Санхүү, хүний нөөц, төлбөр тооцооны салбаруудын адилаар жижиглэн худалдааны борлуулалт, захиалга, түгээлтийн салбарт ухаалаг систем рүү шилжих үйл явц эрчтэй өрнөж байгаа билээ. Өнөөдөр бид энэ чиглэлийн томоохон тоглогч болоод буй Odo Order-ийг танилцуулж байна. Захиалагч, нийлүүлэгчдийн зардлыг багасгах, цагийг хэмнэх учиртай уг платформ 3 жил хөгжүүлэгдсэний эцэст саяхнаас хэрэглээнд хүчтэй нэвтэрч байгаа юм. Ингээд Odo Order-ийг хамтран байгуулагч Ч.Машаатай ярилцсанаа хүргэе.

Нэр: Odo Order (Odo экосистемс ХХК)
Хаяг: Төв номын сангийн замын эсрэг талд, Бизнес Плазагийн 5 давхарт
Чиглэл: Борлуулалт, түгээлт, жижиглэн худалдаа, технологи (retail tech)
Үүсгэн байгуулагч: С.Ганболд, Ч.Машнууцсүх (Машаа), Ц.Бадраа
Үүсгэн байгуулагдсан: 2016
Холбоосууд:www.odo.mn (Вэб), Odo.mn (Фэйсбүүк)

сэдэл

Миний хувьд хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа шингэн хүнсний борлуулалт, маркетингийн чиглэлээр 14 жил ажилласан. Хувийн ч, хувьсгалын ч олон ажлын ард гарахдаа хийж бүтээж, алдаж ухаарч, олон асуудалтай тулгарч байлаа. Салбараа ойлгон тодорхой туршлагыг хуримтлуулснаар, асуудалтайгаа зохицоод ажиллахаас илүүтэй асуудлын шийдэл дээр ажиллахыг хүсэх болсон л доо. Яг тэр үедээ одоогийн Odo экосистемсийн хамтран байгуулагчидтайгаа уулзаж, санаа зорилго нэгдэн, энэ ажлыг эхлүүлсэн юм. Хамтран байгуулагчид маань хоёул технологийн салбарын маш сайн мэргэжилтнүүд. Би ч борлуулалт, түгээлтийн салбарын хуучинсаг замбараа муутай, бүдүүлэг гэмээр зохион байгуулалтыг технологиор л шийдэх боломжтой гэдэгт бүрэн итгэж байсан нь бүгд сайн ойлголцож, ажлаа хурдан эхлүүлэх үндэс болсон гэж боддог.

ялгарал

Odo-г гарч ирэхээс өмнө захиалга, түгээлт, дэлгүүрийн кассын програмууд бүгд хаалттай буюу зөвхөн компани дотроо л ашигладаг, харилцагчидтайгаа холбогддоггүй бүтээмж муутай шийдэл байлаа. Харин Odo бол нээлттэй платформ гэдгээрээ онцлог. Борлуулагчийг захиалагчтай, захиалагчийг борлуулагчтай хэрэгцээт бүхий л мэдээллээр зангидаж, онлайнд холбож өгсөн.

Odo order хэрэглээнд нэвтэрснээр нийлүүлэгч компаниудад Улаанбаатар байна уу, орон нутаг байна уу, ялгаагүй өөрийн үйл ажиллагаа явуулах бүсийг сонгон, тухайн бүсэд байх бүх дэлгүүр худалдаа, үйлчилгээний цэгтэй хамтран ажиллаж, захиалгаа нэгдсэн апп-аар дамжуулан авах боломжийг олгож байгаа юм. Ингэснээр нийлүүлэгч компаниуд борлуулалт, түгээлтийн үргүй зардлаа хэмнэх, борлуулагчид илүү бүтээмжтэй ажиллах, ур чадвараа нэмэгдүүлэх, механик ажилд цагаа үрэхгүй байх зэрэг олон давуу талтай болж байгаа.

Харин захиалга хийгч дэлгүүрүүдийн хувьд ODO ORDER апп ашиглаж захиалга хийнэ. Манай 2016 оноос эхлэн зах зээлд үнэгүй гаргасан, одоогоор 2000 гаруй хэрэглэгчтэй ibarimt буюу 2020 онд SUPERKACC нэрээр бүрэн шинэчлэгдэж гарах ухаалаг супер кассын програм дээрээс шууд нийлүүлэгчид рүүгээ захиалга хийж болох юм. Үндсэндээ захиалга хийгч дэлгүүр манайд ямар ч шимтгэл төлөхгүй, үнэгүй ашиглана. Энэ шинэчлэгдэн гарах SUPERKACC кассын програмын давуу тал нь бүх бүтээгдэхүүний орсон, гарсан бүртгэлийг хөтөлж, борлуулалт, цэвэр ашгийн тайлан, бараа эргэц болон нөөцийн менежмент, данс нийлэх, захиалгаа төлөвлөх, удаан зарагддаг эргэлт түгжиж байгаа барааны мэдээллийг харуулах зэрэг олон асуудлыг автоматаар тооцоолж өгөх боломжуудтай юм.

Ер нь бид анхнаасаа зах зээлд байгаа асуудлыг шийдэх гэж л энэ бизнесээ эхлүүлсэн тул захиалагч, болон нийлүүлэгч талд хамгийн зардал багатай, ойлгомжтой, хүндрэл чирэгдэлгүй байхад л анхаарч ажилласан даа.

ТОДОРХОЙЛОЛТ: Odo ордер гэж юу вэ? 

