Бидний шинэ онд хамгийн түрүүнд онцолж буй бизнес бол аяга дүүрэн аз жаргалыг хэрэглэгчдэдээ барьдаг Jack’s Coffee. Тэд чанартай, найдвартай нийлүүлэгчдээс авсан кофены үрийг дотооддоо хуурч боловсруулан хэрэглэгчдэд шинэхнээр нь хүргэхийн сацуу 6 салбар кофе шопоороо дамжуулан кофены соёлыг түгээдэг. Монголчуудын хэрэглээнд нэвтрээд нэг их удаагүй кофены салбарт дотоодын бизнесийг хэрхэн хөгжүүлж, хэрхэн шинийг эрэлхийлж буй сонирхохоор бид Jack’s Coffee-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргалтай ярилцсан юм.

Бизнесийн нэр: Jack’s coffee
Хаяг:
Jack’s Coffee - СЭЗИС-ийн зүүн урд Orchlon complex
Jack’s Coffee - Hub Innovation Center
Jack’s Roastery
Jack’s Coffee - Emart-ийн Хан-Уул салбар
Jack’s Coffee - Урьхан 1, 2
Үйл ажиллагааны чиглэл: Кофе шоп ба кофе хууралтын үйлдвэр
Үүсгэн байгуулагч: Ч.Ганжавхлан, Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2014
Цахим хуудсууд: Jack's coffee (Фэйсбүүк), @jackscoffee.mn (Инстаграм)

cэдэл

Jack’s coffee-ийн үүсэл нь ердөө Jack (Ганжавхлан)-ийн кофе уух хүсэл болон кофены амтын аялалд гарсан тэр цэгээс эхэлсэн. 2014 он бол Монголд кофены зах зээл хараахан тэлээгүй байсан үе. Кофены хэрэгслүүдээ чирээд хөдөөгөөр аялахын зэрэгцээ байгалийн сайханд кофегоо чанан ууж явдаг байсан. 2015 оноос эхлэн гаднын сүлжээ кофе шопууд Монголд үүд хаалгаа нээн кофены соёлыг манай улсад нутагшуулахад чухал нөлөө үзүүлсэн л дээ. Үүнтэй зэрэгцэн залуусын кофе уух хэрэгцээ болон хүсэл сонирхол нэмэгдэж, дотооддоо кофе хуурч боловсруулах хэрэгцээ аяндаа бий болсон. Энэ салбар зах зээлийнхээ жамаар хөгжиж яваа. Кофе өөрөө их шидтэй, төлөвөө байнга өөрчилж байдаг ундаа учраас яг энэ ундаанд дурласан хүн л үүний учрыг олж чадна.

ялгарал

Шинэ хууралт. Бид өнөөдөр дэлгүүрт ороод кофены тасгаар яваад үзвэл тэнд импортын буюу гаднын улс оронд хууралт хийгдээд хэдэн сарыг ачаа тээвэр болон агуулах зэрэгт өнгөрүүлээд ирсэн кофенууд байдаг. Харин бид дотооддоо хуурч боловсруулан савласан, дотооддоо нэмүү өртөг бий болгосон шинэхэн хууралтын кофег зах зээлд нийлүүлж байна. Нэгдүгээр ялгарал нь энэ.

Хоёрдугаарт, кофе бол өөрөө жимс, ургамлын төрлийн зүйл. Бид кофегоо АНУ болон Европоос чанарын шаардлага хангасан, кофены тариалангийн талбайгаас нь аваад түгээдэг газруудаас авдаг. Мөн ямар ч нэмэлт амт болон үнэр оруулагч, усанд уусагч бодис ашигладаггүй. Кофе нь эквадорын бүс нутгаар ургадаг ба Африк тивийн кофег шууд харилцаа тогтоон тээвэрлэхэд асуудалтай байдаг учир дэлхийн кофены зах зээлийн экспортод голлох тоглогч АНУ болон Европын найдвартай нийлүүлэгчээс авах нь чухал. Мөн кофе шидтэй ундаа гэж түрүүнд дурдсан. Ингэж хэлсэн нь сорт бүр өөр өөр амттайгаас гадна нэг төрлийн кофег хууралт хийснээс хойш хэд дэх өдөрт нь ууж байгаагаас шалтгаалан амт нь мөн бага зэрэг ялгаатай байдаг. Яг нэг кофег 2 өөр хэрэгслээр чанаж уухад хүртэл 2 өөр амт гарна. Үүнийг л амтны аялал гэж нэрлээд байгаа юм.

