Ажил мэргэжлийн талбарт хийсэн ажлаа тайлагнах, хийх гэж буй зүйлсээ танилцуулах, сурсан мэдсэнээ хуваалцах гээд олны өмнө ярих шаардлага байнга л тулгардаг. Энэ үед бусдад итгэл үнэмшил төрөхүйц сайн ярих нь цааш цаашдын олон боломжийг нээдэг билээ. Тиймээс та бүхэнд шинэ ондоо ярих, илтгэл чадвар дээр ажиллахад тань тус дэм болуужин гэж энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Олны өмнө гарч ярих бүрд хэл түгдэрч, хөлс бурзайснаас болж олны өмнө ярих чадварыг төрөлхөөс өгөгддөг авьяас хэмээн эндүүрэвзэй. Илтгэнэ гэдэг хичээж тордвол хөгжүүлж болдог чадвар гэдгийг олон ч хүн туршлагаараа нотолж чадна. Бусдын цөсийг хөөргөж, алга таштал нь ярихгүй юм аа гэхэд өөрийн хэлэх гэсэн санааг сэтгэлдээ хүртэл бүрэн дүүрэн ойлгуулчихдаг байх нь бидний карьерт мөн ч их хэрэг болно шүү. 2020 онд бүгдээрээ зөв, цэгцтэй ярьж сурцгаая.

1. СОНСОГЧДОО МЭДЭР

Бэлтгэх үедээ таны яриаг хэн сонсох вэ, танхимд ямар хүмүүс байгаа вэ гэдгийг санах хэрэгтэй. Хандаж ярих хүмүүс тань удирдах ажилтнууд уу, оюутнууд уу, эсвэл хэрэглэгчид үү гэдгээс шалтгаалан презентацынхаа агуулга, ашиглах үг хэллэгийг сонгох нь зөв юм. Тэд юу хүсдэг вэ? Юу сонсоно гэж хүлээж байгаа вэ? Энэ бүхнийг ойлгож мэдрэх нь яриа илтгэлээ боловсруулахад тань том тус хүргэх болно.

2. ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ БАЙ

Олон тохиолдолд хүмүүс сэдэв рүүгээ хэт орсны улмаас илтгэлээ ойлгомжгүй, уйтгартай болж хувиргадаг. Тэгвэл сайн илтгэл гэдэг эсрэгээрээ ойлгомжтой байгаад зогсохгүй сонсогчдод тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судлах хүслийг төрүүлдэг.

Иймд та презентацаа бэлдэхдээ 5 дугаар ангийн боловсролтой эмээдээ тайлбарлана гэж төсөөлж байгаарай. Аливааг мэддэг болсны дараа мэддэггүй байсан үеэ мартах нь “мэдлэгийн хараал” л гэсэн үг.

3.  СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХАРУУЛЖ, СОНСОГЧИДТОЙГОО ХАРИЛЦАА ҮҮСГЭ

Мэдээж илтгэлийн агуулга сайн байх ёстой ч сонсож байгаа хүмүүстэйгээ холбогдож, сонирхлыг нь татахын тулд сэтгэл хөдлөл нэмж өгөх нь чухал хэмээн “The Power of Presence” номын зохиогч Кристи Хеджс зөвлөдөг. Ярьж байгаа зүйлийг тань үнэхээр сониучирхан сонсохгүй байгаа үед хэчнээн чухал тоо баримт, график тайлбарлаад нэмэр багатай. Сонсогчдыг таны ярианаас юу авч үлдээсэй гэдгээ тодорхой болгоод түүндээ түшиглэн яриагаа боловсруулах хэрэгтэй хэмээн Хеджс хэлж байна. Ярьж буй зүйлдээ итгэж үнэмшсэн, сэтгэл хөдлөлтэй байж л сонсогчдыг уйдаахгүй, залхаахгүй байж чадна. Тэгэхээр гагц мэдээлэл өгөхийн төлөө бус, итгэн үнэмшүүлэхийн төлөө ярь.

4. ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙ

Зарим илтгэгчид өөрийн хүндэлж биширч ирсэн хүн шиг байх гэж хэт хичээсний улмаас зорилгодоо хүрдэггүй. Хүчлэх, дүр эсгэх зэргийг сонсогчид алдалгүй анзаарна. Та Мартин Лютер Кинг, Жон Ф.Кеннеди шиг илтгэгч болохыг, тийм сайн илтгэл тавихыг мөрөөдөж болно. Гэхдээ хүн бүр давтагдашгүй. Өөрийнхөөрөө байж, байнга ашигладаг үг хэллэгээ оруулан санаагаа илэрхийлбэл илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

5. САНААГАА ОЛОН ЯНЗААР ИЛЭРХИЙЛ

Санаагаа та олон янзаар хүргэж, танхимын сонсогчдыг идэвхтэй болгож болно. Тэгээд ч хүмүүс өөр өөрийн аргаар аливааг сурдаг шүү дээ. Видео, презентац, зураг, судалгааны дүн, болсон явдал гээд ашиглаж болох зүйлс юу эс мундах. Болсон явдал, хошигнол ашиглах нь ялангуяа сонсогчдод их хүрдэг. Эсвэл сонсогчдод маш сонирхолтой асуулт тавьж яриагаа эхлүүлээд, Poll Everywhere гэх мэт апп-ийг ашиглан саналыг нь тэр даруй хүлээн авсан ч болно.

Гэхдээ нэг санах зүйл бол Powerpoint зэрэг хүчтэй технологид бүхнийг даатгалгүй, зорилгодоо хүрэх, санаагаа илэрхийлэх хэрэгсэл болгоход л анхаараарай.

6. ГОЛ САНААНУУДДАА ТӨВЛӨР, БҮҮ ХАДУУР

Илтгэлийнхээ гол санаануудаа тодорхой болгож, тэдгээрийг сонсогчдод хоногшуулахад анхаар. Хэт олон санаа өгөх гэж хичээх, эсвэл санаануудаа замбараа муутай хүргэх нь үр дүн багатай. Зарим хүмүүс гол санаануудаа PowerPoint-доо оруулах нь бий. Гэвч амаараа ярих зүйлсээ презентац дээрээ тавих нь уйтгартай байдаг. Презентац дээрээ гол санааг тань тодруулах, нэмэлт мэдээлэл өгөх зүйлсийг тавиарай.

7. ДАВТАХ, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ БА ОРЧНОО ШАЛГА

Ямар ч хүн илтгэл тавихдаа их, бага хэмжээгээр сандардаг. Энэ сандралыг багасгах хамгийн гол алхам нь ерөөсөө л бэлтгэлээ сайн хийх. Илтгэл тавихаасаа өмнө микрофон, презентацаа шалгаж, том танхимд ярих бол тайзан дээрээ гарч, болж өгвөл техник хэрэгслээ шалгангаа илтгэлээ бодитоор тавьж үзэх хэрэгтэй.

8. ЛЕКЦ УНШИХ ХЭРЭГГҮЙ

Хүмүүсийн анхаарлаа төвлөрүүлэх хугацаа харьцангуй богино байдаг. TED Talk 18 минутаас хэтэрдэггүй нь санамсаргүй хэрэг биш. Тиймээс ямар ч сонирхолтой сэдэв байлаа гэсэн, нэгэн хэвийн байдлаар удаан хугацаанд ярих нь сонсогчдод таатай байхгүй. Тиймээс аль болох богино хугацаанд сонирхолтой, бүтээлч байдлаар санаагаа хүргээрэй.

Ted Talk-ийн тайзнаа Dan Pink-ийн тавьсан "Puzzle of Motivation" илтгэлийг санал болгож байна.

9. ЭЦЭСТ НЬ: АСУУЛТ ҮЛДЭЭ 

Сүүлийн минут хүртлээ тулгаж ярих нь олон илтгэгчийн гаргадаг алдаа юм. Хэрвээ та нэг 20 минут яриа хийхээр бол 15 минут яриад, 5 минутыг асуулт хариултад үлдээвэл зүгээр. Заримдаа сонсогчид үндсэн яриа, илтгэлээсээ илүү асуулт, хариултын хэсгээс өөрт хэрэгтэй зүйлээ олж авдгийг санаарай.

Хэлэхийг хүссэн санаагаа саадгүй сайхан илэрхийлж сурахад тань амжилт хүсье. 2020 онд анхаарах зүйлсдээ "Ярих, илтгэх чадвараа сайжруулна" гэж багтаагаарай.