Технологийн хурдтай хөгжлийн нөлөөгөөр бидний хэрэглээ улам бүр өөрчлөгдсөөр байдаг. Нэгэн үе тогтмол хэрэглээнд нэвтэрч, ашиглаж байгаагүй үеэ марттал дассан зарим бүтээгдэхүүн чухам үсрэнгүй технологийн "ачаар" буланд шахагдаж, илүү шинэлэг, хүчтэй, хялбар зүйлсэд зайгаа тавих нь бий. Өнөөдөр бид дахиж хэрэглэгдэхээсээ өнгөрсөн тийм тек бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Ахиж хөгжүүлэгдэхгүй, бүрэн устсан, дампуурсан гээд олон шалтгаан энд дурдагдсан нэрсийг нэгтгэнэ. Зах зээлийг тэслэх гайхалтай санаа гаргалаа ч, ахархан хугацаанд хуйлруулан бөөн хэрэглэгчид татлаа ч тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулахад илүү нарийн "орц" шаардлагатай байдаг. Эдгээр бүтээгдэхүүний түүхээс шинийг санаачлагчид, ирээдүйн энтрепренерүүд ихийг суралцана гэдэгт итгэлтэй байна.

Wunderlist

Unread-ийн багийнхны тун идэвхтэй хэрэглэдэг асан хийх ажлын жагсаалтын апп "Wunderlist" энэ оны 5-р сард албан ёсоор хаагдах гэж байна. Гэхдээ энэ бол гэнэтийн мэдээ биш. Microsoft интернет хэрэглэгчдийн дунд хит болсон, Берлинд төвтэй тус апп-ыг 2015 онд худалдан авсан юм. Тухайн үед Wunderlist 13 сая хэрэглэгчтэй байлаа. Үүнээс хойш Microsoft өөрсдийн хөгжүүлж буй "To Do" нэртэй тусдаа апп руу илүү анхаарч, Wunderlist-ийн гол ялгардаг нэмэлтүүдийг шилжүүлж байгаа нь ил болсон. Улмаар 2017 онд тэд цаашид хөгжүүлэлт хийхээ зогсоож байгаагаа мэдэгдэж олон хэрэглэгчийн урмыг хугалсан билээ. Microsoft өөрсдийн гол бүтээгдэхүүн Office 365-тай уялдаатай ажилладаг, бусад бүтээгдэхүүнүүдийг нь төгс дэмжих апп-ийг бүтээх үүднээс Wunderlist-ийг "алав".

hq

Мэдлэгээ сориод мөнгө хож хэмээн бидний онцолж байсан HQ огцом гарч ирсэн шигээ огцом алга болов. Тэд энэ Валентины баярын өдрөөр компанийнхаа 25 ажилтанд үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа имэйлээр мэдэгдсэн гэнэ. Vine-ийн үүсгэн байгуулагчдын бүтээсэн уг интерактив тоглоом 2017 оны 8-р сард гарсан даруйдаа хит болж, бүр 2 сая тоглогч нэгэн зэрэг 10 асуултад хариулан 100 мянган доллар хүртэлх бэлэн мөнгөний эзэн болохын төлөө өрсөлддөг байв. Олон топ компанитай хамтарч, хөгжим, спорт, гэрэл зураг гээд олон төрлийн нэмэлт тоглоомуудыг ч гаргасаар байлаа. Гэсэн ч үүсгэн байгуулагчдын нэг К.Кролл 2018 оны 12-р сард хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас таалал төгсөж, гол хөтлөгч С.Роговски гэрээний нөхцөлөө тохирч чадаагүйн улмаас компаниа орхисноор тэдний уруудал эхэлсэн. Нэгэн үе 100 сая доллараар үнэлэгдэж байсан уг асуулт-хариултын тоглоом мобайл тоглоомын зах зээлд цоо шинэ трендийг эхлүүлээд ийн төгсөж байна. Сонирхуулахад, яг ид мандаж байх үед нь нэгэн Монгол оролцогч 20 мянган долларын эзэн болж байсан удаатай.

essential

Энэ жагсаалтад орсон цорын ганц төхөөрөмж бол Андройдыг бүтээгч Э.Рубины үүсгэн байгуулсан "Essential". Цахиурын хөндийн зартай инженерүүдийн нэг ухаалаг утасны зах зээлд тэсрэлт хийх амлалтандаа хүрч чадсангүй дампуурлаа зарлав. 2017 оны 8-р сард анхны бөгөөд цорын ганц бүрэн бүтээгдэхүүнээ гаргасан тус стартап 330 сая долларын хөрөнгө оруулалт татаад байсан юм. Өнгөрсөн жилийн намар шинэ утас гаргах гэж байгаагаа зарлаад байсан тэдний уналтад Рубины Гүүглийг орхисон "жинхэнэ" шалтгаан нэрмээс болсон нь гарцаагүй.

inbox

Unread-ийн онцолсон хамгийн анхны апп "Inbox" байсан нь санаандгүй хэрэг биш. Имэйлийн идэвхтэй хэрэглэгчдийн бүтээмжийг нэмж цэгцтэй, тодорхой, цэвэрхэн үйлчилгээг санал болгон, имэйлийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байсан тул бид тус апп-ийг хамгийн анх тоймлож байв. Gmail-ийн дараагийн үе хэмээн тодорхойлогдож байсан тус апп Google-д маш олон шинэ санаа, нэмэлтийг турших талбар болж, улмаар Gmail-ийн хөгжүүлэлтийн нэг хэсэг болон хувирсан билээ. Хаагдахад 14 хоногийн хугацаа үлдлээ гэсэн тэмдэглэлийг хараад "буланд шахагдсан" мэт мэдрэмж төрж байсныг нуух юун. Gmail-д хийгдсэн дизайн болон хэрэглээний шинэчлэлийн дийлэнх нь Inbox-д анх хэрэглэгдсэнийг архаг хэрэглэгчид шууд таньж байлаа. Бүр үнэнч хэрэглэгчдэдээ зориулан Inbox-ийн үүсгэн байгуулагч нь Chrome-ийн нэмэлт гаргасан гэнэ шүү.

