Шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug 2019 арга хэмжээ дөрөв дэх жилдээ тун амжилттай зохион байгуулагдлаа. Бүтэн өдрийн турш мэдлэг мэдээлэл түгээж, эрч хүчээр цэнэглэдэг Unplug арга хэмжээний үеэр 800 гаруй шинийг эрэлхийлэгч залуус нэгэн дээвэр дор цуглаж, шинэ санаа гаргагчид, салбартаа түүчээлэгчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчидтэй баяртайгаар уулзсан юм.

Илтгэл хэлэлцүүлгийн шинэ форматууд, илүү олон илтгэгч, илүү олон компани, илүү бүтээлч агуулга бүхий, хиймэл оюунд суурилсан Чимэгэ системийн хөтөлсөн энэ удаагийн Unplug дээр юу юу болж өнгөрснийг та бүхэндээ тоймлон хүргэе. 

Unplug 2019-ийг Мобикомын Candy үйлчилгээ, Оюу толгой, ХААН Банкны Signature үйлчилгээ, Нөмөр аппликейшин ивээн тэтгэж, бүтэн өдрийн гайхалтай арга хэмжээ зохион байгуулах нөхцлийг бүрдүүлснийг хамгийн эхэнд талархалтайгаар дурдъя.

МЭДҮҮШТЭЙ: УТГА УЧИРТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД

Unplug жил бүрийн хамгийн онцлох сэдвүүд, чиг хандлагуудыг сонгон авч, салбарын манлайлагчид, шилдэг гүйцэтгэх захирлууд, нийгмийн зүтгэлтнүүдийг урин утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ.

Эхний хэлэлцүүлэгт зочдоор Премиум Группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Оюу Толгой ХХК-ийн ерөнхий зөвлөх Ц.Бүжин нар оролцож, байгууллагын соёл, багийн ажиллагааны талаар болоод ажил мэргэжлийн талбарт хэрхэн карьераа авч явах тухай сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Технологийн шилжилт байгууллагын шат дамжлага бүрд бүрэн нэвчиж, нийгмийн амьдрал ч асар хурдтай өөрчлөгдөн буй энэ үед байгууллагын соёлын тухай ойлголт, түүний үзүүлэх нөлөө юу юунаас илүү чухал болоод байгааг дурдах юун.

Монголын хамгийн нууцлаг CEO хэн бэ гэж асуувал бид ямар ч эргэлзээгүй Ц.Эрдэнэбилэгийг цохох байсан нь санамсаргүй хэрэг биш. Энд тэнд яриа өгөөд байдаггүй, тодорч гялалзах нь ховорхон атлаа гүйцэтгэл ажлаараа Монголдоо толгой цохиж, хамгийн топ компаниудын нэгийг өндөр өсөлттэйгөөр удирддаг энэ эрхэмтэйгээ ярилцах завшаан Unplug дээр олдсон юм. Тэрээр хөдөлмөрийн зах зээлийн бүтцэд миллениалууд болон шинэ мянганыхан давамгай болон өөрчлөгдөж байгаа энэ үед өөрийн удирдлагын арга барилыг хэрхэн өөрчилж, дасан зохицож байгаа талаар илэн далангуй ярьсан юм. Мөн зах зээлийн гол өрсөлдөгч компаниа худалдаж авч нэгтгэсэн нь түүний компанийн соёлын тухай ойлголтод хэрхэн нөлөөлснийг хуваалцсан нь зөвхөн Unplug-ийн тайзнаа яригдсан өнцөг байлаа.

Н.Энхжаргал бол менежментийн зөвлөх үйлчилгээгээний чанар, цар хүрээ, агуулгаараа Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн топ менежер. Тэр MCS-д ажиллах хугацаандаа суралцсан зүйлс болон Монголын бусад компаниудад ажиллах үедээ ажигласан түгээмэл алдаа, дутагдалтай зүйлсийн талаар нэн сонирхолтой байдлаар бидэнтэй хүүрнэсэн юм. Өдгөө технологийн стартап компани удирдаж, мэдээлийн технологийн инженерүүдтэй тулж ажиллаж буй тэрээр өөр мэргэжлийн, өөр чиглэлийн хүмүүсийг хэрхэн зангидаж, асуудал-бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байгаагаа чин үнэнээр ярьсан нь оролцогчдын сэтгэлд хүрсэн болов уу.

