Сүүлийн хэдхэн жилд криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон блокчейн технологийн тухай ам уралдан ярьж, арилжаа хийх хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэнийг анзаарсан биз ээ. Бусад шинэ технологийн адилаар олон чиглэлд төрөл бүрээр түгэн дэлгэрч байсан энэ салбарыг 2021 онд хуульчилснаар дүрэм журам, шалгуур үзүүлэлт, оролцогч талуудын үүрэх хариуцлага нь нарийн тодорхой болсон юм.       

10 ертөнц, 10 өнцөг булангийн шинэ дугаартаа крипто салбарыг сонирхогч, ажиглагч, оролцогч төлөөллүүдийг сонгон одоогийн нөхцөл дэх зах зээлийн онцлогийн тухай тэдний санал сэтгэгдэл, үзэл бодлыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. 

I. Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал: Э. Төртогтох 


Сүүлийн хэдхэн жилд криптовалют арилжих биржүүд байгуулагдаж олон нийтийн дунд шуугиан тарьлаа. Хууль гарахаас өмнөх хэсэгхэн хугацаанд зарим этгээд шунахайн сэдлээр койн гаргаж мөнгө босгон иргэдийг залилах тохиолдлууд ч гарав. Зохицуулагч байгууллагууд шуурхай ажилласны үр дүнд 2021 оны арванхоёрдугаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” баталж, крипто хөрөнгийн биржүүд СЗХ-ны шаардлагын дагуу хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Ингэснээр Монгол Улс крипто зах зээлээ хуульчилж, дүрэм, журмаа боловсруулан мөрдөж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн дэлхийн цөөхөн орнуудын нэг болсон.

Хөрөнгийн зах зээлд үнэт цаасны ханш нэг өдрийн дотор бага хэмжээтэй савладаг бол криптовалютын ханш цагийн дотор ч өндөр хэмжээнд савлаж огцом өсөж, буурдаг онцлогтой. Богино хугацаанд сайн, муу олон нэр зүүсэн энэ салбарт өнөөдөр 100 гаруй тоглогч оролцож, дор бүрнээ салбараа улам бүр хөгжүүлэхээр ө ажиллаж байна. Хэрэв уншигч та хэдийн крипто зах зээлд орсон, эсвэл орохоор төлөвлөж буй бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, сайтар судалж, эрсдэлээ даах эсэхээ тооцоолж хөрөнгө оруулалт хийхийг зөвлөе.

Монгол Улс крипто зах зээлээ хуульчилж, дүрэм, журмаа боловсруулан мөрдөж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн дэлхийн цөөхөн орнуудын нэг.

Э.Төртогтох

II. IDAX биржийн гүйцэтгэх захирал: Ч.ГАНЗОРИГ 


Крипто өвөл нүүрлэн буй энэ үед арилжааны идэвх ерөнхийдөө сул байна. Бидний хувьд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд анхаарч виртуал хөрөнгөтэй холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж, шаардлагатай сургалтууд хийж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хэрэглэгчдэд хялбар, хүртээмжтэй байлгахаар UI/UX шинэчлэлүүдээ хийж байна. Мөн Монголдоо 125 хүртэлх хөшүүрэгтэй фючерс арилжааг бий болгож, маржин болон ETF-ийг амжилттай нэвтрүүлсэн.

Өвөл дуусч урин хавар айлчлан буйг мэдүүлэх эерэг мэдээллүүд шил дараалан сонсогдох боллоо. Жишээлбэл,

  • Биткойн сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн дээд үнэ буюу 30 мянган ам.доллар давав. Мөн төвлөрсөн бус санхүү буюу DeFi-ийн зах зээл эрчтэй хөгжиж Этереумын ханш дагаад өслөө.
  • Tesla, Microstrategy, Square зэрэг компаниуд биткойнд нэгдсэний дараа бусад томоохон байгууллагууд ч сонирхох болов.
  • Анх 2021 онд Bakkt ETF-ийг зарлахад зах зээлд эерэгээр хүрсэн бөгөөд одоо зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа BlackRock ETF-г гэрээгээр бус бодит биткойноор баталгаажуулж байна. BlackRock бол дэлхий дээрх хамгийн том хөрөнгө удирддаг сангуудын нэг.
  • Түүнчлэн Bitcoin Halving 2024 оны тавдугаар сард болно. Өмнөх хоёр удаагийн halving болсны дараа ханш эрчтэй хөдөлсөн удаатай. Одоогийн 6.25 ширхэг биткойны шагнал нь 3.125 болж гуравдах halving-аар шинэ биткойны нийлүүлэлт мэдэгдэхүйц хэмжээнд буурна.

III. Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн референт: Б.Батмөнх 


Одоогоор албан ёсны бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудыг бүртгэхдээ хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны дагуу олсон орлого эсэх, эрх бүхий албан тушаалтан тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын дагуу шаардлага хангасан эсэх, ажиллуулбал зохих программ хангамж болон албан хаагчдыг томилсон эсэх, мэдээлэл технологийн аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлсэн эсэх, бизнесийн төлөвлөгөө үйл ажиллагаатай уялдсан эсэх, хуульд заасан дүрэм журмыг дотооддоо баталсан эсэх гэх зэрэг шаардлагуудын дагуу хянан үздэг.

Хорооноос зайны болон газар дээрх хоёр төрлөөр хяналт шалгалт хийдэг. Зайны шалгалтаар 24 цагийн арилжааны мэдээ буюу оффчэйн мэдээлэл, блокчэйн гүйлгээний хяналт (тусгай программаар) буюу ончэйн мэдээлэл болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан асуулга зэрэгт тулгуурлан эрсдэлийг тогтмол үнэлдэг. Харин өндөр эрсдэлтэй байгууллагад газар дээрх шалгалт хийж зохих арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

IV. Fidelitas Partners хуулийн фирмийн гүйцэтгэх захирал: Б.Наранцэцэг  


Манай улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хуульд виртуал хөрөнгийг ерөнхий шинжээр нь тодорхойлж, тус хөрөнгөд суурилсан таван төрлийн үйл ажиллагааг хуулийн шаардлага хангасан этгээд бүртгүүлэн эрхлэхээр хуульчилсан. Ингэснээр бүртгэлтэй крипто биржийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах, өмчийн эрх зүйн хамгаалалттай болох буюу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах, болзошгүй эрсдэлүүдийг хянах, удирдах боломжтой болсон. Мөн эдгээр эрсдэл нь бодитой бий болсон тохиолдолд авах арга хэмжээ, хүлээлгэх хариуцлага тодорхой болсон гэсэн үг. Гэхдээ баталсан хуулийг үзэл баримтлалын түвшинд хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлс байна.

Тухайлбал, хууль баталснаар эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гадны хөрөнгө оруулагч нарыг татах, мөн хэрэглэгч санхүүгийн олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, эерэг нөлөө гарна гэх зэргээр үзэл баримтлалын түвшинд хэрэгжүүлээгүй юм. Олон Улсад виртуал хөрөнгө худалдан авах, арилжих (trade), шилжүүлэх (swap/transfer), өгөөжтэй хадгалах (staking), арилжааны жагсаалтад шинээр бүртгэх (listing), хэтэвч (custody/wallet), виза карт (card/visa card), токен төсөлд хөрөнгө босгох (launchpad/lab), төлбөрийн үйлчилгээ (payment), виртуал хөрөнгө, таваар, үнэт цаас зэрэг хөрөнгөд суурилсан хэлцлийн арилжаа (derivatives) зэргээр виртуал хөрөнгөд суурилсан үйлчилгээг олон төрөл, хэлбэрээр нэрлэдэг. Эдгээр нь манай хуульд заасан виртуал хөрөнгийг арилжих, шилжүүлэх, хадгалах, удирдах, олон нийтэд санал болгох үндсэн үйл ажиллагаанд хамаарна. Тиймээс бүртгэлтэй крипто биржийн үзүүлэх үйлчилгээг хуульд нэрлэн заасан таван төрлийн үйл ажиллагаагаар хязгаарлах бус, агуулга, шинжээрээ хамаарах эсэхийг тодорхойлж, уян хатан хандах шаардлагатай.

