Улс орнуудын хувьд түүхэнд мөртэй, туулзсан замнал ихтэй улс гэдэг байр сууриа дэлхий дахинд тунхаглан зарлах хамгийн ухаалаг бөгөөд соёлтой аргуудын нэг нь музей, үзвэрийн цогцолбор газрууд болдог. Олон улсад нүүдэлчин гэдгээрээ илүүтэй хоногшсон Монгол улсын нийслэл Улаанбаатарыг орчин үеийн метрополитан хот гэдгийг мэдэх гаднынхан ховор. Тэгвэл монголчууд бидний дэлхийн даяаршил, хөгжлийн хурдтай зэрэгцэн алхаж яваа түүхт улс юм шүү гэдгийг батлах музей, соёлын газрууд өнөөдөр ямар байдалд байгаа бол?

түүх үнэ цэн болох нь

Аж үйлдвэржилтийн буюу 20 дугаар зуунд монголчууд бид дэлхийтэй адил үйлдвэрийн раойнуудыг олноор байгуулан хөгжүүлж өдөр тутмын бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж явсан. Дэлхий даяар социализмаас ардчилалд шилжих тэр түүхэн үед бид ардчилсан хувьсгалыг олон улстай зэрэгцэн хийсэн. Хүн ам цөөтэй, хоёр их гүрний дунд байрладаг, далайд гарцгүй гэх мэт хүний шийдвэрээс хэтийдсэн нөхцөл байдалд ч бид хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилтэй зэрэг алхсаар, алхахыг хичээсээр энэ цаг үед ирсэн билээ.

Харин бидний энэ сонирхох зүйлтэй, харах юмтай түүхийг батлах, Улаанбаатар хотын маань нэрээр нэрлэгдсэн цорын ганц музейг “Энэ Улаанбаатар музей шүү” гээд таньж мэддэг, зориод очсон нийслэлчүүд ч тийм их биш болов уу. 100 гаруй жилийн түүхэндээ олон үйл явдлыг туулж, ихээхэн баримт түүхийг өөртөө шингээн хадгалсан Улаанбаатар хот энэ хугацаанд хүнд танилцуулж, хүмүүст бахархуулам баримт сэлт, үзвэр үзмэрүүдийн арвин санг хураасан нь лавтай.


100 жилийн дараа... 1920-оод он ба 2020 он

Улаанбаатар хотын музейн байшингийн түүх

ХХ зууны эхэн үед Оросын Буриад худалдаачид Их хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод цөөнгүй байшин барьсны нэг нь 1919 онд баригдсан Цогт Гармаевич Бадамжавын байшин юм. Тухайн үеийн Их хүрээний байшингуудаас чамин тансагтаа орж, Консулын дэнжийг чимж байсан тус байшинг монголчуудын нэрлэж заншсанаар Цогтбадамжав өөрийн хувийн орон сууцны зориулалтаар бариулжээ.

Цогт Бадамжав нь 1899-1930 онд Монгол-Түвдийг судлах Козловийн экспедицийн орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Орос, Монголын хооронд худалдаа хийдэг Хиагт пүүс болон Хятад, Англи, Герман пүүсүүдэд брокероор ажилладаг байжээ. Тэрээр Ардын хувьсгал ялсны дараа Эд хэрэглэгчдийн хоршоо, тээврийн байгууллагуудад ажиллаж байсны дээр Шүүх яамны зөвлөх байсан гэдэг. Гэвч 1931 онд баривчлагдан 1937 онд ЗХУ-д буудуулан хороогджээ. Тэднийх долоон хүүхэдтэй айл байсан бөгөөд хүүхдүүдийнх нь хамгийн бага охин Осоржимаа нь эдүгээ Улаанбаатар хотод энх тунх амьдарч байна.


Цогт Бадамжав байшингаа хийц, загварын хувьд өвөрмөц төрхтэйгөөр хийснээс гадна Оросын хаан ширээ унасныг бэлгэдэн байшингийнхаа орой дээр дөрвөн хөлийг нь дээш харуулсан ширээ байрлуулсан нь хувьсгалт үзэлтэй хүн байсныг нь илтгэдэг.

