Орчин үед бидний амьдрал цахим орчинд шилжихийн хэрээр хувийн болон санхүүгийн мэдээлэл кибер гэмт хэрэгтнүүдийн бай болох нь түгээмэл үзэгдэл болжээ.
Судалгаанаас харахад, Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14,085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх тоо бол цахим залилан технологийн дэвшлийг ашиглан илүү нарийн зохион байгуулалттай, олон төрлийн арга хэлбэртэй болсоор байгааг харуулж буй явдал.
Энэхүү нийтлэлээ бэлтгэхийн тулд бид уншигчдаасаа "Цахим залилангийн хохирогч болж байсан хүн байна уу? Яаж хохирч байсан бэ?" хэмээх асуултыг асууж, тэдний бодит түүхүүдийг нэгтгэн хүргэж байна. Доорх түүхүүдээс та цахим залилан хэрхэн үйлдэгддэг, мөн түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
1. Хуурамч ажлын саналын залилан
Ажлаасаа гэнэт халагдаад нэг хэсэг тогтмол орлогогүй байсан үе. Telegram дээр "Гэрээсээ ажиллаад өдөрт 100 мянган төгрөг олох боломжтой!" гэсэн зар хараад сонирхон, зарын эзэнтэй чатаар холбогдлоо. Чатны цаадах ажил олгогч "Манай ажил маш энгийн. Гар утас, интернэттэй байхад л хангалттай. Гэхдэээ бид таныг шалгаруулж авахын тулд эхлээд доорх дансанд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг төлөх шаардлагатай" гэж хэлсэн.
Ажилгүй байсан тул "Өдөрт 100,000 төгрөг олох боломжтой" гэх үгэнд итгэж, мөнгөө шилжүүлсэн. Төлбөр хийгдсэний дараа ажил олгогч "Таны бүртгэл баталгаажлаа. Удахгүй ажлын заавар илгээнэ" гэж амласан ч намайг блоклочихсон. Тэр даруйдаа тухайн хаягийг судалж үзэхэд Telegram дээр урьд нь хэд хэдэн хүн ижил залиланд өртсөн талаар сэрэмжлүүлэг болгон бичсэнийг олж мэдсэн дээ. (Г, 26 настай)
Сургамж:
- Ажлын байранд бүртгүүлэхийн тулд урьдчилгаа төлөх шаардлагагүйг санах
- Албан ёсны ажлын платформ ашиглах
2. Цахим дэлгүүрийн залилан
Сар гаруйн өмнө facebook дээр миний дуртай брэндийн гутал 50 хувийн хямдралтай зарагдаж байгаа тухай пост харагдав. Ихэнхдээ би өөрийн итгэлтэй болсон дэлгүүрүүд, хувь хүмүүсээс бараа авдаг ч тухайн гутлыг дахиж ийм хямд авах боломж гарахгүй байх гэж бодоод шууд л дэлгүүрийн админтай чатлав. "Манай дэлгүүр бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг. Захиалах бол 300,000 төгрөгийн урьдчилгаа төлнө" гэсэн тул эргэлзэлгүй шилжүүлэг хийчихсэн.
Админ нь "Таны гутал 15 хоногийн дотор Улаанбаатарт ирнэ" гэсэн боловч хагас сарын дараа бараа ирсэн талаар ямар ч мэдээлэл ирээгүй. Дэлгүүр рүү дахин бичихэд долоо хоногийн дараа бүх харилцаа тасарч, хаяг нь устсан байсан. Мөнгөө шилжүүлэхээсээ өмнө тухайн дэлгүүрийн хуучин пост, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сайтар шалгах байсан юм гэж дараа нь харамссан шүү. (Э, 21 настай)
Сургамж:
- Баталгаатай, албан ёсны дэлгүүрүүдээс худалдан авалт хийх
- Бараа ирсний дараа төлбөр хийх нөхцөлтэй эсэхийг шалгах
3. “Барьцаа өгөөд зээл ав” залилан
Нийгмийн сүлжээнд түгээмэл тааралддаг "Зээлийн эрх нэмнэ, зээл царцаана" гэх постууд нь нэг төрлийн залилан гэдгийг анхаараарай. Банк болон ББСБ ямар ч тохиолдолд гуравдагч этгээдээр дамжуулан зээл олгохгүй. Би олон жилийн турш нэгэн цахим зээлийн аппыг ашиглаж байгаа. Гэтэл нэг удаа өндөр дүнтэй мөнгөний хэрэгцээ тулгарахад тухайн аппын зээлжих эрх хүрэлцэхгүй байв. Зээлийн эрхээ нэмэх арга чарга хайтал "Би энэ апп-д санхүүгийн менежерээр ажилладаг. Зээлийн эрхийг тань өнөөдөртөө багтаан нэмэх боломжтой, ажлын хөлс болгон 400 мянган төгрөгийг миний данс руу шилжүүлээд мэдэгдээрэй" гэж хэлсэн.
