Генийн засварын технологи бидний мэдэх олон зүйлсийг өөрчлөх чадалтай! Зургийн эх сурвалж - TED

Дэлхийн дахинд, бизнесийн ертөнцөд

НҮБ-ийн аюулгүй зөвлөл өнгөрсөн сард 2 ч удаа тив хоорондын пуужин туршсан БНАСАУ-ын эсрэг түүхэн дэх хамгийн том хоригийг тавилаа. Тэд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг саармагжуулах, хэлэлцээрийн ширээнд суух шахалтыг үзүүлэх зорилгоор НҮБ-ийн гишүүн орнуудыг тус улсаас нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийг худалдан авахыг хориглосон байна. Энэ нь тус улсын эдийн засагт 1 тэрбум орчим долларын хохирол учруулах тооцоог хийжээ. "Америкчуудын хамгийн дургүй бизнесмен" хэмээх хочийг зүүх болсон Мартин Шкрелиг шүүхээс залилан хийсэн хэргээр буруутгаж, 20 жил хүртэлх хорих ял оноохоор бэлдэж байна. Эмийн салбарт Turing Pharmaceuticals хэмээх компанийг удирдаж байх хугацаандаа ДОХ болон хорт хавдартай хүмүүсийн хэрэглэдэг дараприм гэх эмийг борлуулах эрхийг аван, үнийг нь 5000 дахин нэмсэн нь түүнийг олон нийт үзэн ядах эхний шалтгаан болсон юм. Гэсэн ч тэрээр 2009 оноос хойш 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдаа худал мэдээллээр ханган, улмаар 11 сая долларын хохирол учруулсан нь тодорхой болсон гэнэ. Дэлхийн хамгийн алдартай сүлжээнүүдийг нэг, жилийн борлуулалт нь 7 тэрбум доллар давдаг Dunkin' Donuts энэ ондоо багтаан нэрээ солихоор төлөвлөж байгаа гэнэ. Компанийн удирдлага нэрнээсээ донатсыг хасан зөвхөн Dunkin' нэртэйгээр брэндинг, идэвхжүүлэлтийн ажлыг аль хэдийн эхлүүлээд байгаа. 67 жилийн түүхт, 12 мянган салбартай тэд хэрэглэгчдэд кофе шоп гэдэг мессежийг хамгийн түрүүнд хүргэх зорилготойгоор ийм өөрчлөлтийг хийх аж. Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбани Азийн 2 дахь баян хүн болсныг Блүүмберг зарлалаа. Эрчим хүч, барилгын материал, худалдаа, медиа зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Reliance-ийн гүйцэтгэх захирал тэрээр Хонгконгийн тэрбумтан Ли-кан Шинг гүйцсэн нь энэ. 35 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх, тивдээ зөвхөн Жэк Магийн ард л бичигдэж буй Амбани хамгийн сүүлд 23 долларын үнэтэй гар утас гарган, энэтхэгийн алслагдсан бүсд үүрэн телефон, интернетийн үйлчилгээг хүргэх төслийг эхлүүлээд байгаа юм. Японы автомашин үйлдвэрлэгчид болох Toyota, Mazda хамтран 1,6 тэрбум долларын өртөг бүхий үйлдвэрийг АНУ-д байгуулах болсноо зарлалаа. Эх орондоо шинэ хөрөнгө оруулалт татаж, ажлын байр бий болгох гол зорилго бүхий ерөнхийлөгч Д.Трампын хувьд ялалт гэж хэлж болох энэхүү үйлдвэр хаана баригдах нь тодорхойгүй байгаа ч 3000 гаруй шинэ ажлын байр бий болох гэнэ. Тэд энэ үйлдвэрээрээ дамжуулж 2021 он гэхэд 300 мянган машиныг үйлдвэрлэх зорилго тавиад байгаа аж.

Bloomberg: Мартин Шкрелигийн ээдрээтэй хэргийн тухай
The Atlantic: Хойд Солонгост хориг тавих зүйл үлдсэн гэж үү

НҮБ-ийн Аюулгүй зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар БНАСАУ-ын эсрэг хоригийг батлав.

