NASA-ийн өнгөрсөн жилийн хамгийн гол үйл явдлуудын нэг нь Ангараг гарагийн гадаргын хөдөлгөөн, орчин нөхцлийг судлах зориулалттай InSight судалгааны хөлгийг илгээсэн явдал байсан билээ. 2018 оны 5-р сарын 5-нд эх дэлхийг орхисон уг хөлөг 6 сарын дараа Ангараг дээр газардсан нь сансар судлалын хувьд тун чухал үйл явдал болсон юм.

830 сая долларын өртөгтэй уг төсөл нь нарны аймгийн хатуу хөрст гарагуудын бүтэц, геологийн онцлог, шинж чанаруудыг судлахад ихээхэн ач холбогдолтой. Тиймдээ ч NASA тусгайлан бүтээсэн газар хөдлөлтийн чимээ, давтамжийг бүртгэж авах төхөөрөмжийнхөө илгээж буй дата бүрийг нарийн шинжилж, үр дүнг нь олон нийттэй хуваалцаж байгаа нь санаандгүй хэрэг биш.

Уг төхөөрөмж 2019 оны 4-р сарын 6-нд анхны бичлэгээ дэлхий рүү хүргэснээс хойш өдгөө 100 гаруй чимээг бүртгэж илгээгээд байгаа гэнэ. Эдгээрийн 20 гаруй нь "жинхэнэ" газар хөдлөлтийн чимээ гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа бөгөөд нарийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа аж.

Тэгвэл NASA олон нийтэд төслийн үр дүнг хамтдаа хүртэх боломжийг олгон, Ангаргаас ирж буй чимээг нээлттэй байдлаар хуваалцсаныг бид онцолж байна. 5-р сарын 22-нд бүртгэгдсэн эхний чимээ нь 3.7 магнитудын, 7-р сарын 25-нд бүртгэгдсэн дараагийн чимээ нь 3.3 магнитудын газар хөдлөлтийн дуу гэнэ.

Биднээс алс хол орших улаан нүдэн гарагийн чимээг хамтдаа сонордоцгооё.

NASA

Гурван хөл, 360 кг жинтэй Insight судалгааны хөлөг 2 жилийн хугацаанд Ангараг гарагийн хөрсөнд малтлага хийж, газрын гүнээс цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн гарагийн үүслийг тодорхойлох зорилготой. Үүнээс гадна тектоник хөдөлгөөн болон соронзон орон байгаа эсэхийг тогтоох учиртай билээ.

Insight-ийн илгээж буй сонин хачныг тэдний ТВИТТЕР хуудсыг дагаж хүлээн аваарай

NASA