Сэрэмжтэй хандах үүднээс НДШ лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг мэдээллийг нь асуутал шууд л илгээсэн тул итгэл төрж, мөнгийг нь шилжүүлсэн. Гэвч миний зээлийн эрх нэмэгдээгүй. Дараа нь судлахад тэрхүү байгууллагын ажилтны нэр, мэдээллийг ашиглан хүмүүсийг хуурдаг луйварчин болох нь тодорхой болсон юм. (Ө, 34 настай)
Сургамж:
- Санхүүгийн албан ёсны байгууллагаас л зээл авах
- Банктай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны сувгуудаас авах
4. Цахим хаяг хакердах залилан
Манай аавд саяхан тохиолдсон үйл явдал. Манай аав цахим дэлгүүрүүдээс бараа авахдаа өөрийн дугаараа шууд бичдэг төрлийн хэрэглэгч. Гэвч facebook-ийнхээ нууц үгийг өөрийнхөө дугаараар оруулсан байсныг бидний хэн нь ч мэдээгүй. Тэгтэл нэг өдөр аав маань хаягаа алдсан бөгөөд хэн нэгэн түүний нэрийг ашиглан хамаатан садан, найз нөхдөөс нь тав гаруй сая төгрөг зээлчихсэн байв. Үүнийг зөвхөн нэг найз нь аав руу утасдаж лавласнаар манай гэр бүл мэдсэн юм.
Настай хүмүүс цахим залиланд илүү өртөмтгий байдаг учраас бид эцэг эх, эмээ өвөөгийнхөө цахим орчин дахь аюулгүй байдлыг нь хянаж, хамгаалж өгөх ёстой гэдгийг энэ явдлын дараа ойлгосон. Нууц үг нь утасны дугаар, регистрийн дугаар гэх мэт амархан таах боломжтой мэдээлэл байвал солих, 2FA тохируулах, хувийн мэдээллээ хамаагүй нийтлэхгүй байхыг дотнын хүмүүстээ сануулж байгаарай, залуусаа. (М, 32 настай)
Сургамж:
- Яаралтай мөнгөний хүсэлт хүлээн авах үед эхлээд тэр хүн рүү залгаж шалгах
- Сошиал хаягийн нууц үгээ хүчтэй болгож, 2FA (хос баталгаажуулалт) идэвхжүүлэх
5. Картын мэдээлэл хулгайлах залилан
Орой ажлаа тараад гэртээ харих замдаа утсаа шалгаж байтал нэгэн үл мэдэгдэх дугаараас мессеж ирэв. "Таны данснаас их хэмжээний мөнгө гарах гэж байна. Хэрэв та зөвшөөрөхгүй бол энд дарна уу" гэсэн байв. Яаралтай тэрхүү холбоос дээр дарж, банкны хуудсанд орлоо. Вэбсайт нь яг л миний ашигладаг банкных шиг харагдсан тул огтхон ч эргэлзэлгүй нэвтрэх нэр, нууц үгээ оруулчихлаа.
