Хог хаягдал, ангилан ялгалт, дахин боловсруулалт зэрэг чихнээ хэдийн танил болсон ч бодит үйл хэрэг болтлоо урт зам туулж яваа олон асуудал бий. Өнөөдөр бид тэр хол замыг богиносгох зорилготой Экобин ХХК-ийг онцолж байна. Тус компанийн үндэс суурь нь өдөр тутам тулгардаг ахуйн энэ хэрэгцээг шийдэх гарцыг эрэлхийлсэн иргэдийн санаачилга байжээ. Ингээд хог хаягдлын салбарт тулгамдсан асуудлуудыг олж харан, шийдлүүдийг бүтээлчээр нэвтрүүлж буй Экобин ХХК-ийн захирал П.Очирпүрэвтэй ярилцлаа.

Нэр: Экобин ХХК
Хаяг: Зоос гоёл, 3 давхар, 313 тоот
Чиглэл: Хог хаягдлын менежмент
Үүсгэн байгуулагч: П.Очирпүрэв, Олег Мазальков, Т.Төмөрбат
Үүсгэн байгуулагдсан: 2018
Холбоосууд:​ Экобин (Фэйсбүүк)

сэдэл

Анх хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сард хамтран байгуулагчид болох Олег Мазальков, Төмөрбат нартайгаа ярьж суухдаа бизнесийн санаагаа олсон юм. Амьдрах эрүүл орчин, дахин боловсруулалт, Монгол улсын техник технологийн тухай ярьж яваад хог хаягдлын сэдэв рүү орсон л доо. 21 дүгээр зуунд бидэн шиг хогоо хүрздээд сууж байдаг улс одоо байхгүй. Улмаар бид Оросын 2018 онд Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ашигласан хог хаягдлын технологийг оруулж ирье, судалъя, хөгжүүлье хэмээн шийдсэн юм.

Ингээд Нийслэлийн засаг даргын иргэд хүлээн авах цагаар орж уулзаад, есдүгээр сард нь Подольск хотоос Экобины хоёр ширхэг том сав оруулж ирээд, Нийслэлээс өгсөн зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд байршуулан туршиж үзсэн. Турших явцдаа манай улс хог хаягдлын том оврын хогийн савгүй, газар дээр нь ангилах, өндөр хурдтай ачих тээвэрлэх тогтолцоогүй, стандартын хогийн цэггүй, түүнийг ачдаг технологи гэхээр зүйлгүйг ч бүр их мэдэрсэн шүү.

ялгарал

Экобин хоёр төрлийн технологийг нэвтрүүлж байгаа. Нэг нь дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авдаг “Экокэш” автомат машин, нөгөө нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан, өндөр хурдтай ачих зориулалттай “Экобин” сав болон технологид зориулан бүтээсэн автомашин.

Экокэш автомат машин нь олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад ATM шиг байршина. Машин нэг хуванцар савыг иргэдээс 20 төгрөгөөр худалдан авдаг. Ингэснээр тухайн хүн дахин боловсруулагдах хог хаягдлаа бидэнд зарахын хамтаар хаягдалгүй худалдан авалт хийх боломжтой болж байгаа юм. Одоогоор Экокэш машинд MCS Coca Cola, АПУ, Монос хүнс, Номин, GN Beverages зэрэг компаниудын бүтээгдэхүүнийг таних, худалдан авах тохиргоог суулгасан. Цаашдаа нэмэгдээд явна.

Харин Экобиний санал болгож буй технологи зардлаа нэмэгдүүлэхгүйгээр одоо байгаагаас 3 дахин их бүтээмжтэй ажиллах боломжтой гэдгээрээ онцлог. Ухаандаа гараар 2.5 цагийн турш ачдаг хогийг хоёр минутанд л ачна. Ачих ачихдаа хогоо холилгүйгээр, ачигчийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, орчин тойрноо огтхон ч бохирдуулахгүй, үнэр танар гаргахгүйгээр тээвэрлэх, хаях боломжтой шийдэл юм. Анхнаасаа хогоо хаяхдаа ангилан ялгах тул зайлуулах, аваачиж булах хогны хэмжээ ч 2-3 дахин бага болж байгаа. Ингэснээр СӨХ-ны хогны төлбөр багасна, нөгөө талдаа дахин боловсруулагддаг хогноосоо орлого олох боломжтой.

