Урам зоригоор дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Баярын ширээ, ногоон гацуур, уут дүүрэн бэлэг гээд сэтгэл догдлуулж, дурсамж үлдээх бүхэн сайхан. Гэхдээ та тэр бүхний "хөшигний ард" нуугдах үйл явц, зардал, үр нөлөөг бодож байв уу? 

Шинэ жилийн баяр гэр бүл, найз нөхдийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг сайхан баярын нэг боловч бид баяраа хэт хүндрүүлж, илүү зардал, өндөр ач холбогдол өгөн тэмдэглэх нь бий. Тогтвортой хөгжлийн тухай асуудлыг дэлхийн өнцөг булан бүрд онцлон хөндөж буй энэ цаг үед бид ч хоцрох ёсгүй билээ. Тиймээс бид шинэ жилийн цуврал нийтлэлээрээ зөв зохистой, хэмнэлттэй, орчиндоо ээлтэй шинэ жилийн баярын санаа, чиг хандлагыг түгээхээр бэлтгэлээ. Хайртай бүхэндээ ирээдүйг үлдээхийн төлөө!

баярын ширээний баримтууд

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баярт тооцогддог Шинэ жилийн баярыг Монголчууд 1921 оны хувьсгалын дараагаас ЗХУ-ын уламжлалаас санаа авч тэмдэглэх болсон билээ. Шинэ жилийн баяр хэдийгээр харь улсын соёл, шашнаас гаралтай боловч бидний сэтгэлд гэгээн дурсамж үлдээж, урам зоригоор дүүргэдэг хамгийн чухал баяруудын нэг болсныг олон жишээ баримт илтгэнэ.

Тухайлбал, Монголд нэг өрхийн хүнсний дундаж зардал 12 сард хамгийн өндөр буюу 340 мянган төгрөгт хүрдэг. Бидний бялуу, дарсны хэрэглээ бусад сараас 6 дахин нэмэгдэхээс гадна шинэ жил тэмдэглэхэд гарсан хүнсний бус зардал багагүй жин дардаг байна.

Нэг өрхөөс зарцуулж буй шинэ жилийн баярын зардал

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Өрхийн нийгэмд эдийн засгийн судалгаагаар нэг Монгол хүн сард 2.6 кг төмс, 1.1 кг элсэн чихэр, 600 гр жимс жимсгэнэ, 10 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 8.9 кг мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүнийг зохистой хоололтын гурвалжингийн бүтэцтэй харьцуулан үзвэл багагүй ялгаа харагдах вий. Дээрх хэрэглээнээс үүдэн өдгөө манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54.4 хувь нь таргалалттай байна.

Дэлхийн улс орнууд тогтвортой хүнсний хэрэглээ, эрүүл, шим тэжээлтэй хооллолтыг бий болгох зорилготой олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа. Учир нь, Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 11 хувийг хоол хүнс үйлдвэрлэл болон түүний тээвэрлэлт үүсгэж буй юм. Тиймээс баярын ширээ, хүүхдэдээ өгөх бэлгээ бэлдэхдээ өөрийнхөө эрүүл мэндийг хайрлахын хамт энэ бүхнийг санаж хэрэгжүүлээсэй гэж хүсье.

гацуур хэмээх гайхал 

АНУ-д гацуур худалдан авч хүмүүсийн 81 хувь нь хиймэл гацуур худалдан авдаг ч амьд гацуурын бизнес хамгийн сайн хөгжсөн орны тоонд багтдаг. Тус улсад жил бүр 200-300 сая ширхэг амьд гацуурыг тусгайлан тарьсан гацуур модны ойн сангаас худалдан авдаг юм. Айл өрх өөрсдийн худалдан авсан гацуураа ойн санд эргүүлэн өгч, жилийн турш арчлуулж үр хүүхдэдээ шилжүүлэх байдлаар хайрлан хадгалах дуртай гэнэ. Эсвэл тус сангаас түрээслэн аваад буцаан өгдөг байна. Дээр нь АНУ-д ирж буй нийт хиймэл гацуурын 85 хувийг БНХАУ-аас импортолдог тул үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж буйгаас гадна хуванцраар хийдэг хиймэл гацуурны байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийн тухай хөндөх болжээ. Тухайлбал, 198 см өндөртэй хиймэл гацуурыг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах явцад дунджаар 40 кг хүлэмжийн хий ялгардаг байна.