itunes

Apple-ийн сэргэн мандалтыг iTunes-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Анхны iPod-оос эхлээд iPhone, iPad хүртэл бүгдийг нь бүрэн хэрэглэхийн тулд хүн бүр энэ програмыг суулгадаг байсан гэхэд хилсдэхгүй. Дуу сонсох, цэгцлэх, татахаас эхлүүлээд файл зөөх, хуулах хүртэл бүх л үйлдлийг iTunes чиглүүлдэг байсан санагдана. Гэсэн ч Apple өөрсдийн үйлчилгээнд суурилсан бизнес моделийг шилжүүлэх явцдаа шинэ MacOS-ийн шинэчлэлд iTunes-ээ гурав хуваан салангид байдлаар хөгжүүлэхээр шийдсэнээ зарлаж, хөгжүүлэлтээ бүрэн зогсоосон юм. Одоо хэрэглэгчид Apple Music, Apple TV+, Apple Podcast гэсэн гурван апп-аас сонголт хийх учиртай болж байна. iTunes-д хуулсан дууныхаа ковер зураг, тайлбарыг бөглөж "цаг алдаг" үе маань дурсамж болон хоцорч дээ...

moviepass

Та сард тогтмол төлбөр төлөөд хүссэнээрээ кино театрын үзвэр үзэж болно гэж төсөөлж байсан уу? Олон хүний "галзуу мөрөөдлийн" жагсаалтад багтдаг уг хүслийг MoviePass-ийнхан биелүүлж, лояалти үйлчилгээг шинэ түвшинд авчирч, 2018 он гэхэд 2 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй болоод байв. Тэдний санал их энгийн. Сард 10 доллар төлөөд өдөр бүр дуртай нэг киногоо үз. Хүсвэл арай үнэтэй хязгааргүй багцыг авч болно. Хэдий театрын сүлжээ, кино бүтээгчдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн ч тэд 2011 оноос хойш бизнесээ хөгжүүлж, кино продюсерлэх, найзуудын багц гаргах зэргээр шинэ зүйлсийг туршсаар ирсэн юм. Гэвч санхүүгийн алдагдлын улмаас хэд хэдэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, улмаар өнгөрсөн сард бүрэн дампуурах хүсэлтээ гаргажээ.

google trip

Google Trip магадгүй аяллын хамгийн цогц, хялбар, цэгцтэй мэдээллийг өгч чадах апп хэмээн үнэлэгдэж байлаа. Шууд имэйлтэй холбогдож тасалбар болон захиалгын мэдээллүүдийг нэгтгэж, газрын зургийн заавар, хүмүүсийн тойм, сэтгэгдлийг холбоснооро бусад апп-уудаас ялгардаг байв. Тиймдээ ч бид энэ апп-ийг тоймлон "Аялах улам л амархан боллоо" хэмээн бичиж байв. Гэвч Google энэ апп-аа танилцуулснаас жил хүрэхгүй хугацааны дараа "устгаж" байгаагаа зарласан нь олон хүнийг гайхшируулсан билээ. Trips-ийн нэмэлтүүд, гол ялгарлууд нь Search, Maps руугаа шингэн орсон тул санаа зоволтгүй ээ гэж төгсгөлд нь тэд сануулжээ. Классик Гүүгл.

google+

Ахиад л нэг Гүүглийн "алсан" бүтээгдэхүүн. Гэхдээ Google+ хамгийн боломжит нэр дэвшигч нь ч байсан байж магад. Сошиал медиа платформын давлагаанаас яагаад ч юм хоцорчихсон Гүүгл өөрсдийн гэсэн сошиал апп үүсгэх гээд бүтэлгүйсэн нь энэ. Яаж ашиглахыг, ямар давуу талтайг нь хэн ч ойлгоогүй байж магад. Тус апп-ийн байгууллагад зориулсан хувилбар нь Google Currents нэртэйгээр хөгжүүлэгдэж байгаа гэнэ.

BBM

Нэгэн цагт мессенжерийн зах зээлийг чиглүүлж, "атгаж" явсан BlackBerry Messenger буюу BBM өнгөрсөн жилийн 5-р сард албан ёсоор хаагдсан юм. Чат апп-уудын анхдагч болон 2005 онд гарсан уг апп анхны дуут шуудан, стикерийг танилцуулж, улмаар 2015 оны байдлаар дэлхий даяар 190 сая хэрэглэгчтэй байлаа. Гэвч бусад өрсөлдөгчдийн тэсрэлт, толгой утасных нь доройтол болон дата аюулгүй байдлын дуулиан зэрэг олон хүчин зүйлээс болж тэд чөлөөт уналт хийсэн билээ. Оригинал чат апп гэх тодотголтой тус апп-ийг 2017 оноос эхлэн Индонезийн Emtek ихээхэн зориг гарган хөгжүүлж эхэлсэн ч ийн бууж өгсөн юм. Гэхдээ одоо байгууллагуудад зориулсан төлбөртэй үйлчилгээг нь та хэрэглэх боломжтой гэнэ.