экобин гэж юу вэ? (ТОВЧ ТОДОРХОЙЛОЛТ)

Хог хаягдал тээвэрлэлт, цуглуулалтын чиглэлд тэргүүлэгч технологи. Дахин боловсруулалтын дэд бүтцийг бий болгох нь бидний гол зорилго.

нэр

Эко нь байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэйг илэрхийлж байгаа. Бин гэдэг нь хувин гэсэн утгатай үг л дээ. Нийлээд “Экобин”.

одоо

Анх Экокэш автомат машины санаагаа олчихоод эхний ээлжинд техникийн даалгавраа өгөөд Хятадад нэг машин үйлдвэрлүүлсэн. Бэлэн болмогц шууд Казакстаны үзэсгэлэн худалдаанд оролцуулж үзэхэд тун боломжийн байв. Бид байгаа мөнгөндөө тааруулаад нэмж 12 машин үйлдвэрлүүлэн авч ирэхэд Нийслэлээс нэг машиныг нь худалдан авсан. Бусдыг нь Номингийн салбаруудад байрлуулсан байгаа. Одоогоор автомат машинуудынхаа туршилт, сайжруулж болох зүйлсийн мэдээллийг цуглуулаад явж байна. Сонирхуулахад машины програм хангамжийн ажлуудыг бүгдийг нь монгол компаниуд бичсэн. Нэгэнт бид програмтай болчихсон учраас Hardware үйлдвэрлэгчээ солиод, эх орондоо угсарч болох юм байна гэж үзэж байгаа.

Гэвч бид өнгөрсөн онд ямар ч ашиггүй ажиллаж, хүндхэн жилийг өнгөрүүлсэн. Үүнд хог ачих том оврын 4 машинд маань ажиллах бололцоо гаргаж өгөлгүй жил хагас шахам хий зогсолттой байлгасан нь ихэд нөлөөлсөн. Үүн дээр бид нэг тайлбар хиймээр байгаа юм. Экобин бол зөвхөн менежментийн компани. Бид хог тээврийн бааз байгуулах зорилгогүй. Хог хаягдлын зөв, бүтээмжтэй тогтолцоог бий болгох нь л бидний зорилго. Түүнээс бид хог ачилтын компаниудыг зах зээлээс шахаад, өөрсдөө хог хүлээж аваад, худалдаад, ачаад явахгүй гэдгээ тодотгомоор байна. Технологио, машинаа оруулж ирээд туршья гэхээр “Биднийг ажилгүй болгох нь” гэдэг хандлагаар зөвшөөрөл өгөхгүй нэлээн хүндрэл учруулж байгаа. Харин ч туршилтууд амжилттай байвал бид ачилтын компаниудтай ирээдүйд технологиороо хамтран ажиллах юм шүү дээ. Тэр хүртэл юу нь болох болохгүйг мэдэх, засаж сайжруулах, турших л зорилготой байгаа юм.

Хог ачих зөвшөөрлийг дүүргээс өгдөг. Эрх зүйн орчин заавал дүүргүүдтэй уялдаатай байдгаас ажиллах боломж олдохгүй, хувийн хэвшлүүд “Экобин” том савыг өөрийн зардлаар байршуулаад ачилтыг манайхаар хийлгэх хүсэлт өгөөд байхад л хориглоод байна. Худалдан авалтын хуулийн 34.2.1-ийн дагуу дүүргүүд орон нутгийн өмчит газруудаараа дамжуулан шууд гэрээ хийгээд ажиллах гаргалгаа бол бий. Зарим дүүргүүд хажуудаа бүр дөрвөн орон нутгийн өмчит газартай. Ингэхээр бидэнд энэ ашиг сонирхлын талбарт шинээр орж ирэх жаахан хүндрэлтэй байгаа. Нийслэл дэмжсэн ч дүүрэг дээр очоод гацчихна.

Тэгэхээр одоогоор Экокэшийн туршилт, дата цуглуулах, мэдээллийн бааз үүсгэх, дотоод санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.

баг

Үндсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй. Бусад ажлуудаа мэргэжлийн хүмүүс, байгууллагуудтай хамтран захиалга, техникийн даалгавруудаа өгөөд ажилладаг. Менежментийн компани учраас бидэнд үйлдвэрлэл, жолооч, ачигчдын баг хэрэггүй. Чаддаг хүмүүс нь чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Бидний ажил бол замыг засаж, дэд бүтцийг хөгжүүлэх.

