3-р сарын эхний тоймд тавтай морил. 1354 үгээс бүрдэх энэ тоймыг халуун цайгаа оочих зуураа 5 минутанд багтаан бүгдийг нь уншаарай. Эхлэхийн өмнө бид танд 2020 оны 2-р сарыг хамтдаа эргэн дурсахыг санал болгож байна. Болж өнгөрсөн үйл явдлуудыг эргэн санаж, найзууддаа хуваалцаж, сэтгэгдлээ солилцож, хэлэлцүүлэг өрнүүлээрэй.

1 гол сэдэв

117 дахь удаагийн Нью Йоркийн тоглоомын үзэсгэлэн энэ өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим тоглоом үйлдвэрлэгч цуглардаг уг үзэсгэлэнг жил бүр 30 мянга гаруй хүн үзэж сонирхдог бөгөөд тоглоомын зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог гэдэг билээ.


Яагаад бидний анхаарлыг татав?

Гэнэт тоглоом онцлоод эхэлсэнд гайхсан байх. Гэхдээ тоглоомонд дургүй хэн байх билээ? Гэхдээ үүнээс ч илүү том шалтаг бол коронавирусын заналхийлэл. Нью Йоркийн Тоглоомын Шоу ойрын үед явагдах хамгийн том эвент болсон ч байж магад. Covid-19-ийн аюулаас үүдэлтэй дэлхийн өнцөг булан бүрд салбарын гол цугларалтууд цуцлагдсаар байна. Энэ жагсаалт Mobile World Congress-оор эхэлж, Женевийн Мото Шоу, Game Developers Conference, Facebook-ийн F8, Сери А-ийн тоглолтууд, Токиогийн Симфони Оркестрийн концерт зэргээр үргэлжилж байна.


2020 оны онцлох тренд нь юу байв?

Тогтвортой тоглоом: Тийм, та буруу уншаагүй. Хүүхдийн тоглоом байгальд ээлтэй байж болно. Ихэнх тоглоом үйлдвэрлэгчид дахин боловсруулсан материал ашиглаж хувь нэмрээ оруулж байхад Lego үүнийг нэг шат ахиулсан байна. Тэд хайрцаг нь тоглоомын нэг хэсэг болох зориулалттай буюу "хаягдалгүй" тоглоом гаргасан нь анхаарал татав.

AR/VR: Тоглоом зөвхөн таны урд нэг хэмжээс дээр оршин байх шаардлагагүй. Тоглоом бүтээгчид технологийн дэвшлийг ашиглан гар утас, таблет ашиглан илүү өргөн хүрээнд цоо шинэ ертөнцийг бүтээхийг хүсэж байна. Mattel-ийн Minecraft бол үүний жишээ. Та тусгай апп ашиглан тоглоомоо дуутай, мөн тусгай эффекттэйгээр тоглож болох гэнэ.

IRL: Хүүхдүүдийн зурагтаар, дэлгэцээр үздэг үлгэрийн баатрууд бодит амьдрал дээр илүү олон төрлийн мерчендайзинг хэлбэртэйгээр эргэн ирсээр байна. Тэд өөрийн хайртай баатруудын дүрстэй тоглоомыг төрөл төрлөөр нь худалдан авахад бэлэн байгаа. Энэ жилээс Нетфликс болон цахим спортын дүрүүд тоглоомын ертөнцөд хүч түрэн орж иржээ.


Дараагийн хит тоглоомууд нь юу байв?

Мэдээж Baby Yoda! Disney+-ийн хит цуврал The Mandalorian-аас хойш интернетийн хамгийн өхөөрдөм дүр болсон Baby Yoda энэ үеийнхний хамгийн хайртай тоглоом болох шинжтэй. Үүнээс гадна эзнээ тайтгаруулж, илүү таатай орчныг үүсгэх зориулалттай шинэ үеийн зөөлөн тоглоом буюу "бясалгалын тоглоом"-уудыг онцолъё. Мөн STEM сургалтын зориулалттай, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой олон төрлийн багц тоглоомууд гарчээ.


2 чухал тоо

18: Доха хотноо АНУ болон Талибан бүлэглэлүүд найрамдлын гэрээ байгуулж, 18 жилийн турш үргэлжилсэн Афганистаны дайныг эцэс болгосноо зарлалаа. АНУ 9-р сарын 11-ний халдлагаас хойш 3500 цэргээ алдаж, 2 триллион долларыг зарцуулаад байсан юм. 17 сар үргэлжилсэн хэлэлцээрийн хүрээнд АНУ эхний ээлжинд бүх цэргээ Афганаас гаргах бөгөөд улмаар 4000 гаруй дайны хоригдлыг солилцох явц эхэлнэ гэнэ.


101 - Амьдрал, карьераас нь сэдэвлэсэн "Hidden Figures" киногоороо танигдсан АНУ-ын математикч Катерин Жонсон 101 насандаа таалал төгслөө. "Хүн компьютер" хэмээн хүндлэгдсэн тэрээр 60-аад онд NASA-д ажиллах хугацаандаа хэд хэдэн чухал тооцооллыг хийснээрээ хүн анх сансарт хүрэх үйлсэд гол үүргийг гүйцэтгэн, улсынхаа сансрын гүрэн болох амбицыг гүйцэлдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн юм.

3 онцлох зүйл

Халаа сэлгээ: Медиа, энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг, Disney-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон нь гэнэтийн мэдээ байлаа. 15 жил Диснейг удирдахдаа өдгөө компанийн хамгийн гол нүүр царай болж, хамгийн их ашиг орлогыг авчирч буй Marvel, Lucasfilm, Pixar болон 21st Century Fox-ийг эгнээндээ нэгтгэх гол ажлыг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай. Мөн стриминг үйлчилгээнд тэсрэлт хийж буй Disney+-ийг санаачлан, эхлүүлсэн гол гавьяатан нь байсан юм. Өнгөрсөн 9-р сард "Ride of A Lifetime" нэртэй намтар номоо гаргаж, гол философи, зарчмууд болон сонирхолтой түүхүүдээ хуваалцсан тэрээр гэрээ дуусах 2021 он хүртэл компанийн ТУЗ-ийн даргаар үргэлжлүүлэн ажиллах бөгөөд "Бүтээлч төслүүдийн удирдагч" гэсэн албан тушаалтай үлдэж байгаа гэнэ. Түүний орыг 27 жилийн турш Диснейд хүчин зүтгэж буй Боб Чапек авах болсон байна. Чапек үүнээс өмнө Диснейн парк, ресорт, энтертэйнмент бизнесийг хариуцаж байсан бөгөөд Шанхайд хамгийн том Диснейлэндийг нээж, Star Wars-ийн паркийг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн ажээ.

Санал болгох: Диснейн шинэ CEO-той танилц!


Гэм зэм: #MeToo хөдөлгөөний эхлэл болсон нэрт продюсер Харви Вайнштейний шүүх хурал өндөрлөлөө. Түүнийг гуравдугаар зэргийн хүчингийн хэрэг болон нэгдүгээр зэргийн бэлгийн халдлага үйлдсэнд буруутай хэмээн шүүх үзсэн байна. Ингэснээр 3-р сарын 11-нд ял оноох эцсийн сонсголын үеэр тэр дор хаяж 5 жил, хамгийн ихдээ 25 жилтэй дүйцэхүйц шийтгэл хүлээх болсон гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн прокуророос яллаад байсан нэгдүгээр зэргийн хүчин болон түрэмгий бэлгийн халдлагын бусад гурван хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Хэрвээ энэ хоёр хэрэгт түүнийг буруутгасан бол тэрээр бүх насаараа хоригдох ял авах байв. 2017 оны 10-р сард New York Times, New Yorker-ийн эрэн сурвалжлах баг түүний бүтэн арван дамнан хамтран ажиллагсад, эмэгтэй жүжигчдэд нэр нөлөөгөөрөө далайлган үйлдэж байсан бэлгийн хүчирхийллийн хэргийг ил болгосон нь зөвхөн Холливүүд төдийгүй дэлхийг хамарсан хөдөлгөөн болон хувирсан юм. Х.Вайнштейн #MeToo хөдөлгөөн эхэлснээс хойш гэм буруутай нь тогтоогдож, ял авах хамгийн анхны олны танил-алдартан болж байгаа нь энэ билээ.

Санал болгох: Харвиг дарав, харин Холливүүд өөрчлөгдөх болов уу?


Хөршийн холбоо: Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, Covid-19-тэй тэмцэхэд нь зориулан 30 мянган хонь хандивлалаа. Ухань хотоос гаралтай уг вирус Антарктидаас бусад бүх тивд, нийт 48 оронд тараад буй энэ цаг мөчид Бээжинд зочилсон анхны төрийн тэргүүн нь Х.Баттулга болов. БНХАУ-ын дарга Ши Жинпин хүнд хэцүү цаг мөчид бие биедээ тусалдаг уул усаар холбогдсон мөнхийн хөршийн холбоог онцлон, цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаа өргөжнө тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ. 30 мянган хонь бэлэглэсэн явдал нь Хятадын сошиал ертөнцөд тун эрэлттэй мэдээ болж, 2 цагийн дотор албан ёсны мэдээ нь 250 сая хүнд хүрч, эерэг сэтгэгдлүүд авсан байна. Хэдий Хятад дахь тархалтын явц удааширч байгаа ч БНСУ, Итали, Иран зэрэг улсуудад өвчлөлт огцом нэмэгдэж, бусад улсууд ч онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага сануулсаар байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг дагалдсан албаны хүмүүс Улсын Онцгой Комиссын гаргасан журмын дагуу 14 хоногийн тусгаарлалтанд оржээ.

4 мэдүүштэй баримт

Супер консол: Microsoft 2020 оны сүүлээр худалдаанд гарах Xbox Series X загварын зарим үзүүлэлтийг ил болголоо. Эдгээрээс 12 терафлопсын GPU нь өмнөх загвараасаа 2 дахин илүү хүчирхэг буюу ихэнх график карттай компьютерыг давах болсон нь онцлохуйц байв. Мөн өмнөх бүх загваруудаа дэмжин ажиллах, нягтаршлаа автоматаар тохируулах, тоглоом хооронд хурдан шилжих зэрэг давуу талтай болжээ.