Бидэнд 8 төрлийн кофе байна. Цаашид төрөл зүйлээ нэмж тив бүрийн хөрсөнд ургасан сонирхолтой амт бүхий кофег wild буюу яг байгалийнх нь амтаар хуурч боловсруулан кофечдодоо үйлчлэн ажиллана гэж бодож байна. Жишээ нь манайд Индонезийн галт уулын идэвхтэй бүсэд ургасан галт уулын хөрсний амт үл ялиг мэдрэгдсэн Суматра хэмээх төрөл байдаг байсан. Энэ жилийн хураалтаар тэр төрөл дахин ирнэ. Мөн Этиоп кофе байна. Жимсний мододтой ойрхон ургадаг учир хөрсөөр нь дамжин жимслэг исгэлэн амт орохоос гадна бага хууралт хийдэг учир өөрийнх нь жимслэг, ургамаллаг амт нь хадгалагдан үлдсэн байдаг юм. Үнэртээд үзэхэд л эдгээр ялгаа мэдрэгдэнэ.

Jack’s coffee ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол аяга дүүрэн аз жаргал. Үүнийг уугаад хүмүүс эрч хүч авдаг, ажлын бүтээмж нь өсдөг, кофе шопт үргэлж халуун дулаан яриа өрнөдөг эерэг газар. Мөн энэ бол бидний дотооддоо бий болгож буй үйлдвэрлэл, үнэ цэн.

нэр

Ganjavkhlan (Jack) Chadraabal - Jack’s coffee-ийн үүсгэн байгуулагч. Тэгээд л Jack’s coffee.

одоо

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон үйлчилгээн дээр ажиллаж байна. Илүү сайжруулж, жигдрүүлэхээс гадна хэрэглэгчдэд кофены талаарх мэдээллийг хүргэх вэбсайттай болохоор ажиллаж байна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж бүх хэсэг дээрээ илүү сайн байхын тулд бизнесийн зураглалаа эргэн нэг харах зэрэг шинэчлэл, туршилтуудыг хийхэд төвлөрч байна. Хэсэг бүр дээрээ дүн шинжилгээ хийж, одоо байгаа зүйлсээ илүү сайжруулахад хүч зарцуулж байгаа. Мэдээж 2020 онд төлөвлөсөн шинэ зүйлс байгаа ч одоо байгаагаа илүү сайжруулах тал дээр гойд анхаарах болно. Эцэст нь амттай аяга кофе гаргах, ажилчдаа болон хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгах нь үргэлж нэгдүгээрт тавих зорилго байх болно.

баг

Бид харьцангуй жижиг байгууллага учраас нэг хүнээс нэлээн олон төрлийн чадвар шаарддаг. Жишээ нь маркетинг, санхүү, үйл ажиллагаа, захиалга зэргээ бүтцийн хувьд салган хуваарилаагүй байгаа тул багаараа тухайн сарын идэвхжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн, судалгаа зэрэгт орж ажилладаг. Мөн борлуулалт, гүйцэтгэл дээр ч орж ажиллана. Зарим төрлийн ажлыг гаднаас outsourcing хэлбэрээр авч байгаа. Үйлчилгээ хэсэгт ажиллаж байгаа бариста нар маань мөн их ачаалалтай ажилладаг.

Хамгийн гол нь бүгд одоогийн нөхцөл байдлаа ойлгох, ирээдүйд хүрэх үр дүнгээ харж түүнийхээ төлөө ажиллаж байна гэдгээ ухамсарлах нь чухал. Ажиллах зарчмын хувьд хурдтай байхыг хичээдэг. Заримдаа энэ хүсэлдээ хэтэрхий автаад өөрсдийгөө их зовоох нь ч бий. Хангалттай өсөлт биш байна, бид үүнээс илүүг чадна гэх тэр хандлагыг хэлж байгаа юм. Гэхдээ хөрөнгө санхүү болон үйл ажиллагаа зэрэг зүйлс харилцан уялдаатай учраас огцом тэлнэ гэж байхгүй л юм билээ. Олсон ашгаасаа хуримтлал үүсгээд тоног төхөөрөмж авах байдлаар явж байгаа. Энэ нь амттай ч юм.

ирээдүй

Бидний өмнөх үеийн амжилттай яваа бизнес эрхлэгчдийн ихэнх нь нэлээн шашин шүтлэгтэй, сүсэг бишрэлтэй хүмүүс байдгийг анзаардаг байх. Харин бид, одоо үеийнхэн шашин шүтлэг гэж бизнесээ бурханд, мухар сүсэгт даатгахаас илүүтэй өөрсдийн чин хөдөлмөр, тоон тооцоолол, судалгаанд суурилж, түүнийг "алтан гадас"-аа болгон урагш алхах хэрэгтэй. Кофе хууралтын үйлдвэрлэлийн хувьд ч бид юуг яаж хийхээ мэддэг болсон учир зах зээл дээр импортыг орлох бүтээгдэхүүн хийхэд илүү анхаарлаа хандуулан чанар, санал болгож буй амт, хэрэглэхэд амар байдал зэргийг гол түлхүүрээ болгон ажиллахыг зорьж байна.

