Монгол Улс өнгөрөгч онд "Алсын хараа-2050" “Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Харин тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад олон нийт, тэр дундаа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь тун чухал.
Тиймээс “Asia Young Leaders Alliance” хөтөлбөр болон Авлигатай тэмцэх газар хамтран, өгөгдөлд суурилсан “Авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлье!” хакатоныг энэ сарын 16, 17-ний өдрүүдэд амжилттай зохиож, ялагчдаа тодрууллаа. Бид энэ удаагийн 10 ертөнц 10 өнцөг буландаа уг хакатоны оролцогчид, зохион байгуулагчдын сэтгэгдлээс хүргэхээр бэлдлээ.
Тиймээс “Asia Young Leaders Alliance” хөтөлбөр болон Авлигатай тэмцэх газар хамтран, өгөгдөлд суурилсан “Авлигын эсрэг залуусын оролцоог нэмэгдүүлье!” хакатоныг энэ сарын 16, 17-ний өдрүүдэд амжилттай зохиож, ялагчдаа тодрууллаа. Бид энэ удаагийн 10 ертөнц 10 өнцөг буландаа уг хакатоны оролцогчид, зохион байгуулагчдын сэтгэгдлээс хүргэхээр бэлдлээ.
1. Э. Тэмүүлэн
Төслийн зохион байгуулагч
Авлигын хэргийг илрүүлж, нээлттэй хэлэлцэх тусам авлигатай холбоотой хэрэг багасах, шийдэгдэх нөхцөл сайжирч байдаг. Тиймээс авлигын тухай асуудалд залуу үеийнхний анхаарлыг татаж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал байгаа юм. Энэ ажлын хүрээнд бид Авилгатай тэмцэх газраас (АТГ) 2021, 2022 оны авлигын хэргүүдийн өгөгдлийг авч, түүнийгээ бүх хүмүүст ойлгомжтой тоон үзүүлэлт, графикаар илэрхийлэх байдлаар тэр өгөгдөл яг юуг илэрхийлээд байна? Бидний амьдралд ямар хамаатай вэ? гэдгийг ойлгуулахын тулд хөрсөндөө буулгаж янзалсан гэсэн үг.
Энэ хүрээнд хийсэн онцлох ажлуудын нэг бол “Interactive dashboard” бүтээх явдал байсан юм. Уг ажлын үр дүнд АТГ-аас авсан тоон мэдээллийг хамтрагч байгууллагынхаа тусламжтай хүн бүрд хүртээмжтэй ойлгогдохоор задалж, нэг платформ дээрээс авлигатай холбоотой бүх мэдээ, мэдээлэл, тоон өгөгдлийг олж авах боломжийг нэг дор байршуулсан. Энэ ажил нь цаашдаа судлаачид болон нийгмийн ухаан, хууль, эрх зүйгээр сурч ажилладаг оюутан, мэргэжилтнүүдэд баттай эх сурвалж болоод зогсохгүй энгийн иргэд авлигын тухай мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байдлаар хүлээж авах чухал үйл явдал гэж бид үзэж байгаа.
2. Б. Сарантуяа
Төслийн зохион байгуулагч
Миний хувьд эрх зүйч, улс төр судлалын магистрын зэрэгтэй. Төслийн хамтран ажиллагч байгууллага “Алтернатив судалгаа, сургалт, зөвлөх төв" НҮТББ-ын гүйцэтгэх захирал.
Төслийн тухайд
Уг хакатонд оролцогч оролцогч багуудыг авлигатай холбоотой хэрэг, шүүхийн шийдвэр болон АТГ-ын 110 тусгай дугаарт ирсэн санал хүсэлт, шийдвэртэй холбоотой мэдээллээр хангах үүрэгтэйгээр оролцсон. Ингэхдээ АТГ, shuukh.mn-ээс авсан тоон мэдээлэл болон шүүхийн шийдвэрийг нэгтгэн цэгцэлж, багуудад ашиглах материал болгон бэлдэж өгсөн гэсэн үг.
Бид эхний өдөр АТГ-ийн өгөгдлийг хакатоны хүрээнд хэрхэн ашиглах вэ? Авлигатай холбоотой хэргүүд яаж шийдэгдэж байна? Иргэний нийгмийн байгууллагууд авлигын гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна? зэрэг асуудлыг хөндсөн сургалтууд орсон. Харин хоёр дахь өдөр багуудад яг төсөл, бүтээлээ бэлдэж байх явцад өгөгдлөө боловсруулахад нь зөвлөх байдлаар оролцож ажилласан билээ.
