Бэлтгэл нь дуусахад тэмцээн нь эхэлдэг, тэмцээн нь дуусаад бэлтгэл нь эхэлдэг тэр хүмүүс хэн бэ? Мэдээж тамирчид. Их спортын бүхий л тамирчид өөрийн гэсэн баяр жаргал, зовлон бэрхшээлийг туулсны эцэст амжилтын оргилд гялалздаг жамтай. Та бидний шүтдэг тамирчин, дэмждэг багийн ололт амжилт, гавьяа шагнал олны өмнө илхэн байдаг ч шахуу цагийн хуваарь, тоглолтын өмнөх сэтгэл зүй, бэртлийн дараах хямралыг тэд ганцаараа л даван туулдаг нь гашуун үнэн.
Ээлжит нийтлэлийн маань гол дүрүүд бүгд мэргэжлийн спортод залуу насныхаа дийлэнх хугацааг зориулсан тамирчид.
Тэд мөн мэргэжлийн тамирчдад дуал карьераа хөгжүүлэхэд нь туслах зорилготой Athlete Leadership Program - ийн 2021, 2022 оны оролцогчид. Тэдэнтэй мэргэжлийн болон тамирчны карьераа хэрхэн хослуулан хөгжүүлдэг, хувь хүний хөгжил яагаад чухал тухай, ерөөс тэд хэрхэн ажилладаг тухай хуучилснаа ийнхүү хүргэж байна. Үнэхээр л тамирчны ялалт хямдхан олддоггүй бололтой шүү.
I. “Хасын хүлэгүүд” багийн ахлагч, 3х3, 5х5 үндэсний шигшээ багийн тамирчин А.Ананд
12 наснаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Харин мэргэжлийн тамирчин болоод зургаан жилийг ардаа орхисон байна. Мэргэжлийн тамирчдын хувьд тулгарч болох томоохон эрсдэл нь бэртэл гэмтэл. Түүнээс ангид байж чадваас амжилт үзүүлэх боломж төдий чинээ нэмэгдэнэ. Гэхдээ эрсдэл ингээд дуусахгүй. Тамирчид бидний хамгийн эмзэглэж явдаг зүйл бол гэр бүлдээ цаг зарцуулж чадахгүй байх, сэтгэл зүйн хямралд өртөх явдал юм. Бэлтгэлийн цаг дуусахад тэмцээний цаг эхэлж байдаг нь нэг талаар бидэнд чөлөөт цаг тун хомс олддогийн илрэл. Нөгөөтэйгүүр хэчнээн бэлтгэл хийсэн ч хүссэн үр дүнгээ үзүүлж чадахгүй байх, хичээл зүтгэлийн хариуд хожигдлын амт мэдрэх ямар гашуун болохыг зөвхөн тамирчид л ойлгох болов уу. Гэвч бидэнд хариуцлага, сахилга бат гэж бий. Мөн юу юунаас илүү дуртай зүйлээ хийж байгаа болохоор ямар ч хожигдлын гашууныг залгиад өнгөрөх хаттай болсон шиг санагддаг.
Спортоор хичээллэж эхлэх үед “Би л сайн тоглож байвал” гэсэн бодол өсвөр насны хүүхдүүдэд төрдөг л юм. Би ч тэдний нэг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, спортын мөн чанарыг таньж мэдэх тусам хамтаараа амжилт гаргах нь илүү чухал юм байна гэдгийг ойлгодог. Тиймээс сагсан бөмбөгийн спортод дөнгөж хөл тавьж буй хүүхэд залууст хандаж хэлэхэд "Чи ганцаараа хамгийн өндөр оноог авсан ч хожигдох тохиолдол бий. Тиймээс бусадтай хамтарч сураарай."