Улаанбаатар хотын музейн үнэ цэн

Цогтбадамжав хувьсгалт үзэлтэй хүн байсан учир Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүд 1921 оны долдугаар сарын 8-ны өдөр Нийслэл Хүрээг чөлөөлөх үеэр энэхүү байшингийнхаа нэгэн өрөөг жанжин Д.Сүхбаатарт хүлээлгэн өгсөн байна.

Тус байшинд 1921 оны долдугаар сард Монгол Ардын Намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан нь барилгын үнэ цэнийг улам өсгөж буй томоохон баримт юм. 1930-аад оны үед тус байшинд Зөвлөлт-Тува улсын элчин сайдын яам байрлаж байв.


Улаанбаатар хотын музей байгуулагдсан нь

1944 онд МАХН-ын Төв хорооны долдугаар тогтоолоор уг байшинд Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гарч, 1946 оны гуравдугаар сарын 1-нд МАХН-ын 25 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын музейг байгуулжээ. 1953 онд Д.Сүхбаатарын музейг Х.Чойбалсангийн музейтэй нэгтгэж Сүхбаатар-Чойбалсангийн ордон музей болгон нэгтгэхэд эндээс музейн бүх үзмэр тухайн музейд шилжиж, уг байшинд Хэвлэлийн төв газар оржээ.

1956 оны 07 дугаар сарын 09-нд уг байшинд “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн”-г нээснээр өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотын музей болон олон нийтэд Улаанбаатар хотын үүх түүх, үнэ цэнийг сурталчилан, таниулсаар байна.


Яагаад хамгаалах ёстой вэ? 

• Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолоор “түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байшин” гэж үзээд улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад,
• Засгийн газрын 1994 оны 12-р сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад,
• Засгийн газрын 2008 оны 5-р сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад тус тус бүртгэн авч түүх соёлын ач холбогдолтой, үнэт өв гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрчээ.

Хотын иргэд маань саяхнаас л өв түүх, дурсгалт барилгууддаа анхаарал тавьж, үнэ цэнийг ойлгон, тэдгээрийн төлөө дуу хоолойгоо нийгэмдээ хүргэх болсон. Нийслэлчүүд бид өнгөрсөн намар гэхэд л “Барилгын чанар муудсан” гэдэг хангалттай бус шалтгаанаар “Байгалийн түүхийн музей”, “Хэлмэгдэгсдийн музей” зэрэг нийслэл хотын санах ой, түүхийн гэрч болсон үнэт барилгуудаа алдаад буй. Цаашид энэ алдаагаа ахин давтахгүйн тулд иргэд олон нийт одоо байгаа дурсгалт газруудаа өөрсдөө асран тойглож, идэвх санаачилга гарган тордож арчлах хэрэгтэй байна.


“Улаанбаатар музей” төслийн тухай

Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрөөс төрсөн гарсан төслийн багийн залуус “Улаанбаатар музей” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Цаг үеэ олсон, залуу үеийнхнийг уриалсан энэхүү төсөл олон нийтэд маш сайн хүрч, олон нийтийн дэмжлэг талархлыг хүртсээр байгаа билээ.

Одоогоор Улаанбаатар музейн танхимын засвар хэдийн эхэлчихсэн явж байгаа бөгөөд засвар дуусахад санхүүжилт дутсаар байгаа ажээ. Тиймээс ч төслийн багийнхан хотын иргэдээс хамтдаа музейгээ хамгаалахыг уриалсаар байгаа юм. Санхүүжилтийн асуудлаас үүдэн музейн засварын ажил төлөвлөгөөнөөсөө хоцорч байгаа тул Улаанбаатар хотынхоо түүх соёлыг хүндэлж, музейн засварт хандив өгөх хүсэлтэй иргэд яаравчлах хэрэгтэй байгааг сануулъя.

Бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон, үйлсийн сайхан Улаанбаатар хотынхоо музейг хайрлан хамгаалах энэ ажилд цөөн хэдэн хүн их дүнтэй хандив өгөхөөс илүүтэй олон хүн бага боловч хандив өгөх нь урт хугацаандаа соёлын олон эерэг хандлагыг бидэнд төлөвшүүлэх нь маргаангүй.


"Улаанбаатар музей" төслийн багийнхан