Цаг хугацаа урсан өнгөрч амьдралын шинэ хуудас нээгдэхэд анхны бүхний мөр үлдэнэ. Аливаа бүхний анхных л илүү нандин, сэтгэлд мартагдахгүй хадгалагддаг. Хүн бүрд бие, сэтгэлээрээ мэдэрсэн дахин давтагдашгүй үнэ цэнтэй ажил, нөхөрлөл, хүүхэд, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн туурвисан уран бүтээл, шинээр төрсөн санаа гэж бий. Ингээд бидний бэлтгэсэн арван өөр ертөнцийн анхны түүхээр хамтдаа аялцгаая.

Soulsearching подкастын хөтлөгч Ц. Анударь: Миний анхны санаа  

Яг үнэндээ бид онолоос илүү мэдрэмж, хайр дурлалдаа хөтлөгдөж амьдардаг

Ц. Анударь


Би бичих дуртай, их романтик талдаа хүн. Тиймээс зохиосон шүлэг, эшлэл, өгүүллэгээ Soulsearching нэртэй Инстаграм хаяг нээн оруулж эхэлсэн. Жилийн хугацаа өнгөрөхөд хүмүүст нэлээн хүрч зарим уншигч маань хайрын нууц түүхээ илгээн зөвлөгөө авахыг хүсэх болов. Ингээд тэр хүмүүст жаахан ч болов сэтгэлийн дэм өгч, хань болохоор шийдэн Soulsearching подкастыг эхлүүлсэн түүхтэй. Хүн аливаа асуудалтай тулгарах үедээ өөрийгөө ганцаархнаа юм шиг мэдэрдэг. Гэтэл үнэндээ хүн бүрд сэтгэлдээ ганцаардах мэдрэмж тээх үе гарна. Тиймээс подкастыг минь сонсоод найзтайгаа ярилцаж буй мэт хань мэдрээсэй гэж хүссэн.

Подкастаараа хайр дурлалын тухай ярихаар зарим хүмүүс “Хөнгөхөн, амархан юм ярилаа, ямар онол сурах юм” гэх нь бий. Яг үнэндээ бид онолоос илүү мэдрэмж, хайр дурлалдаа хөтлөгдөж амьдардаг оршихуй. Заримдаа бид Монголын нийгмийн завгүй хэв маягийн уршгаар мэдрэмжээ анзаарч хайр дурлалын тухай ярих сөхөөгүй явна. Тиймээс тэрхүү орон зайг бага ч гэсэн бий болгохоор хайр дурлал, нөхөрлөл, харилцааны талаарх сэдвээр ярихыг эрмэлзэж байна.

Rapper Trishna (Н.Ханбилэг): Миний анхны уран бүтээл 

Уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст “Битгий буруу үйлдэл хийгээсэй” гэж хэлэхийг зорьдог

Rapper Trishna


2020 оны аравдугаар сарын 10-нд “Metronome” нэртэй дуугаа хүмүүст сонсгох үед үнэмшимгүй, мөрөөдөл биелж буй мэт “гоё” мэдрэмж төрсөн. Харин албан ёсоор олон нийтэд цацсан анхны уран бүтээл бол "Наша Таняа” дуу маань юм. Учир нь хөгжим, дуугаралт, үг, ая, клипний санаа, найруулга гээд зурахаас бусад бүх зүйлийг өөрөө хийсэн нь миний хувьд уранаар бүтээсэн анхны бүтээлд тооцогдоно. Дууныхаа санааг бодит болгон хийж дууссаны дараа хэзээ цацах вэ гэх чухал шийдвэртэй тулгарсан. Хүнд сэдэвтэй дуу болохоор олон хүнд түгээж, “мессеж өгөх” тохиромжтой цаг үеийг хүлээж бараг гурван жил дарсаны эцэст цацжээ.

Хүний мэдэрч болох олон мэдрэмж дундаас хамгийн хүчтэй бөгөөд удирдахад хэцүү мэдрэмж бол айдас юм. Бүтээл маань ихэвчлэн харанхуй урсгал болохоор нэг удаа сонсоход л хэзээ ч мартагдахааргүй мэдрэмжийг хүнд үлдээж чаддаг. Хүмүүс "dark rap" урсгалын уран бүтээлч гэхээр эмо юм уу, готик гэж андуурдаг. Миний хувьд харанхуй байдлыг дотроо ойлгож, төсөөлөлд минь буудаг болохоор энэ урсгалаар уран бүтээлээ хийдэг болохоос би өөрөө тийм харанхуй хүн гэсэн үг биш. Ер нь хүн уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж чадвал ямар ч урсгалаар дуу хийж чадна. Миний дууг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд сонсдог. Тэд миний дууг сонсоод үзэл бодлын хувьд бага ч болов ялгаа гараасай л гэж хүсэж байна.

