Хөвсгөр цас хаялан, хаа сайгүй шинэ жилийн дуу эгшиглэж, тун удахгүй ямар нэгэн гайхалтай зүйл тохиох мэт гэгэлзсэн харц дүүрэн, ид шидийн гэмээр цаг мөч яг одоо тохиож байна. Өнгөцхөн харахад өнөө л танил болсон дуунууд, өвлийн өвгөн, цасан охид санаанд буух ч шинэ жилийн баяр хүн бүрийн дурсамж, төсөөлөлд өөр өөрөөр илэрхийлэгддэг билээ. Бид энэ удаагийн нийтлэлдээ есөн залуу уран бүтээлчийг урьж, шинэ жилийн баярыг өөрсдийнхөөрөө илэрхийлэн бүтээл урлахыг хүссэн юм. Баярын уур амьсгалыг бүтээлч залуус маань хэрхэн өөрсдийнхөөрөө буулгасныг хүлээн авна уу.

АСУУЛТ: ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААС ӨӨРЧЛӨХ, ШИНЭЧЛЭХИЙГ ХҮСДЭГ НЭГ ЗҮЙЛ?

Г. Уянга - Pastry/cake decoration

Шинэ жилийг хамгийн их санагдуулдаг зүйлс болох гацуур мод, тоглоом, чимэглэл зэргийг ашиглан шинэ жилийн баярын бялууг чимэглэлээ. 

Instagram

“Албан байгууллагууд их зардал гаргаж шинэ жилийн баяр зохион байгуулахын оронд ажилчиддаа ижил төсвөөр урамшуулал өгдөг байвал гоё.”

Уянга

Б.Эрдэмтөгс - Digital art

2019 онд зөндөө л шархаллаа… гэхдээ I’m okay
2020 онд алзахгүй ээ.

Instagram

“Барууны орнуудад он солигдох мөчид заавал хэн нэгнийг үнсэх ёстой байдаг даа. Энэ соёлыг Монголд нэвтрүүлбэл ямар вэ?”

Erdemmalism

н. Мөнхмарал - Make up

Цөөхөн будгаар шинэ жилийн гоёлын будалт хийлээ. Гялалзсан зүйлсгүйгээр шинэ жилийн гоёлыг төсөөлөхийн аргагүй шүү дээ. Чамин бөгөөд амархан хийж болохоор будалтыг хуваалцахыг хичээлээ. 

Instagram

“Яг биднийг бага байхад болдог байсан шиг шинэ жилийн баяр болдог болоосой. Тэгвэл тэр үед мэдэрдэг байсан догдлол, баяр баясгалан эргээд ирэх юм шиг санагддаг. Заавал үнэтэй зүйлс авч, гоё сайхан харагдахаас илүүтэй бүгд л чин сэтгэлээсээ баярлах, баярлуулахын тулд энэ баярыг тэмдэглэдэг байгаасай гэж хүсдэг.”

Мөнхмарал

г.бодьтүшиг - 3d concept art

"Pray of the Christmas morning"

Зул сарын баярын уур амьсгалыг шинэхэн орсон өглөөний цас хамгийн их бий болгодог юм шиг санагддаг. Христийн төрсөн өдрийг гол агуулга болгон, өглөө, шинэхэн цас зэрэг санаануудыг нэгтгэж 3D орчинг бий болгон энэ бүтээлээ зохиомжиллоо. 

ArtStation | Instagram

“Ихэнхи айлууд жилийн энэ үеэр хүүхдүүддээ чихрийн цуглуулга, ундаа гэх мэт сахар ихээр агуулсан бэлэг авч өгдөг нь хортой санагддаг. Угаасаа энгийн үед ч хүүхдүүд чихэр олж идээд байдаг болохоор шинэ жилээр ном, тоглоом, оймс гэх мэт хүүхдийн өсөлт, хөгжилтөд хэрэгтэй, чихэрнээс л өөр зүйл өгж байгаасай гэж хүсдэг.”

