Өнөө цагт хэт их дата мэдээлэл дунд хүмүүсийн анхаарал төвлөрөл хамгийн хязгаарлагдмал нөөц болж, аливаа санааг богино хугацаанд товч, тодорхой, бүтээлчээр илэрхийлэх нь хамгийн чухал ур чадварт тооцогдох болжээ. Тиймээс толгойдоо бодсон шинэ санаа, шийдлийг тань амилуулж, бусдад хүргэхэд туслах төрөл бүрийн дизайны програм, апп, онлайн сайтууд бий болсоор байна. Ямар ч мэргэжлийн, ямар ч насны хүмүүст дизайны анхан шатны мэдлэгтэй байх хэрэгцээ шаардлага өдөр ирэх бүр тулгарсаар байгаа тул бид энэ удаа гар утас, компьютер болон интернетгүй үедээ ашиглаж болох хамгийн энгийн бөгөөд түгээмэл таван платформыг онцоллоо. 

Canva

Тохиромжтой хэлбэр: Сошиал постер, контент бэлтгэх

Төлбөр: Эхний нэг сар үнэгүй, сарын хураамж 12.9 ам.доллар

canva

Apple компанийн Macintosh бүтээгдэхүүний маркетингийн бодлогыг хариуцан ажиллаж байсан алдарт маркетер Гая Кавасакагийн 2012 онд үүсгэн байгуулсан Canva компани нь онлайн дизайны хамгийн алдартай платформ юм. Өнгөрсөн онд тус платформын 139 сая хэрэглэгчийн дата мэдээлэл хакердуулж багагүй шуугиан тарьсныг санаж буй байх.

Дэлхийд нийт 15 сая хэрэглэгчтэй Canva компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө 3.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Сошиал медиа контент хийхэд хамгийн тохиромжтой, энгийн функцтэй гэгддэг Canva нь дата сандаа нэг сая давсан зураг, фонт, дүрс, график зэрэг төрөл бүрийн форматтайгаас гадна шууд ашиглаж болох бэлэн танилцуулга, нэрийн хуудас, зурагт хуудас, сошиал медиа контент, фэйсбүүк ковер, урилгуудын загвартай.

Мөн Canva платформ хэрэглэгчдийн бүлгэмд элсэж, мэргэжлийн дизайнеруудын онлайн хичээл үзэх болон сонирхогчдын хийж буй ажлуудаас санаа авах, өөрийн бүтээл дээр санал хүсэлт, шүүмж авах боломжтой юм билээ.

Гэвч Canva видео оруулах функцтэй ч үндсэн систем нь зурган хэлбэрт төвлөрсөн тул хөдөлгөөнт дүрсийг тийм ч сайн дэмждэггүй. Тиймээс инфографик, постероо илүү интерактив байдлаар бүтээхийг хүсч буй бол өөр платформ ашиглах нь зүйтэй болов уу. Тус платформыг эхний 30 хоног ашиглахад үнэгүй. Харин дараагийн сараас 12.9 ам.долларыг сар бүр төлөх юм.

Дэлгэрэнгүй

piktochart 

Тохиромжтой хэлбэр: Дата өгөгдөл ихтэй танилцуулга слайд (presentation) бэлтгэх

Төлбөр: Байнгын үнэгүй ашиглах боломжтой, нэмэлт функц ашиглах бол 15-82 ам.доллар

piktochart

Вэб сайтад суурилсан онлайн дизайны платформ болох Piktochart нь 2011 оноос хойш тасралтгүй үйлчилгээ үзүүлж буй олон жилийн туршлагатай. Өдгөө 11 сая гаруй хэрэглэгчтэй тус платформ нь олон өгөгдөл бүхий дата танилцуулга бэлтгэхэд хамгийн тохиромжтой гэгддэг. Учир нь, Google Drive, SurveyMonkey болон Microsoft Excel дээрх датаг шууд хөрвүүлэн оруулах боломжтой. Мөн видео, хөдөлгөөнт дүрс (GIF) дэмждэг тул хүссэн интерактив контент бүтээхэд тань тусална.

