2020 оны хамгийн эхний, бүрэн шинэчлэгдсэн тоймд тавтай морил. 1152 үгээс бүрдсэн өнөөдрийн тоймыг уншихад танд 6 минут л хангалттай.


1 ГОЛ СЭДЭВ


АНУ-ын зэвсэгт хүчин ерөнхийлөгч Д.Трампын тушаалаар Багдад хотын ойролцоо явсан цуваанд цохилт өгч, Ираны генерал Касем Солеймани болон Иракийн зэвсэгт бүлэглэлийн командлагч Абу Аль Мухандис нарыг устгажээ. Энэ нь нэг талаар терроризмын эсрэг олон улсын тэмцэлд хүчтэй нөлөө үзүүлэхүйц, нөгөө талаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдлыг хурцатгаж мэдэх нөлөөт онцгой үйл явдал байв.

Солеймани гэж хэн бэ?

1979 оноос цэрэгт элсэж, Иран-Иракийн дайны үеэр тодорсон тэрээр 1998 оноос хойш Ираны Хувьсгалт Гвардын гадаад дахь ажиллагааг хариуцдаг Кудс тусгай хүчинг удирдаж байв. Ойрх Дорнод дахь Ираны нөлөөг тэлэх бодлогыг хэрэгжүүлэгч, 20 мянган дайчинтай тус байгууллагыг АНУ 2007 оноос хойш "террорист" гэсэн ангилалд авч үзэх болсон юм. Генерал Солеймангийн нэр хүнд, нөлөө нь Иранд зөвхөн дээд удирдагч А.Хамейнигийн дараа бичигдэхүйц байсан гэж эх сурвалжууд мэдээлдэг. Солеймани Ирак, Сири, Иемен дэх Америк болон холбоотнуудын цэрэг, дипломатуудын эсрэг удаа дараалсан алан хядах ажиллагааг удирдан явуулсан, 2003 оноос хойш зөвхөн Иракт АНУ-ын холбоотон 603 хүний аминд хүрсэн ажиллагааны ард байсан "дэлхийн номер нэг дайсан байлаа" хэмээн зарим медиа тодотгож байв.

Иран ямар хариу өгөв?

Цохилтын дараа Иранд мянга мянган хүн оролцсон гашуудлын жагсаал явагджээ. Тегеран энэ асуудлыг ихэд эмзэглэн хүлээн авч, "хариугаа хүчтэй авах" болно гэдгээ мэдэгдээд байна. Тэд шиа шашины уламжлал ёсоор цусан өшөө авахыг бэлгэдсэн улаан далбааг сүмийнхээ оройд намируулсан нь ч үүний дохио. Ираны тал Кени дэх Америкийн цэргийн баазад эхний цохилтоо өгсөн нь магадгүй дөнгөж эхлэл байж мэднэ. Зарим экспертүүд Америкийн нөлөөт улс орны удирдагчид, нөлөөт эрхмүүдийн амь насанд халдах оролдлого ч гарч магадгүйг сануулсаар байна. Харин Иракийн парламент цэргийн албан тушаалтны аминд нь хууль бусаар халдсан учир АНУ-ын "цэргийг эх нутгаасаа хөөх" шийдвэр гаргасан нь ач холбогдлын хувьд ноцтойд тооцогдохуйц мэдээ болов.

Үнэхээр дайн эхэлчихлээ гэж үү?

Одоохондоо үгүй. Гэхдээ цөмийн зэвсэг эзэмшдэг хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөний нөхцөл үүснэ гэдэг айж анхаарах ёстой асуудал гэдгийг шууд илтгэнэ. Трамп Ираны соёлын өв, уламжлалыг тээсэн 52 байршлыг онилон бэлдсэн байгаа гэдгээ мэдэгдсэн нь шууд "дайны гэмт хэрэгт" тооцогдох ноцтой мэдэгдэл байв. Итгэл эс үзүүлэх шийдвэр гарсан, сонгууль дөхсөн энэ үед түүний сонгосон "доминант" стратеги ихээхэн эрсдэл дагуулж байгаа гэдгийг шинжээчид онцолж байна. Ямартай ч энэ мэдээний дараа түүхий газрын тосны үнэ 3 орчим хувиар нэмэгдэж, бүс нутгийн улс орнууд онц байдалд шилжиж, дэлхий нийт цаашид өрнөх үйл явдлыг анхааралтайгаар ажигласаар байна.


Санал болгох: Экспертүүд гол 9 асуултад хариулав

Санал болгох: Солейманигийн талаарх хамгийн дэлгэрэнгүй ковер нийтлэл


Иран хариугаа чангахан авахаа амлав.

