Ковер зургийн тайлбар: Тэр бол Бид. Дүрслэлийг Л.Ортиз

Грета - 16 настай активист 2019 оны онцлох хүн боллоо

Тэр: Тэд биш тэр оны онцлох үгээр тодров

Допинг: ОХУ ахин скандалд өртөж, эрхээ хасуулав

 онцлох

Нэр хүнд цар хүрээгээрээ зөвхөн Академийн шагналын дараагаар орохуйц "Алтан бөмбөрцөг"-ийн төлөө нэр дэвшигчдийн нэрс тодорлоо. 77 дахь удаагийн "Алтан Бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын ажиллагаа 1-р сарын 6-нд явагдах юм.

Энэ жил хамгийн олон төрөлд нэр дэвшсэн бүтээл нь Netflix-ийн "Marriage Story" болов. Гол дүрийн жүжигчид болох С.Иоханссон, А.Драйвер нар нь эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналд өрсөлдөхөөс гадна уг кино "Шилдэг драма", "Шилдэг зохиол", "Шилдэг Хөгжим" зэрэг нийт 6 төрөлд нэр дэвшжээ. Өөр нэг Netflix-ийн бүтээл "Irishman" болон К.Тарантиногийн "Once Upon A Time in Hollywood" тус бүр 5 төрөлд өрсөлдөнө. Үзэгчдийн дунд ихээхэн хит болж, топ шагналуудад хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй "Joker" шилдэг драма, шилдэг найруулагч, шилдэг зохиол зэрэг 4 төрөлд өрсөлдөх болжээ.

Шилдэг анимэйшний төрөлд Диснейн ноёрхол үргэлжилж, таван бүтээлийн гурвыг нь сойх болсон байна. Тус бүрдээ тэрбум долларын орлогыг цуглуулаад амжсан "Toy Story 4", "Lion King", "Frozen II"-ийн аль нэг нь уг төрөлд ялалт байгуулах магадлал өндөр.

БНСУ-ын Бон Жон Хо "Parasite" киногоороо зөвхөн гадаад хэл дээрх шилдэг киноноос гадна шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөж байгаа нь мөн онцлог. Шилдэг эрэгтэй жүжигчний төлөө "Драма" ангилалд л гэхэд К.Бэйл, Х.Финикс, А.Бандерас нарын шилдгүүд, "Комеди болон мюзикл" ангилалд Э.Мюрфи, Л.Ди Каприо, Д.Крэйг нарын томчууд өрсөлдөж байна.

Телевизийн цувралууд дундаас "Chernobyl", "Unbelievable", "The Crown" тус 4 төрөлд нэр дэвших болсноороо бусдыгаа манлайллаа. Netflix хамгийн олон буюу нийт 17 төрөлд өрсөлдөх болсноороо HBO-оос 2-оор илүү гарсан нь мөн онцлох үзүүлэлт байлаа. HBO-ийн гол бүтээл, өнгөрсөн хавар сүүлийн бүлгээ толилуулсан "Game of Thrones" ердөө ганцхан төрөлд өрсөлдөнө. GoT өмнө нь 5 жил дараалан шилдэг телевизийн цувралд өрсөлдөж байсан бол энэ жил Жон Сноуд бүтээсэн дүрээрээ К.Харрингтон шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшжээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа Apple TV+-ийн гол бүтээл "The Morning Show" гурван төрөлд өрсөлдөх болсон нь муугүй амжилт байв.

Сонирхох: Алтан бөмбөрцгийн сюрпризүүд ба орхигдогсод (Variety)

Ухах: 4 ялагч, 5 ялагдагч (Vox)

Дэлхийд

Time сэтгүүл жил бүр уламжлал болгон тодруулдаг оны онцлох хүнээрээ Шведийн 16 настай активист Грета Тюнбергийг нэрлэлээ. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны төлөө дэлхийн лидерүүдийг дуу хоолойгоо нэтгэж, илүү дорвитой арга хэмжээ авахыг шаарддаг тэрээр 15 настайдаа дэлхий даяар хүрээгээ тэлсэн "Ирээдүйн төлөө баасан гараг" хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Энэ жилийн финалистууд нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын Дарга Н.Пэлоси, Хонгконгийн жагсагчид, Трампын Украйнтай холбоотой асуудлыг дэлгэсэн шүгэл үлээгч нар байсан гэнэ.

