Зориг сан Канадын Элчин Сайдын Яамны санхүүжилтээр “Empowering Women in STEM” хэмээх хөтөлбөрийг саяхан амжилттай хэрэгжүүлж дууссан билээ. Энэхүү нэг сарын эрчимжүүлсэн хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, математик, инженерийн салбарт карьераа эхлүүлж буй залуу эмэгтэйчүүдийн ур чадвар, нийгмийн оролцоог дээшлүүлэхээс гадна дээрх салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгахад хувь нэмэр оруулахыг зорьжээ. Хөтөлбөрт 20 залуу эмэгтэй хамрагдан, салбартаа тэргүүлэгч олон эксперттэй туршлага солилцон, технологи, инженерийн шийдлүүдээр дотоодод тэргүүлж буй үйлдвэрлэл, бүтээн байгуулалтуудтай танилцан, хувь хүний ур чадвар ба танилын хүрээгээ нэмэгдүүлжээ. Ингээд тус хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл болсон дөрвөн эмэгтэйн санал сэтгэгдэл, онцлууштай санааг хүргэе.

Хөтөлбөрийн оролцогч З.Тунгалаг 

Яагаад STEM ба эмэгтэйчүүдийг онцолсон юм бол гэж хүмүүс бодож байж магадгүй. Миний бодлоор байгалийн болон хэрэглээний шинжлэх ухаан нь аливаа улсын хөгжил, эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг байдаг. Өнөөдөр дэлхийн хөгжингүй орнууд суурь шинжлэх ухааны нээлтүүдийг хэрэглээнд амжилттай нэвтрүүлж, технологи болгож байна. Тэд л инновац, технологийн талбарт хоорондоо өрсөлдөж байна. Тиймээс манай улс ч гэсэн STEM-ийг хөгжүүлж, технологийн салбарт ажиллаж буй боловсон хүчнээ чадавхжуулах нь зүйтэй.

Түүнчлэн дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн салбарт хүйсийн тэгш бус харьцаа давамгайлсаар л байна. Програм хангамжийн салбарт ажиллаж буй нийт боловсон хүчний 80 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй байдаг. Тиймээс STEM-ын салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаасай гэж боддог юм. Инженерүүдийн үндсэн ажил нь асуудлын шийдлийг олоход оршдог гэвэл эмэгтэйчүүд энэ төрлийн ажилд үнэхээр гярхай шүү дээ. Тэд төрөлхийн нямбай, өрөвч зөөлөн байдаг учраас STEM-ийн салбар дахь байгаль, нийгэмд тулгамдаж буй эмзэг асуудлыг сайн олж хардаг юм шиг санагддаг.

Нөгөө талаар эмэгтэйчүүд нийгэмд хэвшсэн ойлголтоос хамааран STEM-ийн салбарын мэргэжлийг сонгох нь бага байдаг. Хүмүүс инженер, програмист гэхээр л ихэвчлэн эрэгтэй хүнээр төсөөлж, сэтгүүлч, багш, эмч гэхээр ихэвчлэн эмэгтэй хүнээр төсөөлдөг. Мөн эрэгтэй хүүхдийг багаас нь зоригтой, эрсдэл даах чадвартай байхад сургадаг. Эсрэгээрээ охидыг ажилсаг, эмх цэгцтэй, аав ээжийнхээ үгийг сайн сонсдог байхад сургадаг. Энэ нь яваандаа хүүхдүүдийн мэргэжил сонголт, манлайлал төдийгүй нийгэм, улс төрийн оролцоонд нөлөөлдөг.

Түүнээс гадна охид дээрх мэргэжлүүдээс сонгохгүй байгаа нэг шалтгаан нь одоогийн байдлаар уг салбарт үлгэр дууриал болох эмэгтэйчүүд тийм ч олон биш байгаатай холбоотой. Ийм шалтгаанаар охид өөрсдийгөө STEM-ийн салбарт ажиллаж чадахгүй юм байна гэж эндүүрдэг хандлага байдаг.

Тиймээс энэ салбарын эмэгтэйчүүд хоорондоо харилцаатай байж, хамтарч ажиллах нь нэн чухал. Хөтөлбөрийн хүрээнд энэ зорилтын суурь бий болж, оролцогчид STEM-ийн салбарт ажиллаж буй залуу эмэгтэйчүүдтэй танилцаж, бие биеэсээ суралцан, утга учиртай харилцаа үүсгэж, нандигнаж явахуйц дурсамж, нөхөрлөлийг бүтээж чадсанд баяртай байгаа.

