Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол Virtual Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй. Тиймд бид энэ чиглэлийн контент, үйлчилгээнүүдийг амжилттай хөгжүүлж яваа UpTech компанийг энэ удаа онцоллоо. 

Нэр: Up Tech (Unique Power Tech ХХК)
Хаяг: Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 2-р давхар, 202 тоот
Чиглэл: VR технологи хөгжүүлэлт, виртуал контентийн үйлчилгээ, вэбсайт
Үүсгэн байгуулагч: Ц.Ариунболд, Н.Чимэд-Очир
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Холбоосууд:​ Uptech.mn (Вэб), UP TECH (Фэйсбүүк), vrmongolia (Инстаграм)


Үүсгэн байгуулагч: (зүүн гар талаас) Ц.Ариунболд, Н.Чимэд-Очир

сэдэл

2017 онд бид Монголын Маркетингийн Холбооны сургалтанд сууж байгаад ирээдүйд VR технологи, VR технологид суурилсан виртуал контентууд бизнесийн орчинд ихээхэн жин нөлөө үзүүлэх юм байна гэдгийг анзаарсан юм. Энэ санаан дээрээ ярилцаж үзээд ерөөс ийм технологийг Монголдоо оруулж ирээд, хөгжүүлж үзье гэж шийдсэн. Ингээд нэг жил орчмын хугацаанд судалгаа хийж, үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаад 2018 онд компаниа байгуулж байлаа.

ялгарал

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, онцлогт тохирсон олон төрлийн виртуал контентийн шийдэл санал болгож байна. Бизнесийн байгууллагуудад дэвшилтэт VR технологи ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бодитоор сурталчлан таниулах боломжийг олгодог. Байгууллагууд өөрсдийн бизнесийг үйлчлүүлэгчдэдээ болон олон улсад сурталчлах зорилгоор манайхаас үйлчилгээ авдаг.

Одоогоор бид үндсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээрт виртуал контентийн үйлчилгээ, хоёрдугаарт вэб хөгжүүлэлт. Вэбсайтын хувьд VR технологитой хослуулан илүү интерактив болгон хөгжүүлдэг.

VR технологийг ашиглах нь бизнесийн байгууллагуудад зардал хэмнэх боломжийг олгодог. Жишээ нь, барилгын компани гэхэд загварын байр барихад тусгайлан их хэмжээний төсөв зарцуулдаг бол виртуал технологийг ашигласнаар илүү хямд зардлаар бодит мэт showroom-ийг үзүүлэх боломжтой болно.

Энэ мэтчилэн аяллын компаниуд аялагчдынхаа маршрут, аяллын төлөвлөгөөг танилцуулж, уул уурхай, хүнд үйлдвэрээс өгсүүлээд бусад салбарууд энэ технологиор дамжуулан олон хүнд нэгэн зэрэг хүрэх, орон зайнаас хамаарсан шийдвэр гаргалтуудыг хурдан шуурхай хийх боломжуудтай болох юм.

Виртуал контент гэдэгт маань Виртуал аялал, 360 видео болон 360 зураг, 3D виртуал контент, семуляциуд, мөн бүтээгдэхүүний 360 зэрэг үйлчилгээнүүд багтдаг.

Виртуал реалити технологи гэж юу вэ?

Бид VR технологиор дамжуулан зах зээлд шийдэл санал болгон, үнэ цэн бүтээхийг хичээн ажилладаг.
Виртуал контент болон нүдний шилийг хослуулан ашигласнаар бүх төрлийн хийсвэр виртуал орчинг бүтээн, хэрэглэгчдэд аливаа контентийг хэд дахин сонирхолтой байдлаар хүргэх боломжтой юм.

нэр

Дэлхий нийтэд шинээр хөгжиж буй, ирээдүйд илүү өсөж хөгжих чадамжтай өндөр түвшний технологи хөгжүүлж байгаагаа бодож бизнесээ Up Tech хэмээн нэрлэсэн.

одоо

Одоогоор бид нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт VR технологид суурилсан шийдэл санал болгох зорилготой Virtual Brain төсөл дээрээ төвлөрөн ажиллаж байна. Уг төсөл нь ЕБС-ийн хими, физик, биологи гэх мэт хийсвэр ойлголт бүхий долоон хичээлийг мэргэжлийн зөвлөх багш нарын оролцоотойгоор, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу виртуал технологи руу хөрвүүлэх зорилготой юм.

Энэ төрлийн хичээлүүдийн хөтөлбөрийг виртуал болгосноор сурагчид номоос уншаад ойлгоход хүндрэлтэй, лабораторийн туршилт хийж байж л бүрэн ойлгох боломжтой хичээлүүдийг виртуал нүдний шил зүүн бодитоор харж, ойлгох боломжтой болох юм. Энэ төрлийн технологийг зориулалтын шилийг нь зүүж ашиглахад тухайн контентийг энгийн үеэс 10 дахин илүү анхаарал төвлөрөлтэйгээр хүлээж авдаг гэсэн судалгаа хүртэл бий. Төслийн маань бүтээгдэхүүнүүд эхнээсээ ЕБС-ийн сурагчдад хүрээд эхлэхээр үр дүн нь мэдрэгдэх байх.

баг

Монголдоо төдийгүй дэлхийд шинэ тутам гэж тооцогдож буй технологи хөгжүүлж байгаа учир манай багийнханд мэдэхгүй зүйл, сурч судлах сорилтууд байнга л тулгарч байдаг. Өнгөрсөн хугацаанд бид сэтгэлтэй, чадварлаг, туршлагатай багийг бүрдүүлж чадсандаа баяртай байгаа. Үүний ачаар одоо бид 30 гаруй харилцагчтай болж, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна.

ирээдүй

Бид дэлхийн хамгийн ууган VR холбоо болох IVRPA буюу International Virtual Reality Professionals Association-ий албан ёсны гишүүн болоод удаагүй байна. Энэ байгууллагын гишүүн болсноор дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон гадаадын зах зээлд санал болгох үүрэг хариуцлага давхар ирж байгаа юм.

VR технологи нь хөгжиж буй шинэлэг технологидоо тооцогддог тул бид B2B зах зээлийг сонгон өнөөг хүртэл НҮБ, Их Британийн ЭСЯ, Европын холбоо гэсэн олон улсын болон дотоодын байгууллагуудад шийдэл санал болгон хамтарч байна. Одоогоор B2В буюу байгууллагуудад чиглэсэн үйлчилгээ явуулж байгаа ч виртуал технологийн бизнест оруулах үр өгөөж, давуу талуудыг хэрэглэгчдэд сайтар хүргэж мэдрүүлснийхээ дараа B2C буюу хэрэглэгчийн зах зээлд зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлж, цар хүрээгээ тэлэх төлөвлөгөө бий.


эрсдэл

Хэрэглэгчдийн технологийн мэдлэг, хэрэглээ, ойлголт юм уу даа. Хэрэглэгчид виртуал технологийн үр ашиг, ач холбогдлыг бүрэн ойлгож, зөв зохистой хэрэглэж сурах нь чухал байна. Тиймдээ ч үндсэн төсөл, ажлуудынхаа хажуугаар хэрэглэгчид, технологи сонирхогчдод энэ төрлийн хэрэгцээт мэдлэг ойлголтыг цэгцтэй өгөхөд чухалчлан анхаарч байна.

VR аялал: