Бэлэг гэдэг өгч байгаа, авч байгаа хэнд ч болов аз жаргал, баяр баяслыг мэдрүүлдэг амьдралын нэгэн чимэг билээ. Хайртай дотнын хүндээ өгөх бэлгийн санаа, хэрхэн өгөх зэрэг энгийн боловч эргэлзээ дагуулдаг асуудлыг тун бүтээлчээр шийдсэн Giftbox.mn-ийг бид энэ удаа онцоллоо. 

Нэр: Gift Box
Хаяг: Ayud tower, 12 давхар, 1208 тоот
Чиглэл: Дижиталд суурилсан бэлэг сонголт, хүргэлтийн цогц үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Д.Энххорвоо
Үүсгэн байгуулагдсан: 2020
Холбоосууд: www.giftbox.mn, Giftbox.mn (Фэйсбүүк), giftboxmn (Instagram)

Үүсгэн байгуулагч Д.Энххорвоо

сэдэл

Giftbox-ийг эхлүүлэх сэдэл нь ердөө л хүн бүрд бэлэг авахад гарч ирдэг тэр жижигхэн асуудлуудаас бий болсон. Бэлгийн зах зээл манайд сайн хөгжөөгүй, тус тусдаа, салангид байгаа нь манай багийнхнаас гадна олон хүнд “Бэлэг сонголт, хүргэлтийн нэгдсэн, чанартай үйлчилгээ байдаг ч болоосой” гэсэн бодлыг төрүүлж байсан байх. Тийм болохоор анхнаасаа нарийн ширийн судалгаа бололгүй санаагаа багийнхантайгаа хуваалцаад, дэмжигдсэнээр шууд л эхлүүлсэн дээ.

ялгарал

Ялгарлаа цөөн үгээр тодорхойлж хэлбэл дижиталд суурилсан, шинэлэг, чанартай, хурдан, сэтгэл ханамж өгч чадах, гэгээлэг платформ гэж хэлнэ. Түрүүнд хэлсэнчлэн бизнес маань хувь хүмүүст гардаг асуудлууд дээр үндэслэсэн тул бэлэг сонгоход юу төвөгтэй байдаг гэдгийг бодолцож, тэр асуудалдаа шийдэл олохыг, гаргасан шийдлээ хэрэглэгчдэдээ санал болгохыг хичээснээрээ онцлог.

Ер нь бид бэлгүүдээ бэлдэхдээ гоё чамин, чанартай байхаас гадна бэлэг авч байгаа хүний сэтгэлийг хөдөлгөж чадах уу, таатай дулаахан мэдрэмжийг өгч чадах уу гэдэгт анхаарч байгаа. Харилцааны төрөл бүрийн нөхцөл байдалд зориулагдсан захидлын загварууд болон бэлэн бэлгийн картууд ч бий. Хүнийг баярлуулж бэлэг бэлэглэмээр санагдах тэр хүсэл эрмэлзлийг бий болгох, бие биеэсээ уучлал хүсэх, баярлалаа гэдгээ илэрхийлэхийг илүү хялбар болгож өгснөөрөө бас ялгарах болов уу.

Хэрэглэгч манай вэбсайт руу ороод хайрцагны хэмжээгээ сонгоод, түүнд орох бэлгүүдээ мөн сонгоод, төлбөрөө төлөөд, бэлгийн эзэн рүү 3 цагийн дотор хүргүүлэх боломжтой. Үндсэндээ бүх ажил онлайнаар хийгдэнэ. Одоо бүх зүйл цахимд шилжчихээд байна шүү дээ.

Giftbox гэж юу вэ?

Бэлэг сонгох, хүргэх платформоос гадна баяр хөөр бэлэглэх цогц интернэт худалдааны үйлчилгээ (e-commerce).

нэр

Хүмүүст анх сонсоход маш ойлгомжтой байхыг бодож Giftbox гэж өгсөн. Уншихад л “Аан бэлгийн хайрцаг байх нь, бэлэг хайж яваа хүнд зориулагдсан байх нь” гэж ойлгогдоно.

