Мэдээллийн эрин зуунд мэдээллийг хаанаас, яаж авах вэ гэдэг хамгийн чухал сонголтуудын нэг болжээ. Хүмүүс байнга уншдаг, таалагддаг вэб хуудсуудаа bookmark болгон хадгалах, сошиал хаягуудыг жагсаалт болгон үзэх гэх мэтээр янз бүрийн аргаар мэдээлэл авдаг. Түүний нэг нь улам бүр хөгжин тэлсээр байгаа newsletter буюу цахим товхимол юм. Тухайн товхимолд бүртгүүлэн имэйлээр мэдээлэл авах энэ арга нь цаг хэмнэлт, тухтай байдлаараа уншигчдыг татдаг бөгөөд ийм ч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, байгууллагууд чанартай товхимлуудыг улам олноор гаргах болов. Өнөөдөр бид тэдгээрээс 6 товхимлыг онцлон танилцуулъя.

Quartz: Мэдээллийг интерактив хэлбэрээр 

Японы Uzabase медиа компанийн эзэмшдэг Quartz вэбсайт нь анх 2012 онд олон улсад өрнөж буй бизнес, эдийн засгийн мэдээллийг англи хэл дээр хүргэх зорилгоор Нью-Йорк хотод байгуулагджээ. Гэрэл зураг, дүрс бичлэг, хөдөлгөөнт дүрс бүхий интерактив хэв маягаараа эрс ялгарсан тус компанийн Quartz Daily Obsession, Quartz Daily Brief цахим товхимлууд нь өдгөө нэг сая гаруй тогтмол уншигчтай. Интерактив формат нь уг цахим товхимлын хамгийн гол цөм гэж хэлж болно.

Quartz Daily Brief нь дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдал, мэдээллийг даваагаас бямба хүртэл өдөр бүр багцлан хүргэдэг бол Quartz Daily Obsession нь өдөр бүр нэг чөлөөт сэдвийг сонгон авч онцолдог.

Дэлхий дахинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг имэйлийн програм болох Mailchimp-ээр дамждаг цахим товхимлуудыг нээж үзэх нь дунджаар 20 гаруй хувьтай байдаг аж. Өөрөөр хэлбэл тухайн товхимолд бүртгэлтэй нийт уншигчдын 20 гаруй хувь нээж уншдаг гэсэн үг. Тэгвэл Quartz цахим товхимлуудын энэ үзүүлэлт 80 хувьтай байдаг нь чансааг илтгэж буй хэрэг.

Quartz Daily Obsession цахим товхимлын формат нь уншигчдын анхаарал татахгүй байхын аргагүй. Нэг дугаартаа нэг сэдэв, нэг ойлголтыг сонгон авч, түүнийгээ үүх түүхээс нь аваад холбогдох бүх мэдээлэл, сонирхолтой баримтуудыг дэлгэдэг. Ингэхдээ хөгжилтэй өнгө аяс, хошин бичлэгийн хэлбэрээр, дээр нь эможи түлхүү ашиглан хүргэдэг. Онцлох тоонууд, хөгжилтэй статистик, бодууштай асуултууд гээд олон сонирхолтой хэсэг бүхий энэ товхимолд та бүртгүүлээд үзээрэй.

Бүртгүүлэх: Quartz Daily Obsession

QZ

Morning Brew: Бизнес эрхлэгч миллениалуудад

Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан энэхүү товхимлыг уншихад таван минут л хангалттай. Өглөө бүр хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд, бизнесийн онцлох мэдээ, технологийн үйл явдлуудыг базан хүргэдэг. Бичлэгийн хэв маяг нь хөнгөн зугаатай, хошин шогийн өнгө аяс давамгайлсан тул тогтмол унших сэдлийг төрүүлнэ.

Уг товхимлыг АНУ-ын Мичиганы их сургуулийн хоёр оюутан 2015 онд даваагаас бямба хүртэл санхүү, бизнесийн онцлох мэдээллийг хүргэх зорилгоор эхлүүлжээ. Бизнесээ дөнгөж эхлүүлж буй, санхүү, хөрөнгийн зах зээлд ажилладаг залуус Wall Street Journal, The Washington Post зэрэг эх сурвалжаас мэдээлэл авдаг ч хэт хуурай, нуршуу санагддагаас тэр бүр уншдаггүйг тэд анзаарч, тус орон зайг нөхөх санаа сэдсэн нь Morning Brew аж. Өдгөө уншигчдынх нь дундаж нас 28 бөгөөд технологи, бизнес, санхүүгийн зах зээлд ажилладаг хүмүүс голлон уншдаг болжээ.

Одоогоор нэг сая гаруй уншигчтай тус товхимлын үүсгэн байгуулагчид өнгөрсөн онд Форбес сэтгүүлийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан юм.

Бүртгүүлэх: Morning Brew

MB

2030: ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЦАХИМ ТОВХИМОЛ 

Unread баг Тогтвортой хөгжлийг дэмжигч ХААН Банктай хамтран 2018 онд нэгэн цахим товхимлыг эхлүүлсэн нь "Тогтвортой хөгжил 2030" юм. Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгдэж буй "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-той холбоотой мэдээллүүд, үйл явдлууд, сайн жишээнүүдийг энгийн үгээр, сонирхолтой байдлаар тайлбарлан хүргэдэг энэхүү товхимол нь 14 хоногт тутам илгээгддэг.

Дэлхийн өнцөг булан бүрд тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдийг багцлан 17 зорилгын хүрээнд уншууртай мэдээлэл болгодог энэхүү товхимлоо бид тун удахгүй шинэ хэлбэртэйгээр хүргэх болно.

