1179 үгээс бүрдэх тоймыг уншиж дуусгахад танд ердөө 4 минут л хангалттай. Гэхдээ түүнээс ч бага хугацааг бидний бэлтгэсэн бонус видеог үзэхэд зарцуулаарай. Хамтдаа сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, айдас дагуулсан үйл явдлууд, гуниг дагуулсан хагацлууд, гайхал төрүүлэм нээлтүүд дүүрэн 1-р сарын өдөр бүрийг эргэн дурсацгаая.

1 гол сэдэв

Энэ долоо хоногт дэлхийн топ нээлттэй компаниуд улирлын тайлангаа зарлав. Бид технологийн салбарын гигантуудын тайлангаас онцлон хүргэж байна.


Amazon: Триллион долларын клубт эргэн нэгдэв

Баярын улирал давхацсан тул энэ улиралд Amazon-ий үзүүлэлт өндөр гарах нь тодорхой байсан. 798 мянган ажилтантай болсон тэд 87.4 тэрбум долларын орлоготой байсан нь шинжээчдийн таамгаас илүү үзүүлэлт байв. Үүний дараа тэдний хувьцааны үнэлгээ 11 хувиар өсөж, 2018 оны 9-р сард анх давсан триллион доллартаа хүрчээ. Өнгөрөгч улиралд Prime-ийн гишүүнчлэл хамгийн ихээр нэмэгдэж, нийт хэрэглэгчдийн тоо нь 150 саяд хүрсэн байна. Amazon Web Service зах зээлийн тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, 34 хувийн өсөлттэй буюу 9.95 тэрбум долларын борлуулалттай ажиллажээ. Хөгжим, киноны үйлчилгээний орлого 32 хувиар өссөн бол хүргэлтийн зардал нь 43 хувиар нэмэгдсэнийг онцлов.


Microsoft: Сэргэн мандалт үргэлжилсээр

63 хувийн өсөлттэй оныг үдсэн Microsoft-ийн тайлан шинжээчдийн тооцооноос давав. Орлого 14 хувиар өсөж 36.1 тэрбум долларт хүрсэн бөгөөд клоуд үйлчилгээ Azure нь 62 хувийн өсөлт үзүүлж бүх үйлчилгээгээ тэргүүлэв. Windows, Surface, Xbox-ийг багтаасан хувийн компьютерийн салбар 13 тэрбум, Azure, Github бүхий ухаалаг үүлэн системийн салбар нь 11 тэрбум, Linkedin, Office-ийг багтаасан бүтээмж, бизнес процессийн салбар нь 11 тэрбумын орлогыг тус тус компанидаа авчирчээ.


Apple: Түүхэн улирлыг өнгөрөөв

Apple-ийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 9 хувиар өсөж 91.9 тэрбумд хүрсэн нь компанийн түүхэн амжилт болов. Дэлхий даяар 1.5 тэрбум идэвхтэй төхөөрөмж борлуулсан гэх Apple-ийн ухаалаг цаг, гэр ахуй төхөөрөмжийн салбар 10 тэрбумын борлуулалт анх удаа хийв. Зөвхөн AirPod-ийн борлуулалт 4 тэрбумд хүрснийг шинжээчид онцолжээ. Хятадын зах зээлээс 13 тэрбумыг олсон тэдний гол бүтээгдэхүүн iPhone-ийн орлого 56 тэрбум болсон нь "санамсаргүй" үзүүлэлт байв. Мөн тоглоом, хөгжим, видео контентийн үйлчилгээ нь 12 тэрбум долларын ашгийг компанидаа авчирсан байна.


Facebook: Өсөлт зогсоогүй

Хууль тогтоогчидтой асуудалтай хэвээр буй Facebook-ийн орлого 21 тэрбумд хүрч урьдчилсан таамгыг давсан ч хэрэглэгчдийн өсөлт удааширсантай холбоотой хувьцааны үнэлгээ нь 7 хувиар унав. Өдөрт 1.66 тэрбум хэрэглэгчтэй тус платформ жилийн зардал 51 хувиар өсөж 46.7 тэрбум доллар болсон гэнэ.

2 чухал тоо


51:49 - Ерөнхийлөгч Трампад итгэл эс үзүүлэх хурлын явцад чухал нөлөө үзүүлнэ хэмээн Ардчилсан намын найдаж байсан "гэрчийг дуудах эсэх тухай" санал хураалт 51:49-өөр өндөрлөлөө. Бүгд Найрамдахчуудаас ердөө 2 гишүүн л "урваж" эсрэг санал өгснөөр экс зөвлөх Ж.Болтон тэргүүтэй 17 гэрчээс мэдүүлэг авах боломжгүй болж байна. АНУ-ын сенат ерөнхийлөгч Трампыг ирэх долоо хоногт багтаан "цагаатгах" бололтой.