2019 оны бизнесийн орчны хамгийн тод үйл явдал нь жижиглэнгийн сүлжээ дэлгүүрүүдийн цэцэглэлт-өрсөлдөөн байв. Энэ өрсөлдөөн дунд цахиур хагалж, тодрон буй дүр нь "CU". Уг сүлжээг Монголд нэвтрүүлж, шинэ стандартыг тогтоож буй Премьер группийн ТУЗ-ын дарга А.Ганхуяг багийг зөв бүрдүүлэхэд зөв хандлага юунаас ч илүү хэрэгтэйг онцолж байлаа. Зөв хүмүүсээ цуглуулж чадсан бол нийт ажлын чинь 50 хувь бүрдсэн гэсэн үг хэмээн тэр өөрийн яг одоо төвлөрч байгаа ажил дээр тулгуурлан, мөн MCS Группийн дэд ерөнхийлөгчөөр ажилласан 10 жилийн туршлагаасаа хуваалцахдаа дахин дахин онцолж байсан юм.

Аль хэдийн үүсгэсэн байгууллагын соёлоороо манлай-үлгэр жишээ болж чадна хэмээн Оюутолгой ХХК-ийн авьяас, ур чадварын ерөнхий зөвлөх Ц.Бүжинг бид зочноор урьж, түүнээс урт хугацаанд талентуудыг татах-тогтоох-хөгжүүлэх туршлагыг нь, дэлхийн топ компаниудын нэг Рио Тинтогоос суралцаж болох зүйлсийг нарийвчлан асуусан юм. Ажилтнууд бие биеэ сорьдог, хөгжүүлдэг, суралцдаг орчин үүсэхэд тав тухтай байдал хамгийн гол саад болдог бөгөөд бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж цаг алдах хэрэггүй тухай ярьсан нь чухал санаа байлаа. Мөн анхнаасаа л дарга, захирлаар авгайлж харьцах нь харилцаанд шууд хана-хэрэм босгочихдог гэдгийг дурдсан нь үнэн санагдав.

Бид энэ сэдвийг өөрсдийн өмнө тулгарсан бодит хэрэгцээнээс үндэслэн сонгосон юм. Үйл ажиллагаа өргөжиж, баг томрохтой зэрэгцэн байгууллагын соёлыг бүрдүүлэх тухай ойлголт манай багийн өмнө зайлшгүй тулгарах болсон билээ. Зочдоо сонгохдоо ч олон талт, үр өгөөжтэй яриа гараасай хэмээн эдгээр захирлуудыг урьсан маань талаар болсонгүйд тун баяртай байна. Бусад оролцогчдод ч ижил сэтгэгдэл төрсөн гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн хэлэлцүүлгийн сэдвээ бид мөн л энэ цаг үед онцгойлох авч үзэх учиртай "Цахим соёлын довтолгоо" сэдвийн хүрээнд өрнүүлсэн юм. Монгол ТВ-ийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ, Анлимитед Медиа Группийн дэд захирал Ж.Хулан, BSP компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү, жүжигчин, хөтлөгч О.Цэнгэл нарын зочид мэдээллийн боловсрол, дижитал хэрэгслүүд, сошиал медиа сувгуудыг зүй зохистой хэрэглэх, эерэг нөлөөллийг түгээх сэдвээр ярилцсан нь тун цаг олсон, чухал яриа боллоо.

Монгол ТВ-ийг хамт удирдахын сацуу сошиал медиа сувгуудыг маш үр дүнтэй, үлгэр жишээ ашигладаг Г.Бат-Эрдэнэ захирал орчин цагт сошиал медиагаас үүдэн "хүн бүр редакц” болсон шүү, бид интернетээр хийж буй үйлдэл, түгээж буй мэдээлэл бүрдээ хариуцлагатай, бодолтой хандах хэрэгтэйг онцолсон. Мөн Монгол ТВ-ийн онцгойлон анхаардаг, контент дээр хурцаар тавигддаг оюуны өмчийн асуудал 10 жилийн өмнөхөөс ихээхэн дэвшилттэй яваа, 10 жилийн дараа гэхэд дахиад бүр өөр түвшинд гарна хэмээсэн нь сонсоход таатай мэдээ байв.