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Инстаграмын Snapchat-аас хуулсан нэмэлтүүдийн нэг Stories 1 нас хүрлээ. Одоогоор энэ нэмэлтийг 250 сая хэрэглэгч тогтмол хэрэглэж, нийт бүртгэлтэй бизнесүүдийнх нь тал нь ашиглаж байна. 25-аас доош насны хэрэглэгчид Инстаграмыг өдөрт дунджаар 32 минут ашиглаж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой. Ингэснээр тэд Snapchat-ийн гол хэрэглэгчдийн сегментийг өөрсдөдөө илүү татаж чадсан гэсэн үг. Фэйсбүүк Мессенжертээ нэвтрүүлээд удаагүй байгаа "Messenger Day"нэмэлтээ зөвхөн гар утсанд бус мөн компьютерт ч ашигладаг болгохоор ажиллаж байгаа гэнэ. Snapchat-ийг өнгөрсөн жил 30 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан гэх Гүүгл ч өөрсдийн Снап-ын хуулбарыг гаргахаар бэлдэж байна. Гэхдээ тэд гар утсаараа мэдээ унших, нийтлэл хэрэглэх зорилготойгоор, гэхдээ илүү Discover-тэй нь төстэй Stamp гэх шинэ нэмэлтээ удахгүй гаргана гэнэ. Интернетийн хамгийн идэвхтэй бүлгэмүүдийн "гэр" Reddit 200 сая долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, 1,8 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Apple улирлын тайлангаа зарлаж, 45 тэрбум долларын орлого олсноо зарлалаа. Анхны 1 триллионы үнэлгээтэй компани болох төлөвтэй буй тэд өнгөрч буй улиралд 41 сая iPhone, 11 сая iPad-ийг борлуулжээ. Тэд ирэх сард шинэ iPhone утсаа гаргаж, 49-52 тэрбум долларын орлого олох төлөвлөгөөтэй байгаагаа дурьдсан байна. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 20 сая шинэ хэрэглэгчийг нэмсэн хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Spotify энэ оны сүүлээр нээлттэй компани болохоор хүсэлтээ өгчээ. Цахим мөнгөн тэмдэгт Биткойны зах зээлийн үнэлгээ анх удаа 3000 доллар давлаа. Энэ долоо хоногт Биткойн 2 хуваагдаж, шинэ валютыг "bitcoin cash" хэмээн нэрлэх болжээ. Биткойны нийт зах зээлийн үнэлгээ нь 50 тэрбумд хүрээд байна. Эстони улс анх удаа жолоочгүй автобусыг хэрэглээнд нэвтрүүллээ. 1 бүр нь 100 мянган еврогийн өртөгтэй, нийт 4 сая еврогийн санхүүжилттэй энэ төслөөр дамжуулж тэд нийтийн тээврийн салбартаа томоохон шинэчлэл хийх зорилготой байгаа. Эхний 3 өдөр ямар нэгэн осол гараагүй ч хэд хэдэн эгзэгтэй тохиолдол гарсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Techcrunch: Instagram Stories-ийн нэг насны ойн тоо баримтууд
Slate: Яагаад биткойн 2 хуваагдав

Эстони улс нийт ослын шалтгааны 90 хувийг бүрдүүлдэг хүний хүчин зүйлийг технологийн тусламжтайгаар бүрэн шийдэхийг хүсч байна.

Спортын ертөнцийн эргэн тойронд

Бразилын хөлбөмбөгчин Нэймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин боллоо. Энэ зуны турш яригдсан наймаа бодит биеллээ олж, 25 настай Нэймар 4 жилийг өнгөрүүлэхдээ 7 цом хүртэж, 150 гоол оруулсан Барселона клубыг орхин, Францын нийслэл Парисыг зорьж байна. Катарчуудын эзэмшдэг ПСЖ түүний төлөө гэрээ цуцлах төлбөр болох 222 сая еврог төлсөн нь өмнөх дээд үнэ болох П.Погбагийн үнээс даруй 2 дахин үнэтэй гэсэн үг юм. Нэймар жилд татварын дараа 30 гаруй сая еврогийн цалин гар дээрээ авах бөгөөд Катарт явагдах 2022 оны ДАШТ-ийн нүүр царай болох төлөвтэй байна. УЕФА-ийн санхүүгийн шударга өрсөлдөөний журмаар ПСЖ энэ улирлын төгсгөл гэхэд нийт орлогын хэмжээгээ үлэмж хэмжээгээр өсгөх хэрэгтэй болж буй. УЕФА клубүүдийг орлогоосоо ердөө 30 сая еврогоор хэтрүүлж зарлага гаргахыг зөвшөөрдөг билээ. Юутай ч Месси, Суарез, Нэймарын Европыг доргиож байсан хослол тарж, хөлбөмбөгийн "хүн-зах"-ийг доргиолоо. Мэргэжлийн боксийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг Владимир Кличко 41 насандаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Кличко 2006 оноос хойш 9 жил 9 сарын турш хүнд жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байснаараа зөвхөн домогт Ж.Луйсын ард л бичигддэг. 1996 оны олимпийн аварга тэрээр өнгөрсөн 4-р сард Уэмбли цэнгэлдэхэд 21 настай залуу боксчин Э.Жошуад ялагдсан билээ. 21 жилийн карьертаа тэрээр 69 тулаан хийж 64-т нь ялалт байгуулжээ. Бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэгт зүй ёсоор тооцогдох Усэйн Болт хамгийн сүүлчийн уралдаанаа энэ өдрүүдэд хийж байна. Лондонд эхлэсэн хөнгөн атлетикийн ДАШТ-д тэрээр 100 м-ийн зайд өрсөлдсөн ч сүүлийн ганцаарчилсан төрөлдөө тэргүүлж чадсангүй, хүрэл медаль хүртлээ. 2004 оны олимпийн аварга, 35 настай америк гүйгч Ж.Гэтлин 9,92 секундын амжилтаар алтан медаль хүртэж дэлхийг гайхашруулав. Нурууны гэмтлийн улмаас төдийлэн сайн формтой байгаагүй Болт амжилт дүүрэн карьераа буухиа төрлөөр өндөрлөх болно. Ямайк гүйгч 100, 200 метрийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй бөгөөд олимпийн 8, дэлхийн 11 удаагийн аварга билээ.


