Мэтгэлцээнээр хичээллэж буй хүн бүрийн түүх, шалтгаан өөр, өөр. Угийн хэл ярианы баялагтай учир үүнийгээ хөгжүүлэхээр шийдсэн нэгэн байхад үзэл бодол, харах өнцгөө тэлэх хүсэлтэй нэгэн ч бас байна.
Бид өмнө нь "Чөлөөт" булангаараа дамжуулан уламжлалт бус хэв маягаар зохион байгуулагдаж буй “Үндэсний Мэтгэлцээний Лиг”-ийн дүрмийг тайлбарласан билээ. Харин энэ нийтлэлээр тус тэмцээний шилдэг оролцогчдын 10 өөр ертөнц, дуу хоолойг хүргэе.
М. СОД-ИРЭЭДҮЙ - “DEBATE DOPING” БАГ
Аливаа зүйлийг рационал өнцгөөс харахын тулд хоёр жилийн өмнөөс мэтгэлцээнээр хичээллэж эхэлсэн. Улаанбаатар хотыг нэг том ухагдахуун гэж үзвэл, зөвхөн Зайсан эсвэл Офицерыг хараад дүгнэлгүй, илүү өргөн цар хүрээтэй харахад мэтгэлцээн тусалдаг. Хүн өөрийнхөө үзэл бодолд тулгуурлаж бус рационал өнцгөөс буюу зарим тохиолдолд өөрийнхөө үзэл бодлын эсрэг талаас мэтгэлцэх шаардлага гардаг нь надад их сонирхолтой санагддаг. Юмыг олон талаас харж сурснаар гагцхүү миний бодол зөв гэх үзлээ орхиж, нэг талаар өөрийгөө ялж байна л гэсэн үг. Жишээ нь, “Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй” шийдлээр хувьдаа би санал нийлээгүй ч сугалаагаар Засгийн Газар талаас, үүнийг дэмжиж мэтгэлцсэн.
“Үндэсний мэтгэлцээний лиг” надад маш өвөрмөц санагдаж байгаа. Мэтгэлцээн академик хүрээнд явагддаг байтал шоу болгочихоор хичээллэдэггүй хүмүүст ойлгоход илүү дөхөм юм болов уу. Ингэснээр цаашид мэтгэлцээн хөгжихөд түлхэц болно гэж итгэж байна. Ихэнхдээ дуучин, бөх, спортын тамирчдыг хэдэн зуун сая төгрөгөөр шагнаж, урамшуулдаг. Харин энэ тэмцээн оюун ухааныг зуун саяар үнэлж буйд сэтгэл өндөр байна.
Л.Нандинцэцэг - “Hexagon” баг
Оюутан болоод хамгийн түрүүнд хийсэн зүйл бол мэтгэлцээний клубт бүртгүүлэх байсан. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ мэтгэлцэж байна. Сурагч байхад Нийгмийн ухааны багш маань намайг ”Чи хуульч болбол их тохирно, мэтгэлцээний клубт явбал яасан юм?” гэж үргэлж хэлдэг байсан. Тухайн үед би мэтгэлцээний талаар сайн мэдэхгүй, мэтгэлцээнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнээр л төсөөлдөг байлаа.
Н. Эрдэнэтулга - “Justice” баг
Дотоод хэргийн их сургуульд эрх зүйч мэргэжлээр элссэнээр мэтгэлцээнээр хичээллэх эхлэл маань тавигдсан. Мэтгэлцээнээр хичээллэснээр нийгмийн бүхий л асуудалд статистик мэдээлэл, баримт судалгаанд тулгуурлан дүн шинжилгээ хийх чадвартай болдог. Мэтгэлцэж байх үед эсрэг багийн тоглогчтой бус хувь хүнийхээ хувьд тухайн шийдлийг буруу гэж үзэж буй өөртэйгөө илүү зөрчилддөг. Энэ тохиолдолд нийгэм дэх бодит байдал, баримт, судалгаанд тулгуурлан тухайн асуудалд шийдэл боловсруулна.
“Үндэсний мэтгэлцээний лиг”-т оролцсоноор танилын хүрээгээ нэмэх, мэдлэгээ тэлэх, байр сууриа зөв илэрхийлэх зэрэг олон давуу тал үүсэж байна.