3. Х. Болдбат
ШУТИС-ийн Хиймэл оюун ухааны ангийн II дамжааны оюутан
Төслийн нэр: Anti corruption E-school
Эзэлсэн байр: I байр
Төслийн санаа бүтсэн түүх
Анх хакатонд орохдоо веб эсвэл чатбот ч юм уу хийх байх гэсэн харанхуй төсөөлөлтэй байсан бол эхний өдөр сургалтад суугаад л авлигын талаарх хангалттай мэддэггүйгээ ойлгож авсан. Тиймээс бидэн шиг энэ сэдвийн талаарх ямар ч мэдээлэлгүй хүмүүст хэрхэн ойлгомжтойгоор мэдээлэл түгээх боломжтой вэ? гэдгийг судалж эхэлсэн л дээ.
Манай багийн бүх гишүүд видео тоглоом тоглодог, тэр талын сонирхол нэгтэй хүмүүс байсан болохоор нэг хоногт хамгийн хурдан бүтээж чадах төсөл бол 2D тоглоом байв. Ингэж л тоглоом бүтээх санаа төрсөн. Манай баг уг санаагаа бодит бүтээл болгож, хакатоны нэгдүгээр байранд шалгарсанд тун баяртай байгаа. Багийн гишүүд тус бүрдээ өөр төсөл, уралдаанд оролцож байсан ч яг багаараа шагналт байр эзэлж байгаагүй. Энэ багаараа хамтарч ажиллаад сурчихсан байсан нь бас бидний хувьд давуу тал болсон байж магадгүй.
Төслийн тухайд
Тоглоомын зохиол нь сургуулийн анги танхимд өрнөнө. Ангидаа даалгавар биелүүлнэ, ингэх явцдаа авлигын тухай мэдлэгт суралцана гэсэн үг. Ялангуяа тэдгээр даалгаврууд нь авлига гэхээр заавал хүнд хэргүүд бус хүүхдийн ойлгохуйц хөнгөн хэргүүдийг даалгавартаа оруулсан гэдгээрээ онцлог. Тоглоомоо илүү хөгжүүлье гэвэл тоглоомынхоо дүртэй чатлах функцыг хиймэл оюуны тусламжтай мөн нэмэх боломж байгааг бид олж харсан.
Хакатоноос сурсан зүйл
Авилгын талаар огтхон ч мэдлэггүй гэдгээ сайтар ойлгосондоо. Юу гэсэн үг вэ гэхээр бидний дунд авлига гэхээр хар бараан ойлголт хамгийн түрүүнд буудаг, тэрхүү мэдээлэл маш өнгөц зүгээр л хүмүүсийн дам яриан дээр үндэслэсэн байдаг шүү дээ.
4. Б. Тэргэл
Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, "Amnesty International" байгууллагад хүний эрхийн боловсрол хариуцсан зохицуулагчаар ажилладаг.
Төслийн нэр: Шүгэлхүү
Төслийн санаа бүтсэн түүх
Манай багийн хувьд уг хакатонд оролцохдоо авлига гэдэг зөвхөн хууль тогтоомжоос гадна хүмүүсийн хандлага болон зуршилтай холбоотой асуудал юм байна гэдэг өнцгөөс нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн ажлын санаа гаргасан.
Биднийг ер нь цэцэрлэгт орохоос авхуулаад л их бага гэлтгүй авлигын асуудал дагаж байдаг. Тэр нь ч маш энгийн үзэгдэл болсон нь бидний өдөр тутмын ярианд гар цайлгах, гар хүндрүүлэх зэрэг хэллэг ашиглагдаж, хүнд заавал ямар нэг юм өгч байж ажлаа бүтээдэг ойлголт нийгмийн хэвшил болсон шүү дээ. Харин уг хандлага нь илүү даамжирч, үнийн дүн өсөх тусам эргээд бидний ирээдүйн боломжийг хулгайлж буй асуудал юм байна гэдэг өнцөг дээр илүүтэй төвлөрч ажилласан.
Төслийн тухайд
Ингэхдээ бид Шүгэлхүү нэртэй mascot дүр бүтээсэн бөгөөд энэхүү дүр нь авлигын талаарх мэдээлэл түгээдэг баатар юм. Онцлог нь мэдээллийг түгээхдээ дан ганц асуудалтай талыг нь яриад байх бус авлигагүй хэлтэс, салбар ч юм уу эерэг мэдээллийг ч олон хүмүүст түгээх зорилготой. Хакатоны хугацаа богино байсан учраас подкаст, анимейшн хоёрыг яг тухайн өдрөө бэлтгэж, танилцуулсан.