ирээдүй

Бид энэ жилийн Эх үрсийн баяраар гэхэд дор хаяж 100 ширхэг Экокэш автомат машин гаргах төлөвлөгөөтэй байгаа. Анх автомат машинаа гаргахад бидний хүлээлт бодит байдлаас ихээхэн доогуур байсныг олон нийтийн ухамсар, эрэлтээс харж авсан. Гэтэл хүмүүс ийм технологийг хүлээж, хүсэж байсан юм байна лээ. Анх иргэдийн хандлага дээр ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан бол одоо машинаа л сайжруулах ажилтай болсон. Энэ тал дээр хүмүүсийг хүлээцтэй байгаарай, тасралтгүй сайжруулаад явна гэж хэлмээр байна.

Харин Экобин хогийн сав, ачих технологийн хувьд цэвэр удирдлагын шийдвэр гаргалтаас хамааралтай болчихоод байна. Түүнчлэн хуучны орон сууцууд, тэр дундаа Баянгол дүүргийн хоёр ч орон сууцны байранд ачилт, ангилан ялгалтын технологио туршиж үзэхэд иргэд тун таатай хүлээж авсан. Өдөрт зайлуулах хогны хэмжээ 2-3 дахин багасаж, ангилан хаядаг болсноор оршин суугчдын сэтгэл ханамж нэмэгдэж, орцон дахь таагүй үнэр арилсан. Хог ачихад ч орчин тойрноо бохирдуулахгүй хурдтай, хүндрэлгүй ачна. Цаанаа хөрсөнд хурдан нэвчих, хоргүй хогнууд очиж байгаа. Хэдий технологи, ажилбарын хувьд амжилттай байгаа ч юм гэдэг санасан зорьсон шиг хурдан бүтдэггүй нь жаахан харамсалтай.

эрсдэл

Аливаа бизнест хууль эрх зүй болон эдийн засгийн эрсдэл тохиох нь бий. Манайх эрэлт хэрэгцээтэй, хэрэглэгч нь бэлэн салбарт, орчин үеийн сайн технологитойгоор нэвтэрч байгаа учраас эдийн засгийн болон бизнесийн асуудлаа урт хугацаанд бие даан шийдэн ажиллаж чадна. Тиймээс хууль эрх зүй, тогтолцооны эрсдэл л нийт эрсдлийн 90 хувь нь болж байгаа юм уу даа. Үүнийг анхнаасаа мэдэж байсан учраас маш хурдтай ажилласан. Хог хаягдлын салбарт улс төржилт бага ч ашиг сонирхол их байх юм.

ЖАЙКА, Азийн Хөгжлийн Банк, Азийн сангаас өгсүүлээд олон улсын байгууллагууд ирж, хог хаягдлын бүтцийн судалгаа хийсээр л байдаг. Жилээс жилд илүү олон хүн цуглаж, хог хаягдлын чиглэлээр элдэв форум уулзалт зохион байгуулан асуудлыг шийднэ, гаргалгааг хайж байна гэдэг хэрнээ өөрсдөө мандатаас эхлээд элдэв хог үйлдвэрлэж суудаг нь харамсалтай. Хот, суурин газрын хатуу хог хаягдлын менежментийн судалгаагаар гэхэд Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар 2 сая ам.долларыг Сүхбаатар, Өвөрхангай, Говь Алтай аймагт, Австри улсын нэн хөнгөлөлтэй зээлээр 7 сая еврог Дархан хотод, Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр 3.5 сая ам.долларыг Баян-Өлгий, Увс, Ховд Дорнод аймагт гээд дурдаад байвал маш их мөнгө хөрөнгө оруулалт энэ салбарт тогтмол эргэлдэж байгаа. Гэвч хаагуур, юунд, хэрхэн зарцуулагдаад байгаа нь тодорхойгүй. Бодит байдал 10 жилийн өмнөхөөрөө гэж хэлж болно. Блокон хашаагаар хашсан хогийн цэг дээр ялаа батгана шаваад, түүнийг нь бөөн хэрүүл болж сардаа нэг нь гараараа хүрздэж л харагддаг.

Бидний хувьд энэ хугацаанд мөнгөн ашиггүй ч хувийн хэвшил, иргэд, байгууллагуудын уялдаа холбоог бий болгож чадсан. Одоо бодлогын дэмжлэг л хэрэгтэй байгаа. Банкууд хүртэл үнэ нь өндөр байвал нийгмийн хариуцлагын хүрээнд сайн нөхцөлтэй лизинг гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.