Унших: "2019 оны хүн" - Грета Тюнберг (Time)


Дэлхийн топ толь бичгүүдийн нэг "Merriam Webster"-ээс 2019 оны онцлох үгээр "they" буюу LGBTI-чүүдийг илэрхийлэх "тэр" төлөөний үг тодорлоо. Англи хэлэнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг "he/she"-ээр төлөөлөн хэрэглэдэг ч сүүлийн үед бэлгийн чиг баримжаа ялгаатай хүмүүсийг төлөөлүүлэхдээ "they" гэж хэрэглэх нь түгээмэл болоод байгаа юм. Англи хэлэнд тэд буюу олон хүнийг төлөөлүүлэхдээ мөн "they"-ийг ашигладаг ч энэ нь нийгмийн чиг хандлагатай зэрэгцэн салаа утгатай болж өргөжиж буйг онцолжээ. Сонирхуулахад, 2018 онд
"Justice/Шударга ёс", 2017 онд "Feminism/Феминизм" зэрэг үгс онцлохоор тодорч байв.

Ойлгох: Яагаад "they" оны онцлох үг болов? (Vox)


Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас (WADA) лабораторийн датаг хуурамчаар үйлдэж, зарим файлыг санаатайгаар устгаж байсан нь тогтоогдсон учраас ОХУ-ыг 4 жилийн хугацаанд тив, бүс, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд, тэр дотор Олимпийн наадамд оролцох эрхийг нь хасахаар шийдвэрлэлээ. 2014 оны Сочигийн Олимпийн наадмын үеэр шинжилгээний хариуг зохион байгуулалттайгаар өөрчилж байсан нь илэрч, улмаар Пёнчаны наадамд Олимпийн далбаан дор оролцож байсан тэд өнгөрсөн жилээс уралдаан тэмцээнд хэвийн оролцож эхлээд байсан юм. Гэсэн ч Оросын тал зарим сэжигтэй шинжилгээний хариуг сорьцыг солих, устгах зэргээр хуваалцахаас татгалзсан нь WADA-г хамгийн том шийтгэлээ оногдуулахад хүргэжээ. Оросын тал давж заалдах магадлал өндөр бөгөөд эс бөгөөс тэд Токио 2020 Олимпийн наадамд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх боломжгүй болох юм.


Их Британийн парламентийн сонгуульд ерөнхий сайд Борис Жонсоны тэргүүлсэн Консерватив нам 650 суудлын 365-ыг нь авснаар олонх болж чадлаа. 2020 оны 1-р сарын 31-ээс өмнө улсаа Европын Холбооноос гаргахын тулд үнэмлэхүй олонх болох шаардлагатай хэмээн кампанит ажлаа өрнүүлсэн Б.Жонсон ийн санасандаа хүрэв. Хөдөлмөрийн нам нийт 60 суудлыг алдаж, 262 гишүүнтэй үлдснээр 1935 оноос хойших хамгийн том ялагдлаа хүлээсэн байна.


Forbes сэтгүүл 2019 оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтаа танилцууллаа. Энэ жилийн жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлж, 9 дэх жилдээ дараалан тэргүүн байранд бичигдэв. 2-р байрт Европын төв банкны ерөнхийлөгчийн албыг хүлээн аваад удаагүй байгаа К.Лагард, 3-р байрт АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Пелоси нар бичигдсэн байна.


Технологи

Катар улс 2022 он гэхэд нийслэл Доха хотын нийтийн тээврийн системийг бүрэн автомат, жолоочгүй технологиор шинэчлэх төслөө танилцууллаа. Энэ хүрээнд тэд Германы Volkswagen-тай хамтран ажиллах болсон бөгөөд ирэх жилийн эцсээр туршилтаа эхлүүлнэ гэнэ. Volkswagen жолоочгүй минибус, автобусыг нийлүүлэхээс гадна хотын зам, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг шинэчлэхэд мөн хувь нэмрээ оруулах аж.