II. “Athlete Leadership” хөтөлбөрийн санаачлагч Х.Номинзул
Өсвөр насандаа волейболын тамирчин байсан ч бэртлийн улмаас 15 настайдаа зодог тайлсан юм. Тэр үед эцэг эх маань аль нэг хичээлийн олимпиадад оролцож, шагналт байр эзэлсэн тохиолдолд волейболын тэмцээнд оролцох эрх өгдөг байсан учраас ерөнхий эрдмийн хичээл, хувь хүний хөгжлөө орхигдуулаагүй. Харин мэргэжлийн тамирчдын хувьд спорт, хувь хүний карьераа хослуулан авч явах нь ихээхэн хүндрэлтэй.
Миний хувьд нягтлан бодогч мэргэжил эзэмшиж, ХААН Банкинд зургаан жил ажиллах хугацаандаа дотоодын болон гадаадын тэмцээнүүдэд шүүгчээр ажилладаг байлаа. Тэр үед спортын нүргээнтэй ертөнцөд хэрэгжүүлж болох төсөл, үнэ цэн бүтээхүйц томоохон орон зай буйг олж харан спортын чиглэлээр мастер хамгаалахаар сэтгэл шулуудаж, Сөүлийн үндэсний их сургуульд тэтгэлгээр суралцаж эхэлсэн.
Оюутан байх үед найз маань тамирчдад зодог тайлсны дараа ямар асуудлууд тулгардаг талаар судалгааны ажил хийж таарсан юм. Тэрхүү судалгааны үр дүнг сонсох явцдаа энэ чиглэлээр заавал ажиллах ёстой юм байна гэдгээ ойлгож, Монголд ирмэгцээ төслийн ажилдаа ханцуй шамлан орсон.
Энэ төслөөр дамжуулан тамирчдын нийгэм дэх дуу хоолойг нь өсгөх, олон талт ур чадвар эзэмшихэд нь туслах зорилгоор олон улсад хэрэгжиж буй тамирчдын хосолмол карьер хөгжүүлэлтийн төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо нутагшуулж, энэ чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар гурван жилийг үджээ.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө тамирчдын хувьд зодог тайлах талаар хэлэх нь бүү хэл бодоход ч хүндүүртэй сэдэв байлаа. Харин төслийн хүрээнд 2020 оноос хойш тамирчид зодог тайлахад бэлдэх хэрэгтэйг ойлгож, энэ талаар нээлттэй ярилцаж эхэлж байгаа нь нэн олзуурхууштай. Төслийн бас нэг хэсэг нь тамирчдын багаараа хэрэгжүүлдэг аутизм, байгаль орчин зэрэг нийгэм рүү чиглэсэн төслүүд. Үүний үр дүнд тамирчид нийгмийн төрөл бүрийн асуудлын талаар мэдээлэлтэй болж, өөрсдийн хүрээлэлд дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон.
III. УСУГ-ын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хариуцсан техникч Д.Эрдэнэбулган
Волейболын спорттой амьдралаа холбоод хэдийн 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд биеийн тамирын багш, дасгалжуулагч чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Тамирчин хүн бусдаас ялгаатай нь гэр бүл, карьер төлөвлөлтийг нэн чухлаар авч үзэх шаардлагатай. Учир нь гэр бүл зохиож, амьдралаа төвхнүүлэх нь бусдын хувьд цагийн эрхээр биеллээ олох, жам ёсны зүйл боловч тамирчид амьдралынхаа ихэнх хугацааг бэлтгэл, тэмцээнд зориулж, хувийн амьдралаа хоёрт тавьдаг.
Спортын замнал нь тамирчны настай шууд холбоотой байдаг тул эмэгтэй хүний хувьд гэр бүл зохиох, хүүхэд төрүүлэх зэрэг хувийн амьдралаа төлөвлөн төвхнүүлэх цаг хугацаа хомс байдаг нь тойроод гарч боломгүй гашуун үнэн юм. Дээрээс нь энэ замд бэртэл гэх том эрсдэл бий. Миний хувьд 2013 онд өвдгөндөө хүнд бэртэл авч, хоёр жил эмчлүүлсэн. Мөн 2018 онд бэртэл маань сэдэрч, жилийн хугацаанд огт волейбол тоглолгүй, гам барьж байсан удаатай. Амьдрал таамаглах боломжгүй олон өөрчлөлт, эргэлтээр дүүрэн. Тиймдээ ч дан ганц спортоор “хоолоо олж иднэ” хэмээх шийдвэр тун эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр өөр бусад төрлийн ур чадваруудыг суралцаж, тэдгээрийг эзэмшихэд цаг хугацаа зарцуулах шаардлагатай.
