Саяхан би “STEM-ийг март, бидэнд MESH хэрэгтэй байна” гэсэн нийтлэл олж уншсан юм. STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикаас бусад салбарыг бид орхичихоод байна, иргэний боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэсэн санаатай энэ нийтлэлийг уншаад монгол агуулга шингээн уншигчдадаа хүргэхийг хүслээ. Мэдээж хэрэг орчин цагт STEM нэн чухал. Шинжлэх ухаан, технологийн ачаар хурдтай хөгжсөн нийгмийн үр өгөөжийг бид хүртэж буй. Дэд бүтэц, эрчим хүч, анагаах ухаан, сансар судлал гээд бүх л салбарт гайхалтай нээлтүүд, дэвшлүүд хийгдсээр л байна. Тийм ч учраас STEM-ийн боловсролыг мэдээж мартаж болохгүй. Үүнийг боловсролын системээр дамжуулаад хүүхдүүдэд багаас нь зааж, суурийг нь зөв тавих ёстой билээ. 

Гэхдээ хүн бүр математикч, инженер болдоггүйг бид санах учиртай. Боловсролын хувьд STEM-ийг зоосны нэг тал гэж үзвэл нөгөө тал нь MESH буюу хэвлэл мэдээлэл, ёс зүй, социологи, түүх (MESH = Media, Ethics, Sociology, History) зэрэг нийгмийн шинжлэх ухааны ойлголтууд байгаа юм. Хүн бүр иргэн болж төлөвшин, нийгмийн харилцаанд ордог. Нийгмийн харилцаа үгүй бол технологийн утга учир алдагдана. Тэгэхээр энэ төрлийн боловсролд суралцахгүй бол шинжлэх ухааныг хүлээж авах, түүнийг ашиглан өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл дутагддаг байна. Тухайлбал, бидэнд худлаа ярих улс төрчдийн үг, үйлдлийг ялгаж салгах мэдээллийн боловсрол хангалтгүй байна. Бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёс зүй, өнөөгийн нөөц баялаг, соёл уламжлалаа хойч үеийнхэндээ өвлүүлэх түүхэн ухаан хэрэгтэй байна. Нийгмийн амьдрал хэрхэн өрнөдөг, хөгждөгийг судалдаг социологийн боловсрол дутагдаж байна. Тэгвэл MESH, STEM хоёрыг хамтад нь хөгжүүлэх ёстой гэдгийг сануулаад мэдээлэл, ёс зүй, социологи, түүхийн боловсролын тухайд цөөн үг дурдъя.

Media - мэдээлэлтэй харьцах

Сошиал медиа хөгжсөн, мэдээллийг төрөл бүрээр хурдтай түгээх боломжтой өнөө цагт мэдээллийн боловсрол маш чухлаар тавигдаж буй. Гэвч одоогоор мэдээллийн боловсролыг сэтгүүлчээр суралцаж буй оюутнууд л албан байдлаар авч байгаа гэж хэлж болно. ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрт лав одоогоор байхгүй. Гэхдээ энэ нь бас зөвхөн боловсролын салбарынхны ажил биш бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд, технологийнхон, иргэний нийгмийнхэн гээд нийгэмд оролцогч талуудын санаа тавих ёстой сэдэв юм.

Өнөөдөр интернетэд холбогдсон хүн бүр асар их мэдээллийг маш богино хугацаанд хүлээн авах боломжтой болсон. Харин энэ дундаас хүлээж авсан мэдээлэлдээ анализ хийх, эх сурвалж ба баримтыг нягтлах чадвартай нь бусдаас илүү ажил карьертаа амжилт гаргахад дөхөм билээ. Нэг ёсондоо, хэн бүхний хувьд аливаа мэдээллийг үнэлж цэгнээд, цааш түгээх эсэхээ шийдэж чаддаг байх нь том хариуцлага болоод байна.

Ethics - ёс зүй

Өдгөө ёс суртахууны хямрал олон асуудлын үндэс болж байгаа гэхэд буруудахгүй. Тиймдээ ч дэлхийн улс орнууд шинэ зууны иргэдийн ёс зүйн боловсролд ихээхэн анхаарал хандуулж, аливаа боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байна. Өнөөдөр Монголд авлига томоохон асуудал болсон нь нийгэмд тогтсон ёс зүйн хэм хэмжээ алдагдсантай зайлшгүй холбоотой. Ёс зүй нь хувь хүний амьдралд, улс орны бодлогод ч байнга тавигддаг чухал ойлголт. Монголчууд түүхэндээ ёс зүйг хэрхэн баримталдаг байсныг бид эргэн судалж, мөн даяаршил, технологийн энэ эринд уг асуудлыг хэрхэн авч үзэхээ бодож тунгаах нь зүйн хэрэг.

Sociology - социологи

Социологи нь нийгэм хэрхэн оршин тогтнодог, яаж хувьсан өөрчлөгддөг талаар судалдаг сонирхолтой шинжлэх ухаан юм. Тухайлбал, нийгмийн янз бүрийн бүлгүүдийн харилцан үйлчлэлийг социологи тайлбарладаг гэхээр энэ талаарх төсөөлөлгүйгээр тэгш бус байдал, ядуурал, эд баялаг, нийгмийн бүлгүүдийн зөрчил зэрэг чухал асуудлуудыг ойлгоно, тэдгээрийг шийдвэрлэнэ гэдэг тун хэцүү гэсэн үг.

History - түүх

Түүхээ мэддэг хүн ирээдүйн олон алдаанаас сэргийлж чаддаг. ЕБС-иудад түүхийн хичээл ордог боловч сонирхолтой, хүртээмжтэй заах, хувь хүн түүхийн мэдлэгээ амьдралдаа үр өгөөжтжэй ашиглах тал дээр илүү сайн анхаарах ёстой болов уу. Бидний дунд Чингис хаанаараа бахархсан, бид баялаг түүхтэй гэж цээжээ дэлдсэн хандлага их байдаг боловч маш сургамжтай үеүдээ сайн санадаггүй нэг дутагдал бий.

Эцэст нь хэлэхэд, ирээдүйд STEM хөгжлийн оргилдоо хүрч, технологийн гайхамшгийг хүмүүс үзэх нь тодорхой. Монгол Улсад математикийн суурийг сайн тавьдаг нь шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх нэг урьдач нөхцөл бөгөөд зөв бодлогоор дамжуулан энэ сууриа бодит амьдрал дээр давуу тал болгох хэрэгтэй билээ. Харин шинжлэх ухаан, технологийн хөгжил оргилдоо хүрсэн тэр үед хүн хоорондын амьд харилцаа, тусч нинжин сэтгэл, байгалийн ариун нандин тогтоц хэвээрээ байх болов уу гэдгийг бид одооноос нухацтай анхаарах хэрэгтэй болжээ.

Тиймээс бүгдээрээ MESH буюу иргэний боловсролоо нэмэгдүүлцгээе, ач холбогдлыг нь таниулан түгээцгээе.