Ангарагийн сонин: Улаан нүдэн гараг дээр тогтмол газар хөдөлдөг гэдгийг NASA баталлаа. 2018 оноос тус гараг дээр ажиллаж буй InSight хөлөг нийт 174 тохиолдол бүртгэсний дийлэнх нь 3-4 магнитудын хүчтэй байсан гэнэ.

Амьдралтай гараг: Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 124 гэрлийн жилийн зайтай орших гарагийг амьдралд ээлтэй орчинтой хэмээн дүгнэсэн байна. 2015 онд анх нээгдсэн K2-18b нэртэй уг гараг дэлхийгээс 2.6 дахин том хэмжээтэй бөгөөд оддын систем дэх байршил болон ус төрөгчийн давхарга нь шингэн ус байх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.

Хиймэл мах: Ikea ургамлын гаралтай бөөрөнхий махан хуурга хийх гэж байгаагаа зарлалаа. 2019 онд дэлхий даяар "брэнд" болсон бөөрөнхий махаа 690 сая порц борлуулсан гэгдэх Ikea Европын 290 салбараараа дамжуулан 8-р сараас эхлэн уг хоолоо гаргана гэнэ. Тэд өнгөрсөн жил ургамлын гаралтай сүүгээр хийсэн зайрмаг, хотдогийг мөн менюдээ нэвтрүүлээд байсан юм.


Бөөрөнхий маханд дуртай л биз дээ?

5 сонин хачин


1. Х.Уэллсийн алдарт "Үл үзэгдэгч хүн" зохиолын орчин цагийн хувилбар дебют долоо хоногтоо 29 сая долларын орлого олж, бокс оффисийг тэргүүллээ. Э.Моссын гол дүрд нь тоглосон уг кино ердөө 7 сая долларын төсвөөр бүтсэн гэнэ. Сүүлийн гурван долоо хоног чартыг манлайлсан "Sonic The Hedgehog" 2-р байрт бичигджээ. Соник одоогоор дэлхий даяар 265 сая долларын орлого олоод байна.



2. Коронавирусын тархалттай холбоотойгоор цуцлагдаж магад хэмээх яриа гарах болсон "Токио 2020" түүхэнд анх удаа спортын пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт байдлаар ашиглах болсноо зарлалаа. Сонирхуулахад, анхны пиктограмыг 1964 оны Токиогийн олимпийн үеэр анх танилцуулж, түүнээс хойш уламжлал болон ашиглах болсон юм.


3. 7 дахь цомгоороо дэлхийг байлдан дагуулж буй BTS-ийг төрүүлсэн Big Hit Entertainment нээлттэй компани болох хүсэлт гаргажээ. 2005 онд байгуулагдсан тус компани 5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа нь БНСУ-ын хамгийн үнэ цэнтэй энтертэйнмент компанид тооцогдох болж байгаа гэсэн үг билээ. Ташрамд дурдахад, BTS-ийн шинэ видеог гарсан даруйд 1.54 сая хүн нэгэн зэрэг Youtube-ээр үзэж рекорд тогтоожээ.



4. Netflix улс улсад хамгийн олон хэрэглэгч үзэж буй топ 10 контентийг эрэмбэлсэн жагсаалтыг гаргаж эхэлснээ зарлалаа. Тэд Их Британи, Мексикт сүүлийн 6 сард энэ нэмэлтээ туршсан бөгөөд хүсвэл кино, тв цувралаар нь ангилан харах боломжийг олгох аж.



5. NBA-ийн MVP Я.Антетокумпогийн тэргүүлсэн Милоуки Бакс улирал дуусахаас 55 хоногийн өмнө буюу 56 тоглолтын дараагаар плэйоффын эрхээ авч рекорд тогтоолоо. Одоогоор 51:8 амжилттай яваа тэд Чикаго, Голден Стэйтийн 70-аас дээш хожил авсан амжилтыг эвдэхэд ойрхон байна.

10 унших мэдээ

Төсөөлөх: Интернет тасрахад юу болдог вэ? /BBC/

Дурсах: Мамбасита хэмээх домог /BR/

Санах: Египтийн экс ерөнхийлөгч Мубаракийн дурсгалд /Al Jazeera/

Сонирхох: Prada шинэ ахлах дизайнертай боллоо /Dezeen/

Тооцох: Ж.Байден Өмнөд Каролинад ялалт байгуулав /Politico/

Судлах: Хоол хүргэлтийн стартап DoorDash IPO хийнэ /TC/

Анхаарах: Коронавирустэй холбоотой бүх мэдээ /CNN/

Турших: Google Translate Уйгур зэрэг 5 хэлийг нэмлээ /The Verge/

Сонсох: Ж.Биберийн "Changes" чартыг тэргүүллээ /Billboard/

Ойлгох: Хөрөнгийн зах зээлийн уналтыг тайлбарлах нь /Vox/