"Unread Today" долоо хоног тутмын сонины маань ээлжит дугаар таны гарт хүрч байна. Бид энэ удаагийнхаа дугаарт өнгөрөгч долоо хоногт өрнөсөн хоёр томоохон үйл явдлыг онцоллоо. Нэг нь “Орон Нутгийн Сонгууль” байсан бол нөгөө нь хүн төрөлхтний оюун санааны цэнгэлийн манлай болсон “Нобелийн Шагнал” байв.
Капитрон банктай хамтран долоо хоног тутмын сониндоо хүргэж буй тухайн долоо хоногийн онцлох сэдвүүдийг 10 тоогоор хүргэдэг “10 Numbers” булангийнхаа энэ удаагийн дугаараар “Нобелийн Шагнал”-ыг 10 тоонд багтаан танд хүргэж байна. Монгол хүн Нобелийн шагнал хүртэх өдөр ойрхон байг ээ.
1. 1 ЭМЭГТЭЙ
Энэ жилийн Нобелийн шагналд нэгэн онцлох үйл явдал тохиосон нь Өмнөд Солонгос улсаас анх удаа Утга зохиолын салбарт Нобелийн шагналтан төрлөө. Зохиолч Хан Ган нь Өмнөд Солонгос улсаас төрсөн анхны Нобелийн шагналтан зохиолч болоод зогсохгүй Ази тивээс энэхүү нэр хүндэт шагналыг хүртсэн анхны эмэгтэй зохиолч болоод буй.
Түүнийг "Түүхэн учир шалтгаантай сэтгэлзүйн цочрол, шархтай нүүр тулж, хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй, яруу найраглаг туурвилуудаараа Нобелийн Утга Зохиолын шагнал хүртлээ” гэж Шведийн Академиас мэдэгджээ.
Зохиолч хамгийн алдартай бүтээл болох “Цагаан хоолтон” романаа өөрийн “Миний эмэгтэйн жимс” богино өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэн байдаг аж.
Энэхүү бүтээл нь монгол хэлнээ орчуулагдаж байсан бөгөөд сонирхолтой нь романы дунд бүлэг нь “Монгол толбо” буюу бидний хэлж заншсанаар “Хөх толбо” гэдэг нэртэй. Романы энэхүү бүлэг Өмнөд Солонгосын И Сан Утга Зохиолын Шагналыг хүртэж байсан түүхтэй. Түүнчлэн “Цагаан хоолтон” бүтээл нь Нью-Йорк Таймсын жагсаасан XXI-р зууны шилдэг 100 номд багтдаг юм. Мөн түүний бичсэн “Хөвгүүн ирлээ” бүтээл монгол хэлнээ орчуулагдсан билээ.
Тэрээр өгүүллэг, яруу найраг, роман, эсээний олон арван ном хэвлүүлсэн бөгөөд “Цагаан хоолтон” романаас нь сэдэвлэсэн уран сайхны киноныхоо кино зохиолыг ч өөрөө бичжээ. Хан Ган энэ жил Нобелийн Утга Зохиолын шагналын эзнээр тодорсноор энэхүү салбарын 121 дэх шагналтан, 18 дахь эмэгтэй зохиолч боллоо.
2. 626 ялагч
1895 оны 11-р сарын 27-нд Альфред Нобель өөрийн сүүлчийн гэрээслэлдээ гарын үсэг зурж, хөрөнгийнхөө ихэнх хувийг физик, хими, утга зохиол, энх тайвны салбарт шагнал болгон олгож байхад зориулжээ.
Түүнээс хойш нийт 626 Нобелийн шагналын эзэн тодорсон бөгөөд тэдгээрийн 360 нь ганцаараа энэхүү шагналын эзэн болсон байдаг. Харин бусад тохиолдолд ихэвчлэн 2-3 хүнтэй багуудыг шагнаж байв.
3. 49 удаа
Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг хэнд ч гардуулалгүй өнжсөн тохиолдол нийт 49 удаа тохиожээ.