Дэлхийн хамгийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүрт онгоц туршилтын нислэгээ амжилттай хийлээ. Канадын Ванкувер хотын Фрэйзэр нуураас хөөрсөн 6 зорчигч, 750 морины хүчин чадалтай онгоц 7 минутын турш хөөрсөн нь энэ. magniX нэртэй стартап уг хөдөлгүүрээ өнгөрсөн 6-р сард Парисын агаарын шоуны үеэр танилцуулсан бөгөөд дараагийн 2 жилд багтаан зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Үзэх: Анхны нислэгийн түүхийг гэрчлэх нь (Youtube)


Гринландын мөсөөр хучигдсан гадаргуу дор 1600 км урт үргэлжилсэн нуур оршин буйг эрдэмтэд нотолсон байна. Газрын гүнд 500 метр орчимд байрлаж байгаа учраас анх илрүүлсэн Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэд уг нууранд "Харанхуй нуур" хэмээх нэрийг өгчээ. Мөн Лийдсийн их сургуулийн эрдэмтэд Гринландын мөс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 90-ээд оныхоос 7 дахин хурдтайгаар хайлж байгааг илрүүлж, судалгааны тайлангаа ил болгожээ.


Католик шашины төв болсон Ватиканаас сүсэгтэн олондоо зориулан ухаалаг бугуйвч худалдаанд гаргасан байна. "eRosary" нэртэй уг бугуйвч нь 110 долларын үнэтэй бөгөөд мобайл апп-аараа дамжуулан шашины сонсгол, номлолуудыг шууд хүлээн авч, бусад сүсэгтнүүдтэй холбогдох сүлжээнд нэвтрэх боломжоор хангана гэнэ.


Одон орончид Чилид байрлах ALMA дурангийн тусламжтайгаар манай нарны аймгаас 13 тэрбум гэрлийн жилийн цаана орших галактикийг илрүүлсэн байна. MAMBO-9 нэртэй уг галактик нь ингэснээр бидний олж мэдсэн хамгийн хол орших галактик болж байгаа юм. Их тэсрэлт явагдсанаас хойш 990 сая жилийн дараа үүссэн гэх энэ галактикийн нийт масс нь Сүүн замд орших бүх оддыг нийлүүлснээс 10 дахин их гэнэ.

Mambo 9-ийг төсөөлсөн нь

бизнес

Пүрэв гарагт Саудын Арабын төрийн өмчит эрчим хүчний компани "Aramco"-ийн зах зээлийн үнэлгээ 2 триллион долларт хүрч, ийм амжилтанд хүрсэн түүхэн дэх анхны компани боллоо. 2015 онд анх IPO хийх тухай мэдэгдэхдээ хунтайж Мохаммед бин Салман 2 триллион долларыг зорилгоо хэмээн тодорхойлж байсан. Хэдий олон улсын топ хөрөнгө оруулагчид засаглалын тодорхойгүй байдлаас шалтгаалан тийм ч идэвхтэй байгаагүй ч дотоодын болон бүсийн "томчуудын" итгэл өндөр байгаа нь энэ үзүүлэлтэд хүрэх гол шалтгаан болжээ. Ташрамд дурдахад, АНУ-ын хамгийн том компани Apple-ийн үнэлгээ 1.2 триллион доллартай тэнцүү байгаа билээ.

Харьцуулах: Aramco-г ойлгохуй (Bloomberg)


Дэлхийн эмийн зах зээлд өнгөрсөн долоо хоногт 2 ч том худалдан авалт явагдлаа. 127 жилийн түүхтэй зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн 7 дахь том фарма компани "Merck" хорт хавдрын эсрэг эм бүтээгч "ArQule"-г 2.7 тэрбум доллараар өөртөө нэгтгэлээ. Merck-иийн хавдрын эсрэг дархлаа дэмжигч бүтээгдэхүүн "Keytruda"-ийн борлуулалт өнгөрсөн жил 3 тэрбум долларт хүрсэн бөгөөд "ArQule"-ийн гол брэнд цусны хавдрын эсрэг технологийн тусламжтайгаар байр сууриа улам бэхжүүлж чадна хэмээн үзэж байна. Харин Европын топ 50 компанийн нэг, эмийн салбарын тав дахь том тоглогч Францын "Sanofi" Калифорнид төвтэй биотехнологийн стартап "Synthorx"-ийг 2.5 тэрбум доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. Тэд мөн хавдрын эсрэг технологи хөгжүүлдэг гэнэ.


