Өнөөдрийн дугаартаа бид хүүхдийн боловсролд чухал нөлөөтэй нэгэн сонирхолтой газрыг онцолж байна. Энэ бол хүүхдүүдэд, өөрсдөд нь тохирсон лаборатори, туршилтуудаар дамжуулан шинжлэх ухаантай танилцуулах, дур сонирхолтой болгох олон улсын Nutty Scientists байгууллагын Монгол дахь салбар юм. Хүүхдүүд, дүү нарынхаа ирээдүйд хөрөнгө оруулахыг хүсвэл та тус байгууллагын захирал Ц.Алтансортой хийсэн энэхүү ярилцлагыг уншаарай.

Нэр: “Nutty Scientists Mongolia” Science Lab
Хаяг: Зайсан Хиллийн 5 давхарт
Чиглэл: Хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухаан, S.T.E.A.M хүүхэд хөгжлийн лаборатори
Үүсгэн байгуулагч: Ц.Алтансор
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд: https://nuttyscientists.com/ (Вэб), Nutty Scientists Mongolia (Фэйсбүүк), Nutty Scientists (Инстаграм)

сэдэл

Би АНУ-д боловсролын менежмент, заах арга зүйгээр магистраа хамгаалсан. Энэ салбарт мэргэшин, ажилладаг учраас хүүхдэд, хүнд аливааг хэрхэн үр дүнтэй заах вэ? Хүүхдүүд ямар үедээ илүү хурдан сурдаг вэ? Тэдэнд юу хэрэгтэй байна вэ? гэсэн асуултууд бол миний байнгын эрэл хайгуул. Ихэнх тохиолдолд ажиглалт, судалгааны гол эх үүсвэр нь хүүхдүүд маань болдог юм... Манай дунд охин багаасаа л төрөл бүрийн зүйл турших, судлах дуртай байлаа. Өглөө сэрэхэд л янз бүрийн юм хольчихсон сууж байдаг, манай ариун цэврийн өрөө бол бичил лаборатори л гэсэн үг.

Охин минь үнэхээр энэ чиглэлд дуртай байгаа юм чинь дэмжье, хөгжүүлье хэмээн судлаад үзтэл манайд энэ чиглэлд сонирхолтой хүүхдүүдэд зориулсан сургалт үйлчилгээ бүү хэл, наад захын туршилт судалгаанд зориулсан материал, тоног төхөөрөмж борлуулдаг газар ч байгаагүй. Үүнээс л анхны сэдлээ авсан даа. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хөгжил ийм хурдацтай явж байгаа юм чинь хүүхдүүдэд энэ төрлийн хэрэгцээ үнэхээр байгаа, цаашдаа ч улам нэмэгдэнэ гэдгийг мэдрээд ажилдаа орсон. Яагаад монгол хүүхдүүд дэлхийн боловсролыг Youtube-ээс л харж байх ёстой гэж, яагаад бид шинжлэх ухааныг гаднын контентуудаар л төсөөлөх ёстой гэж бодох болсон. Ингээд бүтэн нэг жил судалгаа хийж, хөдөлмөр гаргасны хүчинд Nutty Scientists-ийг Монголд эхлүүллээ.

ялгарал

“Nutty Scientists Mongolia” бол манай Q Education Group-ийн харьяа буюу хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, хөгжүүлэх гол зорилгын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг хэсэг нь. “Q Education Group” дотроо “Nutty Scientists Mongolia”-аас гадна 2-5 насны хүүхдийн “Q Kids” цэцэрлэг болон 6-12 насны хүүхэд хөгжлийн “Q Institute” төвтэй.