Ub.Life, Gereg сэтгүүлийг төлөөлж буй, сэтгүүл зүйн багшаар ажиллаж байсан Ж.Хулан өнөө цагт маш тулгамдсан асуудал болоод буй мэдээллийг нягтлахгүй түгээх хандлагын талаар ярьж байв. Тухайлбал энэ асуудал нь нас насныханд өөр өөр шалтгаантай байдаг аж. Залуу хүмүүс амьдралын туршлагагүйгээс хуурамч мэдээ түгээдэг бол идэр насныхан мэдээллийг үнэн зөвийг нягтлах завгүйгээс, ахмад настай хүмүүс болохоор бусадтай ярилцах хэрэгцээнээс үүдэн “зүгээр л” түгээж орхидог ажээ. Мөн сошиал медиаг хэрэглээг цензурдэх, элдэв зохицуулалт хийх нь эргээд сөрөг нөлөөтэй гэдгийг зарим улсын жишээгээр ярьсныг дурдах нь зүйтэй.

BSP компанийн гүйцэтгэл захирал Г.Баярхүү ярихдаа сошиал медиа дахь нэг сөрөг мэдээ 10 эерэг мэдээтэй тэнцдэг тул эерэг мэдээ хуваалцахгүй юм аа гэхэд сөрөг мэдээллийг аль болох түгээхгүй байхыг уриалсан нь чухал санаа байлаа. Мөн өнөө цагт дижитал орчинд өөрийгөө илэрхийлэхдээ өөрийнхөөрөө байх нь "тренд" болоод байгааг онцолж байлаа. Түүнчлэн цаг үеийн шаардлагаар компаниуд нийгмийн асуудлыг шийдэнгээ бизнесийн зорилгодоо хүрэх чиг хандлага давамгайлах болсныг дурдсан юм.

Инстаграм дээр л гэхэд 230 гаруй мянган дагагчтай жүжигчин, хөтлөгч О.Цэнгэл харин цахим орчноос олж мэдсэн сонирхолтой ажиглалтуудаа хуваалцав. Тухайлбал хүмүүс бусдыг дагахдаа бүх зүйл нь таалагддаг гэдгээр дагадаггүй, хааяа л нэг өөрт нь таалагдах пост оруулдаг болохоор дагадаг юм байна гэсэн нь өмнө дурдсан өөрийнхөөрөө байх нэг шалтгаан гэлтэй. Мөн тэрээр ирсэн оролцогчдод амьд харилцааг эрхэмлэн сайхан дурсамж бүтээхийг уриалад өөрийн хэрэглэдэг нэг аргыг хуваалцав: Тэрээр найзуудтай уулзахдаа эхэнд нь юм уу дунд нь зэрэг утсуудаа гаргаад зураг авах, сошиал медиад пост хийх зэрэг үйлдлийг цуг хийгээд, утсаа бүгд орхин яриагаа үргэлжлүүлдэг гэсэн билээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Г.Бат-Эрдэнэ захирал ирсэн оролцогчдод "Өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг хүндлээрэй" хэмээн уриалсан нь хэлэлцүүлгийн агуулгыг сайхан базсан, цахим соёлын хамгийн энгийн бөгөөд чухал зүйлийг онож хэлсэн хэрэг байв.

БОДУУШТАЙ: ТҮҮДГИЙН ДЭРГЭДЭХ ХӨӨРӨЛДӨӨН

"Unplug 2019"-ийн агуулгад орсон нэг чухал нэмэлт бол "Түүдгийн дэргэдэх хөөрөлдөөн" хэмээн бидний тодорхойлсон ярилцлага байв. Энэхүү форматын гол онцлог нь зочид маань харилцан яриа өрнүүлж, өгөгдсөн сэдвийн хүрээнд нээлттэй илэн далангуй хэлэлцэхэд оршиж байв. Урьдчилан бэлдсэн зохиол, сэтгүүлчийн асуух асуултгүйгээр зочид маань заалны уур амьсгалыг мэдрэн, үндсэн сэдвээ барин амьд яриа өрнүүлээсэй гэж бид хүссэн.

Энэ хүрээнд бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг урин 2 хөөрөлдөөнийг зохион байгуулав:

"The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиун нар "The Hu" хамтлагийн амжилтын эх үүсвэр болон соёл урлагийн салбарын хөгжил ба үр өгөөжийн талаар ярилцаж, залууст хандан тууштай байхын чухлыг өөрсдийн жишээгээр онцолсон билээ. Арга хэмжээнээс гуравхан өдрийн өмнө Монгол төрийн дээд шагнал "Чингис хааны одон" хүртсэн Б.Дашдондог продюсер ийнхүү шагнал хүрсэн урам, догдлолоо өөрийн яриа, сургамжаар дамжуулан ирсэн оролцогчдод дамжуулсан билээ.

