Байгууллага бүр шинэ он гарсаар жилийн эцсийн санхүүгийн тайлан, тооцоогоо гаргах их ажилд шамдан ордог билээ. Цаг үеийн энэ онцлогтой холбогдуулан бид санхүүгийн зөвлөх үйлчилгээний салбарт 2007 оноос хойш тасралтгүй ажиллах хугацаандаа шинэ технологи, ололт амжилтуудыг нэвтрүүлсээр ирсэн үндэсний аудитын компани Magic Consulting Audit-ийг онцлон танилцуулж байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Мөнхбаяртай бид ярилцлаа.

Нэр: Мэжик Консалтинг Аудит ХХК
Хаяг: Maxmall Их Дэлгүүрийн хойно, Colorado төвийн 101 тоот;
УИД-ийн зүүн талд, Гандирс төвийн 504 тоот
Чиглэл: Аудит, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, Сургалт, Программ хангамж
Үүсгэн байгуулагч: С.Мөнхбаяр
Үүсгэн байгуулагдсан: 2007 он
Холбоосууд: www.magicgroup.mn (Вэб),
Magic Financial Group (Фэйсбүүк)

Гүйцэтгэх захирал С.Мөнхбаяр

сэдэл

2007 онд компаниа байгуулж байх үед санхүүгийн тайланг гар ажиллагаагаар гаргадаг байлаа. Тайлан гаргахдаа программ ашигладаг нягтлан хамгийн мундаг нь л гэсэн үг. Би өөрөө нягтлан мэргэжилтэй, тухайн үедээ мэргэжлээрээ овоо хэдэн жил ажилласан туршлагатай байсан тул санхүүгийн тайланг гаргахдаа эхний суурь өгөгдлүүдийг л зөв оруулахад цаашдын 70-80 орчим хувийн ажлыг автоматаар хийх, тооцоолох боломжтойг ойлгож байсан юм.

Ингээд Magic Finance санхүүгийн программыг хөгжүүлж эхэлсэн нь одоогийн Magic Financial Group-ын эхлэл болсон түүхтэй. Magic Consulting Audit ХХК маань одоо группынхээ харьяанд үйл ажиллагаагаа явуулж байгаа.

ялгарал

Бид 13 жилийн дадлага туршлагатай, 40 орчим санхүүгийн болон бусад мэргэжлийн хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаа үндэсний аудитын компани. Бидний ялгарах онцлог нь ихэнхдээ харилцагчдаас ирдэг санал хүсэлтээс улбаалан бий болсон гэж хэлж болно.

Үйлчилгээний байгууллагаас хэрэглэгчид ихэнхдээ 2 зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт, хурдан шуурхай байх, хоёрдугаарт, чанартай байх. Энэ 2 хүсэлтийг ажлынхаа гол зарчим болгон ажиллахыг хичээдэг. Түүнчлэн бидний өөрсдөө хөгжүүлж ирсэн санхүүгийн программ, байгууллагын дотоод үйл ажиллагаандаа ашигладаг мэдээлэл, үр дүнг тооцох системүүд үйлчилгээний маань гол давуу тал, онцлог болдог. Эдгээрийн үр дүнд л бид сүүлийн гурван жилд дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа 130 гаруй аудитын компаниудаас эхний 10 дотор жагсаж ирсэн гэж боддог.

Мэжик Консалтинг Аудит ХХК-ийг тодорхойлбол?

Бидний үйлчилгээний цаана манай хамт олон бий. Бид хийх ёстой ажлаа илүү системтэй, хурдтай хийхийг эрмэлздэг, аудит, татвар, санхүүгээр мэргэшсэн, дадлага туршлага бүхий хамт олны нэгдэл юм.

нэр

Компаниа анх байгуулж байх үед санхүүгийн тайлан гаргах ажилбарыг автоматчилна гэдэг нь зарим санхүүчдийн хувьд итгэмээргүй зүйл байлаа. Энэ утгаараа үргэлж хэрэглэгчдэд хэрэгтэй байгаа зүйлийг түрүүлж олж харан, хүлээлтээс нь давсан үйлчилгээ үзүүлэхийг бэлгэдэж “MAGIC” гэдэг нэрийг өгсөн дөө.

