Уинстон Черчиллийн хэлсэн “Бид эхлээд барилга байгууламжаа, дараа нь барилга биднийг загварчилдаг” хэмээх үг өнөө цагт технологийн дэвшилд илүү таарах мэт болжээ. Мэдээлийн технологийн хөгжил нь бүх салбарын инновацын голлох шийдэл болж, хүн төрөлхтний бүтээсэн соёлыг загварчилж, ирээдүйг тодорхойлсоор байна. Тиймээс бид энэ удаа зах зээлийн өрсөлдөөнийг улам ширүүн болгож, дэлхий дахины ирээдүйг өөрчилж мэдэх сонирхолтой технологиудын шийдлийг онцолж байна.

Өөрийгөө нөхөн сэргээгч амьд бетон

АНУ-ын Колорадо Боулдер их сургуулийн эрдэмтэд амьд бетон гэх шинэ материалыг гарган авчээ. “Өөрийгөө” нөхөн сэргээх онцгой чанартай уг материалыг юунаас гаргаж авсан юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол элс, гидрогель, микробын нийлбэрийн үр дүн юм. Ногоон микроб болон түүний чийгийг хадгалж, шим тэжээлээр хангах гидрогель дээр багахан элс нэгтгэн барилгын салбарыг тэр чигт нь өөрчлөх нээлтийг хийжээ. Ингэснээр агаар дахь хийг сорон авч, ан цаваа “өөрөө” нөхөх ид шидтэй аж. Микробууд нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, оронд нь цементийн гол орц болох кальцийн карбонатыг ялгаруулснаар уг процесс бий болдог байна. Эрдэмтэд уг бетоныг таллаж дээр нь бага хэмжээний элс болон гидрогель нэмснээр яг өмнөх шигээ хэмжээтэй микроб нөхөн үржиж байгааг олж мэджээ. Судалгааны баг энэхүү бүтээлийг цаашид улам сайжруулахын тулд тус материалыг чийггүй хуурай орчинд тэсвэртэй болгохоор ажиллаж байна.

Хүн төрөлхтөн анх удаа амьд материал барилгадаа ашиглаж буй хэрэг энэ биш. Бид өмнө, одоо ч модыг ашигласаар байгаа. Гэхдээ эдгээр нь барилгын нэг хэсэг болохдоо "амьд" байдаггүй. Тиймээс бид яагаад материалуудыг амьд байлгаж болохгүй гэж бодсон.

Вилл Сурбар

АМЬД РОБОТ

Өнгөрсөн долоо хоногт хүн төрөлхтөн хамгийн анхны амьд роботыг өлгийдөн авлаа. “Xenobot” гэх уг роботыг “Xenopus Laevus” мэлхийн үүдэл эсээс гаргаж авсан бөгөөд 1 миллиметрээс ч жижиг хэмжээтэй ажээ. Тэд олон хоног хоолгүй явж, алхаж сэлж чаддаг төдийгүй багаар ажиллах ч чадвартай. Хамгийн гол нь өөрийгөө нөхөн төлжүүлэн эдгээх хүчтэй. Иймд уг роботыг ашиглан судсаар эмчилгээ хийхээс гадна далайн микро хаягдлыг түүн, цацраг идэвхт бодисыг цэвэрлэж, нарийн судалгаа хийж болно. Энэ робот өнөө л бидний мэдэх элдэв төмөр, хуванцар болсон нүсэр эд биш учраас бидний ирээдүйд үйлдвэрлэх асар олон хаягдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй ололт болжээ. Харамсалтай нь, уг робот одоогоор долоо хоногийн хугацаатай амьдрах чадвартай гэнэ.