201,200,000 - Алдарт хөлбөмбөгчин Криштиано Роналду Инстаграмд 200 сая дагагчтай анхны хэрэглэгч боллоо. Дэлхийн шилдгээр 5 удаа нэрлэгдэж байсан түүний ард 173 сая дагагчтай дуучин А.Гранде бичигддэг гэнэ.

3 онцлох зүйл


БАЯРТАЙ, БРИТАНИ!: Их Британи Европын Холбоог албан ёсоор орхилоо. Нийт иргэдийнх нь 52 хувь нь "гарах" санал өгснөөс хойш 1317 хоногийн дараа, 2 ч ерөнхий сайд огцорсны эцэст Борис Жонсоны засгийн газар асар төвөгтэй үйл явцыг амжилттай хэрэгжүүллээ. Их Британи 2020 оныг дуустал Европын Холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт багтсаар байх ч түүнээс урьтаж шинэ гэрээг байгуулах даалгавартай хоцорч байна. Худалдаанаас гадна аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, шилжилт хөдөлгөөн, боловсролын асуудлуудыг мөн шийдэх учиртай. Үүнтэй зэрэгцэн дийлэнх нь "үлдэх" санал өгсөн Шотландын тусгаар тогтнолын хөдөлгөөн эрчимжиж эхэлжээ.

Санал болгох: Дараа нь юу болох вэ?


БРАВО, БИЛЛИ!: 18 настай залуу од Билли Айлиш хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Грэммид 5 төрөлд ялалт байгуулж шуугиулав. "Оны шилдэг цомог"-ийн эзнээр шалгарсан хамгийн залуу уран бүтээлч болсон тэрээр "Оны шилдэг дуу", "Оны шилдэг шинэ уран бүтээлч" зэрэг топ 4 шагналыг нэг жилд хүртсэн түүхэн дэх ердөө 2 дахь артист болжээ. Энэ өдөр таалал төгссөн алдарт тамирчин К.Брайнтыг эргэн дурсан эхэлсэн Грэммид хамгийн олон буюу 8 төрөлд өрсөлдсөн Lizzo 3 цомтой буцсан байна. Сонирхуулахад, АНУ-ын экс тэргүүн хатагтай М.Обама "Becoming" бүтээлийн аудио хувилбараараа Грэмми хүртжээ.

Санал болгох: Билли Айлиш хэрхэн гол шагналуудыг түүв?


БОЛГООМЖИЛ, ВИРУС!: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өдөр ирэх тусам хурдацтай тарсаар буй коронавирусын аюултай холбоотой олон улсын онц байдлыг зарлалаа. Одоогоор дэлхийн 25 оронд 14 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 305 хүн нас бараад байгаа юм. Сингапур, АНУ, Шинэ Зеланд тэргүүтэй олон улс орон, түүний дотор Монгол хилийн хорио тогтоож, Хятадаас шууд болон дамжих нислэгүүдийг цуцалсаар байна. Манай улс халдварын голомт Ухань хотод оршин сууж байсан 32 иргэнийг тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирч, иргэдээ шилжүүлэн авсан АНУ, Япон, Герман, Турк зэрэг улсуудтай зэрэгцэв. Филиппинд 38 настай иргэн таалал төгссөн нь Хятадаас өөр газар хүний аминд хүрсэн анхны тохиол болсон. Австралид коронавирусыг лабораторийн орчинд гаргаж авч, Хонгконг вакцины эхний туршилтыг хийж дэлхий нийт тэр чигтээ хамтран ажиллаж вирусын эсрэг тэмцсээр байна.

Санал болгох: Коронавирустэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос

4 мэдүүштэй баримт


AI ЭМ: Англи, Японы хамтарсан стартап хиймэл оюуны тусламжтайгаар бүтээсэн анхны эмийг хүн дээр туршихад бэлэн болжээ. Албадмал үйлдлийн эмгэг буюу OCD-ийн эсрэг уг бэлдмэлийг хөгжүүлж туршихад ганцхан жил л шаардагдсан нь салбарын дунджаас харьцангуй хурданд тооцогдох юм.


НАРНЫ ДҮРС: Америкийн одон орончид нарны гадаргуугийн хамгийн нарийвчлалтай зургийг авчээ. Зургийг өнгөрсөн жилд Хавайд ашиглалтанд орсон дэлхийн хамгийн хүчирхэг огторгуйн дурангийн тусламжтай авсан байна. Нэг бүр нь Техасын хэмжээтэй "бичил" хэсгүүдээс бүрдэх энэ болон цаашдын ажиглалтууд нь нарны бүтэц, соронзон орныг ойлгоход чухал ач холбогдолтойг эрдэмтэд онцолжээ.


