Дэлхийн технологийн ертөнцийнхний хамгийн том цугларалт, хагас зууны түүхтэй “CES” үзэсгэлэн өнгөрсөн долоо Лас Вегас хоногт болж өнгөрлөө. "Consumer Electronics Show"-нд дэлхийн 160 гаруй орны 4400 орчим технологийн компани оролцож шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ. Жил бүрийн “CES” технологийн ертөнцийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлж, ирээдүйн инновацыг тольдох боломжийг хэрэглэгчдэд олгодгоороо ялгардаг билээ. Бид энэ жилийн хамгийн онцлох, сонирхолтой төслүүдийг эл нийтлэлээр онцолж байна.

Segway S-Pod

Энэ бүтээгдэхүүн Профессор Х-ийн фэнүүдэд их танил санагдах байх. Segway S-Pod нь тэнцвэржүүлэгчтэй хоёр дугуйт тэрэг бөгөөд цагт 38.6 км хүртэл хурдлах чадалтай ажээ. Өмнөх загваруудаас ялгаатай нь S-Pod-ийг биеэрээ биш гар удирдлагаар удирддаг байна. Ингэснээр биед бага ачаалал өгч, ядрахгүй явах боломжтой болжээ. Мөн аюулгүй байдлыг хангах сайн ухаалаг үйлдлийн системтэй бөгөөд эргэлтэн дээр автоматаар тооромзлох, сигнал дуугарахад гэрлээ хоёр дахин тодосгох зэрэг давуу талтай. Стив Жобсын нэгэнтээ уулга алдан "РС шиг нөлөөтэй бүтээгдэхүүн болно" хэмээн хэлж байсан шиг Segway-ийн 2 дугуйт тэргүүд хараахан зах зээлд тэсрэлт хийж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй байгаа ч тогтмол шинэ санаа, инновацаар баяжсанаар байгаа нь онцлууштай.

Sony Vision-S

Sony-г машин хөгжүүлэх цагийг үзнэ гэж хэн санах билээ? Хальт харвал бараг "хуурамч мэдээ" шиг санагдах энэ танилцуулга тэдний энэ үеэр ил болгосон PS5-ийн лого, Олимпийн шууд дамжуулалтад зориулсан төгс камерын технологи зэргийг шууд ямар ч "хамааралгүй" болгочихов. Vision-S бол Sony компанийн олон жилийн туршлагын үр дүнд бий болсон дүрс, аудио, дэлгэцийн бүхий л сайн гэсэн технологийг цахилгаан авто машинд шингээсэн хувилбар юм. Уг машин нь хэрэглэгчид шаардлагатай бүхий л зүйлийг хангахаар бүтээгдсэн бөгөөд аюулгүй байдал, дасан зохицох чадвар, энтертайнмент хүчин зүйлийг сайн хангасан. Vision-S-д асар том панорама дэлгэц, 5G сүлжээний холболт, гадаад болон дотоод 33 мэдрэгч, жолооч зорчигчдын хяналт, жолоодлогын туслах бий гэнэ.

TOYOTA City of the future

Автомашин үйлдвэрлэгч Toyota компани CES дээр 2000 хүний оршин суух “City of the Future” буюу “Ирээдүйн хот” гэх төслөө танилцуулсан. Уг хотод судлаач инженерүүд амьдрах ба байгальд ээлтэй уг ухаалаг хотын бүх барилга байгууламж, тээврийн хэрэгслүүд нь хоорондоо холбогдсон учир мэдрэгч ашиглан хоорондоо өгөгдөл дамжуулдаг. Тэд танилцуулгын үеэр виртуал болон бодит орчинд хиймэл оюун, машин сургалт, их тоон өгөгдөл, жолоочгүй машин, нисдэг такси, роботикс зэрэг дэвшилтэт технологиудыг шууд турших "амьд лаборатори"-ийг бүтээж, хамгийн боломжит дээд хэмжээнд ашиглахаа мэдэгдсэн нь технологийн ертөнцийнхний талархлыг хүлээв. Лав л хотын нийтийн тээврийн системийг бүрэн автоматжуулж, бүр 3D принтерээр хэвлэж бүтээнэ гэдэг нь тун сонирхолтой санагдав. Хот нь Токиогоос ердөө 96 км-ийн зайд Фүжи уулын бэлд байрлах бөгөөд ирэх онд нээлтээ хийх аж.