2 ЧУХАЛ ТОО


47%: Дани улс нийт эрчим хүчнийхээ 47 хувийг зөвхөн салхинаас буюу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргаж дээд амжилтыг тогтоолоо. Ирланд улс тэдний араас 28 хувийн амжилтаар бичигдсэн байна. Сонирхуулахад, Европын Холбооны хэрэглээний 14 хувь нь сэргээгдэх эрчим хүчнээс бүрдэж байгаа гэнэ.


1,800,000,000: Fortnite 2019 оны хамгийн өндөр орлоготой видео тоглоом болов. 1.8 тэрбум долларын орлого нь өмнөх жилээс даруй 25 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч PC-ийн жагсаалтыг тэргүүлсэн "League of Legends", "Call of Duty", "FIFA 19", "Candy Crush", "Pokemon Go" зэрэг өрсөлдөгчдөөсөө илүү гарахад хангалттай байлаа.

3 ОНЦЛОХ ЗҮЙЛ


ТҮЙМЭРТ АВТСАН ТИВ: 10-р сараас эхлэн Австралийн зургаан мужийг дамнан тархаад буй жижиг том 100 гаруй түймэр 6 сая га газрыг хамарч, 20 гаруй хүний аминд хүрч, 1000 гаруй байшин шатаан, онц нөхцөл байдалд үүсгээд байна. Шинэ Өмнөд Уэльс, Викториа зэрэг мужуудад нүүлгэн шилжүүлэлт хийгдэж, сайн дурын гал сөнөөгчид болон олон улсын аврагчид газар дээр нь ажилласан ч түймрийг хяналтанд авч чадахгүй л байгаа юм. Канберра, Сидней зэрэг гол хотуудад агаарын бохирдлын хэмжээ хорт түвшинд нэгэнт хүрчээ. Түймрийн улмаас 500 сая орчим амьтад амиа алдах тооцоо гарсны дотор 8000 гаруй коала баавгай өртсөн нь харамсалтай мэдээ байв.

Санал болгох: Австралийн түймрийн талаарх бүх зүйлс


КИНО ШИГ ОРГОЛТ: Nissan-ийг дампуурлаас аварч, Renault-тай түншлэл үүсгэн сэргээсэн "баатар" Карлос Гон Токио дахь гэрийн хорионоосоо оргож Ливанд ирсэн нь анхаарал татав. Орлогоо нуун дарагдуулсан, компанийн өмчийг шамшигдуулсан хэмээн буруутгагдаж, багагүй хугацааг шоронд өнгөрүүлсэн тэрээр япончуудыг зохион байгуулалттайгаар өөрийнх нь эсрэг ажиллаж байна хэмээн гомдоллосоор байгаа юм. Гон Истанбулаар дамжин хоёр хувийн онгоц дамжин Бэйрутад газардсан нь энэ. Зарим хэвлэлүүд түүнийг хөгжмийн зэмсгийн хайрцганд нуугдан оргосон хэмээн мэдээлж байна.

Санал болгох: Гон хэрхэн оргов?


#HUchella: The HU хамтлаг алдарт Coachella-ийн тайзнаа тоглох боллоо. 1-р сарын 15-аас Европын аялан тоглолтоо Германы Хамбург хотоос эхлэх тэд фестивалийн эхний долоо хоногт Rage Against The Machine, Calvin Harris, Big Bang зэрэг топ артистуудын хамтаар тоглох болсон нь бахархалтай. 250 мянган үзэгчтэй дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалийг энэ жил Travis Scott, Frank Ocean, Lana Del Rey нар өнгөлнө.

Санал болгох: Coachella-ийн зарлалаас онцлох 5 зүйл

4 МЭДҮҮШТЭЙ БАРИМТ


МУТАНТ ХҮҮХЭД: CRISPR буюу генийн инженерчлэлийн аргаар ХДХВ-ийн халдварын дархлаатай гурван хүүхэд гаргаж авсан Хятадын эрдэмтэд хорих ялаар шийтгэгдлээ. Түүхэнд анхны хэмээн бүртгэгдсэн ч хууль бусаар туршсан, ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн буруутгагдсан Хе Зянькуй 3 жилийн ял, 422 мянган долларын торгууль хүлээжээ.

