Өдрийн мэнд. Хэрвээ та дөнгөж энэ хуудсанд нэвтэрсэн бол энэ бол Unread-ийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой таны мэдэх ёстой хамгийн чухал мэдээллүүдийг нэгтгэн хүргэх шууд блог. Бид энэхүү блогийг тогтмол шинэчилж, хамгийн сүүлийн үеийн мэдээг цогцоор нь хүргэж байх болно. Та хуудсаа доош гүйлгэж мэдээллүүдээ уншаарай.

Өмнөх шууд блогуудыг унших хүсвэл дараах холбоосуудаар зочлоорой.

3-р сарын 17-19

3-р сарын 20-22

Unread

Таны мэдэх ёстой гол зүйлс

  • Дэлхий даяар 192 улс, бүс нутагт нийт 460 мянган тохиолдол илэрч 20 мянган хүн амиа алдаад байна
  • Монгол улсад 10 тохиолдол бүртгэгдсэн
  • Токио 2020 хойшлогдов
  • Хубэй муж хөл хориогоо цуцаллаа
  • Испани COVID-19 вирусээр нас барсан иргэдийн тоогоороо Хятад улсыг давж, Итали улсын дараа орж байна

2020 оны 3-р сарын 25

19:00 Их Британийн Нэгдсэн Вант улсын угсаа залгамжлах ханхүү Чарльз COVID-19 вирусийн халдвар авсан нь батлагдлаа.

14:47 Испани улс COVID-19 вирусийн халдвараар нас барсан иргэдийн тоогоороо Хятад улсын дээр бичигдлээ. Испанид одоогоор 3434 хүн коронавирусийн халвараар нас барсан байгаа бөгөөд өмнө нь Хятад улс уг вирусээр 3285 хүнээ алдсанаар уг харамсалтай жагсаалтын хоёрдугаар бичигдэж байсан юм. Италид 6820 хүн амь насаа алдсан нь дэлхий дахин дахь хамгийн өндөр үзүүлэлт болоод буй.
Испанид халдварын хэмжээ өмнөх өдрөөс 20 хувиар өсч 47610 болжээ.

11:30 Өнгөрсөн 24 цагт Монгол улсад коронавирусын шинэ халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс баталлаа.

10:30 Шинэ Зеланд улс онц байдал зарлалаа. Зөвхөн онцгой салбарын үйл ажиллагаа тасалдалгүй ажиллаж байгаа бөгөөд хүмүүсийг гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөсөн байна. Мөн хот хоорондын тээвэр болон нийтийн тээврийг хязгаарлажээ.

10:01 АНУ-д өнгөрсөн 24 цагт 160 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

09:40 Лондон хотын метро 55 хувийн хүчин чадлаараа ажиллаж байгааг эрдэмтэд шүүмжилсээр байна. Гэсэн ч зорчигчдын хэрэглээг хангахын тулд үүнээс илүү бууруулах боломж хомс хэмээн холбогдох байгууллага мэдэгдсээр байгаа юм. Цар тахал гарснаас хойш метрогоор үйлчлүүлэгсдийн тоо 85 хувиар буурсан гэнэ.


09:00 Австрали улс гадаад болон дотоод аялал, тээврийг бүрэн хориглолоо. Мөн 10-аас дээш хүн нэг дор цуглахыг хорьсон байна.

07:30 Тахлын хамгийн анхны голомт Хубэй муж өнөөдрөөс эхлэн хөл хориогоо цуцалж, хэвийн горимд шилжих төлөвлөгөөтэй байна.

06:00 Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 2,5 тэрбум хүн хөл хорионы байдалтай байна.

05:11 Ливи улсад анхны тохиолдол бүртгэгдлээ

04:40 АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 4-р сарын 12 гэхэд эдийн засгийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд орно хэмээн мэдэгдсний дараагаар хөрөнгийн зах зээлийн гол индексүүд, түүний дотор Dow, S&P 500 11 хувиар өсч түүхэн дээд амжилт үзүүлэв. Үүнтэй зэрэгцэн Европ, Азийн гол индексүүд ч өсөлт үзүүлж эхэлжээ.