Харин нийтлэлч, зохиолч Б.Цэнддоо, шог зураач С.Цогтбаяр нар шинэ үеийнхний онцлог, тэдний ахмад үеийнхэндээ хандах хандлага болоод залуус ахмад үеийнхэнтэйгээ үр дүнтэйгээр хамтран ажиллах тухай өөрсдийн бодлыг хуваалцсан билээ. Тэдний ёжтой, хошин ярианууд оролцогчдод нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах сэдлийг өгсөн нь гарцаагүй. Үе үеийн ялгаа, зөрчилдөөний тухай сэдвүүд сүүлийн үед их яригдах болж, олны анхаарлын төвд байгаа энэ үед, миллениалс цугларсан танхимд цочроо өгөхүйц санаанууд энд дурдагдсаныг онцолъё.

ҮЗҮҮШТЭЙ: БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Бид хамгийн их хүнд хүрч, хүлээлт дагуулдаг булан болох "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагаа Unplug-ийн тайзнаа шууд үзэгчдийн өмнө хийж, эвентээ хаадаг уламжлалтай. Анхны жил Холливудад хөл тавьсан анхны монгол жүжигчдийн нэг Б.Амарсайхан, 2017 онд Петровис группийн үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл, 2018 онд Анд Глобал, ЛендМН-ийг үүсгэн байгуулагч Ч.Анар нар ярилцлагын хүндэт зочноор уригдаж байсан билээ.

Энэ жилийн хувьд уламжлал ёсоор ярилцлагын зочин нууц байсан бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид тайзнаа гарч ирсэн нь оролцогчдод сюрприз болсон юм. Үзүүлж буй амжилт, тоглолтын арга барилаараа дэлхийг шуугиулж буй залуус маань өөрсдийн карьерын түүх, арга барилыг залууст хуваалцан урам зориг өгч, танхимд хөгжилтэй таатай уур амьсгалыг бий болгож байлаа.

Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болсон залуустаа бид Олимпийн наадмын эрхээ авахыг ерөөн амжилт хүсэв.

СОНСУУШТАЙ: ИРЭЭДҮЙ РҮҮ ХӨТЛӨХ ИЛТГЭЛҮҮД

Токио хотоос эхлэн өдгөө дэлхийн 1000 гаруй хотноо зохион байгуулагддаг болсон, бидний сайн мэдэх TEDx илтгэлийн “хайку” хувилбар гэж хэлж болох "Pechakuchа" арга хэмжээ Unplug 2019 арга хэмжээний үеэр болсон нь олон хэлэлцүүлгийн дундах онцгой шигтгээ байлаа. Ямар нэг санаа ба түүхийг сонирхолтойгоор илэрхийлдэг PechaKucha илтгэлийн гол онцлог нь илтгэгч бүр өөрийн сонгосон 20 зургийг тус бүрийг нь 20 секундийн дотор тайлбарладаг. Энэ хүрээнд бидний урьсан салбар бүрийн төлөөлөл - дөрвөн зочин өөрсдийн үзэл бодол, санал санаачилга, хүсэл зорилгыг 20 зургаар, 400 секундэд бүтээлчээр илэрхийлэхийг зорьсон юм.

Тухайлбал, тэтгэвэр, даатгалын сангийн үр ашгийн тухай “Ard Life”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Монголын сансар судлалын хөгжил ба удахгүй хөөрөх монгол хиймэл дагуулын тухай Монголын Сансрын Технологийн Холбооны ерөнхий инженер Т.Төртогтох, уур амьсгалын өөрчлөлтийн талаар МУИС-ийн ахлах багш, доктор Ш.Анармаа, Чимэгэ системс ба хиймэл оюуны хөгжлийн талаар “Chimege Systems” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал нар ярьж, өөрсдийн түүх болоод салбарынхаа ирээдүйн талаар хуваалцсан юм.

Шинэхэн албаа хүлээн аваад удаагүй байгаа Б.Гантулга яагаад тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нь санаа зовох зүйлгүй, найдвартай ирээдүйн гол баталгаа вэ гэдгийг бидэнтэй хуваалцав. Тэрээр өмнө нь 2016, 2017 онуудад Unplug арга хэмжээний панелистаар оролцож байсныг ташрамд дурдъя.

ЯЛАГЧИД: СТАРТАП ЭКОСИСТЕМИЙН ОНЫ ШИЛДГҮҮД

Unplug-ийн тайзнаа тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн "Unread Awards"-ийн ялагчдыг уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын 21 сэтгүүлч, мэргэжилтний олонхын саналаар тодруулсан юм.