Unread: 220 сая еврогийн хөлбөмбөгчин: Нэймарын шилжилтийн тухай
ESPN: В.Кличко их спортоо орхиж байгаагаа зарлалаа

0.03 секундын бариа! У.Болтын "гайхалтай үлгэр"-ийн төгсгөл санаснаар өрнөсөнгүй.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Пуэрто Рикогийн уран бүтээлч Луйс Фонсигийн Дадди Янкитай хамтран гаргасан "Despacito" дууны клип Youtube дээр 3 тэрбум хандалт авсан анхны видео боллоо. Испани хэл дээр дуулсан энэхүү бүтээл нь хамгийн анх энэ оны 1-р сарын 12-нд интернетэд тавигдсан бөгөөд секундэд 170 удаа, өдөрт 15 сая удаа тоглуулагдаж байжээ. Өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Wiz Khalifa-ийн "See You Again" анх цацагдсанаасаа хойш 26 сарын дараа PSY-ийн "Gangnam Style"-ийг гүйцсэн ч тэдний тэргүүлэл ердөө 3 долоо хоног л үргэлжиллээ. Сонирхуулахад, "Despacito"-ийн Ж.Бибертэй хамтран дуулсан хувилбарын хандалт нь 500 саяыг даваад байгаа аж. Жил бүрийн 8-р сард зохиогддог Телевизийн Шүүмжлэгчдийн Холбооны оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа Беверли Хиллзд явагдлаа. Эмми наадмын өнгийг тодорхойлдог хэмээн үнэлэгддэг энэ наадмын шилдэг бүтээлээр Hulu-ийн "The Handmaid's Tale" тодорсон бол шилдэг инээдмийн цувралаар FX-ийн "Атланта" нэрлэгджээ. Шилдэг шинэ цувралаар NBC-ийн "This is Us" тодорчээ. Кино сонирхогчдыг хуйлруулж буй "Хаан ширээний тоглоом"-ын цацагдаагүй байгаа шинэ анги хакеруудын гарт орсон байж болзошгүй гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар HBO-ийн сүлжээнд хакерууд нэвтэрч, шинэ ангиудын зохиол болон бусад бичлэгүүдийг хулгайлж, интернетэд зарим хэсгээс нь байрлуулаад амжжээ. Гэхдээ эдгээр нь сүлжээг хакердсантай холбоогүй, харин контент түгээгчдийн хариуцлагагүй байдлаас болж гарсан бололтой. "Хаан ширээний тоглоом" өмнө нь хэд хэдэн удаа бичлэгээ алдаж, үүнээс шалтгаалан нээлтээ хойшлуулж, шинэ дүрс нэмж байсан ч түүхтэй билээ.

NME: Despacito хэрхэн энэ зуны гол хит дуу болов?
USA Today: Бид хакдуулсан контентуудын талаар юу мэдэх вэ?

Энэ зуны сүлд дуу - Despacito! 45 улсын чартыг тэргүүлсэн энэ дууг стримээр 4,6 тэрбум удаа сонсжээ.