Шинэ, залуу тамирчид ямагт эрсдлийг тооцоолж, хоёр нүүдлийн цаадахыг боддог байгаасай гэж хүсдэг. Тамирчны карьер бидний насан туршийн баталгаа биш учраас мэргэжил эзэмшиж, түүндээ эзэн болж, мэргэжлийн болон тамирчны ур чадвараа хамтад нь хөгжүүлэх тал дээр анхаарвал зүйтэй гэдгийг захиж хэлмээр байна.
IV. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
Бэлтгэлээс тэмцээн, тэмцээнээс цугларалт гэж явсаар нэг л мэдэхэд 11 жил өнгөрсөн байна. Анх 2013 онд боксын спортод хөл тавьж, амьдралынхаа багагүй хугацааг рингэн дээр өнгөрүүлжээ. Мэдээж тамирчин учраас нийгмийн амьдралд бусдын адил оролцоотой байж чадахгүй, бага зэрэг тусгаарлагдах тал бий. Энэ нь эргээд карьерын шилжилт хийх, зодог тайлах үед спортоос өөр сурсан мэдлэг, эзэмшсэн мэргэжилгүй байх зэрэг эрсдэлтэй.
Жингийн ангилалд өрсөлддөг тамирчид мэдээлэл дутмагаас үүдэн жингээ буруу хасах юм уу, мэргэжлийн багш дасгалжуулагчийн хараа хяналтгүйгээр хүнд жингээр хүчний бэлтгэл хийх зэргээс улбаалж эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг мөн дурдах нь зүй. Тэгэхээр бид бэлтгэл сургуулилтдаа зориулаад ч болов үй түмэн мэдээлэл дундаас үнэн зөвийг нь шүүж авах чадвартай болох тал дээр анхаарах шаардлагатай санагддаг. Миний хувьд өглөөд хөнгөн алхаж, гимнастикаар хичээллэх зэргээр өдрийг эхлүүлдэг дадалтай. Дараа нь өглөөний цайгаа уучихаад хэсэг хугацааны амралтын дараа өдрийн бэлтгэлдээ хамрагдана. Бэлтгэлийн дараа хэсэг хугацааны чөлөөт цаг гардаг тул өөрийгөө хөгжүүлэх, тэмдэглэл хөтлөх, ном унших зэргээр өөрийгөө хөгжүүлдэг.
V. Алдар спорт хороо, Улсын таеквондогийн шигшээ багийн тамирчин Э.Буяншагай
Миний хувьд амралт, хооллох цагаа хасаад өдөрт дунджаар зургаан цаг бэлтгэл хийдэг. Шахуу хуваарийн дагуу, өндөр давтамжаар бэлтгэл хийдэг тул бэлтгэлийн бус цагт амрахаас өөр сонголтгүй дээ. Тиймдээ ч ар гэр, хувь хүний хөгжил, хичээл сургуультай холбоотой асуудлуудад төдийлөн төвлөрч чаддаггүй. Ингэж бүхнээ хойш тавин байж бэлтгэл хийсэн ч гэнэтийн бэртэл гэмтэл тохиож, цаашид спортоо үргэлжлүүлж чадахгүй болвол тэрнээс илүү аюулын дохио гэж үгүй. Нэг талаараа хүн өөрийгөө хэзээ бэртэхийг мэдэхгүй тул гэмтэл авсны дараагаар гэнэт зогсонги байдалд орчихдог. Тиймээс карьерийн завсарлага, бүр төгсгөлийг ч хэзээ тохиохыг бид таашгүй учир тамирчин болохоор бэлтгэж буй залуус зөвхөн бэлтгэлдээ бус хувь хүний хөгжилдөө анхаарч, түүнтэйгээ уялдуулан цагийн төлөвлөгөө гаргаж байхыг зөвлөе. Бэлтгэл сургуулилт зөвхөн бие махбодь төдийгүй оюуны хувьд ч ачаалал өгдөг учраас өөрийгөө нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлаад байлгүй шинэ хоббитой болоорой.