Тэгээд хэдхэн секундийн дараа "Таны OTP код: 478923" гэсэн банкны танил мессеж ирэв. Би ч тухайн кодыг шууд оруулсан. Гэтэл ямар ч баталгаажуулсан мэдэгдэл ирсэнгүй. Харин хэдхэн минутын дараа миний харилцдаг банкнаас "Таны данснаас … сая төгрөгийн гүйлгээ гарлаа” гэсэн жинхэнэ мессеж ирлээ. Даруй банк руу залгахад оператор "Та өөрөө OTP кодоо оруулсан уу?" гэж асуухад л залилуулснаа ойлгосон. (Б, 27 настай)
Сургамж:
- Банк хэзээ ч мессежээр нууц үг, картын мэдээлэл асуудаггүй
- Ямар нэгэн холбоос дээр дарахаасаа өмнө банк руу шууд залгаж шалгах
6. Байрны түрээсийн залилан
Хотын төвд байр хайж, хэд хоногийн турш цахим зарууд шүүж суулаа. Нэг өдөр зарын сайт дээр "Шинээр тохижуулсан 2 өрөө байр хямд түрээслүүлнэ" гэсэн зар нүдэнд тусав. Эзэнтэй нь холбогдоход "Би одоогоор гадаадад байгаа, байрныхаа түлхүүрийг найздаа үлдээсэн. Хэрэв өнөөдөртөө багтаан барьцааны мөнгөө шилжүүлбэл найздаа хэлээд маргааш гэрээ хийцгээе" гэсэн юм.
"Байрыг эхлээд биечлэн үзэж болох уу?" гэж асуухад "Одоогоор түрээслэгч байгаа, маргааш гарна. Хүмүүс их сонирхож байгаа болохоор та шийдвэрээ хурдан гаргасан нь дээр шүү" гэх хариу өгөв. Намрын эхэн сар тул байрны эрэлт их, аятайхан байр зар тавигдаад удалгүй эзэнтэй болчихдогийг мэдэх учир арайхийж олсон энэ байраа алдахгүйн тулд данс руу нь 1.5 сая төгрөг шилжүүллээ. Удалгүй "Баярлалаа, би найздаа хэлчихлээ. Маргааш тантай холбогдоно оо" гэсэн мессеж ирсэн.
Харамсалтай нь маргааш, маргаашийн цаад өдөр, хэзээ ч дуудлага ирээгүй. (А, 28 настай)
Сургамж:
- Түрээсийн байр биечлэн үзэлгүйгээр мөнгө шилжүүлэхгүй байх
- Гэрээ хийж, бичиг баримтыг нягталж шалгах
7. Романс залилан
Жил гаруйн өмнө instagram-аар АНУ-д амьдардаг гэх нэг охинтой танилцаж, хагас сар гаруй харилцсан юм. Тэр охин сошиалд их идэвхтэй, бараг өдөр бүр стори оруулдаг, олон зурагтай байсан болохоор "scam байж магадгүй" гэх бодол надад огт төрөөгүй.
Хэдэн сарын дараа тэр "Би удахгүй Монголд очно. Монголд дотнын найз, хамаатан байхгүй болохоор газрын ачаагаа чиний хаяг дээр илгээж болох уу?" гэж асуухад нь зөвшөөрсөн. Удалгүй нэгэн дугаараас над руу залгаж, "Таны нэр дээрх ачаа гааль дээр саатсан байна. Гаалийн татвар болох 200 гаруй долларыг өнөөдөр багтаан төлөх шаардлагатай" гэж хэлэв.
Би тухайн үед түүнд туслахыг хүссэндээ шаардсан мөнгийг нь шилжүүлэв. Гэтэл удалгүй нөгөө дугаар карго компанийн дугаар биш болох нь тодорхой болж, инстаграм руугаа ороод нөгөө охины хаягийг хайтал аль хэдийн намайг блоклочихсон гунигтай түүх бий. (Т, 23 настай)
Сургамж:
- Ачаа, мөнгө, хөрөнгө гэх мэт зүйлийг хүлээн авахыг хүсвэл баталгаажуулах
- Ямар ч тохиолдолд төлбөр шилжүүлэхийн өмнө сайтар судлах
8. Тelegram-аар даалгавар биелүүлэх залилан
Trip.com, Booking.com-ын нэрийг барьж, залилан хийдэг томоохон группүүд Telegram дээр байдаг. Групп доторх гишүүд нь зочид буудлуудад үнэлгээ өгөөд, урамшуулал авдаг хэмээн ойлгож болно. Эхэндээ админаас өгсөн зааврын дагуу тодорхой буудлуудад эерэг үнэлгээ бичээд л 9 мянга, 20 мянган төгрөгийн урамшуулал тэр дороо дансанд орж байлаа.