Худалдааны бизнесийн холбоос. Илүү амар, илүү өргөн, илүү олон боломжийг агуулсан.

нэрийН тухай

Бизнес гэдэг яг “Одоо” цаг дээр, хурдтай явж байх ёстой. Харамсалтай нь саяхныг хүртэл монгол бизнесүүдийн ажил нь захиалга, түгээлтийн уламжлалт хэв маягийн улмаас “Одоо” явж чаддаггүй байлаа. Бүгд л хэд хоногийн дараа. Иймд бид бизнесүүдийг дэмжиж, ажлаа манай системийг ашиглаад “Одоо” явуулдаг болохыг бэлгэдэж Odo гэж нэрлэсэн юм.

Одоо

Бид 3 жилийн турш кассын програмаа тараахад болон системийнхээ үндсэн хөгжүүлэлт дээр төвлөрч ажилласан. 3 сарын өмнөөс л системээ зах зээлд идэвхтэй танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уйгагүй ажилласны үр шим гарч, энэ богино хугацаанд ICT expo-гоос “Шилдэг стартап”, МҮХАҮТ-аас “Гарааны бизнес эрхлэгч ENTRERENEUR-2019” зэрэг шагналуудыг аваад зогсохгүй, Монголын томоохон 50 гаруй нийлүүлэгч компанийг, мөн 6000 гаруй дэлгүүр, үйлчилгээний цэгийг системдээ нэгтгээд байна.

баг

Хамтран байгуулагчид маань түрүүнд хэлсэнчлэн олон жил технологийн салбарт ажилласан хүмүүс. Тэр дундаа Японы томоохон технологийн төслүүд дээр олон жил ажиллаж, туршлага хуримтлуулсныг дурдахгүй байхын аргагүй. Бид гурвын хэн хэн нь одоо ажил, амьдралын хувьд тогтвортой насан дээрээ ирчихээд байна. Үзэхээ үзэж, туулахаа туулж, сурахаа сурч, алддагаа алдсан болохоор бизнесээ сэтгэлийн хөөрлөөр эхлүүлээгүй. Цаашдаа энэ салбартаа улам л гүн орж, сэтгэл зүрхээ зориулан ажиллана.

Үүсгэн байгуулагчид маань ийм хүмүүсээс бүрдсэн болохоор ч тэр үү, манайд дандаа л технологийн салбарт сурч хөгжиж яваа шижигнэсэн залуус өөрсдийн хүслээр цуглаж байна. Тэгэхээр хүний нөөцийн бодлогоо “Өөрийн хүсэл зорилгоор ажиллах” гэж томьёолж болох юм шиг санагдаж байгаа. Цаашдаа баримтлах бодлого бол хүйсийн харьцаагаа тэнцүүлэх. Хэдийгээр зөвхөн эрчүүд ажилд авна гэж бодоогүй ч нэг харахад 22 ажилтны 20 нь эрэгтэй болчихсон байна.

ирээдүй

Ойрын хугацаандаа системээрээ дамжуулан нийлүүлэгчийг дан ганц дэлгүүрүүдтэй бус бүр эцсийн хэрэглэгчтэй холбохоор бэлтгэж байна. Жишээ нь: Би хөдөө, сумын төвд амьдардаг байлаа гэж бодъё. Тэгвэл манай сумын дэлгүүрт өргөн хэрэглээний л бараа байхаас зарим нэр төрлийн нарийн нандин бүтээгдэхүүн байхгүй байж болно. Энэ үед хэрэглэгч манай апп-ийг ашиглаад нийлүүлэгчээс шууд захиалга хийж болох ба захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчтэй хамгийн ойр байрших дэлгүүрт хүргэгдэх юм. Ингэснээр дэлгүүрүүд ч зорилтот зах зээл буюу ойр орчмын худалдан авагчдынхаа эрэлт, хэрэгцээг давхар мэдэж, захиалгаа цаашдаа илүү үр дүнтэй хийх боломжтой болно. Нийлүүлэгч ч үнэндээ хаана, ямар бүтээгдэхүүн илүү хэрэгцээтэй байдгийг мэдэж болох юм. Захиалгын апп маань цаашдаа хэрэглэгчдийн судалгааны эх бааз болох бүрэн боломжтой.
Жаахан цаашилбал ирэх ондоо IPO хийж, захиалгын системд орсон болон манай SUPERKACC програмыг ашиглагч бүх дэлгүүрүүдтэй нэгдэн нэгэн том айл болж, нээлттэй компани болно доо.

эрсдэл

Бид сайн ч багтай, сайн ч зөвлөхүүдтэй, хөрөнгө оруулалт ч багагүй хэмжээнд босгосон. Зөвхөн энэ сард л гэхэд хөрөнгө оруулагчдын оруулъя гэсэн хөрөнгийн дүн 1 тэрбум давчихаад байгаа.
Мөн бид бизнесийнхээ нууц үедээ буюу өнгөрсөн 3 жилийн туршид маш их ажлыг амжуулж, 2000 гаруй дэлгүүрийн сүлжээг үүсгэж, амжилттай ажиллах бэлтгэлээ тун сайн хийсэн. Иймдээ ч салбарынхаа нөөц, боломж, ирээдүйг боломжийн хэмжээнд ойлгож, мэдэрч, таамагладаг.
Төр л огцом шийдвэрүүд, гэнэтийн тогтоол, захирамж гаргахгүй бол бидэнд энэ салбарт өрсөлдөх бүрэн чадамж байна.