01:00 Шведийн активист Грета Тюнберг коронавирусын халдвар авсан байж магадгүй гэдгээ зарлалаа. Тэрээр 2 долоо хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарласны дараа бие нь дээрдэж байгааг мэдэгджээ.

2020 оны 3-р сарын 24 

23:15 Турк улсад 44 хүн нас барж, нэг өдрийн дээд үзүүлэлтийг тогтоолоо. Шинжилгээний тоо нэмэгдэх тусам халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй тус улсад одоогоор 1872 тохиолдол бүртгэгдээд байна.

22:44 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас АНУ-ыг цар тахлын дараагийн голомт болох магадлал өндөр байгааг онцолсон байна. Тус улсад одоогоор халдвартай тохиолдлын тоо 52 мянга даваад байгаа юм.

22:00 ОУОХ болон Японы Засгийн Газраас 7-р сарын 24-нд эхлэх хуваарьтай байсан "Токио 2020" Олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах тохиролцоонд хүрснээ зарлалаа. Одоогоор дараагий тов гараагүй байгаа бөгөөд холбогдох мэдээллийг удахгүй ил болгохоо мэдэгджээ.

20:00 АНУ-аас Монгол Улсын Засгийн Газарт коронавирустэй тэмцэх үйлсэд зориулан 1,2 сая долларын буцалтгүй тусламж үзүүллээ.

19:00 Кипр улс 4-р сарын 15 хүртэл улс орон даяар хөл хорио тогтоожээ.

17:38 Өнөөдрийг хүртэл Ази тивийн орнуудаас зөвхөн Лаос болон Мьянмар улсуудад COVID-19-ийн халдвар бүртгэгдээгүй байсан билээ. Харамсалтай нь өнөөдөр орой Лаос улсын Эрүүл мэндийн яамнаас тус улсад хоёр тохиолдол бүртгэгдсэнийг мэдэгдлээ. Уг хоёр тохиолдол энэ сарын эхээр Европоос ирсэн жуулчдад үйлчилж байсан хөтчүүдээс илэрсэн бөгөөд тэд одоогоор нийслэл Вьентьян хотод эмчлүүлж байна.

16:40 Тайланд улсад коронвирусийн улмаас нас барсан хүний тоо 4 болж, шинээр 106 хүн халдвар авчээ.

13:00 Германы канцлер А.Меркельтэй ойрын хавьталд байсан зөвлөх эмчээс коронавирусын халдвар илэрсэн учир тусгаарлагдсан тухай эх сурвалжууд мэдээллээ.

11:30 Монгол улсад халдварын шинэ тохиолдол илрээгүй талаар Эрүүл Мэндийн Яамнаас баталлаа.

2020 оны 3-р сарын 23

22:20 Бэлгийн хүчирхийллийн хэргээр 23 жилийн ял эдэлж буй Холливүүдийн магнат Харви Вайнштейн коронавирусын халдвар авсан нь батлагджээ.

21:47 ОУОХ-оос дараагийн дөрвөн долоо хоногт багтаан Токио 2020 Олимпийн наадмыг хойшлуулах эсэх шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдлээ. Канад, Австралийн олимпийн хороо тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэнтэй зэрэгцэн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдсан бөгөөд Зохион байгуулах хороо, Японы Засгийн газартай мэдээлэл солилцон зөвшилцөж байгаагаа онцолжээ.

21:20 Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг тодорхойгүй хугацаагаар тоглолтууд болон тэмцээнээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Өмнөх тохиролцоо ёсоор 4-р сарын 3-нд улирлын тоглолтууд эргэн ирэх хуваарьтай байсан юм.

20:48 Москва хот архаг хууч өвчтэй 65-аас дээш настай хүмүүсийг гэрээс гарахгүй байхыг албан ёсоор сануулсан зөвлөмж гаргажээ.