Резидент эмч А.Сайнбилэг: Миний анхны тусламж

Хэзээ ч харж байгаагүй, танихгүй хүний өвчин зовуурийнх нь талаар сонсох үед тусалчих юм сан гэх сэтгэлээ түрүүнд тавидаг

А.Сайханбилэг


Их сургуулиа төгсөөд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт резидент эмчээр ажиллаж эхэлсэн. Тухайн жил Ковид-19 халдварын тархалт өндөр байсан тул улаан бүсэд ажиллах шаардлага тулгарав. Уг бүсэд амьсгалын дутагдалтай, яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлагатай архаг, хууч өвчтэй, Ковид-19 халдвар хавсарсан тул хүндрэх магадлалтай өвчтөнүүдэд голцуу тусламж үзүүлсэн. Өвчтөний биеийн байдал нүд ирмэхийн дотор дордох эрсдэлтэй тул маш хянуур хандах ёстой.

Би хамгийн анхны тусламжаа зүрх нь зогссон өвчтөнд үзүүлсэн. Анхны тусламж үзүүлэхэд цээж шахалтын техник зэргийг буруу хийснээр гарч болзошгүй хүндрэлүүд олон бий. Тиймээс заавал сургагч багшийн хяналт дор тусламж үзүүлэх шаардлагатай. Анх ухаангүй хүний цээжин дээр алгаараа хүрэхэд “Цусны эргэлтийг таслалгүй, зөв техникээр цээж шахалт хийчих юм сан. Зүрх нь эргэж цохилоосой” гэж хүссэн юм. Харамсалтай нь анхны өвчтөний маань зүрх эргэж цохилоогүй. Энэ бүхний дараа би дахин ийм байдалд ормооргүй санагдаж, хэнтэй ч ярих хүсэлгүй болсон. Эмч, тэр дундаа яаралтай тусламжийн эмч нарын сэтгэл зүй ийм зүйлд хэзээ ч бэлэн байдаггүй. Харин өвчтөнөө хүлээн авах мөчид сэтгэл зүйгээ бэлэн болгодог гэж бодож байна.


Өндөр настан М.Туяа: Миний анхны ухаарал 

Хүний амьдрал богинохон ч гэлээ хүсэл гэдэг хязгааргүйн учир хайртай хүнээ алдсан ч хамтдаа хийхийг хүссэн зүйлс амьтай хэвээр сэтгэлд мөнхөрдөг

М.Туяа

Би хоёр настайдаа ээжийгээ алдаж, айлд өргүүлэв. Хэдий балчирхан ч өөр айлын хүүхэд болох гэж байгаадаа баярлаж, “Эгчтэйгээ хамт явна даа” л гэж бодож байсан. Эгч минь ч миний араас ирсэн. Сүүлд том болсны дараа эгч маань “Өөр айлд өргүүлэх болсон ч бага эмэгтэй дүүгээсээ л битгий холдоорой гэх ээжийн захиасыг биелүүлж чамайг дагасан” хэмээн хэлсэн.

Намайг “Хатуу ааштай байна, аливаад зөөлөн ханд” гэж эгч минь зэмлэнэ. Харин би эгчтэйгээ үүрд хамт байх юм шиг зөрүүдэлдэг байж дээ. Эгч минь дэргэд байсан учраас л амьдралд хөл алдалгүй, цэх шулуун явсан гэдгийг алсад одсоных нь дараа ухаарсан. Одоо эргээд харахад намайг нуруундаа үүрээд, “Буурал морийг уная гэвэл

Будруулаад гарна хө хө” гэж дуулан морь шиг цогьж тоглодог байсан нь хамгийн тод, дотно дурсамж болон үлдэж ээ. Хүний амьдрал богинохон ч хүсэл гэдэг хязгааргүйн адилаар хайртай хүнээ алдсан ч хамтдаа хийхийг хүссэн зүйлс амьтай хэвээр сэтгэлд мөнхөрдөг бололтой.

Дөрвөн хүүхдийн аав Д.Энхсайхан: Миний анхны хүүхэд

Эр хүн аливаад хатуужилтай, даван туулах чадвартай байх ёстой гэж боддог

Д.Энхсайхан


Анх 37 настайдаа аав гэх эрхэм цолыг хүртэв. Тэр мөч бол үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай. Анх хүүгээ хараад бяцхан, хөөрхөн, өхөөрдмөөр санагдахын хамт өндөр хариуцлага үүрч байгаагаа ойлгосон. Одоо дөрвөн хүүхэдтэй. Том нь найм, бага нь нэг настай. Хүүхдүүд маань дэрсхэн өсөж буй учраас манайх дуу, шуугүй байна гэж ер нь үгүй. Гэрт ирсэн зочин бүр тэдний минь яриаг сонсоод өхөөрдөнө. Манай доод айл хэд хэдэн удаа хаалга тогшиж орж ирсэн хөгжилтэй үеүд олон бий.

