Дэлхий дахины хөгжлийн хурдасгуур болж, бүх салбарын ирээдүйг өөрчилж буй мэдээллийн технологийн салбарынхны дунд зохион байгуулдаг олон улсын нэгэн сонирхолтой арга хэмжээ тун удахгүй Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ бол дэлхийн 140 орны 400 гаруй хотод болдог DevFest (Developer Festival) арга хэмжээ юм.

Дэлхийн томоохон технологийн компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийг нэгтгэн, хоорондоо танилцах, мэдлэг туршлагаа солилцох, салбарын хөгжлөө ярилцах боломжийг олгох уг арга хэмжээг хайлтын системээр тэргүүлэгч Google компанийн хөгжүүлэгчид анх санаачлан залуу хөгжүүлэгч, инженерүүдэд зориулан дэлхий даяар зохион байгуулж эхэлсэн билээ.

Улаанбаатар хотын Hub Innovation Center-д энэ сарын 15-нд болох DevFest Ulaanbaatar 2019 арга хэмжээнд Google компаниас аваад Монголын томоохон технологийн компаниуд болох And Systems, Nest Academy, ITZone, MangoB2B-ийн төлөөллүүд хүрэлцэн ирж, сонирхолтой яриа өрнүүлэх аж.

Энэ хүрээнд Machine Learning, Web, Android, Flutter, Firebase, Google Cloud Platform(GCP), Go сэдвийн хүрээнд мэдээллийн технологийн салбарын залуус мэдлэг туршлагаа солилцохоос гадна сүүлийн үеийн технологийн шийдэл, програм хангамж дээр hand on-lab буюу өөрсдөө туршиж үзэх хөтөлбөрийг хийхээр төлөвлөж байгаа юм.

Энэ үеэр Google компанийн хөгжүүлэгчид мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан сонирхолтой илтгэл танилцуулах тул зөвхөн мэргэжлийн хөгжүүлэгч, инженерүүд гэлтгүй мэдээллийн технологийн салбарыг сонирхдог, энэ чиглэлээр суралцаж буй залуус хүрэлцэн ирэх боломжтой юм.

Google, ITZone, Nest Acedemy, HUB Innovation Center дэмжин зохион байгуулж буй тус олон улсын арга хэмжээг салбарын залуусыг дэмжих зорилгоор төлбөргүйгээр зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирж, олон сонирхолтой илтгэл яриа сонсон, нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүлэхийг хүсье.

Арга хэмжээний дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.