Ц. Намуун - “Ингүүмэл” баг
Аравдугаар ангидаа Хөвсгөл аймаг дахь “Шихихутаг” мэтгэлцээний клубт элссэн. Мэтгэлцээн аливаа асуудлыг хоёр талын зүгээс ул суурьтай бодон тунгаахад тусалдаг болохыг хичээллэж эхлээд л ойлгосон. Цаашилбал, аливаа зүйлийг бодох орон зай бий болгох, тухайн асуудлаа батлах, аргументтэй няцаах, харилцааны эв зүйд суралцах, нэг шийдлийн дагуу асар их мэдээлэл цуглуулах зэрэг олон давуу талтай учраас одоог хүртэл хичээллэсээр байна. Арван жилийн сурагч үедээ идэвхтэй байсан ч оюутан болоод бага зэрэг завсардсан. Ингээд удаан хугацааны дараа оролцож буй анхны тэмцээн маань “Үндэсний мэтгэлцээний лиг” юм.
Миний хувьд шилдэг найман багт тэнцэнэ гэж үнэндээ төсөөлөөгүй. Тийм болохоор өөртөө болон багийнхнаараа бахархах мэдрэмж төрж байна. Өмнө нь ямар ч мэтгэлцээний тэмцээнд оролцсон одоогийнх шиг сандарч байгаагүй. Харин “Үндэсний мэтгэлцээний лиг”-ээр дамжуулан үзэл бодол минь олон нийтэд түгэж буй гэж бодохоор түгшиж, сандрах тохиолдол гарсаар байна.
Нэг тоглолтын үеэр ахлагч маань “Яасан сэрж өгдөггүй Монгол вэ?” гэж хэлээд дуусгасан нь миний дотор одоо ч тод үлдсэн. Учир нь энэ өгүүлбэрийг бид урьдчилан бэлдээгүй, шууд л тэмцээний үеэр сэтгэл хөдлөлөөр гараад ирсэн.
Дасгалжуулагч Ж.Өнөмөнх - “Hexagon” баг
2015 он буюу 11-р ангиасаа мэтгэлцэж эхэлсэн. Түүх, нийгмийн ухааны хичээлдээ сайн биш ч ярих чадвар сайтай хүүхэд байсан тул нийгмийн ухааны багш маань тухайн үед зохион байгуулагдах гэж буй мэтгэлцээний тэмцээнд орохыг санал болгосон юм. Түүнээс хойш оюутан байх хугацаандаа мэтгэлцээний олон ч тэмцээнд оролцсон. Харин төгссөнөөсөө хойш дасгалжуулагчаар ажиллаж байна.
Бүх тоглолтууд дундаас хувийн үзэл бодолтой зөрчилдөж байсан тоглолт байхгүй ч хамгийн онцлох тоглолт бол “Төрөөс үнийн өсөлтийг зохицуулах нь зөв” гэсэн шийдэл дээрх тоглолт байсан. Шийдвэрлэх тоглолт байсан учраас нэлээдгүй ач холбогдол өгч бэлдсэн.
О. Өгөөмөр - “Ингүүмэл” баг
Алдаа, оноотой зургаан жилийг мэтгэлцээнтэй хамт өнгөрөөжээ. Төрөлхийн ярих дуртай зан чанар дээрээ тулгуурлаад хэрэгтэй зүйл ярихаар шийдэн есдүгээр ангиасаа мэтгэлцээнээр хичээллэж эхэлсэн. Тэгээд бодол санаа, яриагаа илүү тэлэхэд мэтгэлцээн тохиромжтой орчин юм гэдгийг ойлгоод өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэсээр байна. Миний хувьд хожигдсон тоглолтоо эргэн харж, алдаагаа анзаарч ахиж, дэвших гэж хичээдэг,. Намайг илтгэл тавьж буйг камераар харвал маш эрч хүчтэй ярьж буй мэт харагдаж байгаа ч үнэндээ бол үнэхээр их сандардаг.
Мэтгэлцээний нэг онцлог бол үзэл бодлын зөрчилдөөн. Өөрөө ч тэр асуудалдаа итгэж, баттай үнэмшээгүй байж бусдын бодлыг өөрчилнө гэдэг юу л бол. Гэхдээ ийм байдалд орохгүйн тулд судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ олон ургалч үзэл гарч ирнэ, төдий чинээ зөрчилдөөн багасна.