Би сайн эцгийн үлгэр дуурайллыг ааваасаа харж өссөн. Миний аав хүүхдүүдээ хөдөө гадаа авч явж, цагаа зарцуулдаг, чадах чинээгээрээ хөдөлмөрлөдөг хүн байжээ. Миний хувьд гэр бүлээ хайр халамжаар дутаалгүй, зөв үлгэр дуурайлал болж, тэдэндээ үргэлж цаг гаргаж, өмөг түшиг нь байхыг хичээдэг дээ.

МУИС­-ийн багш Д.Амартүвшин: Миний анхны үүргэвчтэй аялал

Залуу хүнд ганцаараа аялах нь адал явдал, саад бэрхшээлтэй нүүр тулж, өөрийгөө таних, дуртай зүйлдээ цаг зарцуулах боломжийг олгодог

Д.Амартүвшин


Намайг Англи улсад суралцаж байхад Америкаар аялах боломж олдож, анхны үүргэвчтэй аяллаа хийв. Аяллаа Америк найз Куртисын зөвлөснөөр Нью Йорк хотын Broadway театрт мюзикл үзэж эхлүүлж байв. Тухайн үед мюзиклийн талаар ойлголтгүй байсан учраас дуурь ч юм шиг, балет эсвэл жүжиг үзээд ч байгаа юм шиг шинэлэг санагдсан. Театрт амьд оркестр дунд хөгжим ард, урд дуугараад л, миний нүдийг нээсэн гайхалтай тоглолт болсон. Мюзиклийг зөвхөн тайзан дээр тоглодог гэсэн бодлыг минь тэр тоглолт өөрчилжээ. Нью Йорк хот тэнгэр баганадсан барилгуудтай хэр нь тун эмх цэгцтэй, төвдөө ногоон байгууламжтай. Хамгийн сонирхолтой нь манан, буданг уулын орой дээр л байдаг гэсэн төсөөлөл минь өндөр барилга дээр гараад үгүй болсон доо.

Аяллын хамгийн чухал нь тухайн улсыг үзэхээс гадна шинэ хүмүүстэй танилцах юм. Миний хувьд шинэхэн найз Куртистэй танилцсанаар аялал минь илүү сонирхолтой, дурсамж дүүрэн үлджээ.

Нэгдүгээр ангийн сурагч Э.Ананд: Миний анхны бэлэг

Би зураг зурах, тэврэх үнсэх гээд сэтгэлийн бэлэг өгч чадна

Э.Ананд


Миний санаж байгаагаар надад хэн нэгний өгсөн анхны бэлэг бол дөрвөн настай байхад аавын минь авч өгсөн найман дугуйтай, том удирдлагатай машин юм. Зуны өдөр бүр машинаараа найзуудтайгаа тоглож өнгөрүүлсэнээ санаж байна.

Төрсөн өдрөөр аав маань унадаг дугуй авч өгөхөд би их баярласан. Зуслан дээрээ очих бүрдээ ахтайгаа унадаг дугуйгаараа уралддаг. Манай ахын унадаг дугуй хурдан, харин минийх удаан болохоор уралдах бүрдээ голцуу хожигдчихдог. Би гэрийнхэндээ гэрээ цэвэрлэж, ээждээ дүүгээ харж, хичээлээ сайн хийж бэлэг барьдаг. Мөн би зураг зурах, тэврэх, үнсэх гээд сэтгэлийн бэлэг өгч чадна.

Дижитал артист Б.Энх-­Оюун: Миний анхны мэдрэмж

ЛГБТ гэдгээ заавал зарлах шаардлагагүй хэвийн зүйл гэж хүмүүс хүлээн авдаг байвал гоё. Жишээ нь, "Би гей эсвэл лесбиан" гэвэл тоодоггүй л баймаар байна. Удахгүй тийм цаг ирнэ гэдэгт итгэдэг

Б.Энх-­Оюун


Миний хувьд өөрийгөө бисекуал гэдгээ мэдсэн нь том шилжилт эсвэл ухаарал байгаагүй. Их сургуульд суралцахынхаа өмнө бага багаар аль ч хүйсийн хүн сонирхдогоо мэдэрч эхэлсэн. Монголд ЛГБТ хүмүүсийг хүлээж авч байгаа хандлага нь бага зэрэг хэцүү. Заримдаа хамтрагчтайгаа гадуур уулзахдаа бусдын харц, хандлагаас зайлсхийж мэддэг газраа очих нь олон. Ихэнх хүмүүс бисекуал гэхлээр “Өөрийгөө тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр хөгжилдөхийг хүсдэг” гэх мэтээр буруу ойлгох нь түгээмэл. Гэтэл энэ бол хүйс хамааралгүй татагдахыг л хэлж байгаа шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүмүүс муулж эсвэл үзэн ядах нь анзаарагддаг.