Хакатоноос сурсан зүйл
Авлига шууд утгаараа хүний эрхийн асуудалтай холбогддог. Тиймээс надад ажил, мэргэжлийн хувьд туршлага судалсан, суралцах зүйл ихтэй, өгөөжтэй хакатон болж өнгөрсөн хэмээн үзэж байгаа. Бас авлигыг асуудал гэдгийг нь мэдээд байгаа ч шийдэл хайх байр сууринд шилжих үед асуудлыг арай өөрөөр харж эхэлдэг юм байна гэдгийг ойлгосон. Сургалтын явцад “Онч шийдэл” ТББ-ын авлигын эсрэг стратеги өмгөөллийн ажлуудтай танилцсан нь зөвхөн улс төрийн түвшинд арга хэмжээ авахыг шаардах бус иргэний нийгмийн байгууллагууд, ТББ оролцох нь чухал юм байна гэдгийг ойлгосон.
5. Б. Ахерке
МУИС, Эрх зүйч мэргэжлийн, IV дамжааны оюутан
Төслийн нэр: Legal vision
Эзэлсэн байр: II байр
Slogan: "Авлигад хожил үгүй"
Төслийн санаа төрсөн түүх
Би өөрөө төслийн санаачлагч, багийн ахлагч. Төслийн санаа нь хамгийн анх Зориг сангийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байхад төрж байсан ч яг тухайн үедээ дэмжигдээгүй. Манай төсөл МУИС-ийн ХЗИС, БС-ийн оюутнуудын хамтран хэрэгжүүлж буй төсөл бөгөөд энэ оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Төслийн тухайд
Хакатоны хүрээнд АТГ-аас өгсөн авлигатай холбоотой шүүхийн шийдвэрүүдтэй танилцаж байхад нэг хэрэг бидний анхаарлыг их хүчтэй татсан л даа.
500 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг шийдвэрлэхдээ хахууль авсан хүнийг 10 сая төгрөгөөр торгож, таван жилээр нийтийн албанд томилогдох эрхээ хасуулсан. Хахууль өгсөн этгээдийг 2 сая долоон зуун мянган төгрөгөөр торгож, 2 жилээр нийтийн албанд томилогдох эрхийг нь хассан байгаа юм. Яг энэ хэрэг дээр тулгуурлан манай баг цахим орчинд рийлс хийсэн. Уг бичлэгээр дамжуулан “Авлигад хожил үгүй” гэх гол агуулгыг түгээж, авлига авсан эсвэл өгсөн тохиолдолд авлигын хэмжээнээсээ хэд дахин өндөр дүнгээр торгуулж болдог тухай санааг гаргаж ирсэн.
Мөн бид АТГ-ын 110 хэмээх тусгай дугаар дээр иргэдээс ирсэн санал гомдлын хэд нь шийдвэрлэгдэж, хэд нь шийдвэрлэгдээгүй үлдсэн тухай бичлэг хийсэн. Бичлэгээрээ Монгол Улс хэдий авлигын төсөөллийн индексээрээ доогуур жагсдаг хэдий ч манай улсад авлигын эсрэг маш том механизм ажиллаж байгаа юм шүү гэдгийг бас харуулахыг хичээсэн.
Хакатоноос сурсан зүйл
Монгол Улсын хувьд “шүгэл үлээгч” хэмээх ойлголтын талаарх хууль хараахан батлагдаагүй. Харин олон улсын хэмжээнд авлигатай тэмцэхэд “шүгэл үлээгч” гэдэг нэр томьёо, ойлголтыг өргөнөөр ашигладаг нь сонирхолтой. Энэхүү ойлголт ирээдүйд манай улсад тун хэрэгтэй санаа, шийдэл мэт санагдсан.
6. Ч. Хишигням
Англи улсын Бристолын Их сургууль, улс төр судлал мэргэжлийн, II дамжааны оюутан
Эзэлсэн байр: III байр
Төсөл: Авилгын талаарх цогц мэдээлэл агуулсан вэбсайт
Танилцуулга
Манай баг Зориг сангийн зохион байгуулж байсан Ардчилал зуны зусланд танилцаж байсан гишүүдээр багаа бүрдүүлж, түүнчлэн төрөл төрлийн мэргэжлийн (хүний их эмч, улс төр судлал, хууль, хиймэл оюун ухаан) гишүүдтэй оролцсон. Манай багийн хувьд уг хакатонд дата анализ, рийлс, подкаст, quiz гэх мэт зургаан хэсгээс бүрдсэн вэбсайт хийсэн.