Берлинд төвтэй, хоол хүргэлтийн стартап Delivery Hero Солонгосын зах зээлийн тэргүүлэгч Woova Brothers-ийг 4 тэрбум доллараар худалдан авлаа. 40 улсын 250 мянган ресторантай хамтардаг гэх Delivery Hero ингэснээр онлайн хоол захиалгын дэлхийн 4 дэх том зах зээлд нэвтэрч байгаа нь энэ юм.


Nestle АНУ дахь "Haagen Dazs", "Drumstick" зэрэг топ брэндүүд бүхий зайрмагны бизнесээ Froneri-д 4 тэрбум доллараар зарлаа. Тэд 2016 онд Европын 20 орон дахь зайрмагны бизнесээ өөр нэг өрсөлдөгч R&R-тай нэгтгэж, жилд 2.9 тэрбум долларын борлуулалтын орлоготой, дэлхийн хамгийн том зайрмагны сүлжээг эзэмшиж буй Froneri-г үүсгэж байсан юм. Өндөр өсөлттэй гол бизнесүүд рүүгээ төвлөрөх стратеги баримталж буй Nestle гэхдээ Латин Америк, Ази дахь зайрмагны бизнесээ удирдсан хэвээр үлдэж байгаа юм.


Pepsi ирэх оны 4-р сард өөрийн брэндийн кофетой колаг худалдаанд гаргах болсноо зарлалаа. Оригинал болон ванилла гэсэн хоёр төрөлтэйгөөр гарах уг бүтээгдэхүүн нь энгийн лаазтай ундаанаас 2 дахин их каффейний агууламжтай байна гэнэ. Pepsi Cafe нэртэй гарах уг ундааг тэд 2 жилийн турш хөгжүүлсэн гэдгээ онцолсон байна. Өмнө нь Pepsi ижил төстэй ундааг 1996 онд Pepsi Kona, 2004 онд Pepsiccino нэрийн дор гаргаж байсан ч бүтэлгүйтэж байсан удаатай.

Pepsi Cafe анхаарлыг тань татаж байна уу?

энтертэйнмент

"Jumanji: Next Level" нээлтийн долоо хоногтоо 50 сая долларын орлого цуглуулж, бокс оффисийг тэргүүллээ. Sony-ийн бүтээл, Д.Жонсон, К.Харт, Ж.Блак нарын оддын тоглосон уг кино 12-р сард нээлтээ хийсэн хамгийн амжилттай комеди кино болж байгаа нь энэ. Гурван долоо хоногийн турш чартыг тэргүүлж, дэлхий даяар 931 сая долларын орлого олсон "Frozen II" 2-р байрт, "Knives Out" 3-р байрт тус тус бичигджээ.


Ямайкийн мисс Тони-Анн Сингх 2019 оны "Дэлхийн Мисс"-ээр шалгарлаа. Өдгөө 23 настай сэтгэл судлаач мэргэжилтэй тэрээр Ямайкаас тодорсон 4 дэх мисс болсноос гадна 2001 оноос хойших анхны өнгөт арьст ялагч болжээ. Нийт 111 орны тэргүүн мисс оролцсон уг тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцсон М.Цэвэлмаа топ 40-д шалгарснаас гадна "Зорилготой мисс" шалгаруулалтанд топ 10-т, "Авьяаслаг мисс" шалгаруулалтанд эхний 27-д багтсан амжилтыг үзүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт явагдсан өөр нэг топ миссийн тэмцээн "Miss Universe"-ийн ялагчаар ӨАБНУ-ын гоо бүсгүй тодроод байсан юм.

Үзэх: Монголын миссийн танилцуулга видео


Microsoft 2020 оны эцсээр Xbox-ийн шинэ хувилбарыг худалдаанд гаргана гэдгээ зарлалаа. Дөрөвдүгээр үеийн Xbox нь "Series X" нэртэй гарах бөгөөд өмнөх хувилбартайгаа харьцуулахад илүү хүчирхэг, илүү өндөр нягтаршилтай болсноос гадна дизайны хувьд өндөр, тэгш өнцөгт хэлбэртэй болжээ.