одоо

Бид байгуулагдаад дөнгөж нэг сар л болж байна. Гэхдээ энэ богино хугацаанд багагүй ажил хийж гүйцэтгэлээ. Вэбсайтаа ашиглалтанд оруулж, анхны захиалгуудаа авч, түүнээсээ туршлагажиж явна. Хамгийн гол нь бэлгийн сонголтондоо Европд гуравт жагсдаг, Германы алдарт B2B Boltze брэндийг албан ёсоор оруулж ирсэндээ тун сэтгэл хангалуун байгаа. Boltze брэндийг албан ёсоор оруулж ирснээр бид хэрэглэгчдэдээ илүү чанартай барааг, маш боломжийн үнээр, өргөн сонголттойгоор хүргэх боломжтой болж байгаа юм. Одоо бид Boltze-ийн бараа бүтээгдэхүүнийг Westwing.com-оос биш, харин Монголоос онлайнаар худалдан авах боломжтой болсон гэсэн үг.

баг

Манай багийнхны хувьд өмнө нь 3 жилийн турш Beauty Secrets гоо сайхны нэгдсэн e-commerce платформыг амжилттай хөгжүүлсэн туршлагатай. Giftbox-ын гол нөү-хау нь манай баг гэж болно. Үргэлж шинэ шинэлэг, гэгээн сайхан, гоё юм хийе гэж эрмэлзэж явдаг хүмүүс болохоор бидний санаа тун сайхан нийлж, энэ ажлыг маш хурдан хугацаанд эхлүүлсэн.

ирээдүй

Ирээдүйд бэлгийн зах зээлийн салбарыг илүү хөгжүүлж, шинэ түвшинд гарахад нь Giftbox-ийн зүгээс өгч чадах бүх хувь нэмрээ оруулмаар байгаа.
Ойрын хугацаанд бол бэлгийн сонголтоо өргөжүүлж, бүх насны хүмүүст таалагдах тийм бэлгийн сан, нөөцийг бий болгохоор хичээн ажиллаж байна. Мэдээж хэрэг, энд хэдэн хүмүүс ийм гоё зүйл хийгээд яваа шүү, танд ийм олон боломж байдаг болсон шүү гэдгийг мэдүүлж таниулах хэрэгтэй.
Шинэ үйлчилгээний хувьд байгууллага, хурал, уулзалтын бэлгүүд дээр мерчиндайзаар ажиллах чадамжтай болохоор хичээж байгаа. Ирээдүйд бэлэгтэй холбоотой бүхэн рүү л орно доо.

Эрсдэл

Giftbox-ийн санаа нь энгийн ч хүргэж байгаа арга зам нь шинэлэг байгааг хэрэглэгчдийнхээ хандлага, эрэлтээс мэдэрсэн. 3 жилийн турш e-commerce платформ хөгжүүлсэн туршлага маань Giftbox-ийг богино хугацаанд амжилттай байх бат бөх суурь болж байгаа ч хэрэглэгчид санасныг бодоход хуучин хэв маягтаа хэт дассан байгаа нь ажиглагдсан шүү. Аль болох бэлэн бэлгүүдээс л сонгохыг хичээдэг. Хайрцгаа, түүн дотор орж байгаа бэлгүүдээ бэлэг авах хүндээ зориулаад сонгох боломжтой байхад шууд л “Бэлэн бэлэг байна уу?” гэж асуух нь түгээмэл.

Харин зарим нь авах бэлгээ заавал гараар барьж үзэхийг хүсдэг. Энэ тал дээр бол бид аргагүй байдал гэж үзэж байгаа. Ашгийг нэгт тавьсан хувийн онлайн дэлгүүрүүд хэрэглэгчдийг бүр хашраачихсан тал байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор бид одоо сонголтоо чанартай, загварлаг, цөөхөн байлгахад анхаарч байна. Яваандаа хэрэглэгчдийн энэ хандлага өөрчлөгдөж, онлайн худалдааны соёл, онлайн худалдан авалтын экосистем төлөвшөөд ирэхээр бас өөр зүйлс хийж эхэлнэ. Одоогоор бол хэрэглэгчдийн хандлага, худалдааны арга барил л эрсдэл болж байна даа.