Тиймээс барууны орнуудад амьд гацуурыг түрээслэх, худалдан авах чиг хандлага түгэж буй ажээ. Манайд ийм төрлийн бизнес хөгжөөгүй ч бид заавал хуванцар гацуур авахын оронд гэртээ байгаа ном, тоглоом, гэрэл зэрэг байгаа эд зүйлээ ашиглан илүү бүтээлчээр минимал гацууртай болох боломжууд байгаа юм шүү.

бэлэгний тухай бодлогошрох нь 

Deloitte компаниас хийсэн судалгаагаар шинэ жилийн өмнө ирэх оны зорилгоо тодорхлойлсон хүмүүсийн 50 хувь нь шинэ оны босгон дээр мөнгө хадгалж, хэмнэх тухай зорилго тавьдаг байна. Гэвч бид шинэ жилийн баярын ширээ, гацуур мод, чимэглэл авахдаа хэмнэх тухай хэр их боддог бол?

Өдгөө шинэ жилээр хамгийн түгээмэл худалдан авдаг барааны жагсаалтыг олон улсад шоколад, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, ном, хоол хүнс тэргүүлж байна. Их Британид гэхэд зул сарын худалдан авалт хийсэн хэрэглэгчдээс сүүлийн хоёр минутад хэдэн төгрөгийн худалдан авалт хийснийг нь лавлахад тэдний ердөө 16 хувь нь тодорхой хариулт хэлсэн гэнэ шүү.

Хэрэглээний шинжлэх ухаанд илүү бүтээгдэхүүн хэрэглэх, үйлчилгээ авахыг эерэг зүйл хэмээн үздэг. Гэвч 2050 онд гэхэд хүнсний хэрэгцээ 70 хувь нэмэгдэж, тэр хэрээр хог хаягдал гарах тооцоо бий. Бид уур амьсгалын өөрчлөлтөд аль хэдийнэ өртсөн дэлхийг Арктикийн мөс хайлж, амьтад амьдрах нөхцөлгүй болох төдийхнөөр алсуур төсөөлөх аргагүй юм. Бид алхам тутамдаа хариуцлагатай байх цаг үед иржээ.

Дэлхийн дахинд шинэ жилийг илүү зардал багатай, байгальд ээлтэй тэмдэглэхийн тулд төрөл бүрийн бүтээлч санаа, шийдлийг түгээх болжээ. Тухайлбал, Их Британийн Манчестер хот дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийсэн эко гэрлээр хотоо чимдэг байна. Бусад материалыг ч дахин ашиглах боломжтойгоор үйлдвэрлэжээ. Нийт 35 гаруй км урт тус хотын гэрэлтүүлэг нь даруй 360,000 kWh энергийн зарцуулалтыг хэмнэсэн нь дэлхий дахин зохистой хэрэглээг дэмжиж буйн томоохон илрэл болжээ. Тэгвэл манайд байгальд ээлтэй санааг агуулсан шинэ жилийн шийдлүүд юу байна вэ?

НОГООН ШИНЭ ЖИЛИЙН БҮТЭЭЛЧ САНААНУУД 

Re-Designed: Хаягдал цаас ашиглан шинэ жилийн мэндчилгээ хийе

Шинэ жилээр хайртай хүндээ хүргэх ил захидлын загвараа өөрөө бүтээвэл ямар вэ? Тэр нь тэгээд хаягдал материал ашиглан хийсэн эко бүтээгдэхүүн бол догь биз.

Engin: Даавуун уутанд богцолсон хамгийн дулаан бэлэг

Гараар урласан шинэ жилийн бэлгийн даавуун уутыг ашиглан эрүүл, эмх цэгцтэй, хаягдалгүй шинэ жилийн эхлэлээ тавиарай.

Ойм: Зул сарын хаалганы хэлхээ

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, "Ойм" ногоон урлангийн хамт олны бүтээсэн хаалганы хэлхээгээр, баярын уур амьсгалаа оруулцгаая.

Гэрү: Бүтээлч үзэсгэлэн худалдаа

Гар урлалын чамин бүтээгдэхүүнийг нэг дороос

Wooden crafts: Хамгийн ээлтэй бүхнийг гэртээ

Үндэсний хийц, модон эдлэлээр баяр дээр баяр нэмье

Twinkle art: Бяцхан үрсдээ дурсамжтай, үр өгөөжтэй, эко, бүтээлч бэлгийг

Товч товчлох, юм хуулж наах, дүрс тааруулах, уях гэх мэт бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн танин мэдэхүйн номыг Монголдоо урласантай танилцаж амжсан уу?