Rocean One

Rocean One-ийг таны харж байсан хамгийн загварлаг ус шүүгч гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ гоёмсог загвар тэдний гол давуу тал биш. Энэ бүтээгдэхүүн нь хуванцар савны хэрэглээг багасгах зорилготой бөгөөд дахин ашиглах боломжтой шүүлтүүрүүд, карбон диоксидийн танкнаас бүрддэг. Rocean One нь усыг цэвэршүүлэн, шүлтжүүлж, амтаа тааруулдаг гэдгээрээ онцлогтой. Тэд өөр өөр брэндүүдтэй хамтран ажиллаж, захиалгын дагуу хүссэн амтыг нь гарган олон нийтийн газруудад байршуулснаар хэрэглэгчдэд заавал хуванцар савтай уух зүйл худалдаж авалгүйгээр, байгальд ээлтэй байдлаар хэрэглээгээ зохицуулж болно гэдгийг харуулахыг зорьж байгаа юм.

Lenovo Thinkpad X1 Fold

Нумардаг дэлгэц одоо ч тренд хэвээр байгаа гэдгийг Lenovo Thinkpad X1 Fold харууллаа. Юуны түрүүнд Windows 10 үйлдлийн систем бүхий уг төхөөрөмж нь таблеттай төстэй загвартай хэдий ч лаптоп гэдгийг сануулъя. Дэлхийн анхны нумардаг компьютер гэж тодорхойлогдсон уг нөүтбүүк 13.3 инчийн дэлгэцтэй бөгөөд үзэг ашиглах боломжийг илүү сайн бүрдүүлж өгсөн учир бүтээлч салбарын хүмүүст тохиромжтой. Дэлгэцээ бүтнээрээ урсдаг хэлбэрээр ашиглаж болдог, нугалах үйлдлүүдэд хурдтай хариу үзүүлдэг зэрэг нь Lenovo-д дизайны асар давуу талыг олгосон мэт санагдав. Харин юм шивэхийг хүсвэл түүний доор нь соронзон киборд байрлуулан ашиглах боломжтой юм гэнэ.

Samsung Neon

Самсунг олон жилийн турш хэрэглэгчид, шүүмжлэгчдийн хүлээлтийг давсаар ирсэн. Энэ удаагийн CES дээр ч уг уламжлалаа эвдсэнгүй. Учир нь тэдний санаачилсан "NEON" төсөл нь яг л Нетфликсийн алдарт цуврал "Black Mirror"-ийн ангийг танд санагдуулах биз. Амазоныг Алекса, Алимыг Сири гэдэг шиг Самсунгийн технологийн багийнхан Абдул, Жеймес, Химико гэх мэт дэлхийн хаана ч яаж ч ажиллаж болох виртуал "найзыг" танилцууллаа. Одоогоор бизнес моделоо бүрэн тогтоож амжаагүй, засаж сайжруулах зүйл ихтэй ч гэсэн ирээдүйн гэмээр уг төслийг ирэх онд хэрэгжүүлж эхлэх аж. "Neon" яг л бодит хүн шиг, хурдан суралцдаг дижитал аватаруудыг таны бизнесийн нүүр царай, сурталчилгааны гол дүр, хувийн туслах болгохыг хүсэж байна. Магадгүй бидний sci-fi кинонууд дээр харсан зүйлс төсөөлснөөс маань эрт ирсэн гэж хэлж болох юм. Самсунг: "Чадахгүй зүйлээ хий"

Quibi Turnstyle

Disney, Apple, Netflix, HBO гээд томчуудын дунд өрнөж буй контентийн дайны хамгийн шинэ оролцогч бол Quibi. Dreamworks-ийн үүсгэн байгуулагч Ж.Каценберг, HP-ийн экс босс М.Уитманы эхлүүлж буй уг шинэ арваны стримингийн үйлчилгээ нь интерактив байх төдийгүй зөвхөн онцгой контентуудаас бүрдэнэ гэдгээрээ ялгарна. Өөрөөр хэлбэл Quibi нь гар утас, таблет гэх мэт жижиг дэлгэцтэй л төхөөрөмжүүдэд л зориулагдсан 6-10 минутын урттай видеог танд санал болгоно. Контент яаж интерактив байх вэ гэдэг асуултын хариуг тэд CES дээр өгөв. Quibi-ийн "Turnstyle" гэж нэрлэсэн технологи нь гар утас, таблетийг эргүүлэн форматыг өөрчилснөөр урьд нь хараагүй шинэ өнцгөөсөө тухайн контентийг үзэх боломжийг олгожээ. Нэг ёсондоо босоогоор үзвэл жүжигчний урд камерыг, хэвтээгээр бол өрөөний хяналтын камераар үйл явдлыг үзэх боломжтой гэсэн үг. Нэг минутын продакшн зардлын дундаж үнэлгээг 100 дахин өсгөж, 100 мянган долларт хүргэсэн гэх Quibi С.Спилберг, Ж.Лопез, И.Элба, А.Фукуа зэрэг Холливудын гайхалтай уран бүтээлчдийг эгнээндээ элсүүлнээ хэлэхээ мартсангүй.