Эхэлсэн бүхэн төгсдөг жамтай тул нэг л өдөр спортын карьерийн төгсгөл ирнэ. Тэр үед спортоос өөрийг сэтгэх нь хожимдсон хэрэг болно шүү дээ. Тиймээс өөрийн сонирхолтой уялдахуйц мэргэжлийг сонгон суралцаж, одооноос зөвхөн тэмцээнд төдийгүй ирээдүйдээ бэлтгэхийг зөвлөх байна.
VI. “Хасын хүлэгүүд” багийн тамирчин Э.Эрмүүнзаяа
Хэрвээ би өөр зам сонгох байсан бол волейболын тамирчин болох байсан болов уу. Ямартай ч спортоос холдохгүй л байх байсан. Анх 2017 оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш сайн, муу бүх л талыг нь мэдэрч, магтаалд хөөрөхгүй, зэмлэлд гундахгүй явахыг хичээж байна. Сайнаар яривал сагсан бөмбөгийн спортоор хичээллэснээр танилын хүрээгээ тэлж, төрөл бүрийн хүмүүстэй танилцаж, өөрийн гэсэн үзэгч, дэмжигчидтэй болно. Спортдоо тогтмол амжилт үзүүлэх нь чухал ч сонгосон мэргэжилдээ цаг гаргаж, мэргэжлийнхээ дагуу ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Бэлтгэл сургуулилт, хичээлийнхээ алийг нь ч орхигдуулалгүй зэрэгцүүлэн авч явах нь зарим хүмүүст боломжгүй, хэцүү санагддаг байж болох ч миний хувьд хамгийн түрүүнд тухайн тэмцээндээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Өглөө долоон цагт сэрж бэлтгэлээ хийсний дараа цахимаар хичээлдээ сууж, орой нь үргэлжлүүлэн бэлтгэлдээ ордог. Ганц л зүйлдээ хараагаа тогтоочихвол хажуугаар өнгөрөх олон боломжийг алдах ч юм билүү. Тийм болохоор мэргэжил болон тамирчны карьераа хослуулан хөгжүүлж, удаан ч хамаагүй урагшлахыг зорьж байна.
Надтай адил хичээл, бэлтгэлээ хэрхэн хослуулах талаар толгой гашилгаж суугаа залуус байвал хамгийн гол нь өөрийгөө хуурахгүй байгаарай гэдгийг л хэлэх байна. “Би чинь тамирчин хүн шүү дээ” гэдгээ санаад тухайн өдөр өөртөө тавьсан зорилгуудаа бүрэн гүйцэд биелүүлж сурвал тэр чинь л тамирчны сахилга бат.
