Цагийн ажил гэдэг ажил олгогчид хүний нөөцөө бага зардлаар, зөв төлөвлөн шийдэх, харин ажил хайгчид цаг заваараа орлого олох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зэрэг давуу тал, боломжуудыг бий болгодог хөдөлмөрийн тогтолцоо билээ. Худалдааны байгууллага, үйлдвэрлэгчдийн хувьд брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах идэвхжүүлэлтийн ажлуудыг хийхдээ гол төлөв хагас цагийн ажилчид буюу промотеруудыг сонгон ажиллуулдаг. Гэвч тэр болгонд ажилтны сонгон шалгаруулалт хийх, сургах, зааварчлах, хянах нь маркетинг, хүний нөөцийн албаныханд тулгардаг нийтлэг бэрхшээл байв. Яг энэ асуудлыг олж харан, шийдлийг нь олсон ONE Promotion Agency-ийн гүйцэтгэх захирал, энтрепренер М.Оюунгэрэлтэй бид ярилцлаа.

Нэр: One Promotion Agency (СИБМ ХХК)
Хаяг: UBH Center, 7 давхар, 733 тоот
Чиглэл: Маркетинг промошны цогц үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: М.Оюунгэрэл
Үүсгэн байгуулагдсан: 2015 он
Холбоосууд:ONE promotion agency (Фэйсбүүк)

Сэдэл

Энэ төрлийн бизнесийг эхлүүлэх саналыг нөхөр маань анх тавьсан л даа. Тухайн үед гэр бүлийн хүн маань Витафит ХХК-д ажилладаг байлаа. Бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, амталгаат худалдаа, биечилсэн борлуулалт зэрэг ажлуудад нь байнга хагас цагийн ажилтнууд хэрэг болдог байж. Тэр болгонд сэтгэлд нийцсэн, найдвартай ажилтан олж чаддаггүй, олдсон хүмүүс нь таалагдахгүй зүйл гарвал цагийн ажил юм чинь гээд ажлаа хаяад явчихдаг байсан нь асуудал дагуулна. Шинэ бүтээгдэхүүн гаргах, брэндингийн бодлого, дизайн гээд олон ажлын хажуугаар цагийн ажилтнууд олох, түр ажиллаад өнгөрөх хүн бүрээс ярилцлага авах, араас нь залгах, шаардлага тавих гэдэг бүтээмжид нь сөргөөр нөлөөлж байсныг нөхөр маань анзаарсан. Ингээд надад цагийн ажилтнууд бэлтгэдэг, сургадаг, хариуцдаг цогц үйлчилгээ эхлүүлэхийг санал болгосон юм. Үнэхээр зах зээлд хэрэгцээтэй байгааг мэдэрсэн тул нэг их удаан бодолгүй ажлаа эхлүүлсэн дээ.

Ялгарал

Захиалагч компаниуддаа бид найдвартай бөгөөд энгийн, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхийг чухалчилдаг. Захиалагч байгууллага манайхтай нэг удаа гэрээ байгуулаад л асуудлаа шийдүүлж, ажил дууссаны дараа тайлангаа авдаг. Хүндрэл чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй үйлчилгээтэй гэдэг нь манай ялгарал. Энэ хүрээнд цагийн ажилтнуудаа сайн бэлтгэж, ажил тасалдуулахгүй, хариуцлагатай байхад анхаарна.
Цагийн ажилтнуудын хувьд эргэх холбоотой, цалингаа хугацаанд нь бүрэн бүтэн өгөх, гэрээнд заасан ажлуудыг л хийлгэх ажил олгогчийг хүсдэг. Бид энэ хэрэгцээг нь хангаж, найдвартай ажлын байрыг санал болгодог. Мөн цагийн ажилтнуудаасаа зөвхөн манайд гэрээтэй ажиллахыг шаарддаггүй, өөрт нь ажиллах эрх чөлөөг нь бүрэн олгодог давуу талтай.
Бид энэ ажлыг эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн болохоор одоо юуг яаж хийх, зохицуулахаа мэддэг болсон. Манайд оюутны 4 жилдээ хичээлийнхээ хажуугаар тасралтгүй ажилласан, цалингаа цуглуулан гадаад хэлний сургалтанд суугаад, IELTS-ийн өндөр оноо авч АНУ-д тэтгэлгээр суралцахаар явсан оюутан ч байгаа.

Товчоор, One Promotion agency гэж юу вэ?

Харилцагч байгууллагуудыг хэрэгцээт маркетингийн ажилтнуудаар хангах, тэдгээрийг сургах, хянах, эргэх холбоотой ажиллах үйлчилгээ.

