Өнөөдрийн тоймд бид Төгсцогтын тулаан, Трампын цагаатгал, Super Bowl-ийн дуулианыг онцлов. 1120 үгтэй тоймыг бүрэн уншихад танд ердөө 4 минут л хангалттай.

1 гол сэдэв

Энэ долоо хоногийн магадгүй хамгийн завгүй, анхаарал татсан салбар нь сансрын технологи байв. Бид энэ тоймдоо үүнийг гол сэдвээ хэмээн онцолж, зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг багцлан хүргэж байна.


Starlink IPO хийнэ

И.Маскийн үүсгэн байгуулсан SpaceX өөрсдийн эзэмшдэг интернет түгээх зориулалттай хиймэл дагуулын технологи хөгжүүлэгч Starlink-ийг тусад нь гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоогоор 240 хиймэл дагуулыг хөөргөөд буй тэдний зорилго 25 мянга бөгөөд үүндээ хүрэхийн тулд IPO хийж, хөрөнгө босгохоор зэхэж байгаа аж.


Өрсөлдөгчид нь ч хөдөлсөөр

Тэгвэл Starlink-ийн гол өрсөлдөгчид тооцогдох Лондонд төвтэй OneWeb Казахстаны Байконураас 34 хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. 2021 он гэхэд 648 хиймэл дагуул хөөргөсөн тэд "хамгийн хямд" үнээр алслагдсан бүс нутгуудад интернет түгээнэ хэмээн амлаад буй. Гэхдээ Amazon, Telesat зэрэг өөр компаниудын ч эрчимтэй ажиллаж буй энэ арга нь тойрог замд түгжрээ үүсгэж, одон орончдын ажилд "төвөг" учруулах тухай мэргэжилтнүүд гомдоллосоор буйг сануулъя.


Рекорд тогтоосон бүсгүй эргэн ирлээ

Өнгөрсөн оны сүүлээр задгай сансарт ажилласан анхны эмэгтэйчүүдийн багийг ахласан К.Кох 328 хоногийн дараа эх дэлхийдээ буцан ирлээ. Ингэснээр тэрээр түүхэнд сансарт хамгийн удаан ажилласан эмэгтэй нисгэгч болж байгаа юм. Энэ хугацаанд 5248 удаа дэлхийг тойрсон түүний биед NASA нарийвчлан шинжилгээ хийж, удаан үргэлжлэх алс сансрын аялалд гарахад хүний биед ямар өөрчлөлт орох магадлалтайг судлах зорилготой байгаа гэнэ.

2 чухал тоо

30,700,000 - Apple 2019 онд 30,7 сая ширхэг Apple Watch-ийг борлуулж, ухаалаг бугуйн цагны зах зээлд "доминант" амжилт үзүүлэв. Энэ нь дэлхийд чанараараа гайхагддаг Швейцарь цагны бүх үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нийлүүлснээс бараг 10 саяар илүү гарсан үзүүлэлт гэнэ.


15,500,000,000 - Google түүхэндээ анх удаа Youtube-ийн зар сурталчилгааны орлогыг ил болгов. Тэд 2019 онд видеон дундуурх рекламаас 15,5 тэрбум долларын орлого олсон нь Америкийн топ телевизийн сүлжээ болох ABC, NBC, Fox-ийн орлогыг нийлүүлснээс ч давах үзүүлэлт гэнэ.

3 онцлох зүйл


ЦАГААТГАГДСАН НЬ: АНУ-ын сенат ерөнхийлөгч Д.Трампыг цагаатгалаа. Ардчилсан намын олонхийг бүрдүүлдэг Төлөөлөгчдийн танхимаас түүнийг Украйны ерөнхийлөгчид хувийн эрх ашгаа тулгаж, тусламж үзүүлэх явцыг удаашруулсан хэргийн хүрээнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, үндсэн хуулийг зөрчсөн гэсэн хоёр үндэслэлээр буруутгаж итгэл эс үзүүлэх шийдвэр гарган сенат руу илгээсэн юм. Гэсэн ч Бүгд Найрамдах нам "нэгдэлтэй" байж, урьдчилан таамаглаж байсанчлан төрийн тэргүүнээ огцруулалгүй авч үлдлээ. Өмнө нь 1868 онд А.Жонсон, 1999 онд Б.Клинтон нарт итгэл эс үзүүлэх хурал явагдаж, ижил үр дүнтэйгээр төгсөж байжээ. 11-р сард явагдах сонгуулийн өмнө том сорилоо давсан Трамп энэ долоо хоногт уламжлалт Холбооны улсын нөхцөл байдлын тайлангаа тавьж, эдийн засгийн хүчирхэг байдлаа онцлон, 2030 он гэхэд Ангараг гарагт хамгийн анх тугаа мандуулсан улс болно хэмээн мэдэгджээ.