Төслийн санаа төрсөн түүх
АТГ-аас өгсөн өгөгдлөөс ямар мэргэжлийн хүмүүс хамгийн их авлигатай холбоотой хэрэгт оролцсон байна гэх мэдээллийг шүүсний дүнд эрхзүйчид илүүтэй авлигын хэрэгт холбогддог болохыг олж мэдсэн. Энэ өгөгдөл бидний сонирхлыг ихэд татсан тул вэбсайт дээр оруулах өгөгдлөө мэргэжил, нас хүйсээр нь ангилж харах боломжтой болгож хүмүүст мэдээллийг илүү сайн ойлгуулах юм байна гэж үзээд төслөө хэрэгжүүлсэн.
Хакатоноос сурсан зүйл
Миний хувьд олон жил гадаад улсад суралцаж, сүүлийн таван жил эх орондоо ирээгүй тул нийгэмд болж байгаа асуудлуудаас нэлээд холдчихсон, ойлголт хомс байсан. Авлигын тухайд ч адил. Монголд авлига их байдаг гэсэн төсөөлөлтэй байсан ч энэ хакатонд оролцоод манай улсад авлигын эсрэг ямар олон үйл ажиллагаа хэрэгждэг болохыг мэдэж авсан.
7. Х. Хонгорзул
Шихихутуг Их сургууль, Бизнесийн эрх зүйч мэргэжлийн, III дамжааны оюутан
Төсөл: Авилгын тухай мэдлэг олгох бичлэг
Төслийн санаа бүтсэн түүх
АТГ-ын 2022 оны 100 хэргийг түүврээр сонгож тооцоход хор хохирлын хэмжээ буюу авлига өгч авалцсан мөнгөн дүн нь 14 тэрбум хүрч байсан, энэ нь 2022 оны ханшаар зургаан цэцэрлэг барих хэмжээний мөнгийг салхинд хийсгэсэн байна гэсэн үг. Энэ хэрэг манай багийн хувьд хамгийн хүчтэй туссан.
Сургалт орж байх явцад биднээс авлигын гэмт хэрэг ихээр илрэх нь сайн уу, муу юу? гэх асуултыг асуусан. Тухайн үедээ бид хариулж чадахгүй байсан ч авлигын тухай ойлголттой болох тусам авлигын хэрэг илрэх тусам нийгэмд сайн юм байна гэж ойлгож, яг энэ агуулгын хүрээнд бичлэг хийсэн.
Төслийн тухайд
Бид бичлэгтээ АТГ-ыг чийдэн гэж үзвэл, авлигыг олж илрүүлэх зүг чиг гаргаж өгч буй гэрэл нь хүмүүс, харин авилгыг дүрслэхдээ хулганаар дүрсэлсэн. Нэг ёсондоо АТГ-ын 110 тусгай дугаар руу залгаж хэрэг илрэх тусам харанхуй орчин гэрэлтэй болж авлига буюу тэр хулганыг барихад тусалж байгаагаар илэрхийлсэн. 110 дугаар луу залгаж мэдээлэл өгвөл гэрэлтэй нийгмийг бүтээх болно гэсэн уриалгыг ерөнхийдөө бичлэгээрээ түгээхийг хичээсэн гэсэн үг.
Хүмүүс сонгуулийн сэдвээс зайлсхийдэг, сонгуулийн талаар ярих нь күүл зүйл биш гэж ойлгодог байсан цаг саяхан. Энэ үед "Ugloo" кампанит ажил явагдаж, сонгуулиа өгснөөрөө бахархах үзэл залуусын дунд тогтож эхэлсэн шүү дээ. Яг энэ жишээний адил бид авлига өгөөгүй гэдгээрээ бахархах хэрэгтэй гэдэг агуулгыг өөр нэгэн бичлэгээрээ түгээхийг хүссэн. Тэр тусмаа залуу хүмүүст илүү чиглэсэн жишээгээр бичлэгээ баяжуулсан.
Хакатоноос сурсан зүйл
АТГ-ын 110 дугаарт ирсэн нийт дуудлагын 70 гаруй хувь нь тодорхой эзэнтэй, нэрээ нууцлалгүй хийсэн дуудлага байсан гэх судалгааг сонсоод хүмүүс авлигатай тэмцэхийн төлөө айж халгадаг байсан хандлага өөрчлөгдөж байгаа юм байна даа гэх бодол төрсөн.