Үргэлжлүүлээд даалгавраа биелүүлсээр урамшууллын дүн 300 мянган төгрөг хүрэв. Тэр үед админ "Мөнгө шууд дансанд чинь орохгүй, эхлээд 150 мянган төгрөг шилжүүлэх шаардлагатай" гэж хэллээ. Өмнө нь асуудалгүй байсан болохоор би ч эргэлзэлгүй мөнгөө явуулчхав. Гэтэл хүлээгээд байхад л урамшуулал маань орж ирсэнгүй.Нэг л биш санагдаад “Энэ ерөөсөө луйвар юм биш үү?” гэж асуутал админ шууд намайг хасчихсан. Групп доторх бусад гишүүд үнэхээр мөнгө олчихсон хүмүүс биш, зүгээр л бот хаягууд байсан юм билээ. (Д, 20 настай)
Сургамж:
- Хэт амархан санагдаж буй ажлын саналуудыг анхааралтай нягтлах
- Нийгмийн сүлжээнд харагдаж байгаа бүх мэдээлэл үнэн байдаггүйг санах
9. Цахим мөрийтэй тоглоомын залилан
Хамгийн анх нэг сая төгрөгөөр онлайн покер тоглоод мөнгөө гурав нугалж байлаа. Тэр үеэс хойш тасралтгүй тоглож, "Мөнгөө яаж улам өсгөх вэ?" гэсэн бодол толгойноос гарахаа больсон. Мөнгөн дүн бага багаар өссөөр 15 сая төгрөгөөр тоглотол шууд алдчихсан. Шоконд ороод "Үгүй ээ, энэ мөнгөө заавал буцааж авах ёстой!" гэсэн бодол төрж, дахин тоглосон ч дахиад алдсан. Алдаад байгаа болохоор больё гэж бодогддоггүй юм билээ. Харин ч бүр алдсан мөнгөө эргүүлж авах хүсэл л улам төрдөг.
Эцэст нь би онлайн покер чинь угаасаа луйвар юм байна гэдгийг ойлгосон. Анх бага мөнгөөр тоглоход үргэлж хождог. Гэхдээ энэ бол цаанаасаа хүмүүсийг том дүнтэй бооцоо тавихад бэлдэж байгаа алгоритм. Дээрээс нь онлайн покер зохион байгуулагчид өөрсдөө олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан хуурамч аккаунтууд зэрэг нээж, тоглодог. Бид нар дэлгэцийн цаанаас таван хүнтэй тоглоод байна гэж бодох ч үнэндээ тантай ганц л хүн тоглож байгаа гэсэн үг. (Х, 39 настай)
Сургамж:
- Мөрийтэй тоглоом хэзээ ч санхүүгийн боломж болдоггүй
- Хялбар аргаар мөнгө олох боломж үргэлж том эрсдэлийг дагуулдаг
10. Валют солих залилан
Alipay-ээ юаниар цэнэглүүлэх гэж байгаад мөнгөө залилуулсан хүн миний эргэн тойронд цөөнгүй бий. Тэр бүрд болгоомжгүй байдлыг нь буруутгаж ирсэн би гэдэг хүн нэг л өдөр өөрөө тэдний эгнээнд орсон юм даа.
БНХАУ руу явж ирчхээд Alipay-д үлдсэн 200 мянга орчим төгрөгийг дотоодын банкны дансандаа авах гэж байгаад залилуулсан минь тэр.
Залилан их л хурдан болж өнгөрсөн. “Alipay цэнэглэнэ” гэсэн facebook группт постоо үлдээснээс даруй хэдхэн минутын дараа сэтгэгдэл үлдээж, би ч чатаар харилцав. Уг нь би эхлээд мөнгөө шилжүүлэхийг хүссэн ч “хэрэгтэн” өөдөөс эрс эсэргүүцсэн юм. Би дотроо “Хөөрхий, бас л залилуулчихна гэж айсан юм байлгүй дээ” гэж бодоод түрүүлээд гүйлгээгээ хийсэн. Тэгээд л Active now гэсэн төлөвтэй байгаад л байлаа. Би ч ахин дахин шилжүүлээрэй гэж бичихэд үг дуугүй “Одоохон” гэсэн хариу өгсөөр л. Тэгээд хэдэн минутын дараа утсаа ч авахгүй алга болсон байдаг юм. (М, 24 настай)
Сургамж:
- Найзуудын тоог нь сайтар нягтлах
- Profile хэсгээ түгжсэн эсэхийг нь анзаарах