Бид анх Кью Институт хүүхэд хөгжлийн төвдөө шинжлэх ухааны сургалтын хөтөлбөр, арга барилыг өөрсдөө бие даан боловсруулахаар ажиллаж үзсэн. Гэхдээ мэргэжлийн баг байгаад ч нэг л болж өгөхгүй байлаа. Улмаар бид энэ чиглэлд мэргэшиж, туршлага хуримтлуулсан технологийг франчайзаар оруулж ирэх талаар судалж үзээд Испани улсаас гаралтай, өдгөө 45 оронд 165 салбартай Nutty Scientists-д нэгдэхээр шийдсэн юм. Nutty Scientists бол 23 жилийн туршлагатай, зах зээлд маш сайн тэлэлттэй явж байгаа олон улсын байгууллага. 23 жилийн судалгаанд суурилж, баталгаажсан арга барилаар ажиллаж байгаадаа бид ч тун сэтгэл хангалуун байгаа.

Nutty Scientists-ийн гол ялгарал нь боловсролыг энтертайнменттай холбож, хүүхдэд шинжлэх ухааныг маш сонирхолтой байдлаар ойлгуулах, хүргэх арга барилыг боловсруулж чадсан явдал. Бидэнд заадаг байсан хуучны арга барил одоогийн хүүхдүүдийн хүсэж буй зүйл, мэдээллээ өөрсдөө олж авах чадвар, дэлхийн чиг хандлага, технологийн хөгжлөөс хол хоцрогдчихоод байна. Youtube-д нэг удаа ороод л суурь ойлголтуудаа өөрсдөө олоод авчихаж байгаа энэ үеийнхнийг ангид хашаад, хийсвэр зүйлсийн талаар хуулуулж, цээжлүүлээд байх нь үр дүнгүй болж байгааг бүгд л мэдэрч байгаа байх. Хийсвэрээр төсөөлж, ойлгохыг шаарддаг байсан физик, химийг хүүхдүүд одоо бодитоор мэдэрч, харж ойлгох боломжтой болж байна.

Nutty Scientists-ийн гол зорилго нь зөвхөн шинжлэх ухааныг таниулахад биш хүүхдэд аливааг үр дүнтэй заах арга барилыг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэдэг. Энэ нь ч манай Q Education Group-ийн зорилготой маш сайн нийцдэг. 3-13 насныхан аливаад шууд ухамсраар бус далд ухамсраар суралцдаг. Би үүнийг сурах ёстой гэдэг талаас биш энэ яадаг юм бол, яагаад ингэж байгаа юм бол гэдэг талаас нь харж суралцдаг гэсэн үг. Яг энэ сэтгэлгээнд тохирсон буюу хүүхдийг инээлгэж, алмайруулж, тоглуулж заадаг арга барилтай.

Nutty Scientists Lab гэж юу вэ? (ТОВЧ тоДОРХОЙЛОЛТ)

STEAM (Science-Шинжлэх ухаан, Technology-Технологи, Engineering-Инженерчлэл, Art-Урлаг, Mathematics-Математик) хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, 3-16 насныханд тохирсон сонирхолтой арга барилаар шинжлэх ухааныг танин мэдүүлэх сургалтын цогц хөтөлбөр бүхий дэлхийд тэргүүлэгч лаборатори.

нэр

Nutty Scientists гэдэг монголоор “Галзуу шинжлэх ухаанчид” хэмээн орчуулагдана. Ажиллаад явж байхад яг л тохирсон нэр шиг санагдсан.

одоо

Байгуулагдаад дөнгөж тавхан сар болж байгаа хэдий ч бид хэдийн 7000 хүүхдэд хүрч ажилласан байна. Эндээс монгол хүүхдүүдэд шинжлэх ухааны болон заах арга барилын шинэ хөтөлбөр хэчнээн их үгүйлэгдэж байсныг мэдэрсэн. Тийм болохоор одоо хөтөлбөрийнхөө цар хүрээг нэмэгдүүлэх, илүү олон хүүхдэд хүрч ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр ерөнхий боловсролын сургуультай хамтрахад төвлөрч байна.