Б.Анужин - “Шинэ хуудас” баг
МУИС-ийн оюутан болоод дотнын найзынхаа хамтаар мэтгэлцээний клубт элсэж энэ спортоор хичээллэх болсон. Энгийн үед бол бусдад жаахан уйтгартай санагдмаар ширээ, сандал эгнүүлж тавьсан ангидаа талцан мэтгэлцдэг. Харин лигийн тэмцээнийг тусгайлан бэлдэж, тоглолтын арга хэлбэрийг өөрчлөн, бүр телевизээр дамжуулан түгээсэн нь сонирхолтой байлаа.
Шөвгийн наймын шийдлүүдийг тухайн сэдэвтэй холбоотой хүмүүс шүүсэн нь оролцогч бидний хувьд онцгой тоглолт болсон. Асуудал, шийдлээ бүрэн мэддэг мэргэжлийн хүний өмнө шийдэл, няцаалт тавьж тоглох нь хариуцлагатай, багахан айдастай болж өнгөрсөн.
Дасгалжуулагч Б.Оюунсайтар - “Түмэнтэнгэр” баг
Хүмүүс мэтгэлцээнийг 15-25 насны залуучуудын тэмцээн мэтээр ойлгодог. Мэдээж тийм биш. Дасгалжуулагчийн хувиар оролцонгоо үндэсний мэтгэлцээнийг цаашид сурагч, оюутан, бүх наснынханд зориулан олон төрлөөр зэрэг зохион байгуулах нь чухал санагдлаа. Ажилчин, дунд насныхан хэн бүхэнд өөрсдийгөө илэрхийлэх боломж байгаа гэдгийг дараа дараагийн нэвтрүүлгээрээ харуулаасай. Улс төрч, сайд, намын дарга нарыг энгийн иргэд, хувиараа бизнес эрхлэгч нартай холбож тулгарч буй асуудалдаа шийдэл эрж мэтгэлвэл ямар үр дүн гарах бол.
Б.Ундармаа - “Justice” баг
Анх зургаадугаар ангидаа мэтгэлцээний индэр дээр гарч байлаа. Түүнээс хойш Карл Попрын мэтгэлцээнийг сонирхож, дуртай спортоороо одоог хүртэл тууштай хичээллэж байна. Индрийн ард зогсохдоо л өөрийгөө хэн гэдгийг хамгийн тодоор мэдэрдэг. Мэтгэлцээний шийдэл 100 хувь нэг талдаа байдаггүй шиг мэтгэлцэгч хүнд нэг талын байр суурь байхгүй юм шиг санагддаг. Тиймээс аливаа мэдээлэлд тэнцвэртэй, шүүн тунгааж хандаж сурдаг.
Энэ удаагийн тэмцээн бидний мэтгэлцэж дассанаас өөр дүрэм, арга хэлбэрээр явагдаж буй нь шинэлэг атлаа басхүү сорилт байлаа. Нийслэлийг нүүлгэх тухай тоглолтод талууд оновчтой шийдэл, санаачилга гаргаж, ёстой л ширүүхэн тоглосон нь онцлох тоглолт болсон.
Н.Энхбаяр - “Түмэнтэнгэр” баг
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, судалгаа хийх арга ухаанд суралцахаар есдүгээр ангиасаа эхлэн “Манлайллын боловсролын үндэсний төв”-ийн “+300” клубт илтгэх урлагаар хичээллэж эхэлсэн. Миний хувьд нэгдүгээр курсээсээ хойш гурван жилийн турш огт мэтгэлцээгүй, харин “Үндэсний мэтгэлцээний лиг”-ээр мэтгэлцээний индэр дээр дахин гарч байна.
Цааш цаашдаа ТэнГэр ТВ энэхүү мэтгэлцээний лигийг жил бүр зохион байгуулаасай гэж хүсэж байна. Учир нь бүтэн хоёр сарын турш маш өндөр зохион байгуулалтын дагуу хийгдэж, долоо хоног бүр телевизээр цацагдаж, олон нийтэд хүрч байгаа тул нийгмийг мэтгэлцээнд дуртай болгох маш сайн түлхэц болж байгаа гэж боддог.