Санал болгох: Трамп цагаатгагдав. Одоо яах вэ?


ГАЙХУУЛСАН НЬ: Тоглолт, шоу, реклам нь үзэгч, фенүүдийг гайхашруулсаар 54 дэх удаагийн Супер Боул явагдаж, Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лиг NFL-ийн энэ улирлын аваргаар Канзас Сити тодорлоо. Майамид явагдсан Супер Боулын 4-р үед 21 оноо дараалан авч эргэн ирэлт хийсэн тэд Сан Франциско 49-ийг 31:20-оор хожин, түүхэндээ 2 дахь удаагаа аваргалж байгаа нь энэ. 24 настай П.Махомес финалын MVP-ээр тодорсон хамгийн залуу тамирчин болжээ. Үзэгчдийн хамгийн их хүлээдэг Супер Боулын завсарлагын шоуны үзүүлбэрийг эрч хүч дүүрэн Ж.Лопез, Шакира нар гоцолсныг түүхэн дэх хамгийн шилдэг тоглолтуудын нэг байлаа хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс эхлэн дэлхийн топ брэндүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилсан тоглолтын дундуурх рекламын нэг секундын үнэ 5,6 сая долларт хүрсэн гэнэ. Тоглолтыг зөвхөн АНУ-д 102 сая хүн шууд үзэж сонирхжээ.

Санал болгох: Канзас Ситигийн ялалтаас сурсан зүйлс


ДУТУУДСАН НЬ: Монгол Улсын Гавьяат Тамирчин, Лондоны Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксийн WBC холбооны дэлхийн аваргын төлөө анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь 4 удаа аваргаа хамгаалсан, дэлхийн аварга Г.Рассел байсан юм. Карьертаа 11 тоглолт дараалан ялаад байсан Төгсцогт энэ удаад 12 роундын тулааны дараагаар оноогоор ялагдал хүлээлээ. Шүүгчид санал нэгтэйгээр 116:112, 117:111, 118:112 оноогоор Расселд ялалт өгсөн нь энэ. Мэргэжлийн боксын гол холбоодын нэг WBC-ийн аваргын бүсийг 2015 оноос хойш эзэмшиж буй Рассел ингэснээр карьерынхаа 31 дахь хожлыг авч байгаа гэнэ. Удам залгасан боксчин тэрээр ганцхан удаа Монголчуудын эчнээ танил В.Ломаченкод хожигдож байжээ. Төгсцогтын хувьд өнгөрсөн 1-р сард IBO-ийн аваргын бүсийг хүртснээс хойш нэг ч тулаан хийгээгүй байсан. Тэрээр 1995, 2004 онуудад Д.Лхагва WBA-ийн аваргаар тодорч байснаас хойш дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн анхны Монгол тамирчин болсон билээ.
Санал болгох: Би хэрхэн ажилладаг вэ? - Н.Төгсцогт

4 мэдүүштэй баримт


Шарх анагаагч: Канадын эрдэмтэд биеийн түлэгдсэн болон шалбарсан хэсэгт арьс нөхөн төлжүүлэх зориулалттай гар төхөөрөмжийг бүтээжээ. Тусгай биоматериалыг шархан дээр түрхэн богино хугацаанд арьс "ургуулах" зорилготой тэдний гахайн дээр хийсэн туршилт нь амжилттай болсноо зарлажээ.


Жолоочгүй машин: General Motors жолоочгүй машины салбарын багтаамж ирэх жилүүдэд 8 триллион долларт хүрнэ хэмээн тооцож байгаагаа зарлалаа. Уг салбарын гол тоглогчдын нэг Cruise-ийг эзэмшдэг тэд саяхан Origin нэртэй шинэ загвараа танилцуулаад буй. GM үүн дотроо такси дуудлага, ачаа тээврийн чиглэлд хамгийн гол найдлагаа тавьж байгаа аж.