20:08 БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 64 халдварын тохиолдол нэмэгдсэн нь 2-р сарын 29-нд 909 тохиолдол бүртгэгдсэн оргил үеэс хойш хамгийн бага үзүүлэлт болжээ. Одоогоор тус улсад нийт 111 хүн нас бараад байна.

19:39 Норвеги улсын санаачлагаар НҮБ-ийн тэргүүлэл дор хямралын үед хөгжил буурай орнуудад туслах шинэ сан байгуулагдах болсон байна.

17:58 Германд коронавирустэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой онлайн хакатон зохиогдож 43 мянган оролцогчтойгоор рекорд тогтоолоо. Уг тэмцээнээс нийт 1700 гаруй санаа дэвшүүлэгджээ.

17:10 Бельги улс хөл хориог ахин 8 долоо хоногоор сунгаж байгаагаа зарлалаа. Тус улсад сүүлийн 24 цагт 342 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 3743 халдвартай болоод байгаа юм.

15:49 Сири улс анхны тохиолдлоо бүртгэлээ. Сирид аяллаасаа эргэн ирсэн 20 настай эмэгтэй анхны халдвар авсан хүн болсон байна. Иргэний дайн, бүс нутгийн хямралтай байгаа тус улсад тархалт газар авбал зогсооход хэцүү болно хэмээн шинжээчид сануулсаар байгаа юм.

15:10 Францын тансаг зэрэглэлийн брэндүүд болох Balenciaga, Gucci, Yves Saint Laurent коронавирусын тахлын үеэр хамгаалалтын хувцас хэрэглэл, маск үйлдвэрлэж шаардлагатай цэгүүдэд нийлүүлнэ гэнэ.

14:26 Хонгконг гадаадын иргэдийг улс руугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Зөвхөн Хятад, Макао, Тайванаас ирсэн, тахлын голомтод сүүлийн 14 хоног байгаагүй иргэд л шинжилгээний дараагаар нэвтэрнэ гэнэ.

13:45 Энэтхэг улс Дели, Мумбай, Ченнай зэрэг 75 хотод хөл хорио тогтоолоо. 3-р сарын 31 хүртэл үргэлжлэх уг шийдвэрт 750 сая хүн хамрагдаж байгаа гэнэ.

13:00 Фижи арал дээрх Covid-19-ийн тохиолдол гурав боллоо. Халдвар авсан иргэн нь нэг ой хоёр сартай нярай байсан бөгөөд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байж байгаад шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогджээ.

12:00 Калифорни мужын шоронд Covid-19-ийн шинжилгээ хийгдэж байна. Уг шоронгийн таван ажилтан халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор тэднийг тусгаарлан, хавьталд орсон хүмүүсийг тогтоож байна.

10:00 Итали улс АНУ-аас цэргийн тусламж хүсчээ. Тус улсад халдварын тохиолдол 60 мянгад хүрч, 5 мянган хүн амиа алдаад байгаа юм.

09:30 Канад улс Токио 2020 наадамд тамирчдаа илгээхгүй гэдэг шийдвэр гаргалаа!

08:45 Эквадор улсад нэг өдөр амиа алдсан хүний тоо 2 дахин өсч 14-т хүрчээ. Өмнөд Америкт халдварын тоо эрс нэмэгдэж байгааг ДЭМБ анхааруулсаар байгаа.

08:11 АНЭУ гадаад, дотоодын бүх нислэгийг 2 долоо хоногийн хугацаатай зогсоолоо.

07:30 Колумбын нийслэл Боготад байрлах шоронд коронавиурсын аюултай холбоотой бослого, үймээн болж 23 хүн амиа алдаж, 85 хүн хүнд гэмтэл авчээ.

07:04 McDonalds Их Британи, Ирланд дахь бүх салбаруудаа тодорхойгүй хугацаагаар хааж байгаагаа зарлалаа. Өмнө нь тус ресторан зөвхөн хүргэлт болон авч явах захиалга авч байсан юм. 135 мянган ажилтан ийнхүү тогтмол орлогогүй болж байгаа гэнэ.