VII. “Erdenet Miners” багийн тамирчин, athlete leadership program-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Баттөр
Сагсан бөмбөгийн спорттой амьдралаа холбоод хэдийн 22 жил өнгөрсөн байна. Өсвөр наснаасаа эхлэн энэ спортод дурлаж, тасралтгүй хичээллэж ирсэн ч хичээл сургууль, эзэмшсэн мэргэжлээ орхигдуулахгүй байхыг эрмэлзэж, гадаад хэл, санхүү гэх мэтчилэн олон талаар өөрийгөө хөгжүүлсээр буй. Нэг үеэ бодоход их, дээд сургуулиуд чадварлаг тамирчдыг урилгаар суралцуулж, хүссэн мэдлэгээ олж авах боломжоор нь хангаж байгаа нь сайшаалтай. Гэвч зарим залуу тамирчдыг харахад, бэлтгэл сургуулилтдаа хэт анхаарч, “Мэдлэг боловсрол эзэмших” гэсэн хамгийн чухал шатаа алгасаад байгаа нь ажиглагддаг.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Монголын баг, тамирчид дэлхийн чансаа руу мацаж буй энэ цаг үед хэлний мэдлэгтэй, сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй тамирчин бүхэнд гадны лигт тоглох боломж хангалттай бий. Тиймээс миний хувьд залуу тамирчдыг гадаад хэл сурч, сагсан бөмбөгийн заалнаасаа гарч сэтгэхийг үргэлж зөвлөдөг. Нэгэнт олж авсан мэдлэг, сурч өөриймшүүлсэн боловсрол зодог тайлсны дараа ч үр өгөөжөө өгсөөр байх болно. Миний хувьд сагсан бөмбөгийн карьераа дуусмагц менежментийн чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
VIII. Уран сайхны гимнастикийн ОУХМ Х.Ундрам
Долоон наснаасаа эхлэн амьдралынхаа 16 жилийг гимнастикийн спортод зориулжээ. Миний хувьд өнгөрсөн жил олон улсын шүүгчийн эрхээ авсан бөгөөд одоогоор Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод дасгалжуулагчаар ажиллаж байна.
Тамирчид “бэлтгэл” гэх бөмбөлгөөс хаашаа ч гардаггүй. Зааланд хамт бэлтгэл хийх охидтой найзалж, бэлтгэлгүй үедээ сайтар амарч, маргаашийнхаа бэлтгэлд бэлдсээр өсвөр нас минь өнгөрсөн. Тухайн үед би хөгжим тоглож, хэлний бэлтгэлд явахыг хүсдэг байсан ч надад оногдсон 24 цаг зөвхөн бэлтгэлд л зориулагдах ёстой гэсэн сэтгэхүйтэй байсан нь одоо бодоход буруу юм шиг санагддаг.
Эцэг эх маань надад “Буруу сонголт гэж байхгүй. Хүн өөрийн хийсэн сонголтоо зөв байлгахын тулд хөдөлмөрлөж чадвал бүх сонголт зөв.” гэж хэлж байсан юм. Дэлхий дахинд гимнастикийн тамирчид дунджаар 24 насандаа зодог тайлдаг бол Монголд дунд сургуулиа төгсмөгц зодог тайлдаг. Гэхдээ гимнастикийн спорт нь бүх спортын суурь болдог тул бусад төрөл рүү хөрвөхөд маш том давуу талтай. Тухайлбал, таеквондо, цирк, волейбол, усан сэлэлт зэрэг спортоор үргэлжлүүлэн хичээллээд амжилттай явж буй олон жишээ бий.
IX. Хүндийн өргөлтийн ОУХМ Д.Доржнамжим
Миний хувьд кроссфит, хүндийн өргөлтийн тамирчин бөгөөд кроссфитийн дасгалжуулагчаар ажиллаад долоон жил болж байна. Одоогоор тэмцээн уралдааны шахуу бэлтгэлд ороогүй байгаа учраас өдөрт гурван цагийн бэлтгэл хийж, үлдсэн хугацаанд нь хувийн амьдрал, хувь хүний хөгжилдөө анхаардаг. Манай спортын төрлийн хувьд харьцангуй олон жилийн хөдөлмөр зүтгэлээс үр дүн бий болдог. Арав гаруй жил бэлтгэл хийгээд амжилт олоогүй тохиолдол олныг харж байлаа. Гэхдээ энэ нь тухайн спорт болон хийж буй зүйлдээ дурлаагүй байдагтай нь холбоотой гэж ойлгодог.
Мэргэжлийн тамирчид дор хаяж таван жилийн дараа сая нэг олонд танигдаж эхэлдэг учраас залуус анхнаасаа өөрийгөө сайн сонсож, чинхүү хүсэж буй зүйлээ ойлгосны үндсэн дээр шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Зарим зүйлийг урьдаас таамаглах аргагүй байдаг шүү дээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тус спортдоо сонирхол буурах, бодлоо өөрчлөх явдал үгүйсгэх аргагүй. Тиймээс тамирчид спортоос гадна өөрийн гэсэн мэргэжилтэй байх нь чухал.
X. Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327-р ангийн марафон гүйлтийн тамирчин Б.Мөнхзаяа
Хөнгөн атлетикийн спортоор 2010 оноос хойш хичээллэж, тэр дундаа марафоны төрлөөр 2014 оноос эхлэн хичээллэж байна. Мэргэжлийн тамирчин болсон цагаас эхлэн амьдралынхаа бүхий л цаг хугацааг спортод өнгөрүүлэх шаардлагатай болдог тул хувийн амьдрал, гэр бүлдээ цаг зав маш ховорхон гаргадаг. Гэхдээ золиос гаргаж, бэлтгэлээ хийсээр байвал хялбархан амжилтанд хүрчихнэ гэдэг учир дутагдалтай. Тэр дундаа марафоны төрөлд бэлтгэл сургуулилт хийх мэргэжлийн талбай, тэмцээн уралдааны зардлаас эхлээд саад бэрхшээл мундахгүй. Хөнгөн атлетикийн тамирчид жилийн дөрвөн улиралд гадаа бэлтгэл сургуулилтаа хийдэг учраас хүйтний улиралд бэлтгэлийн явцад бэртэл авахгүйн тулд гадаадад ихэнх бэлтгэлийн хугацаагаа өнгөрөөдөг.
Хөнгөн атлетикийн тамирчдын амжилтын оргил цэг гэж хэлж болох ид үе бол 25-38нас. Миний хувьд ид үе дээрээ явж байгаа учраас Парис 2024 Олимп, бүр цаашлаад Лос Анжелес 2028 Олимпийн эрхээ авах маш том зорилго тээн бэлтгэлээ хангаж байна. Амжилтын төлөө зүтгэж, зорьсондоо хүрсэн бүхий л цаг үе нэг л өдөр дурсамж болон үлдэнэ. Тамирчид зодог тайлсныхаа дараа өөр өөрийн амьдралын хэвшлээр цагийг өнгөрөөх болоход ид үедээ сурч мэдсэн зүйлсээрээ л сэтгэлээ хөглөж амьдрах болов уу. Тиймээс миний хувьд одооноос тамирчдын карьер хөгжүүлэлт, хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдахыг хичээдэг.
Дуал карьер буюу тамирчин өөрийн спортын карьер болон эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа зэрэг хөгжүүлэх зорилгоор төлөвлөлт гарган, хөгжүүлэх зорилготой хөтөлбөрүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд түгээмэл хэрэгжиж байна. Тиймээс спортын болон мэргэжлийн карьераа хослуулан хөгжүүлэх эрмэлзэлтэй тамирчдад зориулан Athlete Leadership Program - 2024 хөтөлбөрөө гуравдахь жилдээ зарлалаа. Уг хөтөлбөрт хамрагдсанаар олон улсын манлайлагч тамирчидтай туршлага хуваалцах, шинэ хүрээлэлд орох, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх, карьерийн шилжилт хийхэд шаардагдах ур чадваруудыг танин мэдэх боломжтой.
Тавигдах шаардлага:
- Эдгээрээс аль нэг түвшинд нь өрсөлддөг тамирчин байх
Монгол улсын шигшээ багийн тамирчин
Олимп, Параолимп,Тусгай олимпийн аль нэгт нь оролцсон (Сүүлийн гурван олимп)
- Дэлхийн аварга эсвэл тивийн аваргын тэмцээнд оролцсон
- Гадаад болон дотоодын мэргэжлийн лигийн тамирчин
-Тамирчны болон мэргэжлийн карьер хослуулан хөгжүүлэх эрмэлзлэлтэй
-Нийгмийн идэвхитэй оролцоотой байхыг эрмэлздэг
-20 дээш настай
Дээрх шаардлагыг хангасан тамирчид 2024 оны хоёрдугаар сарын 13-ны 23:59 цагаас өмнө өргөдлийн маягтаа илгээгээрэй.
Өргөдлийн маягт илгээх бол энд дарна уу.