Эрүүл мэнд гэдэг юу юунаас чухал. Хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд монгол залуучууд хамтран технологийн шийдлээр эрүүл мэндийн даатгалыг хялбаршуулсан Инсур аппликейшнийг зохион бүтээжээ. Хэд хоногийн өмнө тэд “Unplug 2019” арга хэмжээний шилдэг апп, мөн "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы үеэр шилдэг стартап шагналыг хүртсэн нь зөв асуудлыг барьж авсныг илтгэнэ. Энэ удаа бид эрүүл мэндийн найдвартай түнш Инсур апп-ийг дэлгэрэнгүй танилцуулж байна. 

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Сошиал медиагаар байнга л хэн нэгний амийг аврахыг уриалсан хандив, тусламжийн аянууд явдгийг бид мэднэ. Уншигч та ч эдгээр аянд оролцож, тусламжийн гараа сунгаж байсан гэдэгт итгэж байна. Хэдийгээр хүмүүсийн сайхан сэтгэлээр эдгэх, хөл дээрээ босох хүмүүс байдаг ч өвчин зовлонтой олон хүн ийн хандив босгоод байж чаддаггүй. Энэ бол үнэндээ хожимдсон бөгөөд найдвартай бус арга юм. Олон улсад иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалдаг үндсэн арга нь эрүүл мэндийн даатгалын систем байдаг. Энэ даатгалын тусламжтайгаар иргээд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмчлүүлж, эдгэрэх боломжтой. Монголд төдийлөн хүртээмжтэй бус, мөн мэдээлэл муутай байдаг эрүүл мэндийн даатгалын системийг Инсур технологийн аргаар олон нийтэд хүртээмжтэй болгохыг зорьжээ. Ингэхдээ тун сонирхолтой, бүтээлч аргыг ашигласан байна.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Та өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, худалдан авалт хийснийхээ хариуд эрүүл мэндийн даатгалын сандаа хуримтлал үүсгэх боломжтой гэвэл итгэх үү? Чухамдаа энэ бол Инсур апп-ийн амлаж буй үйлчилгээ юм. Монголд ашиглаж буй утасны дугаараа бүртгүүлэн үйлчлүүлэх Инсурын "нууц" нь хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд болон оноо олгогч байгууллагуудыг нэгтгэсэн системд оршиж буй. Үүгээрээ тэд Монголд анх удаа даатгалын салбарын тоглогч нарыг нэг платформ дээр нэгтгэж, тус салбарт технологийн дэд бүтцийг үүсгэж эхлээд байна.

Хэрэглэгчид Инсурт холбогдсон аж ахуйн нэгжүүдээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сонгонгоо Candy, Upoint, Redpoint зэрэг бонус оноо цуглуулж, гар утаснаасаа даатгуулах боломжтой. Хэрвээ танд уг апп-ийг ашиглахаас өмнө буюу өөр газраас хуримтуулсан лояалти оноо байгаа бол түүнийгээ шилжүүлэх, данснаасаа мөнгө хийх зэргээр оноогоо өсгөхөд нээлттэй аж. Энэ нь хүн бүр өөрийн санхүүгийн бололцоо, цуглуулсан лояалти оноонд тааруулан эрүүл мэндийн даатгалын олон төрлийн үйлчилгээнээс сонгох боломжийг олгож буй юм. Иргэн эрүүл мэндийн даатгалыг мөнгөөр бус хэрэглээнээсээ бий болгож буй нь үнэхээр олзуурхмаар хэрэг.

Инсур нь хэрэглэхэд нэн хялбар. Аппаа нээмэгц танд “Хүүхдийн даатгал”, “Олон улсын эрүүл мэндийн даатгал”, “Хорт хавдрын даатгал” зэрэг долоон төрлийн багцыг танд танилцуулна. Эдгээр нь тус бүр даатгалын компанийн сонголтуудтай. Жишээлбэл, хэрэглэгч “50,000 багц”-ыг авлаа гэж бодоход, эхлээд даатгалын байгууллагаа сонгоод, сар бүр 50,000 оноо цуглуулж, жилд 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй дүйцэх эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой аж. Энэ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх эмнэлэгт хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Тус апп нь шинэ байгаа учраас гүйцээж хөгжүүлэх зүйлс байгаа аж. Апп-ийн гол онцлог болох онооны системүүдийн холболтын ажил 2020 оны нэгдүгээр сард бүрэн дуусна гэдгийг Инсурын ажилтан бидэнд хэлсэн юм.

INSUR-ИЙН ХЭРЭГЛЭГЧИД

Даатгалын компаниуд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн даатгалд нэлээн анхаарал хандуулж ажиллаж ирсэн бөгөөд одоогоор нийт 10,000 орчим хэрэглэгчийг даатгаад байжээ. Харин Инсурыг нээлтээ хийснээс хойш хоёр сарын дотор 2000 хэрэглэгч хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, уг зах зээлийг богино хугацаанд 20 хувиар тэлсэн байна. Одоогийн байдлаар харилцагч болж бүртгүүлсэн хүмүүсээс 3000 гаруй хэрэглэгч оноогоо үүсгэсэн байгаа ч даатгалын сонголтоо хийгээгүй байгаа гэнэ. Цаашид хэрэглэгчид идэвхжиж, олшрох тусам апп-ийн боломж, сонголтууд улам нэмэгдэх болов уу.