ЦАГ ХУГАЦААНЫ МАШИН: Коннектикутын их сургуулийн физикч Рон Маллет цаг хугацааны машины үндсэн загварыг бүтээсэн гэнэ. Тэрээр Эйнштэйний харьцангуйн онол дээр тулгуурлан, хүчирхэг лазеруудын тусламжтайгаар өнгөрсөн рүү буцах боломжтой хэмээн батлахыг хүсэж байгаа аж. Гэсэн ч бусад физикчид түүний санаанд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

ДОКТОР AI: Google-ийн хөгжүүлсэн AI хөхний хорт хавдрыг илрүүлэхдээ эмч нараас илүү үр дүнтэй ажилласан тухай судалгааны материал Nature сэтгүүлд хэвлэгджээ. Уг технологи эмэгтэйчүүдийн нас баралтын 2 дахь гол шалтгаан болсон хөхний хорт хавдрыг илрүүлэхдээ эмч нарын гаргадаг буруу буюу дутуу оношлох алдааг 9 хүртэлх хувиар бууруулсан байна.

САРНЫ АЯЛАЛ: Энэтхэг улс энэ онд багтаан сар луу ахин сансрын хөлөг илгээнэ гэдгээ баталлаа. Өнгөрсөн 9-р сард Chandrayaan-2 нэртэй хөлөг нь газардахынхаа өмнөхөн осолдож, тэдний саран дээр буусан 4 дэх улс болох мөрөөдлийг үгүй хийсэн юм. Энэтхэг 2022 онд сарны өмнөд туйлд анх удаа хүрсэн улс болж, сансрын нисгэгчтэй хөлөг хөөргөх амбицтай байгаа билээ.

Гүүглийн амжилт бөөн хүлээлт дагуулав

5 СОНИН ХАЧИН


1. 1.3 тэрбум долларын босгыг давснаар "Frozen 2" түүхэн дэх хамгийн амжилттай анимэйшн кино боллоо. Дебют долоо хоногтоо л 130 сая долларын борлуулалт хийсэн тэд 2013 онд гарсан "Frozen" болон "Incredibles 2"-ийг гүйцсэн нь энэ.

2. 6 жилийн турш HBO-ийн CEO-оор ажиллах хугацаандаа Game of Thrones, Big Little Lies, True Detective зэрэг хит бүтээлүүдийг "төрүүлсэн" Р.Плеплер Apple TV+-тай урт хугацааны гэрээ байгууллаа. Телевизийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг өнгөрсөн 2-р сард 28 жил ажилласан компаниа орхисон билээ.


3. Өнгөрсөн жил 92 сая доллар цуглуулсан амжилтаараа Харри Поттерын ертөнцийг бүтээгч Ж.Роулинг хамгийн өндөр орлоготой зохиолчоор нэрлэгдлээ. Америкийн хамгийн баян зохиолч Ж.Паттерсон 2-р байрт, АНУ-ын экс тэргүүн хатагтай М.Обама 3-р байрт бичигджээ.


4. Дэлхийн хамгийн өндөр настай иргэн Кане Танака 117 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. 1903 онд төрсөн, өдгөө Фүкүокод амьдарч буй тэрээр 19 насандаа гэрлэж, 5 хүүхэд өсгөжээ.


5. "The Rise of Skywalker" гурав дахь долоо хоногтоо бокс оффисийг тэргүүллээ. Оддын дайны ээлжит түүх одоогоор дэлхий даяар 851 сая долларын орлого цуглуулаад байна.

10 УНШИХ МЭДЭЭ


Дурсах: Salesforce С.Жобс-дд Appstore.com домэйнийг бэлэглэсэн түүх /TC/

Таах: Алтан бөмбөрцгийн ялагчдыг таамаглах нь /Variety/

Хүлээх: CES-ийн өмнө: Үл үзэгдэгч дэлгэцээс нисдэг машин хүртэл /Wired/

Тооцох: Huawei 122 тэрбум долларын орлоготой ажиллажээ /WSJ/

Анхаарах: Х.Вайнштейний шүүх хурлын өмнө мэдэх ёстой бүх зүйлс /Vulture/

Гайхах: Ebay-ээр зарагдсан хамгийн жигтэй зүйлс /Ebay/

Мэдэх: Snapchat "Cameo" нэмэлтийг бүтээгч украйн стартапыг авлаа /CNET/

Сонсох: А.Грант, М.Гладвелл нар ажлын тухай хөөрөлдсөн нь /TED/

Тэмдэглэх: Samsung 2-р сарын 11-нд S11 танилцуулна /Techradar/

Анзаарах: Хятадад үл мэдэгдэх ханиадаар 59 хүн халдварлаад байна /SCMP/