Виртуал хөрөнгө, түүнд суурилсан үйлчилгээг нээлттэйгээр зохицуулж буй улсуудад крипто хөрөнгийг төлбөрийн зориулалтаар хэрхэн ашиглах арга хэлбэрийг тодорхой болгосон байдаг. Тухайлбал, Япон улс крипто хөрөнгийн төрлөөс хамаарч стэйбл койныг Банкны хууль, Төлбөрийн үйлчилгээний хууль секьюрити токеныг Санхүүгийн хэрэгсэл ба биржийн хууль, бусад төрлийн крипто хөрөнгийг Төлбөрийн үйлчилгээний хуулиар зохицуулсан байх жишээтэй. Харин манайд виртуал хөрөнгийг “төлбөрийн зорилгоор ашиглагдах” үндсэн шинжтэй тодорхойлсон ба ийнхүү ашиглах тохиолдлыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл (мөнгөн тэмдэгттэй ижил, нийтээр төлбөрт ашиглахыг хүлээн зөвшөөрөх) гэдгийг ялгах шаардлагатай юм. Олон улсын зохицуулалтын жишгийг харгалзан санхүүгийн хэрэгсэл байхаар Үнэт цаасны тухай хуульд, эсхүл төлбөрийн үйлчилгээнд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар виртуал хөрөнгийг төлбөрийн зорилгоор ашиглах тохиолдлын зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай.

Бүртгэлтэй крипто биржийн үзүүлэх үйлчилгээг хуульд нэрлэн заасан таван төрлийн үйл ажиллагаагаар хязгаарлах бус, агуулга, шинжээрээ хамаарах эсэхийг тодорхойлж, уян хатан хандах шаардлагатай.

Б.Наранцэцэг

V. OBORTECH Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч: Б.Тамир    


Одоогоор зах зээл ерөнхийдөө зогсонги, хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх үетэй харьцуулахад буурсан, хөрөнгө оруулагч нар тандсан байдалтай байгаа тул ямар нэг үйл ажиллагаа явуулахад үр нөлөө багатай. Үүнд дэлхийн банкнуудын хямрал, АНУ-н бодлогын хүүний өсөлт, томоохон крипто биржүүдийн асуудлууд болон S&P500 индексийн хөдөлгөөн нөлөөлж байх шиг.

Крипто бол зарим талаараа том тоглогч нар манипуляци хийдэг, урьдаар тааварлах аргагүй зах зээл шиг санагддаг. Мөчлөгөөр нь харвал уналт, өсөлт хоёроос гурван жилийн хугацаатай үргэлжилдэг. 2017 оноос эхлэн ажигласны хувьд крипто өвөл ирэн сөрөг мэдээллүүд гарч, бүх зүйл шалдаа бууж итгэл алдрах яг тэр агшинд эргээд идэвхтэй өссөн тохиолдлууд бий. Үүнийг 2017-2018, 2020-2021 оны үйл явдлууд болон ханшийн түүхээс харж болно. Мөн 2024 онд тохиох Bitcoin Halving-тай зэрэгцэн крипто зах зээл дахин хөдөлгөөнд орж магадгүй байна. Гэвч зах зээлийг бүрэн таах аргагүй тул эрсдэлээ урьдаар тооцож, хэт туйлшралгүй оролцох нь зөв болов уу.

Манай төсөл зөвхөн крипто, койнд суурилсан төсөл биш учраас зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран гаднын зах зээлд төслөө таниулах, сувгаа тэлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт талдаа илүүтэй төвлөрч байна. Жишээ нь, бид хамгийн сүүлд ХБНГУ-н Берлин хотноо зохион байгуулагдсан жимсний салбарын дэлхийн хамгийн том арга хэмжээ болох “Fruit Logistica”-д төслөө танилцуулан шилдэг 20 гарааны бизнесийн нэгээр шалгарсан.

Крипто өвөл ирэхэд дийлэнхдээ сөрөг мэдээллүүд гаарч, бүх зүйл шалдаа бууж итгэл алдрах яг тэр агшинд эргээд идэвхтэй өссөн тохиолдлууд бий.

Б.Тамир

VI. ЭЦА-ны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн мөрдөгч: М.Булганхангай 


Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад виртуал хөрөнгөтэй холбоотой 539 гэмт хэрэг бүртгэгдсэнээс өнгөрсөн 2022 онд 380, энэ оны таван сарын байдлаар 56 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн нэр бүхий 26 койн, токенийг гомдол мэдээлэлд оруулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсгийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хоёр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хоёр/койн токен гаргасан боловч татан төвлөрүүлсэн хөрөнгө байхгүй/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан дөрвөн хэрэг байгаа ба одоо хэрэг бүртгэлтийн 18 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор нэр бүхий долоон койн, токены татан төвлөрүүлсэн 955,6 сая төгрөгийг иргэдэд буцаан олгохоор ажиллаж байна.