Хорт хавдар илрүүлэгч ухаалаг зүү

Их Британийн эрдэмтэд гэрлийн тусламжтайгаар хүн амд түгээмэл тохиолддог хорт хавдар илрүүлэн оношлох ухаалаг зүү бүтээжээ. Уг зүү нь хүчдэл багатай лазерийн гэрлийг хүний биед нэвтрүүлж, эд эсэд гэрэл хэрхэн тархаж байгааг хэмждэг байна. Лазерийн гэрэл нь өвчтэй болон эрүүл эсүүдэд өөрөөр тархдаг тул тус технологийг бүтээсэн эрдэмтэд ухаалаг зүүний ачаар хавдрыг эрт илрүүлэхээс авахуулаад эрүүл мэндийн олон төрлийн оношилгоо сайжрах боломжтой хэмээн үзэж буй. Ялангуяа, Их Британид хамгийн түгээмэл хавдруудын нэг болох тунгалгийн булчирхайн хавдрыг илрүүлэхэд тустай ажээ. Одоогийн технологиор тус хавдрыг оношлохын тулд өвчтөний биеэс мэс заслын аргаар биопси авч, эдийн шинжилгээ хийдэг байна. Харин зүүг ашигласнаар өвчтөн цаг хугацаа болон айх айдасгүйгээр хурдан шуурхай оношлуулах боломжтой болох юм. Төслийн удирдагч Эксэтерийн их сургуулийн профессор Ник Стони тус ухаалаг зүүний үзүүр нь хүний биеийн эд, эсэд үүссэн молекулын төвшний өөрчлөлтийг ч мэдэрдэг хэмээжээ.

Хиймэл нейрон чип

Энэ бол яах аргагүй анагаахын шинжлэх ухаан тэр дундаа эмнэл зүйн салбарт гарсан томоохон ололтуудын нэг юм. Хиймэл нейрон чипийг ашиглан зүрхний дутагдал, альцхаймерын өвчин болон мэдрэлийн эмгэгүүдийн сөрөг үр дагавраас сэргийлэх боломжтой. Энэ технологи нь нейроны үүргийг гүйцэтгэн, биеийн хэвийн үйл ажиллагааг нөхөн сэргээж, мэдрэлийн эсүүд хэвийн ажиллахгүйгээс болж гэмтэл үүсэх, цаашлаад нас барахаас урьдчилан сэргийлдэг. Тухайлбал, тархины нейронууд мэдрэлийн системд зөв хариу өгөөгүйгээс үүдэн зүрхэнд буруу дохио очиж хангалттай сайн цусаа шахаж чадахгүйд хүрч, зүрх зогсдог байна. Харин хиймэл нейрон энэ үед зөв мэдээлэл дамжуулан өвчтөнг аврах юм. Гэхдээ хиймэл нейрон хоёр дахин их хүчтэй дохио дамжуулсан ч хоёр дахин хүчтэй хариу урвал ирэхгүй аж. Түүнээс гадна нейронд ердөө 140 нановат хүчдэл шаардлагатай ч нэг тэрбум дахин их хүчин чадалтай микропроцессор суулгадаг байна. Тиймээс энэхүү шийдлийг цаашид улам сайжруулахаар судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ.

Өнөөг хүртэл нейронууд хар хайрцагтай адил байсан боловч бид хар хайрцгийг дотроос нь нээж чадлаа.

Алайн Ногарет

Арван минутанд цэнэглэгдэх автомашины батарей

Дизель автомашинтай харьцуулахад цахилгаан автомашины хамгийн том сул тал бол цэнэглэх хугацаа. Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн зүгээс хэчнээн "гоё" маркетингийн арга ашиглаж, улсаас хуулийн зохицуулалт хийсэн ч ихэнх оронд түлшээр ажилладаг автомашин сонгосоор байгаа. Гэхдээ байдлыг орвонгоор нь эргүүлж магадгүй нэгэн нээлт хийжээ. Энэ бол 10 минутын дотор 80 хувьтай цэнэглэгдэж, 300км туулах чадвартай цахилгаан автомашины батарей юм. Ийм хурдан цэнэглэхийн тулд батарейд 400 киловатт хүчдэл өгдөг аж. Гэвч саяхныг хүртэл үүнийг зах зээлд гаргах боломжгүй байсан шалтгаан нь батарейг цэнэглэх явцад литийн ионууд эерэг электродоо сөрөг электрод болгож хувиргаж, ялтас бий болгодог нь батарей амархан муудахад хүргэдэгтэй холбоотой байжээ. Харин Пеннийн их сургуулийн эрдэмтэд уг асуудлын шийдэл болох батарейн насжилтыг уртасгах арга олсон байна. Тэд электродуудыг цельсийн 60 хэм хүртэл халаан ялтас үүсэхгүй байх нөхцөлийг бий болгож, батарейг 750 мянган км зам туулахуйц буюу 14 жил хүртэл ашиглах боломжтой болгожээ.