УХААЛАГ НААЛТ: Хятадын судлаачид бактерийн халдвараас бүрэн сэргийлэх анхны ухаалаг шархны наалтыг танилцууллаа. Наасны дараа шархны байдлаас хамааран өнгөө өөрчилж, тохирсон антибиотикийг өөрөөсөө ялгаруулж чадах уг наалт нь халдвараас сэргийлэх хямд шийдэл болно хэмээн бүтээгчид нь үзэж байна.


СУПЕР КАМЕР: Секундэд 1 триллион кадр авах хүчин чадал бүхий камер бүтээснээ Caltech-ийн эрдэмтэд зарлалаа. Уг камер нүдэнд үл үзэгдэх долгион, хэлбэлзэл зэргийн зургийг авч чадна гэдгээрээ онцлог. Гэхдээ 2 жилийн өмнө Канадад секундэд 10 их наяд кадр авах чадалтай камерыг танилцуулж рекорд тогтоож байсан гэнэ.


5 сонин, хачин


1. IAAF "технологийн допинг" гэж нэрлэгдэх болсон Nike-ийн "Vaporfly" загварын пүүзийг Токио 2020-д өмсөхийг зөвшөөрлөө. Материал, хийцээрээ эрс шинэчлэл дагуулсан уг пүүзийг өмсөн Э.Кипчоге 2 цаг дотор марафоны замыг дуусгаж, Б.Косгей эмэгтэйчүүдийн рекордыг 81 секундээр ахиулснаар анхааралд өртсөн юм. Гэхдээ олимпийн загвар нь дор хаяж 4 сарын өмнө нээлттэй худалдаанд гарсан байх шаардлагыг тавьжээ.


2. Unicode Consortium-аас 2020 оны 2-р хагаст ихэнх платформд нэвтрэх 117 шинэ эможи бүхий жагсаалтыг танилцууллаа. Олон нийтийн санал болон экспертүүдийн зөвлөмжийн үндсэн дээр эцэслэсэн энэхүү жагсаалтад арьс өнгө болон жендерийн мэдрэмжтэй 55 эможи багтсан нь дэвшил болжээ.


3. Теннисийн энэ жилийн эхний их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээнд С.Кенин, Н.Жокович нар түрүүллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд 21 настай америк бүсгүй С.Кенин анх удаа аваргалсан бол Серби маэстро Австралид 8 дахиа, карьертаа 17 дахь удаагаа их дуулгад түрүүлж буй нь энэ.


4. Цуут тэрбумтан Э.Маск "Don't Doubt ur Vibe" нэртэй анхны синглээ цацлаа. Tesla-ийн улирлын тайлан шинжээчдийн таамгыг давсны дараа тэрээр өөрийн үгийг нь бичиж, хоолойг нь хийсэн бүтээлээ Soundcloud дээр тавьсан нь энэ аж. Одоогоор уг дуу 2 сая илүү тоглуулагджээ.


5. Супер Мариогийн адал явдлаас сэдэвлэсэн тоглоомын парк 2023 онд Орландогийн Universal Studios-д нээгдэх боллоо. 15 мянган ажлын байр шинээр бий болгох уг парк нь одоогийн зайг 2 дахин томосгоно гэнэ. Сонирхуулахад, Nintendo-ийн анхны парк Осакад Олимпийн өмнө 7-р сард нээгдэх билээ.

10 унших мэдээ

Сүсэглэх: Далай ламын коронавирусын эсрэг өгсөн зөвлөгөө /HT/

Санах: Sundance Film Festival-ийн шилдэг 13 кино /Variety/

Бахдах: Олимпийн сорилгод шалгарсан анхны транс тамирчин /NYTimes/

Дурсах: Амьдралаа кэйз болгосон Харвардын профессор /WSJ/

Бүртгэх: Өвлийн наймааны цонхны ялагчид ба ялагдагчид /Goal/

Анхаарах: Хятадад шувууны ханиад дэгджээ /SCMP/

Ойлгох: Яагаад 1 триллион мод тарих нь сайн санаа биш гэж? /The Verge/

Үзэх: Коби Брайнтыг дурсахуй /LAL/

Төсөөлөх: Иранд хоригдсон нь /Time/

Мэдэх: "Bad Boys" 3 дахь долоо хоногтоо орлогоор тэргүүлэв /Deadline/