Vii. Diverse Solution М. Болортоль  


Блокчэйн бол математик. Мэдээллийг хүн эсвэл компьютер уншиж, тайлах аргагүй болтол нь нууцалж, хувийн мэдээллээ зөвхөн өөрөө ашиглах боломжтой байдаг нь үүний ид шид.

Технологи, математик хосолсон энэхүү онцгой шийдлийг бизнесүүд дотоод мэдээлэл болон үйл ажиллагаандаа ашиглах цаг нь ирсэн. Арилжааны биржүүдийн хувьд хэрэглэгчдэдээ ойлгомжтой, ээлтэй, найдвартай байх нь хамгаас чухал.

Diverse Solutions компанийн хувьд блокчэйнд суурилсан технологийн үйлчилгээг хүргэдэг. Zero-Knowledge proof буюу хоёр тал хоорондоо ямар нэг мэдээлэл солилцохгүйгээр зөвхөн тийм, үгүй гэсэн мессеж дамжуулдаг аргыг блокчэйнтэй хослуулан сонгууль, санал хураалт, эрүүл мэнд, боловсролын гэрчилгээ зэрэг хувийн мэдээлэл агуулсан олон асуудлыг шийдэх боломжтой. Үүний хүрээнд бид АрдКойн, ArdMoney, krypto.mn, idax, MONT, ШУТИС-тэй хамтарсан баталгаажуулалтын блокчэйн төслүүдийн технологийг хариуцан ажиллаж байна.

Хойшлох ирээдүйд итгэлцэл бус технологид суурилсан харилцаа голлох нь дамжиггүй юм.

М.Болортоль

VIII. Крипто.мн гүйцэтгэх захирал: Д.Дамдинсүрэн  


Крипто зах зээл, блокчэйн технологийн тухай ойлгоход төвөгтэй санагддаг байсан үе саяхан. Арилжаа хийдэг залуусын дийлэнх нь гаднын эх сурвалжаас мэдээлэл авдаг. Эрсдэл өндөртэй шинэ зах зээлд үнэн зөв дата ус агаар мэт хэрэгтэй. Тиймээс крипто.мн-ийн хувьд энэ салбарын ярвигтай ойлголтуудыг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж, зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулдаг дата суурьтай платформ болох зорилготой.

Нөгөө талдаа арилжаанд оролцож байгаа залуус бие биеэсээ суралцах орон зай, нэгдэх платформ одоогоор алга. Тиймээс бид крипто сонирхогч залуусын хүрээллийг тэлж нэг үзэл санаа, нэгдмэл зорилготой орон зайг бий болгохоор веб сайтдаа эвент сонголттой болж байгаа. Сонирхол нэгтэй хүмүүстэй танилцаж, нүүр тулан уулзаж туршлага хуримтлуулах нь өндөр үнэ цэнтэй.. Мөн хууль, дүрмийн зохицуулалттай болсон нь манай салбарын хувьд том амжилт. Биржүүдийн хувьд ч олон талын эрх ашгийг хамгаалсан, шударга шалгуураар койн, токенийг бүртгэх нь чухал болж байна. Хэдийгээр зах зээл уналттай байгаа ч үүний ард байгаа технологи тасралтгүй хөгжиж байгаа тул бид яасан ч хоцорч болохгүй.

IX. Арилжаа сонирхогч: Ч.Даваасамбуу  


Крипто арилжааны тухай 2017 оноос судалж эхэлсэн. Анх крипто хөрөнгүүдийг арилжаалж эхэлсэн бол одоо хувьцаа, крипто, Contract for Differences (CFD) дээрх санхүүгийн хэрэгслүүд арилжаалж, өөрийн тогтсон арилжааны аргачлалаа даганоролцож байна. Крипто хөрөнгө арилжаалах нь харьцангуй хялбар болсон. Маржин арилжаа гэдэг нь тухайн биржээсээ тодорхой нөхцөлтэйгөөр мөнгө зээлж, өндөр эрсдэлтай арилжаа хийхийг хэлдэг. Гэхдээ хэр хэмжээний мөнгө зээлэхээс хамаарч эрсдэл нэмэгдэх тул анхлан суралцагч нарт тийм ч тохиромжтой бүтээгдэхүүн биш. Одоогоор Монголд ганцхан IDAX бирж энэхүү үйлчилгээг үзүүлдэг.