Төлөвлөгөө ярихаас илүүтэй хийснийхээ дараа үр дүнгээ танилцуулах дуртай учраас угтаад ярих тохиромжгүй байх. Хэрэглэгчид дотоодын кофе хууралтын үйлдвэрээс гарсан шинэхэн хууралтын кофег дэмжиж худалдан авахыг эрмэлздэг болохоор энэ ажил амжилттай явж байгаа. Кофе саяхан л гаднын ундаа байсан бол өнөөдөр манай улсад энэ соёл харьцангуй сайн суурьшиж байна шүү дээ. Бид олон шат дамжлагыг эндээ хийж байгаагийн цаана ажлын байр бий болж, аяга кофе хэрэглэгчийн гарт хүрэх хүртэл шат бүртээ үнэ цэнийг бий болгож байна. Энэ шат дамжлагаа илүү ухаалаг бөгөөд чанартай болгоход анхаарч ажиллана даа. Бизнесийн орчин их шударга, бас хатуу санагдаж байгаа. Гэхдээ ийнхүү хатуужиж байгаагаа баяртай хүлээн авч байгаа шүү.

эрсдэл

Салбарын хувьд гэвэл энэ их сонирхолтой. Кофенд нэг орсон хүн хаа ч явсан кофе худалдан авдаг. Хорооллын ч бай, хотын төвийн ч бай кофе шопоор орж худалдан авалт хийдэг болчихдог. Сүүлд нэг судалгаа уншиж байтал Азид ерөнхийдөө цайны соёл илүү хүчтэй байдаг учраас нэг хүнд ногдох кофены хэрэглээгээрээ Ази тивд Япон хамгийн тэргүүлж байгаа бол бусад орнууд ерөнхийдөө их доогуур үзүүлэлттэй. Манай улс бүр доогуурын доогуур. Гэсэн хэрнээ дэлгүүрт эцсийн бүтээгдэхүүн болсон импортын кофе 90 гаруй хувийг эзэлсээр л байна. Үндсэндээ дотооддоо кофе хуурч боловсруулдаг газруудтай бид өрсөлдөгч гэсэн өнцгөөр харалгүй хамтарч, шинэ хууралтын кофены үнэ цэн болон хэрэглээний талаарх мэдээллийг түлхүү хэрэглэгчдэд хүргэн ажиллаж, тэрхүү импортын кофенуудын ядаж 50 хувийг эзлэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог. Бид маш жижигхэн зах зээл дээр, жижгийн жижиг тоон дээр өрсөлдөнө гэдэг бол өрөвдөлтэй зүйл. Бид үүнээс илүү байх ёстой, үргэлж.

Манай салбарын хувьд найруулдаг буюу усанд уусдаг кофе хэрэглэдэг хүмүүс багагүй байдаг. Тэр хүмүүс хэдий чанадаг кофе эрүүл мэндэд сайн гэж мэддэг ч хаанаас яаж эхлэхээ, хэрхэн кофе чанахаа мэддэггүйгээс тэр болгон худалдан авч чаддаггүй. Тэдгээр хүмүүст зориулан бид нэг удаагийн чанадаг кофе гаргасан. Ямар нэгэн хэрэгсэл, кофе чанагч төхөөрөмж шаардлагагүйгээр хаа ч явсан халуун ус байхад л хар кофегоо уух боломжтой байдлаар шинэ хялбар хэрэглээг бий болгосон хэрэг. Эрсдэл гэвэл хүмүүс хангалттай мэдээлэлгүй байгаа байдал гэж би хэлнэ. Энэ нь борлуулалтад нөлөөлдөг. Харин мэдээллээ өгөөд, заавар өгөөд эхлэхээр хүмүүс худалдан авч эхэлдэг.

Жирэмсэн болон хөхүүл ээжүүд, мөн зүрх нь дэлсээд кофе хэрэглэж чаддаггүй хүмүүс ба хүүхэд ууж болохоор кафейнгүй кофе ч мөн байдаг. Нэг авсан байгууллага дараагийн удаад гэрээ байгуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой болдог. Харин сургамж гэвэл, юм гэдэг санаснаар хурдан байдаггүй юм байна, амжилт биш амьдралын баланс гэдэг зүйл илүү үнэ цэнтэй юм байна гэдгийг маш их ухаарч байна даа. Мөн бизнес хийхийн хэцүүг болоод сайхныг нь тэнцүү хүртэж явна. Бид өөрсдийгөө хэтэрхий мундаг гэж шүтэж болохгүй, бас дорд үзэж болохгүй, тунгаа тааруулж явах нь чухал юм байна гэж 2019 оны төгсгөлд бодсон шүү.