Шинжлэх ухааны ертөнцийн эргэн тойронд

Орегоны Анагаах Ухааны их сургуулийн эрдэмтэд хүний генийн бүтцэд засвар хийж, үр хөврөлд өөрчлөлт оруулах туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Тэд генд засвар хийдэг CRISPR технологийг ашиглан удамшлын зүрхний өвчтэй үр хөврөлд өөрчлөлт оруулж, муу генийг нь салгаж чаджээ. Энэхүү туршилтын үр дүнд хүүхэд төрөхөөс өмнө 10000 мянга гаруй төрлийн удамшлын өвчнийг түрүүлж эмчлэх боломжтой болж байгаа юм. Хэдийгээр АНУ-ын конгресс өнгөрсөн жил ийм туршилтыг хийхийг хориглосон шийдвэр гаргаад буй ч их сургуулиуд болон Хятад тэргүүтэй зарим улсуудад төрөл бүрийн амжилттай үр дүн гарсаар байгаа юм. CRISPR технологийн тусламжтайгаар ДОХ, хорт хавдрыг эмчлэх, төрөл бүрийн илүү сайн эм бэлдмэл гаргах, сохор хүнд хараа оруулахаас эхлүүлээд ургац, хүнсний чанарыг сайжруулах гэх мэт төрөл бүрийн давуу талыг бий болгох боломжтой хэмээн эрдэмтэд үздэг юм. Европын Холбооны захиалгаар хийгдсэн судалгаагаар зөвхөн Европ тивд энэ зууны сүүл гэхэд жил бүр 150 мянган хүн хэт халалтаас болж нас барах магадлалтай гэнэ. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө судалж, хамгийн их аюул авчирч болох халалт, түймэр, үер, ган, шуурга зэрэг нөхцлүүдэд тооцоолол хийсэн байна. 1981-2010 оны хооронд жилд дунджаар 3000 орчим хүн халалтаас шалтгаалж таалал төгсч байсан тооцоо байдаг гэнэ. Канад улсад дэлхийн анхны генийн өөрчлөлттэй салмон загасыг борлуулж эхэллээ. Америкийн AquaBounty Technologies компани 1989 онд хамгийн анх хурдан өсөлттэй салмон загасны төрлийг борлуулах технологийг хөгжүүлж эхлэсэн ч хууль, журмын асуудлуудтай тулгарсаар энэ жил л бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа нь энэ. Энгийн загаснаас 2 дахин хурдан бойждог онцлогтой энэ салмон загасыг өдөрт 4500 кг-ийг гаргах гэнэ.

Wired: CRISPR бүх генийн өвчнийг анагаах чадалтай
Sky: Хэт халалт жил бүр 150 мянган хүний аминд хүрэх магадлалтай

Энгийн загастай ижил хугацаанд 2 дахин том хэмжээтэй болж өсдөг салмон загасны 1 кг-ийн үнэ нь 11 доллар.

Алдалгүй унших арван мэдээ

CNN: Путины адал явдалт амралтын эргэн тойронд
BBC: Австралид осолдсон АНУ-ын цэргийн багийн эрлийн ажиллагааг зогсоолоо
NYTimes: Шинээр олдсон хилэнц хорхойн зүйлүүдийн тухай
Politico: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Шварцнеггерийн шинэ санаачлага
Vox: Трампын баг ОХУ-тай холбоотой байсан эсэхийг шүүхээр шийднэ
Gogo: "Зоригийн хэрэг"-ийн шүүх хурал боллоо
iToim: Даншиг наадам эхэллээ
Guardian: Мо Фара 10 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
TNW: Фэйсбүүк хиймэл оюун ухаан ашиглан орчуулга хийнэ
Polygon: Steam сард 1,5 сая шинэ хэрэглэгчтэй болж байна

Трампыг гольфийн талбайдаа амарч байх зуур В.Путин Сибирт усанд шумбан, загас барьж цагийг өнгөрүүлжээ.

7 хоногийн тоймын өмнөх дугаарууд

7 хоногийн тойм: Дэлхийн хамгийн баян хүн + Теслагийн шинэ загвар + Улаанбаатар 2023
7 хоногийн тойм: Майкрософтын түүхэн амжилт + Честер Беннингтоны гунигт төгсгөл + Хакухогийн 1048 дахь даваа
7 хоногийн тойм: Шуугиан дүүрэн Монгол наадам + Алхаж сурсан хиймэл оюун ухаан + Бүхнийг ангайлгасан телепортын туршилт
7 хоногийн тойм: Тав дахь ерөнхийлөгч - Х.Баттулга + Дэлхийн лидерүүдийн дуулиант уулзалт + 11 сартай хүүгийн сүүлчийн хүсэл
7 хоногийн тойм: 20 настай Харри Поттер + 1000 стартаптай Парисын зогсоол + 201 саяын үнэтэй Стеф Карри