Энэхүү 49 жилийн ихэнх нь хүн төрөлхтний хар өдрүүд болох Дэлхийн I, II дайнуудын үеэр тохиосон байна. Мөн Нобелийн шагналын хамгийн олон жил эзэнгүй өнжсөн салбар нь Энх тайвны салбар ажээ.
4. 17 нас
Түүхэнд хамгийн залуу насандаа Нобелийн шагнал хүртсэн хүнээр Талибаны дэглэмийн үеийн Пакистан улсад охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцсэн Малала Юсуфзай тодорсон юм. Тэрээр энэхүү нэр хүндэт шагналыг хүртэхдээ ердөө 17 настай байжээ.
5. 1 сая доллар
Альфред Нобель өөрийн хөрөнгөөсөө тухайн үеийн ханшаар 31 сая швед кроныг хүн төрөлхтөнд үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд олгох шагналын санд зориулан гэрээсэлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар 2.2 тэрбум швед крон буюу 200 сая америк доллар аж.
Өдгөө Нобелийн шагналыг 11 сая швед крон буюу нэг сая америк доллар дагалддаг болсон билээ.
6. 5 хүн
Нобелийн шагналын эзнээр тодрох үедээ баривчлагдсан байсан тохиолдол түүхэндээ таван удаа тохиож байжээ. Сонирхолтой нь тэд бүгд Энх тайвны салбарын Нобелийн эзэд байсан гэнэ.
Тэдгээр эрхмүүд нь Германы сэтгүүлч Карл фон Оссиетцки, Бирмийн улс төрч Аун Сан Су Чи, БНХАУ-ын хүний эрхийн төлөө тэмцэгч Лю Сяобо, Беларусын хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Бяляцкий, Ираны эрх чөлөөний тэмцэгч Наргес Мохаммади нар байв.
7. 2005 он
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын “Хэрлэнгийн домог” бүтээл 2005 оны Нобелийн шагнал гардуулах ёслолд тоглогдож байв.
Энэхүү бүтээл нь хөгжмийн зохиолчийн төрсөн нутгаас гаралтай “Хэрлэнгийн баръяа” уртын дуунаас сэдэвлэсэн бөгөөд морин хуур, уртын дууг өрнийн сонгодог хөгжимтэй хослуулсан байдаг. Ёслолын үеэр дэлхийн нэрт морин хийлч Ёо Ёо Ма морин хуур хөгжмөөр хөгжимдөж, уртын дуучин Г.Хонгорзул гоцлон дуулжээ.
8. гэр бүлийн 3
Түүхэнд эхнэр нөхөр хоёр Нобелийн шагнал хүртэж байсан тохиолдол түүхэндээ нийт зургаан удаа тохиож байсан бол аав, ээж, охин гурав энэхүү шагналын эзэн болсон тохиолдол цор ганц удаа л тохиож байжээ.
Тэд бол химич Мэри Кюри, Пьер Кюри нар болон тэдний охин Ирэн Жолио-Кюри аж. Сонирхуулахад, аав хүү хоёр Нобелийн эзэн болсон тохиолдол нийт долоон удаа гарч байсан байна.
9. 65 эмэгтэй
Сүүлийн 123 жилийн хугацаанд буюу 1901 оноос 2024 он хүртэл нийт 66 Нобелийн шагнал эмэгтэйчүүдэд очжээ. Тэдний дундаас зөвхөн эрдэмтэн Мэри Кюри л хоёр удаа Нобелийн эзэн болсон учир нийт 65 эмэгтэй энэхүү шагналыг хүртэж байсан байна.
10. 50 хувь
Капитрон банкны “Just Move” картын хэрэглэгчид Bananamall.mn цахим дэлгүүрийн бүх бараанаас худалдан авалт хийгээд 50 хувийн буцаан олголт авах боломжтой. Samsung, Marshall, Mamibot, Blackview, Infinix болон гоо сайхны Versace, Yves Rocher, The Face Shop зэрэг дуртай брэндээсээ сонгоорой.