Шилдэг санаачилга: Энэ жилийн Unread Awards-ийн "Шилдэг санаачилга"-аар Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мобиком корпораци, Оюу Толгой компанийн хамтарсан "Яараад яахав дээ" нөлөөллийн аян тодорлоо. Өнгөрсөн жил уг шагналыг авсан “Ид шидийн орон” төслийг төлөөлөн Ч.Ганжавхлан энэ жилийн шилдгээр тодорсон байгууллагад шагналыг гардууллаа.

Шилдэг энтрепренер: Unread Awards-ийн 2019 оны “Шилдэг энтрепренер”-ээр дэлхийд алдартай Forbes, Marie Claire тэргүүтэй олон сэтгүүлийг нэгтгэсэн World Plus апп-ийг Сингапур, Япон улсад албан ёсоор нээгээд буй “Woovoo” компанийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр тодорлоо. Шагналыг өнгөрсөн жил “Шилдэг энтрепренер”-ээр тодорч байсан Анд Глобал компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар гардуулсан юм.

Шилдэг стартап: Энэ жилийн "Шилдэг стартап"-аар Call Pro тодорлоо. Тэд байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг 100 гаруй байгууллага, компанид нийлүүлж, хамтран ажилладаг билээ.

Шилдэг апп: "Unread Awards"-ийн “Шилдэг апп”-аар технологийн шийдлийг ашиглан эрүүл мэндийн даатгалыг иргэдэд ойртуулах Insur апп тодорлоо. Шагналыг өнгөрсөн жилийн шилдгээр тодорсон M Plus-ийг бүтээгч Х.Эрдэнэбаяр гардуулсан юм.

Уламжлал ёсоор бид голлох хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Unplug Awards-ийн номинациудад хэрхэн санал өгснийг нээлттэйгээр зарлая:

БҮТЭЭГЧИД: UNPLUG MArketplace

Unplug Marketplace бол Монголын хамгийн анхаарал татсан, хамгийн сонирхолтой стартап компаниуд, шинэ содон бизнес үйлчилгээнүүдийг нэг дор цуглуулдаг үзэсгэлэн юм. Энэ жилийн үзэсгэлэнд нийт 30 орчим шинэ шинэлэг бизнес үйлчилгээ танилцуулагдаж, арга хэмжээнд ирэгсдэд олон бэлэг, боломж, сюрпризийг барьсан билээ.

ШИНЭЧЛЭЛ: uNread-ИЙН ШИНЭ ВЕБ + КОНТЕНТ

Энэ жилийн онцлох Update бол Unread сайтын өөрчлөлт, контентуудын шинэчлэл байв. Unread-ийн багийнхан бид уншигчдадаа зориулан Аравт, Өртөөлөгчид, Elements, The Conversation зэрэг шинэ контентуудыг ойрын хугацаанд хүргэж эхлэх юм. Энэхүү шинэчлэлийн талаар та дараах блог бичвэрүүдээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Unread.Today вэбсайт шинэчлэгдлээ

Unread.Today үндсэн контентууд шинэчлэгдлээ

АЛДАШГҮЙ: БӨӨН БЭЛЭГ + БӨӨН СЮРПРИЗ

Түүнчлэн Unplug арга хэмжээ маань уламжлал ёсоор байгальд ээлтэй байх бодлогоо барин 800 оролцогчид модон халбага, сэрээ, соруулын иж бүрдлийг бэлэглэж, цаасан хэвлэл ба чимэглэлээс татгалзан технологийн шийдлүүдийг сонгож, ангилал бүхий хогийн савнуудыг байршуулан “Ногоонбаатар”-ын сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллав.

Мөн Unplug-ийн үеэр оролцогчдод 5 минут тутам бэлэг түгээж байсныг онцолъё. Бид хамтрагч байгууллагуудтайгаа хамтран 160 гаруй бэлгийн багц боож, сошиал орчинд хамгийн идэвхтэй байсан оролцогчдод бэлэг өгсөн юм. Шинэ жил эрт ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэм баяр хөөртэй орчныг бүрдүүлэхийг бид эрмэлзсэн билээ.

Зохион байгуулагдах бүрдээ улам сайжран, шинэ стандартыг тогтоож, оролцогчидтойгоо хамт хөгжихыг эрмэлзэн байдаг "Unplug" ирэх жилийн 11-р сарын 28-нд эргэн ирнэ. Тэр үед та бүхэнтэй баяртайгаар эргэн уулзъя.