Монголын спортын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал "Бөртэ Чоно"-ийн 2019 оны ялагчид тодорлоо. Энэ жилийн шилдгийн шилдэг тамирчнаар боксийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн аваргаар тодорсон Э.Цэндбаатар нэрлэгдлээ. Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэг, шилдэг багаар Токио 2020-ийн эрх авснаар Олимпийн наадамд багийн спортын төрөлд өрсөлдөх анхны Монгол баг болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус тодорчээ.


Google уламжлал ёсоор оны хамгийн их хайгдсан түлхүүр үгсийн жагсаалтаа гаргалаа. 2019 онд хамгийн их хайгдсан үгсийн хамгийн эхэнд Крикетийн ДАШТ-ий тоглолт болох "India vs South Africa" байсан байна. Крикеттэй холбоотой нийт 3 хайлт топ 10-т багтсан нь энэ спортын цар хүрээг батлан харуулна. Хоёрт өнгөрсөн 7-р сард нас барсан Диснейн залуу жүжигчин Камерон Бойс байсан байна. Харин "iPhone 11" 5-д, "Game of Thrones" 6-д, "Avengers: Endgame" 7-д, "Joker" 8-д тус тус бичигдэв. Хамгийн их хайгдсан дуу нь Lil Nas X-ийн "Old Town Road" байсан бол хамгийн их хайгдсан хүн нь Америк хөлбөмбөгийн од, NFL-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг Антонио Броун байжээ.

Алдалгүй унших арван мэдээ

BBC: 2020 онд цойлох артистууд

Celeste, Easy Life, Inhaler. Тэд бол 2020 онд тодрох дараагийн үеийн одод. Шинэ давлагаанд одооноос өөрийгөө бэлдээрэй.

NPR: Галт уулын дэлбэрэлтийн хохирогчид 18 болж нэмэгджээ

Шинэ Зеландын аялал жуулчлалын хамгийн алдартай бүсэд золгүй явдал болж, 18 хүн одоогоор амь насаа алдаад байна. Аврах, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр.

Konbini: "Star Wars"-ийн зочид буудал 2021 онд нээгдэнэ

Хэрвээ та оддын дайны улаан фен бол, алс хол орших ертөнцийн нэгэн хэсэг болмоор байгаа бол одоо шууд хүлээлтийн жагсаалтад бүртгүүлээрэй.

BBC: Францын кино ертөнцийн домог А.Карина таалал төгслөө

Шинэ давлагааны бэлэг тэмдэг Анна Карина 79 настай байлаа. Түүний амьдрал, замнал тэр чигээрээ кино бүтээлүүд шигээ байв.

Buzzfeed: Кардашианы "атгасан" арван

Ким, Клое, Кайли, Кайри, Кортни, Крис. Кардашиан, Женнер, Крис. Нэгэн гэр бүл хэрхэн нийт дэлхийг байлдан дагуулав?

Techcrunch: Wunderlist "жинхэнээсээ" 5 сард хаагдана

Технологийн хорхойтнуудын хамгийн хайртай хийх ажлын жагсаалтын апп 5-р сарын 6-нд хаагдана. Та доторх ажлуудаа амжиж нүүлгээрэй.

Washington Post: Нобелийн "хар" долоо хоног

Стокхольм хотноо 2019 оны Нобелийн шагналтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдав. Гэхдээ асуудал, дуулиан энэ арга хэмжээг тойрсонгүй.

WSJ: Х.Вайнштэйн тохиролцоонд хүрчээ

#MeToo хөдөлгөөний анти-дүр тэр бараг бүх хохирогчид, буруутгагчидтайгаа тохирчээ. Гэрээний өртөг 47 сая доллар.

CNBC: Mercedes-ийн роботакси туршилтаа хийж эхлэв

Германы гигант ч жолоочгүй технологийн давлагаанаас хоцроогүй. Тэд анхны туршилтаа Сан Хосед хийж эхлэв.

Youtube: The HU - Wolf Totem feat Jacoby Shaddix

Алдарт Papa Roach-ийн гоцлол дуучин манай залуустай хамтран шинэ хувилбар гаргаж, албан ёсны видеогоо цацжээ. Хү, хү, хү, хү!!!