Хөтөлбөрийн оролцогч х.гантуяа 

Би хөтөлбөр зарлагдсан даруйд материалаа бүрдүүлж өгсөн. Учир нь миний бие шинжлэх ухааны салбарт ажиллаж буй судлаач эмэгтэйчүүдийн төлөөлөл болохоос гадна сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага эрдэмтэн, судлаач, инженерүүдээс илүү их бүтээгдэхүүн, инновацид суурилсан үр дүн шаардах болсонтой холбоотой. Иймээс судлаач бидний хувьд асуудлыг зөвхөн хөндөөд орхих биш, судалгааны дүнд бий болсон үр дүнг бодит бүтээгдэхүүн болгоход анхаарах, түүнийгээ олон нийтэд таниулан сурталчлах, хөрөнгө оруулагч компани, байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай юм.

Тус хөтөлбөрт хамрагдсанаар мэдэж авсан гурван зүйлийг онцолмоор байна:

Олон талт мэдлэг - Өнөөдөр хүмүүс цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд олон талын мэдлэгтэй байж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй болж байна. Асар хурдтай хөгжиж буй нийгэм залуус биднээс хүссэн хүсээгүй олон талын мэдлэг шаардаж байна.

Зоригтой байдал - Салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүдийн илтгэлийг сонсоход тэдний олонтаа онцолсон зүйл нь зоригтой байх тухай юм. Эмэгтэйчүүд бидэнд заримдаа зориг дутдаг. Энэ сул тал биднийг амжилтад хүрэхэд саад болж, нийгэмд оролцох оролцоог бууруулах гол хүчин зүйл болж байж магадгүй.

Оролцоо - STEM-ийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг бууруулж, эмэгтэйчүүд идэвхтэй оролцох хэрэгтэй байна.

Цаашид “Empowering Women in STEM” хөтөлбөрийн оролцогчид эдгээр салбарын эмэгтэйчүүд болоод олон нийтэд шинжлэх ухаан, технологийн салбарыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Хөтөлбөрийн оролцогч п.номингэрэл 

Би уул уурхайн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн онцлогоос хамааран ихэнх цагаа ажлын талбарт буюу уурхайд өнгөрөөдөг учраас хотод иймэрхүү үйл ажиллагаанд оролцох цаг тэр бүр гардаггүй. “Empowering Women in STEM” хөтөлбөрийн богино хугацаанд шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго нь таалагдсан тул материалаа өгсөн.

STEM-ийн салбарт ажиллаж буй, өөрийгөө хөгжүүлэн дараагийн түвшинд гарах хүсэлтэй 19 эмэгтэйтэй танилцаж нөхөрлөж, салбарын үлгэр жишээ хүмүүсийн ажлын туршлага, арга барил, ололт амжилтаас туршлага хуримтлуулсан нь хамгийн том ололт болов уу. Ингэснээр бусадтай хамтрах, харилцаа тогтоохын үнэ цэнийг илүү ихээр ойлгосон шүү.

Цаашдаа хөтөлбөрийн төгсөгчид нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, амьдралд суурь шинжлэх ухаан хэрхэн бодитоор биеллээ олдог тухай хэрэгцээт мэдээллийг түгээдэг байхаар шийдсэн.

хөтөлбөрийн оролцогч ч.номуунзаяа 

Уг хөтөлбөрт хамрагдсанаар олон талаар өөрийгөө хөгжүүлэх ёстойг ойлгосон. Нэг ёсондоо нүдийг минь нээж, зоригийг минь чангалсан гэж хэлж болно.

Бидний уулзсан ментор бүр хүн өөрийгөө л зоригжуулж чадвал олон зүйлд манлайлан, ирээдүйгээ бүтээх боломжтой тухай ярьсныг онцолмоор байна. Мөн жендерийн ялгаатай байдал нь зөвхөн хувь хүний харах өнцөг юм шүү гэдгийг ч сануулж байсан.

Би газрын тосны өрмийн инженер мэргэжилтэй. Хүмүүс надаас яагаад ийм хүнд мэргэжил сонгосон тухай байнга асуудаг. Тэгэх тусам нь би хүнд хэцүү болохоор нь сонгож, түүндээ бүр их дурладаг юм гэж хэлдэг. Уг нь эмэгтэйчүүд энэ ажлыг хийж чадахгүй гэх зүйлгүй. Энэ бол нийгэмд тогтсон буруу ойлголт, хүмүүсийн харах өнцөгтэй холбоотой.

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр шинжлэх ухаан, технологийн талаар судалж, мэддэг байх хэрэгтэй. Энэ бол аливаа улс орны хөгжлийн суурь.