Нэрийн тухай

Ихэнх тохиолдолд цагийн ажил нь маркетингийн идэвхжүүлэлттэй холбоотой ажлууд байдаг. Шууд утгаараа маркетингийн үйл ажиллагааг дэмжиж байгаа ажил учраас, мөн нэг доороос гэдэг утгаа бодоод ONE Promotion Agency хэмээн нэрлэсэн.

Одоо юун дээр төвлөрч байна вэ?

Цагийн ажлын эрэлт, хэрэгцээ голчлон оюутнуудын дунд байдаг болохоор өдөр тутам оюутнуудтай ажилладаг л даа. Иймээс ажилд орохоор ирж байгаа оюутнуудыг хөгжүүлэх тал дээр төвлөрч ажиллаж байна. Тэднийг хариуцлагатай, ажлыг гүйцэд хийх сэтгэлтэй болгохыг, харилцааны болон хэлний чадваруудыг нь хөгжүүлэхийг хичээдэг. English Speaking Club нээгээд хэд хэдэн удаагийн ярианы сургалт зохион байгуулсан. Ингэснээр тэд англи хэлээ давтахын хамтаар ярих, сонсох, хүндлэх гээд олон зүйлд давхар суралцана гэж үзэж байгаа. Мөн 2 долоо хоногт 1 удаа ажилтнуудынхаа сургалт хөгжилд зориулсан арга хэмжээ хийж эхлээд байна.
Манай компанийг үйлдвэр гэж үзвэл бүтээгдэхүүн нь цагийн ажилтнууд шүү дээ.

Баг 

Маш олон оюутан, олон компанитай харилцдаг болохоор бид харилцааны дөмөгхөн чадвартай байх хэрэгтэй. Манайх үндсэн 2 ажилтантай, бусад нь бүгд хагас цагийн ажилтнууд. Үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж, ирж, явж байдаг оюутны их урсгалыг 4 жилийн турш зохицуулж, удирдаж ирэхдээ хүн аливаа ажлыг хийхэд ердөө хэлсэн амандаа хүрдэг, хичээл зүтгэлтэй, хариуцлагатай, ёс зүйтэй байх л чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон. Энэ л зарчмаар ажиллаж, үүнийгээ ч эргээд ажилтнуудаасаа хүсдэг.
Сонирхуулахад бид энэ хугацаанд давхардсан тоогоор 570 гаруй компанийн 46,000 гаруй цагийн ажилд 2800 гаруй ажилтныг ажиллуулсан байна. Нэг өдөрт хамгийн ихдээ 80 гаруй цагийн ажилтан зэрэг ажиллаж байлаа.

Ирээдүй 

Хоёр чухал зүйлийг төлөвлөж байгаа.
Нэгдүгээрт, ажилтнууд бол байгууллагын гол үнэт зүйл. Харин тэд маань оюутнууд. Иймээс Оюутны хөгжлийн төв байгуулах хүсэлтэй байгаа. Тэднийг бүх талаар хөгжүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах нь эргээд бидний нийгэмдээ оруулж байгаа том хувь нэмэр болох байх.

Хоёрдугаарт, хагас цагийн ажилтанд хариуцлага үүрүүлнэ, хариуцлага тооцно гэдэг тун амаргүй зүйл байдаг. Ажил хийх явцад хагас цагийн ажилтан маш их солигддог. Иймд энэ зах зээлийг илүү хөгжүүлэх, хариуцлагажуулах боломжтой гэж үзээд, төрөлжсөн аппликейшин хөгжүүлж байна. Гол давуу тал нь захиалагч тал ажил гүйцэтгэгчдээ үнэлгээ өгнө, гүйцэтгэгчийн үнэлгээ өндөр бол өөрөө цалингийн үнэлгээгээ тогтоох боломжтой болно. Хэрвээ ажил гүйцэтгэгчийн оноо бага бол ажил олох магадлал багасна гэсэн үг. Ингэснээр цагийн ажлын систем илүү ойлгомжтой, харилцан хамааралтай, хариуцлагатай болно гэж найдаж байгаа шүү.

Эрсдэл 

Бидний үйл ажиллагаа худалдааны байгууллагуудаас бараг л 100 хувь хараат байдаг. Иймд ажил бүрийг гүйцэтгэл өндөртэй хийх нь чухал. Гэтэл ажилтнууд маань хариуцлагагүй байвал цаг нь тулсан үед тун хүндрэлтэй байдалд ордог.
Харилцагчдаас хэт хараат байдал, хариуцлагагүй ажилтнууд л бидний хамгийн том эрсдэл.