээс үл хамааран, ялгалгүй олгохоос гадна төлөх ёстой их хэмжээний татварыг түр хугацаанд хойшлуулж байгаа юм. Вирусын улмаас хохирол амссан компаниудад зээл олгохоор 610 тэрбум ам.доллар төсөвлөгджээ..

ИСЛАНД ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИНЭ

Өнгөрөгч долоо хоногт Исланд улсын Засгийн Газар COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилго бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор засгийн газар төсвийн төслөө шинэчлэн боловсруулж байна. Үүнд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрөл бүрийн зээл болон татварын уян хатан нөхцөл, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих, аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлил тусгагджээ.

БНСУ ЖИЖИГ БИЗНЕСҮҮДЭЭ ДЭМЖИНЭ 

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн пүрэв гарагт коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгаа эрчимжүүлэхэд чиглэсэн багц төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тэд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 50 их наяд вон буюу 39 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний яаралтай санхүүгийн тусламжийг үзүүлэхээр болсон гэжээ. Үүнд жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн нөхцөлийг хөнгөлөх, бага хүүтэй зээл олгох зэрэг ажлууд багтах аж.

ФРАНЦ БИЗНЕСҮҮДИЙГ АШИГЛАЛТЫН ЗАРДЛААС ЧӨЛӨӨЛНӨ

Франц улсын Сангийн сайд Бруно Ли Мэйр энэ мягмар гарагт COVID-19-тэй холбоотой тэг зогсолтын улмаас санхүүгийн хямралд өртөөд буй жижиг бизнес эрхлэгчид болон бусад тусламж хэрэгтэй байгаа салбаруудад 45 тэрбум еврогийн санхүүжилт бүхий эдийн засгийн багц төлөвлөгөө гаргаж буйгаа зарлалаа. Тус улсын 3.5 сая гаруй аж ахуйн нэгж, байгууллага хөл хорионы улмаас багагүй хэмжээний хохирол амсах төлөвтэй байна. Иймд тэд бизнесийн байгууллагуудыг ус, цахилгаан зэрэг ашиглалтын зардлаас чөлөөлөн дэмжиж, бага хүүтэй, ээлтэй нөхцөлтэй зээл олгох аж.

МОНГОЛ УЛС ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА ВЭ?

Тэгвэл манай улсын хувьд ч мөн холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрд нь авч ажилласаар буй.

2020 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 1.5 тэрбум ам. доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3 хувиар буураад байна. Үүнд экспорт 322.9 сая ам.доллар буюу 29.5 хувь, импорт 10.4 хувиар буурсан дүнтэй байгааг харахад л коронавирусын нөлөө манай эдийн засагт ямар хүчтэй нөлөөлж байгааг харж болно.

МҮХАҮТ тэргүүтэй мэргэжлийн холбоод COVID 19-ийн нөлөө эдийн засагт, ялангуяа бизнесүүдэд тун хүндээр тусаж болзошгүйг засгийн газарт сануулж, төсөвтөө тодотгол хийн, эдийн засгийг эрчимжүүлж бизнесүүдийг дэмжих ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэйг сануулсаар буй. Үгүй бол 200-250 мянган хүн ажлын байрнаас салах эрсдэл ойрхон байна гэж мэдэгдсэн байна.

Тахлын үеийн эдийн засгийн толь бичиг

Хэдий Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй хэмээн удаа дараа мэдээлсээр байгаа ч дорвитой гэж хэлж болохуйц хэд хэдэн шийдвэр гаргасныг онцлох хэрэгтэй. Хамгийн эхэнд Монгол Банк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулан 10 хувь болгосноос гадна төгрөгийн заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар буулгав. Энэ нь 300 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдсөн гэсэн үг бөгөөд зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт, зээлийн хүртээмж, эдийн засгийн идэвхжүүлэхэд чиглэсэн бодлого юм.

Мөн банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж байгаатай холбогдуулан Монгол Банкнаас иргэнд олгосон ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлийн ангилал тогтоох журамд түр хугацааны өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, баннкуудын олгосон зээл 90 хоног хүртэл, ББСБ, ХЗХ-дын олгосон зээл 120 хүртэл хоног хугацаа хэтрэх тохиолдолд хэвийн ангилалд авч үзэх аж. Уг журам нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчилнэ.

Гэсэн хэдий ч тодорхой бус байдал, үүсэж болох эрсдэл өндөр хэвээр байгаа нь засгийн газар, холбогдох байгууллагууд төдийгүй ард, иргэд биднийг ч бэлтгэлтэй байхыг шаардаж байна.

Санал болгох: "Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа үр нөлөө" судалгаа

МҮХАҮТ