Бүртгүүлэх: 2030

2030

The Skimm: Энгийн, товч, богино

Богино, энгийн, уншихад амар байх шинжийг баримталдаг The Skimm нь дэлхийн дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд өнгөрсөн үйл явдлыг онцолдог. Хоёр өнгөөр дагнасан цэвэрхэн формат, хөдөлгөөнт ковер зургаас өөр илүү дутуу дүрсийг багтаадаггүй тул тун цэгцтэй харагдана. Бичлэгийн хэв маяг нь чөлөөт, энгийн тул найз нөхөд хоорондоо ярилцаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. “The Skimm бол таны хамгийн ухаантай найз гэсэн үг” хэмээн Форбес сэтгүүлд хүртэл онцолсон нь учиртай.

NBC телевизэд продюсероор ажилладаг байсан хоёр бүсгүй ажлаасаа гарч, зөвхөн цахим товхимол түгээдэг медиа компанийг 2012 онд байгуулжээ. Тэд эхэндээ хөрөнгө оруулалт хайж олон хүмүүстэй уулзсан боловч хүмүүст имэйлээр дамжуулан мэдээ хүргэнэ гэдэг хамгийн муу арга гэсэн хариуг сонсож байж. Улмаар тэд товхимлоо өөрсдийн таньдаг 5500 хүн рүү явуулж эхлүүлсэн нь найман жилийн дараа 7 сая гаруй болж өссөн байх юм. Тус компани 2016 онд Skimm Ahead хэмээх уншигчдын цахим календарьтай шууд холбогдон ойрын үед болох арга хэмжээний талаар мэдээлэл хүргэдэг апп-ийг гаргасан билээ.

Мөн тэд 2019 онд Skimm This хэмээх өдөр тутмын подкастыг гаргаж, орой бүрийн 17 цагт тухайн өдөр өрнөсөн хамгийн чухал үйл явдал, онцлох мэдээг тоймлон хүргэдэг болсон нь цахим товхимлыг аудио хэлбэрт оруулсан дэвшил болжээ.

Өдгөө тус товхимлын нийт уншигчийн 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Хэрвээ та анзаарсан бол логон дээрх дүрс нь iPad барьж даашинз өмссөн ажил хэрэгч бүсгүйн дүрийг илэрхийлнэ. Зарим хүмүүс Иванка Трампын ивээн тэтгэдэг цахим товхимол хэмээн хардаж, янз бүрийн цуурхал гарсны улмаас Цагаан ордноос албан ёсны мэдэгдэл хүртэл гаргаж байсан удаатай.

Бүртгүүлэх: The Skimm

Skimm

Hustle VLOG: Зөвхөн мэдээлэх бус түүхийг өгүүл

Товч тодорхой, богино форматыг илүүд үзэх болсон өнөө цагт Hustle уламжлалт хэв маягаа хадгалсаар байна. Өдгөө нэг сая гаруй уншигчтай тус товхимол аливаа сэдвийг дэлгэрэнгүй тайлбарлах, задлан шинжлэх хэлбэрээрээ олон танигдсан. Зөвхөн улбар шар, хар өнгөөр дагнан урт формат, линк холболтыг санал болгодог нь цахим товхимол гэхээсээ блог маягийн өнгө аясыг өгдөг.

Сам Парр хэмээх залуу 2015 онд өөрийн эхлүүлсэн бизнесийг зарсны дараа бусдад урам зориг өгөх, өөрөө ч дурлах ямар ажил хийх вэ хэмээн эрэл хайгуул хийж эхэлжээ. Ингээд тэр Hustlecon хэмээх 15 илтгэгчтэй, тус бүр нь 15 минут илтгэл тавих форматтай TedX шиг арга хэмжээг зохион байгуулах болсон байна. Тухайн үед арга хэмжээнийхээ идэвхжүүлэлтийг хүмүүсийн имэйлээр дамжуулан хийх санаа сэджээ. Ингээд блог хэлбэрийн цөөн мэдээг багтаасан цахим товхимлыг явуулахад төсөөлснөөс олон уншигчийн анхаарлыг татаж, түүндээ урамших болжээ. Ингээд таван сарын дараа гэхэд 100 мянган уншигчтай болжээ.

Бүртгүүлэх: Hustle

Hustle

BrainPickings: ОЮУНЛАГ АМЬДРАЛД УРИАЛНА

Болгарын зохиолч Мариа Попова өөрийн блогоор урлаг, гоо зүй, дуу хөгжим, философи, сэтгэл судлал, шинжлэх ухааны сонирхолтой мэдээллийг 2006 оноос хойш тасралтгүй хүргэж буй. Тэрээр мөн The Huffington Post, Wired UK, The Atlantic зэрэг мэдээллийн хэрэгслүүдэд гэрээт байдлаар нийтлэл бичдэг.

Түүний нэг сая гаруй уншигчтай BrainPickings блогийн бичвэрүүд ихэнхдээ урт байдаг бол ням гарагийн өглөө бүр илгээдэг цахим товхимол нь нийтлэлүүдээ хураангуйлсан, эмхэтгэсэн байдаг онцлогтой. Хэрвээ та оюунлаг амьдралыг эрхэмлэдэг бол дэлхийн шилдэг зохиолчид, сэтгэгчдийн амьдрал, уран бүтээлийг задлан шинжилж, тоймлож, тайлбарлан хүргэдэг энэ товхимлыг заавал дагаарай.

Бүртгүүлэх: BrainPickings

BP