8. Б.Батнасан
МУИС, Электроникийн инженер мэргэжлийн, IV дамжааны оюутан
Төсөл: Нөлөөллийн ажил
Төслийн тухайд
Багийн гишүүд маань мэтгэлцээнээр бүгд хичээллэдэг. Миний хувьд гэхэд их сургуульд орсон цагаасаа эхлэн мэтгэлцээнээр хичээллэж байгаа. Тэгэхээр бидний хувьд авлига нэлээд ойрхон сэдэв байсан гэж хэлж болно. Төслийн хувьд бид инстаграм дээр аккаунт нээж хөгжүүлсэн. Ингэхдээ авлигатай холбоотой meme, рийлс хийх, "Авлига хороолол" дээр очиж зураг авах байдлаар залуучууд авлигатай холбоотой асуудалд анхаарал хандуулдаг гэсэн өнцгийг гаргахыг хичээсэн.
Хакатоноос сурсан зүйл
Хакатоны дараа гурван гарын авлага ном, хоёр шүүхийн шийдвэрийн эмхэтгэл зэрэг материалтай болсон. Мэтгэлцээнээр хичээллэдэг залуусын хувьд цаашдын мэтгэлцээний тэмцээнд хэрэгтэй, баттай эх сурвалж бүхий материалтай болж авсан нь бидэнд маш олзуурхууштай санагдсан .
9. Т. Мөнх-Эрдэнэ
Төслийн зохион байгуулагч
Олон улсын харилцааны чиглэлээр их сургуулиаа төгсөж, одоогоор Рио Тинто компанид ажиллаж байна.
Төслийн тухай
Манай төслийн гол зорилго нь залуучуудын анхаарал, оролцоог авлига руу чиглүүлэх. Би уг төсөлд харилцаа холбоо тал дээр арын албанд орж ажилласан буюу оролцогч нартаа мэдээлэл өгөх, сошиал медиа аккаунтууд дээр хакатоноо зарлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Хакатоноос сурсан зүйл
АТГ-тай тав, зургаан сараас хойш холбогдож, уулзах үед бидний төсөөлж байснаас уг байгууллага ажлаа сайн хийдэг юм байна гэсэн ойлголттой болсон. Бид өөрсдөө мэдээллийг хайхгүйгээр зүгээр л АТГ юу ч хийдэггүй юм байна гэж боддог ч яг тэдний ажил, тоон баримтуудтай танилцахад бодол маань өөрчлөгдсөн шүү.
Зохион байгуулах үед тулгарсан асуудал
Бид АТГ-аас өгөгдлөө авах үед тэдний мэдээллээ хадгалах байдал нь хангалттай цэгцтэй биш мэт санагдсан. АТГ-аас хэрэгцээтэй өгөгдлөө аваад манай зохион байгуулагчид тэдгээрийг ялгаж, цэгцэлсэн нь бидэнд бас багагүй ажил болсон. Гэхдээ мэдээж нөгөө талаараа АТГ хамтран ажиллахад уриалгахан, шаардлагатай бүхий л мэдээллээр хангасан нь бидэнд томоохон дэмжлэг болсныг дурдах хэрэгтэй.
10. О. Өгөөмөр
МУИС, Олон улсын харилцаа мэргэжлийн, IV дамжааны оюутан
Төслийн санаа төрсөн түүх
Хамгийн түрүүнд авлигын тухай хуулийн тухай төсөөлөлтэй болсон. Авлигыг зөвхөн мөнгөн хэлбэрээр бус авилгыг олон хэлбэрээр өгч авалцаж болдог гэдгийг залууст ойлгуулах хэрэгцээ маш өндөр байгаа юм байна гэдгийг ойлгосон.
Төслийн тухайд
Нөгөө гишүүн маань сэтгүүлчээр сурдаг байсан болохоор манай баг илүү нийтлэл дээрээ төвлөрч ажилласан. "Бэлэг гоё сонголт биш" гэсэн үндсэн агуулгын хүрээнд бэлэг өгч авалцах нь авлига мөн үү? Эсвэл энэ бүгд ашиг сонирхлын зөрчил байдаг уу? зэрэг сэдвийг хөндсөн нийтлэл бичсэн.
Хакатоноос сурсан зүйл
Миний хувь өмнө нь хийж буй ажилтайгаа холбоотойгоор өөрөө хакатон зохион байгуулж байсан уу гэхээс оролцож үзээгүй. Тиймээс оролцогчийн хувиар хакатоны орчинд бужигнах нь шинэ туршлага байлаа.