Би хийж буй зүйл, сонсдог хөгжмөөрөө ийм байх нь энгийн гэдгийг өөртөө мэдрүүлдэг байсан. Энэ нь сэтгэл зүйн ямар нэгэн дарамтгүйгээр өөрийн мэдрэмжийг хүлээж авахад тусалсан гэж боддог. Гэр бүлдээ одоо хүртэл хэлээгүй. Учир нь “Яаж хүлээж авах бол?” гэх айдсыг даван туулж чадахгүй байна. Харин найзууд маань намайг нээлттэй хүлээж авч сайн ойлгосон. Тийм болохоор өөрийгөө азтайд тооцдог.

Нил паблишингийн Үүсгэн байгуулагч Ж.Тэгшзаяа: Миний анхны сорилт

Өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаа хэр чухал болохыг энэхүү сорилтоос ойлгосон

Ж.Тэгшзаяа


Өдөр тутмын ажил, амьдралд тулгарч буй асуудал, бэрхшээлийг заавал байх ёстой гэж хүлээж авдаг байв. Гэтэл яаж ч хичээгээд давж хүчрээгүй анхны сорилт болох сэтгэл гутралын эмгэгтэй дөрвөн жилийн өмнө тулгарсан. Гаднаас нь харахад мэдэгдэхгүй хэр нь бүх зүйл утга учиргүй санагдаж, дотор томьёолж боломгүй өвдөлт мэдрэгдэнэ. Цаг үеэсээ болсон уу, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Хэн ч заагаагүй учир хямралын үетэйгээ андуурч удаан хугацааг өнгөрөөсөн.

Сорилтоо туулж байх үед сэтгэл гэмтчихсэн надад “Сэтгэлийн хаттай бай” гэдэг ч юм уу, хортой дэмжлэгүүд их ирсэн. Ер нь тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь илүү чухал. Амьдралд олон асуудал нийлж сэтгэл гутралын эмгэгийг үүсгэдэг. Юун түрүүнд шалтгаан хайхаас илүү өөртэйгөө нүүр тулж, эдгэрэх орон зайг олгох хэрэгтэй. Үүнээс өөрөөр сэтгэл гутралыг давах гарцгүй. Хүн амьдралдаа бүх зүйлд үнэнчээр хандаж, өөрийгөө хуурахгүй байх хором мөч гарцаагүй тулгардаг. Хэцүү ч гэсэн энэ мөчийг туулснаар ирээдүйд сэтгэл зүйн дархлаа сууна.

Тоймч, сэтгүүлч Л.Нарантөгс: Миний анхны ажил 

Анхны ажилдаа орж буй дүү нартаа захиж хэлэхэд эзэмшсэн мэргэжлээ гартаа оруулж, өөрийгөө зөв илэрхийлээрэй. Тухайн ажлын байр ирээдүйд өсөн дэвжих боломжтой эсэхийг цалингаас илүү чухалчилдаг юм шүү

Л.Нарантөгс


Намайг анх ажилд орох үед хэвлэл мэдээллийн суваг одоогийнх шиг олон байгаагүй. Өдөр тутмын таван сонин, нэг урт, долоон богино долгионы радио, гарын таван хуруунд багтахуйц л телевиз байсан. Ингээд 2004 онд шугамын радиогийн хотын сигналыг хариуцдаг "Дөрвөн уул" радио станцад багшийн зөвлөсний дагуу очлоо. Уг нь хагас сар туршилтаар ажиллахаар болсон ч Ардын зураач Цолзол гуайг Цоодол гэж бичиж алдаа гаргаснаар хугацаа минь сунгагдах тохиолдол гарч байв. Уг үйл явдлаас хойш 22 насандаа албан ёсоор редактораар ажилд орж, одоог хүртэл, 19 жилийн турш хэвлэл мэдээллийн салбарт ажиллажээ.

Анхны цалин минь 30 мянган төгрөг байв. Цалингийнхаа арван мянган төгрөгөөр гэртээ хоол хүнс, зургаан мянган төгрөгөөр ээждээ алчуур авчхаад анхны цалингаа тэмдэглэхээр найзтайгаа шар айраг авч уув. Тухайн үед "Tse" гэх бааранд бүх шар айраг 500 төгрөгөөр зарагддаг учраас арван шилийг захиалсанаа санадаг юм. Тэгээд дараагийн цалин буутал үлдсэн мөнгөө тамхи, автобусны зардал зэрэгт зарцуулахаар хадгалсан. Үдийн цайгаар хоол авч идэх мөнгө хүрэлцэхгүй учраас голдуу 150 төгрөгийн ууттай бэлэн гоймон авч иддэг байсан дурсамж бий.