Canva, Visme платформтой харьцуулахад ихэнх бэлэн загварууд нь төлбөртэй тул үнэгүй ашиглах цөөн загваруудтай. Платформыг байнгын үнэгүй ашиглах боломжтой ч нэмэлт функц, загваруудыг ашиглахыг хүсвэл 15-29 ам.доллар нэмж төлөх шаардлагатай юм. Мөн хайлтын систем нь сайн хөгжөөгүй тул контентийн нэр, төрлөөр хайлт хийхэд хүндрэлтэй байдгийг анзаараарай.

Дэлгэрэнгүй

visme

Тохиромжтой хэлбэр: Олон хүн зэрэг танилцуулга слайд (presentation) бэлтгэх

Төлбөр: Эхний удаа гурван контент хийх эрх, сарын хураамж 25-75 ам.доллар

visme

Үүлэн технологид суурилсан уг програм нь танилцуулга бэлтгэхэд хамгийн тохиромжтой гэгддэг. Нэг сая гаруй арвин дата сантай тул зөвхөн танилцуулга гэлтгүй төрөл бүрийн инфографик, постер бүтээх боломжтой. Мөн аудио файлууд болон өөрийн дуу хоолойг хүртэл бичиж оруулж болно. Бусад платформоос ялгагдах нэг онцлог нь таны контентоо бүтээж буй үйл явц, цаг хугацаа, бүтээмжид анализ хийж, тайлагнадаг тул дизайны ур чадвараа сайжруулахыг хүсч буй хэн бүхэнд мэргэжлийн үнэлгээ хийлгүүлэх тун аятайхан боломж юм.

Түүнчлэн MailChimp-тэй холбогддог тул таны контентийг үзэж буй хүмүүсийн мэдээллийг мэйл хаягаар авч болох нь. Гэвч Visme анх удаа ашиглах гэж буй бол зөвхөн 3 контент үнэгүй бүтээх хязгаартай гэдийг санаарай. Түүнээс цааш сарын 7-9 ам.долларын хураамж төлөн, нэмэлт үйлчилгээнүүдийг авч болно шүү.

Дэлгэрэнгүй

Inforgram

Тохиромжтой хэлбэр: Төрөл бүрийн инфографик бэлтгэх

Төлбөр: Сарын хураамж 19-149 ам.доллар

inforgram

Хоёр сая гаруй хүн амтай Латви улсаас гаралтай Infogram компани нь 2012 онд байгуулагдсанаасаа хойш 3 сая гаруй хэрэглэгчтэй болоод буй. Тус компанийг гурван жилийн өмнө Prezi компани худалдан авсан бөгөөд тухайн жилд Forbes сэтгүүлээс “Шилдэг инфографик бүтээгч платформ”-оор шалгаруулжээ.

Шилдгээр шалгарах нь ч аргагүй юм. Тус платформ нь Google Sheets, Dropbox дээрх дата мэдээллийг хуулж авахаас гадна НҮБ, Дэлхий банкнаас гаргасан судалгааны дата файлуудыг шууд хөрвүүлэн ашиглаж болно. Хэдийгээр өөр эх үүсвэрийн дата мэдээллийг дэмждэг ч үсгийн фонтын хэмжээ, төрлийн сонголт цөөн тул хүссэн фонтоороо контент үүсгэх боломж тааруухан гэдгийг сануулъя.

Дэлгэрэнгүй

venngage 

Тохиромжтой хэлбэр: Интерактив, видео контент бүтээх

Төлбөр: Эхний удаа 5 инфографик бүтээх эрх, сарын хураамж 19-49 ам.доллар

vengage

Тус компани нь 2016 онд The Wall Street Journal тэргүүтэй олон улсын сонин, хэвлэлүүд дээр Game of Thrones киноны дүрүүдийн задаргааг зурган контентоор маш сонирхолтой хүргэснээр олонд танигдаж, 10 хүрэхгүй ажилтантай, дундын оффист суудаг жижиг спартапаас олон улсын компани болтлоо өргөжин тэлсэн билээ.

Хэрэглэгчдэдээ олон төрлийн контентийн формат, загваруудаа үнэгүй ашиглах эрх олгосон тул өөрийн хүссэн форматаар зурган контентууд болон интерактив, хөдөлгөөнт бүтээл хийх боломжтой. Ашиглахад хялбар, төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул Forbes, Wired, Airbnb, Hubspot зэрэг медиа, технологийн компаниуд дотооддоо түгээмэл ашигладаг ажээ.

Дэлгэрэнгүй