Ханшийн хөдөлгөөнийг хэн ч 100 хувь таамаглах боломжгүй. Зөвхөн тодорхой магадлалын түвшинд таамаглаж арилжаа хийдэг. Арилжаа таны төлөвлөснөөс эсрэгээр эргэх тохиолдолд эрсдэлийн менежменттэй байх ёстой. Амжилттай арилжааны үндэс нь тогтвортой сэтгэл зүй, эрсдэлийн менежмент, сайн туршигдсан аргачлалаас бүрддэг. Гэлээ ч сайн аргачлал байлаа гээд сэтгэл зүй бэлэн биш бол урт хугацааны ашигтай арилжааг хийж чаддаггүй. Угтаа арилжаа бол хурдан баяжих хэрэгсэл огтоос биш. Ийм төсөөллөөр энэ зах зээлд оролцох нь мөрийтэй тоглоомоос ялгаагүй юм. Харин бизнесийн өнцгөөс харвал урт хугацаандаа үр өгөөжөө өгнө. Эцэст нь, хувийн төлөвлөгөөтэй арилжаанд оролцохыг зөвлөе.

Амжилттай арилжааны үндэс нь тогтвортой сэтгэл зүй, эрсдлийн менежмент, сайн туршигдсан аргачлалаас бүрддэг.

Ч.Даваасамбуу

X. Контент бүтээгч: Cryptoverse  


Олон улсын хэвлэлд криптогийн тухай эерэг мэдээллүүд түгсээр байна. Citadel Securities, Fidelity investment, Charles schwab зэрэг Wall Street-ийн хөрөнгө оруулалтын байгууллагуудын дэмжлэгтэй шинэ крипто бирж зургаадугаар сарын 20-нд үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Мөн сүүлийн тав хоногт Биткойнын Спот ETF буюу биржээр арилжаалагдах сан байгуулах хүсэлт гаргасан таван байгууллага байгаагийн дунд дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын компаниудын нэг BlackRock хүртэл бий юм. Мөн нэг биткойнтой хаягууд ихсэж, бирж дээр бэлэн арилжаалагдах боломжтой биткойны хэмжээ буурч байгаа тухай мэдээ тогтмол гарч байна.

Саяхан АНУ-н Төв банкны Ерөнхийлөгч Jerome Powell ам.доллартай аргамжлагдсан ханштай стэйблкойн нь мөнгөний нэг төрөл бөгөөд крипто салбар нь хувьцаа, бонд шиг бие даасан хөрөнгө оруулалтын шинэ хувилбар байх боломжтой тухай дурдсан.

Салбарын зохицуулалтын тухай улс орнуудын хууль хүчний байгууллагаас илүүтэй крипто салбарынхан өөрсдөө дуугарч байна. Одоогоор АНУ-ын SEC буюу Санхүүгийн зохицуулах хороо болон салбарын гол тоглогчид болох Binance болон Coinbase биржүүд багагүй зөрчилдөөнтэй байгаа. Дүрэм журам, үнэт цаасны ангилал тодорхойгүй, ойлгомжгүй байгаагаа хороо өөрсдөө ч сайн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Зохицуулалтыг тодорхой болгох шаардлага тавьж Coinbase шүүхэд нэхэмжлэл гаргасан бол нөгөө талд Binance SEC-ийн баримт нотолгоогүй мэдэгдэл нь зах зээлийн савлагаа үүсгэж байгааг эсэргүүцэж байна.

АНУ-н Төв банкны Ерөнхийлөгч Jerome Powell ам.доллартай аргамжлагдсан ханштай стэйблкойн нь мөнгөний нэг төрөл бөгөөд крипто салбар нь хувьцаа, бонд шиг бие даасан хөрөнгө оруулалтын шинэ хувилбар байх боломжтой тухай дурдсан зэрэг салбарын тухай эерэг мэдээллүүд олон байна.

Cryptoverse