Дулаан тив: Өнгөрсөн пүрэв гарагт Антарктидын цаг агаар 18,3 градус хэмээн бүртгэгдсэн нь тус бүс нутгийн түүхэн дэх хамгийн дулаан температур болон бүртгэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой жил тутам дулаарсаар буй тус тивийн өмнөх рекорд 4 жилийн өмнөх 17,5 градус байжээ.


Хиймэл нүд: Испанийн эрдэмтэд хараагүй хүнд тархинд суулгасан бичил төхөөрөмжийн тусламжтайгаар эргэн тойрноо харах "хиймэл нүдний" туршилтыг амжилттай хийжээ. 6 сар үргэлжилсэн туршилтанд хамрагдсан өвчтөн компьютерт холбосон камер бүхий нүдний шилний тусламжтайгаар үсэг ялгаж, хүн танин, гэрэл мэдэрч байсан гэнэ.

5 сонин хачин


1. Нээлтээ хийсэн эхний 45 хоногтоо 26 сая хэрэглэгчтэй болсноо зарласан Disney+ үзэгчдийн хамгийн их хүлээж буй Marvel-ийн ертөнцийн цувралуудаа зарлалаа. 2020 онд тэд "The Falcon and The Winter Soldier", "WandaVision", "Loki"-ийн түүхийг бие даасан бүтээл болгон гаргах юм.


2. Nike 2020 оны Токиогийн Олимпод зориулсан тамирчдын хувцсыг дахин боловсруулсан гутлын материал ашиглан бүтээх болсноо зарлалаа. АНУ-ын шигшээ багийн өмсгөлийг тэд хамгийн эхний ээлжинд шинэчлэн гаргаснаа ил болгосон нь энэ. Байгальд ээлтэй компани болох төслийн хүрээнд Nike 2025 он гэхэд бүх үйлдвэрүүдээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилго тавиад байгаа билээ.


3. Бродвэй театрын тайзнаа тавигдсан түүхэн дэх хамгийн амжилттай жүжгийн нэг "Hamilton"-ийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг Disney 75 сая доллараар худалдан авлаа. Тасалбараа лото сугалаагаар борлуулж, суудал нь 1000 долларын үнэ хүрдэг уг шоуны киноны хувилбар 2021 онд кино театруудаар цацагдах ажээ.


4. DC Comics-ийн ертөнцийн ээлжит бүтээл "Birds of Prey" 34 сая долларын орлогоор бокс оффисийг тэргүүллээ. М.Роббигийн гол дүрд нь тоглосон уг кино 80 сая долларын өртгөөр бүтсэн бөгөөд 3 долоо хоногийн турш чартыг манлайлсан "Bad Boys For Life"-ийг гүйцсэн нь энэ.


5. Алдарт Индиана Жонсын адал явдал 2021 онд 5-р ангиараа эргэн ирнэ гэдгийг бүтээгчид баталлаа. Өмнөх бүх ангийг найруулсан домогт С.Спилбергээс гадна өдгөө 77 настай гол дүрийн жүжигчин Х.Форд ч мөн адил шинэ ангид тоглох гэнэ. Тус цувралын сүүлийн анги 2008 онд гарч, 786 сая долларын орлого цуглуулсан билээ.

10 унших мэдээ


Анхаарах: Коронавирустай холбоотой цаг үеийн мэдээ /NYTimes/

Дурсах: Холливудын алтан үеийн од Кирк Дугласыг санах нь /Deadline/

Сонирхох: А.Игуодала хэрхэн "амралтаа" өнгөрүүлэв? /ESPN/

Ангайх: Хятад хэрхэн 10 хоногт эмнэлэг барив? /CNN/

Суралцах: Mcdonald's хэрхэн бизнест хувьсал авчрав? /BBC/

Унших: Google Map-ийн 15 жилийн ойд /Wired/

Харамсах: Тайландын цэрэг 26 хүний аминд хүрэв /AP/

Бүртгэх: Айовагийн сунгааны эргэн тойронд /Politico/

Гайхах: Ангаргаас авсан зураг /Space/

Мэдэх: Forever 21 аврагдаж чадах уу? /The Motley Fool/