Мөн шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Хичээлийн дараах хөтөлбөр”, төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан шинжлэх ухааны энтертайнмент шоу бүхий “Арга хэмжээний үзүүлбэр”, боловсрол-энтертайнментийг хослуулсан “Лабораторийн туршилт” гэсэн үндсэн 3 үйлчилгээгээ сайжруулаад явж байгаа. Манайд ирснээр хүүхдүүд шат ахиад явдаг системтэй сургалтуудад тогтмол хамрагдах, эсвэл нэг удаа ирээд моторт машин угсрах, уруул өнгөлөгч, үнэртэй ус, слайм гэх мэт сонирхолтой туршилтуудыг хийх боломжтой.

Шинжлэх ухааны тусдаа хөтөлбөргүй, эсвэл лабораторигүй сургуулиудад зориулаад зөөврийн лабораторитойгоо очиж хичээлүүдээ заах үйлчилгээ ч бий. Шинжлэх ухааныг дэмждэг сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахдаа бид таатай байх болно.

баг

Өмнө нь ч, одоо ч хүүхдийн цэцэрлэг, хүүхэд хөгжлийн төвүүдийг амжилттай ажиллуулаад явж байгаа болохоор боловсон хүчин дээр асуудал гараагүй. Багш нар маань бүгд л хүүхэдтэй ажиллах дуртай, шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн, зорилго нэгтэй хүмүүс бий. Багш бэлдэх, дасгалжуулах сургалтыг онлайнаар болон Америкаас сургагч багш ирж зохион байгуулдаг. Nutty Scientists олон улсын хөтөлбөрөөс гадна хүүхдийн EQ KiddyZ төсөл болох хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг. Энэ мэт хийж буй ажлууд маань бүгд л хүүхдийн цогц хөгжлийг дэмжих нэг зорилготой.

Бид заах арга зүйн TPR (Total Physical Responsive), PQS (Plonsky Questioning System) буюу багш нар нь бие хөдөлгөөнөөр, өөрөөрөө үлгэрлэн харуулах, хүүхэдтэй тулж харьцах арга барилаар хичээлээ ордог. Манай сургалтуудад хамрагдсанаар тухайн хүүхэд багаар ажиллах, нягтлах (critical) болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх зэрэг уян чадваруудаа хөгжүүлэх боломжтой.

ирээдүй

Хүүхдийн цогц хөгжил гээд байгаа нь хүүхдийн хөгжлийг төрөл бүрээр дэмжихийн нэр юм. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд олж авсан мэдлэг туршлага, давуу талуудаа ашиглан Ерөнхий боловсролын сургууль болж өргөжих төлөвлөгөө бий. Харин энэ бүх ажлын гол зорилго нь дотоодын боловсролын салбарын заах арга барилд өөрчлөлт оруулах, шинэчлэл авчрах.

эрсдэл

Бидний эрсдэл нь судалгаа, туршлага багатай ижил төрлийн бизнесүүд юм уу даа. Жишээ нь, төрөл бүрийн угсардаг тоглоом тоглуулаад түүнийгээ шинжлэх ухааны хөтөлбөртэй гэж сурталчилдаг газрууд мэр сэр бий. Эвлүүлдэг, угсардаг тоглоом бол шинжлэх ухаан, технологи, инженерчлэл хөтөлбөрийн нэг хэлбэр гарцаагүй мөн ч дангаараа бүрэн бүтэн хөтөлбөр болж яагаад ч чадахгүй. Энэ мэт “Шинжлэх ухааны” гэсэн тодотголтой болох гэж хичээсэн бизнесүүд, газрууд олширч байгаа нь эцэг эхчүүдийн итгэлийг эвдэх, янз бүрийн туршилтаар хүүхдийн эрүүл мэндийг хохироох, эргээд олон нийт “Шинжлэх ухааны хөтөлбөр” гэдэг үгийг хуурмаг, бэлгэдэл төдийхнөөр хүлээж авдаг болох вий гэж болгоомжилдог. Тэгэхээр эцэг эхчүүд шинжлэх ухааны хөтөлбөр бий юу гэж өнгөц асуугаад өнгөрөх биш хөтөлбөрийг нь сайтар харж судалж, харьцуулж байж хүүхдээ аливаа дугуйлан, үйл ажиллагаанд хамруулж байгаасай гэж хүсэж байна.