одоо

Бүх байгууллагуудын хувьд жилийн эцсийн санхүү, татварын тайлангаа 2 сарын 10-ны дотор гаргаж илгээх ёстой байдаг учраас санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг манай салбарын компаниудын хувьд одоо оргил ачааллын үе нь. Уг ажлын хүрээнд бид энэ оноос эхлэн аудит хийх арга барилыг автоматжуулах, аудитын зарим тооцооллын ажилбарыг аудитороос хамааралгүйгээр гүйцэтгэж, үр дүнг хянах боломжийг бүрдүүлэх аудитын программыг хөгжүүлж эхэлсэн. Энэ ажил дээрээ илүү төвлөрч ажиллаж байгаа.

баг

Үйлчилгээний байгууллагын хамгийн гол капитал бол дотор нь ажиллаж байгаа ажилтнууд байдаг. Иймд ажилтнуудаас гарч байгаа ажлын бүтээмжийг хэмжих, үнэлэх, нэгтгэж харах зорилгоор бид дотоод үйл ажиллагаандаа өөрсдийн боловсруулсан "ХАМТ" системийг ашиглаж эхэлсэн. Энэ нь бидний дотоод үйл ажиллагааг илүү хяналттай, уялдаа холбоотой, мэдээллийн хувьд аюулгүй, нээлттэй байх нөхцөлийг бий болгодог.

Энэ систем нь хэлтэс нэгж, ажилтнуудын хувьд ажлаа явуулах, мэдээлэл боловсруулах орц болдог бол менежерүүд болон удирдлагын багт төрөл бүрийн шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгдөг.

ирээдүй

Дотоодын аудитын үйлчилгээний зах зээл 35 орчим тэрбум төгрөгийн багтаамжтай бөгөөд одоо уг зах зээл дээр 130 гаруй аудитын компаниуд ажиллаж байгаагийн 10 орчим нь олон улсын санхүүгийн фирмүүд байдаг. Мөн сүүлийн жилүүдэд үнэт цаасны зах зээл идэвхтэй болж байгаатай холбоотойгоор зах зээлийн багтаамж ч дагаад өсөх хандлагатай болж ирлээ. Иймд ирээдүйд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий санхүүгийн фирмийн гишүүнчлэлтэй болох, боломжтой бол салбарыг нь оруулж ирэх зорилго бий.

эрсдэл

Томоохон эдийн засаг бүхий институцууд болон үндэсний хэмжээний компаниуд хямрах нь эргээд нийгмийн бүхий л эд эсэд нөлөөлдөг. 2015-2016 оны үед энэ хямрал болоод өнгөрлөө. Мөн зарим компанийн удирдлага, ялангуяа шинээр компани байгуулан ажиллаж байгаа хүмүүс санхүүгийн тайлангийн ач холбогдлыг ойлгоогүй, эсвэл хувь хувьсгал хоёроо хольсон байдаг нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг хүндрэлтэй болгодог л доо.

Эхлэлийн үед компанийн бүх асуудал шууд захирлаас хамааралтай байдаг боловч, компани өргөжихийн хэрээр бүх асуудлыг захирал мэдээд, шийдээд явах боломжгүй болдог. Компанид өөрчлөгдөх, хамтын удирдлагын системийг бий болгох зайлшгүй шаардлага ирэх тэр үед зөв шийдвэрийг гаргахын тулд санхүүгийн тайлангаа харах, үнэн зөв гарсан эсэхийг нягтлах зайлшгүй хэрэгцээ гардаг. Иймд санхүүгийн тайлан нь үнэн зөв гарсан эсэхийг аудитын байгууллагаар баталгаажуулж зөвлөмж, дүгнэлт авдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, аудит нь санхүүгийн тайлангийн эцсийн шатны баталгаажуулалт болдог. Гэхдээ нөгөө талаар байгууллагууд аудит хийлгэх хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж аудитын байгууллагаа сонгодог байх нь чухал.