Бодьтүшиг

м.намуун - songwriting

“Намуухан” цомгийн “Тэр бүсгүй” дууг хийх явц
Он гараад цацагдах шинэ уран бүтээлийн хэсгээс… 

Instagram | Youtube

“Гэртээ болон албан байгууллагадаа амьд гацуур тайрч авчраад тавьчихдаг хүмүүс байдаг. Тэр нь гоё харагдахаасаа илүү зэрлэг, муухай санагддаг.”

Намуун

о.төмөрбаатар - photography

Нар жаргах үеэр хүмүүс санаа зовох асуудал багатай, хамгийн тайван байдгийг бодож энэ үеэр зураг авсан. Цасан дээр ямар ч хээ гараагүй, зөвхөн салхины мөртэй байгаа нь бүх зүйлийг шинээр эхлэх, шинэ зорилго тавих боломж олгож байгаа гэсэн санааг агуулж байгаа. 

Instagram

“Сүүлийн жилүүдэд хаа сайгүй харагдах болсон Gatsby Theme-тэй шинэ жилээс арай бүтээлч, гоё шинэ жил хийдэг болоосой. Мөн баярын хөгжөөнт тоглоом зохион байгуулахдаа эрэгтэй, эмэгтэйгээрээ шаар хагалах гэх мэт янз бүрийн “sexual” төрлийн улиг болсон тоглоомыг хийхээ болиосой гэж хүсдэг.

Төмөрбаатар

м.мөнхжин - product design

Цасан ширхэг - Цасгүйгээр шинэ жилийг төсөөлөхийн аргагүй. Бусадтайгаа нийлж, нэгэн бие болж амжаагүй хамгийн шинэхэн цасан ширхгийг бүтээхийг хичээлээ.

Instagram

“Баяраар айлд ороод гацуур модон дээр мөнгө тавьдгийг болъё өө хаха”

Мөнхжин

г.эрхэм - music production

Уран Хасын вальс шинэ жилийг санагдуулдаг. Уур амьсгалыг нь ихэсгэх гэж зул сарын хонхны дугаралт нэмсэн. Ая нь гунигтай, хөгжилтэй, тайван - 3/4, 4/4, 6/4 гэсэн 3 өөр хэмжээнээс бүрдсэн байгаа. Үүгээрээ шинэ жил нь зөвхөн жаргалтай биш, харин заримдаа гунигтай, бараан байж болдог гэдгийг илэрхийлэх гэж оролдсон.

Soundcloud | Instagram

“Ихэнх шинэ жилийн дуу хөгжим нь баярын эерэг, жаргалтай талыг харуулдаг. Харин эсрэгээрээ бараан талыг нь илэрхийлсэн дуу байвал сонирхолтой байх гэж боддог.”

Эрхэм

д.ганзул - fashion design

Mr. Klaus in his 20s - Бага байхаас эхлээд өвлийн өвөө дандаа "өвөө" л байсан, Гэхдээ өвлийн өвөө дандаа өвөө байсан юм уу? залуу байсан болов уу? гэсэн томоогүй, тэнэгдүү бодлоос ургуулаад чарганы оронд snowboard/нисдэг чарга унадаг, том бэлэгний торны оронд хүссэн бэлэг гарч ирдэг энгэрийн цүнх үүрдэг, бид нарын төсөөлөлд байдаг дүр зургаас шал өөр залуухан Сантаг зурахыг хүссэн. Бас шинэ жил гэхээр улаан өнгөнөөс илүү цэнхэр туяа, гүн ногоон өнгө илүү ойр төсөөлөгддөг болохоор гол өнгөөрөө сонгосон.

Instagram | Podcast

“Нэг удаа хэрэглээд л хог болоод дуусдаг бэлэгний нимгэн пластик торнууд, ер нь бэлэг боолгохоос татгалзаасай. Бэлэгний харагдах байдлаас илүү доторх нь чухал болохоор илүү минимал боодолтой байвал зохимжтой санагддаг. Бэлэгний чамин боолт, тор хайр найргүй урагдаад хаягдах үйлдэл ер нь их хэцүү харагддаг даа.”

Jezel